Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2016/00864

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ж.Д 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Н.А 

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: 1980 онд 8 дугаар анги төгсөж, илгээлтээр гарч Ж сумын Улаантуг нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус бригадад төлчнөөр ажиллаж байсныг сэргээн, өндөр насны тэтгэврийг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ж.Д гийн бие нь муудан Улаанбаатар хот руу эмчилгээд явсан тул би өмнөөс нь шүүх хуралдаанд оролцож байна. Ж.Д нь Х аймгийн Ж сумын сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд хөдөө малчин болж байсан ба одоо өндөр насны тэтгэвэрт орох гэж байгаа тул ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан юм билээ.

Иймд Ж.Д г Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригададад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ж.Д нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригададад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Нэхэмжлэгч Ж.Д д Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлээс 1989 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дахь бичилтүүд,

Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Ж сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн цалингийн лавлагаа, 70 дугаар дансны хуулбар,

Х аймгийн Ж сумын Алтангадас одонт Улаан туг нэгдлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаартай ....Долгорсүрэн 10/XII.... гэх Нэгдлийн гишүүдийн амралт олгох тухай тушаалын хуулбар,

Гэрч Л.Т ийн: ....Ж.Д нь анх 1981 оноос Х аймгийн Ж сумын Улаантуг нэгдэлд эм хонины суурьт төлчин, саальчинаар 1990 оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч Г.В ийн: ....Ж.Д нь 1981 оноос Х аймгийн Ж сумын Улаантуг нэгдэлд 1990 оны үед нэгдэл тарах хүртэл төлчин, саальчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж.Д /Р **/-г Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригададад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Д гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ