Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 01812

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/01812

 

 

 

С.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/01866 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Цийн хариуцагч Х.Бд холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, түрээсийн төлбөр гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ц, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг, хариуцагч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч С.Цийн нэхэмжлэлийн шаардлага болон шүүхэд гаргасан тайлбарт: Х.Бтай 2004 онд танилцаж, 2009 оны 12 сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2005 оны 11 сарын 19-ний өдөр хүү Б.Т, 2010 оны 7 сарын 30-ны өдөр хүү Б.Ж, 2015 оны 4 сарын 13-ны өдөр хүү Б.Т, Б.М нар төрсөн. Х.Б нь хамт амьдарч эхэлснээс хойш надад гар хүрч элдвээр доромжилж харьцаж ирсэн. 2018 оны 3 сараас хойш тусдаа амьдарч байна. Хүүхдүүдийн хамт ээжийндээ амьдарч байгаад 2019 оны 10 сарын 18-ны өдрөөс 10 дугаар хороололд сарын 800 000 төгрөгөөр байр түрээсэлж амьдарч байгаа. 4 сарын байрны түрээсэнд 3 200 000 төгрөг барьцаа 650 000 төгрөгийг төлсөн. 2019 оны 11,12, 1 сард хүүхдийн хоолны мөнгө гэж 3 удаа мөнгө шилжүүлсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж хүү Б.Т. Б.Ж, Б.Т, Б.М нарыг эхийн асрамжинд үлдээж эцэг Х.Баас хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Байр түрээслүүлэгчээс 2020 оны 3, 4 сарын төлбөрөөс сар бүр 100 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн тул байрны түрээсэнд 2020 оны 3, 4 сарын түрээсэнд нийт 1 400 000 төгрөг төлсөн болно. Иймд Х.Баас 2020 оны 3, 4 сарын түрээсийн төлбөрийн 50 хувь болох 700 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэмж гаргуулж өгнө үү.  Орон сууцны түрээсийн хөлсний тал болох 2 300 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгоно гэжээ.

Хариуцагч Х.Бы шүүхэд гаргасан тайлбарт: С.Цтэй 2004 онд танилцаж хамт амьдарч эхэлсэн. 2011 онд аав, ээж маань өөрсдийн амьдарч байсан гэрийг өгч, хүүхдүүдийн хамт тусдаа амьдрах болсон. С.Ц нь хамт амьдарч байхдаа ажил төрөл хийхээсээ хийхгүй нь их, үр хүүхдүүддээ халамж тавих нь муу байдаг. Хамгийн том хүүг хадам ээж, аав өсгөсөн. 2 дахь хүүг өөрсдөө, ихэр хүүг ээж өсгөсөн. Ихэр хүүхдээ сар л хөхүүлэв үү үгүй юу ээжид маань үлдээж, эх хүний хайр халамж үзүүлээгүй 3 нас хүрсэн. 3 нас хүрэнгүүт 24 цэцэрлэгт өгсөн. Би архи уудаггүй, тамхи хааяа татдаг. Үр хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн хувцас, ном дэвтэр, сургуулийн арга хэмжээний мөнгө төгрөгийг бүгдийг өгсөөр ирсэн. Цалингийн зээл аваад Баруун түрүүнд газар аваад хашаа барьж, 6 ханатай гэрийг бариад С.Цийг очиж амьдрах мөчийг хүлээж байна. С.Цийг би зодож дарамталдаггүй. Өөрөө л шөнө орж ирж хэрэлдэж би зүгээр зогсож байгаад зодуулдаг байсан. С.Цийг 4 хүүхэддээ анхаарал хайр, халамж тавина гэдэгт итгэхгүй байна. Би 4 хүүдээ бодоод салмааргүй байна. 400 000 төгрөгөөр 3 удаа би нэхэмжлэгчид мөнгө шилжүүлж байсан. Орон сууцны түрээст төлсөн 1 600 000 төгрөгийг зөвшөөрч байгаа. Нэмж 700 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдийн байгаа орчин нөхцөл замбараагүй, муухай нөхцөлд өсгөөд байна. Би хүүхдүүдээ авах юм бол сурлага боловсролд арай илүү хандаж анхаарна. Намайг очих болгонд эх нь байдаггүй. Том хүү Б.Т ээжтэйгээ үлдэх л байх. Би гурван хүүхдээ би авмаар байна гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бодонгууд овогт Сааралын Цэцэг, Боржигон овогт Хүрэлбаатарын Булгансайхан нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2005 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.Т, 2010 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн Б.Ж, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.М, хүү Б.Т нарыг эх С.Цийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Баас 2005 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.Т, 2010 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Ж, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.М, хүү Б.Т нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тус бүр тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Б нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, хүүхэдтэйгээ уулзах, байнгын харилцаатай байхад нь үндэслэлгүйгээр саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглож, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Булгансайханаас 2 300 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Цт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.Баас улсын тэмдэгтийн хураамжид 132 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Цт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шинжээчийн дүгнэлтээр эцэг эхийн хэн аль нь хүүхдүүддээ тавих анхаарал, халамж, ахуй нөхцөл, бололцоо адил гэж тогтоогдсон байх ба хүү Б.Жг эцэг Т.Булгансайханы асрамжид үлдээж талаар санал гаргасан байхад шүүх анхаарсангүй. Хүү Б.Жгаас эцэг эхийнхээ хэнтэй амьдрахталаар санал асуухад аавтайгаа амьдарна гэж хэлсэн байдаг. Гэтэл Б.Жг санал өгөхөөс татгалзсан гэж бичсэн байна. Б.Ж шүүх хурлын дараагаас эцэгтэйгээ хамт амьдарч байна. Б.Т эцэгтэйгээ болон эмээ, өвөөгийн хамт амьдрах дуртай тул Б.Ж, Б.Т нарыг өөрийн асрамжид үлдээх саналтай байна. Мөн 1 600 000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна. Айлын хажуу өрөөнд С.Цтэй хамт ээж, дүү нь нэг хэсэг хамт байсан учир 700 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хүү Б.Ж, Б.Т нарыг эцгийн асрамжид үлдээж, орон сууц хөлслөн амьдарсан гэх 700 000 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохигчдын тохиролцоог үндэслэн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Х.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, байрны түрээсийн төлбөр гаргуулахаар шаардсаныг шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6 дах хэсэгт заасныг баримтлан бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид маргаж буй зүйлийн талаар эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд уг эрхээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой байдаг.

Дээрх шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргасныг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийг хянан хэлэлцэх явцад зохигч хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцож, хүү Б.Ж, Б.Т нарыг эцэг Х.Бы асрамжид, хүү Б.Тэмүжин, Б.М нарыг эх С.Цийн асрамжид тус тус үлдээж, нэхэмжлэгч С.Ц шаардлагаа 700 000 төгрөгөөр багасгаж, байрны түрээсийн төлбөрийн үлдэх 1 600 000 төгрөгийг С.Цт Х.Б төлөх, хэн аль нь хүүхдийн тэтгэлэг авахгүйгээр харилцан тохирч, эвлэрэн хэлэлцэж гэрээ байгуулсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт нийцсэн, бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/01866 дугаар шийдвэрийн 2 дах заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Ж, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.Т нарыг эцэг Х.Бы асрамжид, 2005 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.Т, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.М нарыг эх С.Цийн асрамжид үлдээсүгэй” гэж, 3 дах заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар зохигч хэн аль нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүйгээр харилцан тохиролцсоныг дурьдсугай” гэж, 4 дэх заалтыг хасч, 5 дах заалтыг “4” гэж, “6 дах заалтыг “5. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Булгансайханаас 1 600 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Цт олгосугай” гэж, 7 гэснийг “6” гэж, 8 гэснийг “7” гэж, 9 гэснийг “8” гэж, 10 гэснийг “9” гэж, 11 гэснийг “10” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 121 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.НЯМБАЗАР

 

                                             ШҮҮГЧИД                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                          Б.НАРМАНДАХ