Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2016/00212

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн **********

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ************

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 201оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2015/01265/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч ***************, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *************** нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *************** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хууль бусаар ажлаас халагдсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар ажилд эгүүлэн тогтоогдсон юм. Нисэх буудлын дарга ********** нь намайг дахин сургалтад хамрагдах боломж өгөлгүй шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дахин ажлаас халж миний оронд шууд өөр хүн авч ажиллуулж байгаа нь хууль бус юм. Эрдэнэхуяг нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр намайг ажилд авах тушаал гаргахдаа таны оронд ажиллаж байгаа хүний хөдөлмөрийн гэрээ 11 дүгээр сарын 08-ны өдөр дуусах учир 1 сарын гэрээ хийнэ, дараа нь хөдөлмөрийн гэрээг сунгана гэж надтай 1 сарын гэрээ хийсэн. Гэтэл намайг гэрээ дууссан гэсэн нэрээр ажлаас халж байгаад гомдолтой байна. Иймд намайг Хатгал Нисэх буудлын цахилгаан дизельчний ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Миний ажиллаж байсан орон тоо цомхотголд орсон байгаа ч намайг ажилд томилсон шүүхийн шийдвэр байхад ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж авах эрх үүсэх юм болов уу гэж бодож байгаа юм. Орон тоо цомхотгосон хэдий ч манай дарга намайг өөр орон тоонд авч ажиллуулна гэж хэлсэн гэв.

Хариуцагч байгууллагын захирал ********* шүүхэд гаргасан тайлбартаа: ***************ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Ажил олгогчоос ажилтан ***************ийг шүүхийн шийдвэрийн дагуу ажлаар хангасан. Ингэхдээ хөдөлмөрийн гэрээг тохиролцсоны дагуу байгуулж мөн гэрээ дуусгавар болоход ажлаас чөлөөлсөн. *************** нь сургалтад өөрийн зардлаар суралцаад шаардлага хангаад ирвэл ажлын байр байгаа тохиолдолд авч ажиллуулж болно гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2015 оны 11 сарын 02-ны өдөр ***************тэй нэг сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч түүнээс хойш 7 хоногийн дараа хөдөлмөрийн гэрээ цуцалсан байдаг. 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ хүний ажиллаж байсан ажил нь орон тооны цомхотголд орсон байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч *************** нь хариуцагч Хөвсгөл аймаг дахь Нисэх буудалд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагчаас эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй буюу ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Нэхэмжлэгч ***************ийн ************* нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Хөвсгөл аймаг

 

дахь Нисэх буудал хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА