| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2017/00168/Э |
| Дугаар | 174 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.3.2., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 174
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж, шүүгч Б.Гэрэлмаа, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр,
Улсын яллагч Ч.Энхжаргал,
Иргэдийн төлөөлөгч Н.Пагам,
Хохирогч Ц.Л , түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг,
Шүүгдэгч П.Г , түүний өмгөөлөгч А.Баттөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жийдэг овгийн П.Г ид холбогдох эрүүгийн 1726001330054 дугаартай хэргийг хянан хэлэлцээд
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Жийдэг овгийн П.Г .
Шүүгдэгч П.Г нь 2017 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар байгт байрлах Залаа зочид буудалд ресепшнээр ажиллаж байсан Ц.Л д хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, хутга тулган дээрэмдэхээр довтолсон,
2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01 цаг өнгөрч байх үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах “Онги ус суваг” ХХК-ий зүүн талын явган хүний замаар явж байсан Д.Энхсайханд хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, хутга тулган цүнхийг дээрэмдэхээр довтолсон,
Мөн дээрэмдэх үедээ Д.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч П.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Тухайн өдөр 19 цагийн үед Альфа баарны гадаа найзтайгаа таараад 4 ширхэг пиво уусан. Тэгээд орой болоод гараад иртэл таньдаг хүнтэйгээ таараад намайг гэрт хүргэж өгсөн. Гэрт ортол манай эхнэр архи уусан байна гээд уурлаад байхаар нь би өөрийгөө яачихаж магадгүй гэж бодоод айгаад хутгаа аваад гэрээсээ гарсан. Буудалд ороод 2-3 цаг унтаж байгаад эхнэрийн уурыг гарахаар нь харья гэж бодоод буудал ортол хохирогч Л байсан. Тэгээд нэг өрөөнд нь орьё гэсэн чинь 12000 төгрөг гэхээр нь эгч ээ надад 8000 төгрөг л байна. Жаахан унтаж байгаад 3 цагийн дараа гарчихъя тэгэх үү гэж гуйсан чинь “үгүй, би чамд Монгол хэлээр хэлж байгаа юм биш үү” гээд янз бүрээр хэлээд байсан. Тэгэхээр нь дээд талд чинь өрөө байгаа шүү дээ гээд баруун гараараа дээш нь заатал миний ханцуйндаа хийсэн байсан хутганы иш харагдсан бололтой энэ эгч маш чанга орилоод, хашгираад байхаар нь би ч гэсэн өөрөө айсандаа гараад тэр чигээрээ зугтсан. Тэгээд доошоо уруудаад явж байтал нэг хүн замд таарахаар нь эгчээ тамхи байна уу гэсэн чинь тэр эгч миний нүүр рүү тамхиа шидсэн. Тэгэхээр нь та яаж байгаа юм бэ гэсэн чинь “чи муу архичин юу гээд байгаа юм” гэхээр нь баруун гараараа татаж авснаа буцаагаад түлхсэн. Тэгээд уруудаж яваад таксинд суугаад дэлгүүр орж тамхи авчихаад талбай дээр явж байгаад цагдаа нарт баригдсан. Энэ бүхэн бид нарын хоорондын харьцаанаас л болсон. Надад бусдыг дээрэмдэх санаа зорилго байгаагүй.” гэв.
Хохирогч Ц.Л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Би 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр жижүүрт гарч байсан. Буудалд амарч байсан хүмүүсийн иргэний үнэмлэхийг хурааж аваад жагсаалт гаргаад сууж байтал энэ хүүхэд хаалгаар шагайж хаалганы зүүн талыг түшиж зогссоноо эгчээ өрөө байна уу гэхээр нь хэдэн ортой өрөө юм бэ гэсэн. 1 ортой өрөө байна уу? гэхээр нь байхгүй гэсэн чинь тэгээд хэдэн ортой өрөө байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь 2 ортой өрөө, бас түүнээс дээш ортой өрөө л байна гэж хэлсэн. Тэгтэл нэг бор түрийвч гаргаж ирээд мөнгөө тоолж байснаа миний мөнгө хүрэхгүй байна гээд гараад явсан. Тэгснээ 5-6 минут орчмын дараа эргэж орж ирээд миний хажууд ширээн дээр тулж ирснээ хоёулаа тэр өрөөнд чинь орьё гэхээр нь балаа тавиад өрөө онгойлгуулах гэж байна гэж бодоод бостол гэнэт цагаан өнгийн хутга гаргаж ирээд хутга тулгасан. Тэгэхээр нь би хүүхдүүд ээ амь авраарай, амь авраарай гээд орилсон. Тэгтэл миний өрөөнөөс энэ залуу гарангуут нь араас нь босоод хүмүүстэй өрөө рүү очихгүй бол би алуулах юм байна гэж бодоод алхтал шатаар буух гэж байснаа буцаад над руу гүйсэн. Надад хутга тулгахдаа ганцхан удаа “мөнгө” гэж хэлсэн. Гаргаад ир, өгөөдөх гэж бол хэлээгүй. Буцаад над руу гүйхээр нь дахиад би “хүүхдүүдээ” гээд орилтол хамгийн цаад талын 24 дугаарын өрөөнд байрлаж байсан Ховд руу явж байсан хүний өрөөний хаалганы дуу гартал энэ хүүхэд шатаар гүйгээд буусан. Би тухайн үед балмагдаад, толгой эргээд яг унах гээд байсан. Цагдаа дуудах гээд явах гэсэн чинь би ганцаараа явж чадахгүй байж байгаад хана түшээд алхаж байгаад цонхон дээр очоод хартал энэ залуу Чинмэнд эмнэлгийн урдуур гүйж байсан. Тэгээд цагдаа дуудаад удалгүй 10 орчим минутын дараа цагдаа нар ирэхээр нь болсон зүйлийн талаар хэлсэн. Би амьдрахын төлөө л энэ буудалд ажиллаж байна. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Залаа” буудалд жирэмсэн хүний оронд ажилд орсон. Тэр ирсэн хоёр цагдаа одоо тэр хүнийг чинь бид нар хаанаас олохов, та одоо хаалгаа түгжээд амар гэж хэлсэн. Тэр хоёр цагдааг үүдэнд зогсоож байгаад хаалгаа дотор талаас нь түгжээд тэр шөнө би 3 давхрын цонхон дээр зогсоогоороо хоносон. Энэ явдлаас өмнө миний даралт ихсэх, зүрх, толгойны өвчин байгаагүй. Тэр өдрөөс хойш зүрх салгалаад, толгой өвдөөд байнгын айдастай байдаг болсон. Сэтгэл санааны хувьд маш их дарамтанд байна. Гэрээс гарахаараа ч айдастай байдаг болсон. Ажлаа ч хийж чадахгүй байгаа. 10 хоногийн акт авсан, байнгын эм, тариа хэрэглэж байгаа. Би далд байгаа зүйлээс яасан гэж айхав. Би улсад 38 жил ажиллаад тэтгэвэрт орсон хүн. ...Би мөрдөн байцаалтанд “мөнгөндөө хайртай юу, аминдаа хайртай юу” гэж энэ залууг хэлсэн талаар мэдүүлээгүй. Миний яриагүй зүйлийг бичсэн байна. Хохиролд 662150 төгрөг нэхэмжилж байна.” гэв.
Хохирогч Д.Э-ы мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 01 цаг өнгөрч байхад ажлаа тараад Онги ус сувгийн зүүн талын засмал замын ертөнцийн зүгээр баруун тал явган хүний асфалтан замаар гэр рүүгээ харих гээд ганцаараа явж байтал засмал замын эсрэг талаас /Музейн баруун талаас/ урт бараан өнгийн куртиктай, куртикны энгэр нь цагаан канттай, саравчтай бараан өнгийн малгайтай, куртикныхаа малгайг давхар өмсчихсөн 20-23 насны эрэгтэй хүн засмал зам хөндлөн гарч ирээд тамхи байвал нэг тамхилчих гэж хэлсэн. Би өөрөө тамхи татаж явсан тул татаж байсан тамхиа өгөөд замаар урагшаа алхаж байгаад нүдний булангаараа эргээд харахад тэр залуу миний араас дагаж явж байснаа зэрэгцээд ирсэн. Би тэгэхээр нь хурдан алхаж эхэлсэн. Тэр залуу миний араас хурдан алхаад ахиад зэрэгцээд ирсэн. Тэгэхээр нь Хас банкнаас баруун тийш шинэ 36 дугаар байр руу харанхуй учраас явж болохгүй юм байна гэж бодоод такси барихаар болоод эргээд алхтал нөгөө залуу баруун гараараа хоолой боогоод хүчтэй хойш нь татахаар нь би газар толгойны ард дагз хэсгээр унасан. Тэр залуу миний хоолойг боосон чигээрээ газар чирж явахад зүүн гартаа хутга барьчихсан хутгаа хоолойд тулгахаар нь би нилээн хэдэн удаа орилсон чинь тэр залуу чимээгүй байгаарай гичий минь гэж хэлээд хутгаа хоолойнд тулгасан. Тэр хутга нь шар эрээн өнгийн иштэй хутга байсанг анзаарсан. Сүүлдээ хоолойны дуу гарахаа байсан. Тэр залуу миний хоолойг боосон чигээрээ явж байхад хаанаас мэдэхгүй машины гэрэл туссан чинь намайг тавьчихаад Хас банкны уулзвар хүртэл чигээрээ гүйж байгаа харагдсан. Би газраас босоод айсандаа уйлаад ажил руугаа явах замдаа захирал Алтанцэцэг рүү юу болсон талаараа хэлсэн. Ажлын үүдэнд очиход Алтанцэцэг захирал нөхөртэйгөө гарч ирээд намайг ямархуу байгааг харсан. Цагдаа дуудах гээд ярилцаж байхад микро машинтай 2 цагдаа хүрээд ирсэн. Юу болсон талаараа хэлсэн. Цагдаа нартай хамт Алтанцэцэг захирал бид хоёр машинд нь суугаад нөгөө залууг хайсан боловч ойр хавьд байгаагүй. Тэгээд л гэр рүүгээ явсан. Маргааш өглөө нь толгой өвдөөд байсан тул өнөөдөр ирж мэдүүлэг өгч байна. ...Миний барьж явсан цүнхийг хоёр удаа татахаар нь би цүнхээ өгөөгүй. Миний бодлоор хүн алах гээд шийдчихсэн хүн байсан байх. Эд зүйл авахаар байсан бол надаас цүнхийг булаагаад авчихсан байсан. Нэлээн биерхүү өндөр хүн байсан. ..Гудамжинд хүн байгаагүй. Миний баруун талын бугуй хэсгээр хутгаар зүссэн шарх байгаа. Хоолой хөндүүр байгаа. Толгой ард дагз хэсгээр өвдөөд, толгой эргээд байгаа. Шинжээч томилуулна. Бие өвдөөд ажилдаа явж чадахгүй байгаа. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,
Хохирогч Д.Э мөрдөн байцаалтанд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дахин өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01 цагийн үед би "Онги Ус” сувгийн байрны ертөнцийн зүгээр зүүн талын явган хүний замаар хойноос урагшаа чиглэлтэй явж байх үед тэр хүн замын эсрэг талаас зам хөндлөн гарч ирсэн юм. Би тэр үед нь тамхи татчихсан явсан чинь тэр залуу над дээр ирээд "тамхи байвал нэг тамхи өгчих" гэсэн. Тэгэхээр би татаж явсан тамхиа зүүн гараараа тамхиа аваад нөгөө хүнд өгөхөд тэр залуу баруун гараараа нөгөө тамхийг авсан. Тамхи өгөх үед нөгөө залуу гарт тамхины цог хүрчих шиг надад санагдсан. Тэгээд би тамхиа өгчихөөд урагшаа алхсан чинь нөгөө залуу миний араас дагаад алхсан. Тэгэхээр нь би алхаагаа удаан болгоход нөгөө залуу бас алхаагаа удаашруулаад байсан. Тэгэхээр нь бас хурдан алхаад эхэлтэл бас алхаагаа хурдасгаад араас дагаад байсан. Тэгэхээр нь би "энэ хүн миний араас дагаад эхэллээ, цаашаа ганцаараа явж болохгүй юм байна" гэж бодоод эргээд алхтал нөгөө залуу намайг бариад авсан. Тэр залуу баруун гараараа миний хоолойг боож барьж авсан. Тэгэхээр нь би орилсон чинь нөгөө залуу миний хоолойг боосон чигтээ намайг чирээд эхэлсэн. Тэгээд би хашгираад байсан чинь нөгөө залуу зүүн гараараа хутга гаргаж ирээд миний хоолойд тулгаад дуугүй байгаарай гичий минь гэсэн. Тэр үед замын гэрэлтүүлэг тод тэр залуугийн зүс царай болон гарт нь байсан хутга надад их тод харагдсан. Гарт нь байсан хутга нь шар эрээн судалтай эвхдэггүй гал тогооны зориулалттай урт хутга байсан. Манай ажил дээр ч гэсэн яг тиймэрхүү хутга байдаг болохоор би их тод санаж байна. Сүүлдээ миний дуу гарахаа больсон. Би хоолой боосон гарыг нь тавиулах гээд ноцолдож байтал ХААН банкны уулзвар хавиас машины гэрэл тусах шиг болсон чинь нөгөө залуу намайг орхиод урагшаа гүйгээд "ХАС" банкны урд уулзвараар гараад урагшаа гүйгээд явчихаж байгаа харагдсан. Тэр залуу намайг барьж байснаа тавьчихаад гүйх үед нь би ар дагз хэсгээрээ зам дээр саваж унасан. Яг тэр хавьд болсон асуудал “Мэргэд суургуулийн” камерт бичигдэхээр юм байна лээ. Тэгэхдээ яг тэр хэрэг гарсан өдрийн бичлэг байхгүй байсан. Камерынх нь "Hard" диск гэмтсэн байсан байна гэж байсан. ..Энэ зурган дээр байгаа хутга тэр үед тэр залуугийн барьж явсан хутга мөн байна. Би тэр хутганы ишээр нь энэ хутгыг таньж байна. Яг энэ хутгыг барьж байсан.
Миний баруун гарт байсан гар цүнхийг нэг татаж үзсэн. Цүнхний оосор гарын бугуйнд байсан болохоор тавигдалгүй үлдсэн. Тэрнээс мөнгө төгрөг, эд зүйл нэхэж шаардсан зүйл бол байхгүй. ..Миний баруун гарын бугуй хавьд зүсэгдсэн байсан. Хоолойны зүүн тал хэсэгт хөхрөлттэй, юм ууж идэх үед хөндүүртэй байсан. Мөн толгой их өвдөж байсан. Энэ гэмтлийн улмаас тархи толгойдоо гэмтэл авсан эсэхээ тогтоолгохоор компьютер томографийн зураг авахуулсан. Эрүүл мэндийн даатгалтай учир зураг авахуулахад зардал гараагүй. Харин 6 хоног ажилдаа явж чадаагүй. Иймд энэ хугацааны цалин хасагдсан. Мөн тархины доргилттой байсан учир эм тариа авч хэрэглэхэд 154900 төгрөгийн зардал гарсан. Ажилдаа яваагүй 6 хоногийн ажлын хөлс 120000 төгрөг болно. Дээр нь Шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8000 төгрөгний зардал гарсан. Энэ бүх зардлыг тэр залуугаас гаргуулж авахыг хүсэж байна. ..Одоо ч гэсэн их айдастай байгаа. Ажил төрөл болон гэр орны хаягийг мэдээд ямар нэг асуудал гаргах вий гэж санаа их зовож байна. Цаашид тайван байлгах баталгаа л хэрэгтэй байна. Дээр хэлсэн зардлаа гаргуулаад авчихмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,
Хохирогч Ц.Л гийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2017 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р багт байрлах Залаа буудлын ресепшнээр ажиллаж байхад 00 цаг өнгөрч байхад хар өнгийн урт курткатай, куртканы зүүн энгэр цоохор эрээн, бараан өнгийнсаравчтай малгайтай, 20-30 орчим насны бага зэрэг архи үнэртүүлсэн эрэгтэй хүн ганцаараа орж ирээд өрөө байна уу гэхээр нь хэдэн ортой өрөө сонирхож байгааг асуухад нэг ортой өрөө байна уу гэхээр өрөө нь дуусчихсан, 3 давхарт 2, 3 ортой өрөө аа гэхэд өрөөнүүдийн үнийг асуухаар нь 2 ортой өрөөгөө 1 хүн орвол 12000 төгрөгөөр ордог, бүр болохгүй бол чи 10000 төгрөгөөр орохгүй юу гэж хэлсэн.Тэр энгэрээсээ түрийвч гаргаж ирээд юм үзээд байсан. Би буудлынхаа дэвтэр хөтөлж байсан тул түрийвчинд мөнгө байсан эсэхийг анзаараагүй.Тэгсэн тэр залуу түрийвчинд мөнгөө үзчээд мөнгө хүрэхгүй байна гэж хэлээд манай өрөөнөөс гарсан. Би тэр залуугийн хөлийн чимээ шат руу бууж байгаа юм шиг сонсогдсон. Тэгсэнудаагүй тэр залуу ганцаараа орж ирээд өрөөг чинь авъя, хоёулаа хамт өрөөнд чинь оръё гэхээр нь би тухайн үедээ өрөөг онгойлгож өгнө гэж бодоод балаа тавиад өрөөний түлхүүрээ авах гэтэл тэр залуу зүүн энгэрээсээ хутга гаргаж ирээд цээжин дээр хутгатай гараараа тулгахаар нь би хүүхдүүдээ намайг хүн аллаа амь авраарай гээд орилсон.Тэгсэн тэр залуу мөнгө байна уу, аминдаа хайртай юу, мөнгөндөө хайртай юу гэхээр нь хүүхдүүдээ амь аваарай гээд бахираад байсан.Тэр залуу намайг орилсон чинь ухраад ажилчдын өрөөнөөс гарахаар нь тэр залуугийн араас бахираад өрөөнөөс гараад хүнтэй өрөө рүү ойртох санаатай гарсан чинь тэр залуу шат руу доошоо буух гэснээ болиод буцаад над руу гүйхээр нь би хүүхдүүдээ аваарай гээд ахиад бахирсан чинь тэр залуу шатаар доошоо буугаад гараад явсан. Би айсандаа сандраад унах гээд хамаг бие салганаад байсан. Би тэр залууг хаашаа явахыг нь цонхоор харахад Чинмэнд эмнэлгийн урагшаа гүйгээд явахаар нь цагдаад өөрийнхөө утсаар дуудлага өгсөн.Машинтай хоёр цагдааг ирэхээр нь юу болсон талаараа хэлээд залуугийн гадаад төрх, хутгатай явж байгаа талаар хэлсэн Цагдаа нар араас нь гарсан. Шөнийн 02 цаг өнгөрч байхад 95321155 дугаарын утсаар залгаж хэлэхдээ нөгөө хүнийг олсон намайг тайван байгаарай гэж хэлсэн. Маргааш цагдаа дээр ирж уулзаарай гэж хэлсэн. Миний биед гэмтэл шарх учраагүй.Гэхдээ урьд шөнө нойргүй хоносон. Одоогоор зүрх өвдөөд даралт ихсээд, толгой өвдөөд байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,
Хохирогч Ц.Л гийн мөрдөн байцаалтанд дахин өгсөн :.. Эхлээд надаас нэг ортой өрөө байна уу гэж асууж орж ирсэн юм. Тэгэхээр нь би "нэг ортой өрөө байхгүй. Хоёр ортой өрөө л байна. 15000 төгрөгний үнэтэй байдаг юм, чи ганцаараа юм бол 10000 төгрөг төлөөд ор" хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу өрөөний үүдэнд зогсоод өврөө уудалж түрийвч гаргаж ирээд үзээд байсан. Тэгснээ миний мөнгө хүрэхгүй юм байна гээд буцаад явсан. Тэгэхээр нь би "мөнгө нь хүрэхгүй болохоор яваад өгч байгаа юм байна" гэж бодоод буудлын бүртгэлээ бичээд сууж байтал удалгүй 5 минут хиртэй болоод нөгөө залуу буцаад өрөөнд орж ирээд миний сууж байсан ширээний хажууд ирээд "тэгвэл тэр өрөөнд чинь оръё, хоёулаа "гэсэн. Тэгэхээр нь би "Өрөө онгойлгуулах гэж байгаа юм байна гэж бодоод балаа ширээн дээр тавиад түлхүүрээ авах гэтэл нөгөө баруун гараараа зүүн энгэрээ сөхөнгүүтээ, өврөөсөө хутга гаргаж ирээд тохойгоо миний зүүн мөрөн дээр тавиад " За мөнгө" гэсэн. Тэр үед би айгаад бахирсан. Баруун хөлөө өөдөөс нь өргөөд бахираад байсан нөгөө залуу хутгаа барьсан чигтээ хойшоо ухрахаар нь би босоод хүнтэй өрөө рүү дөхөхгүй бол болохгүй юм байна гээд өрөөний хаалга руу дөхөөд босго давтал нөгөө залуу над руу эргээд гүйхээр нь би дахиад 23 удаа "Хүүхдүүдээ амь авраарай гэж" бахирсан чинь нөгөө залуу шат руу уруудаад гүйгээд буудлаас гараад явсан. Хаашаа явахыг нь харахад Чинмэнд эмнэлгийг тойроод урагшаа чигтээ гүйгээд явсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед миний биед ил харагдах гэмтэл учраагүй. Сэтгэл зүйн их хямралтай, айдастай байгаа. Урьд нь даралт ихсэж байгаагүй, тэр асуудлаас хойш сэтгэл санаа хямраад даралт ихсээд байхаар нь өрхийн болон хувийн эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлээд эмийн эмчилгээ бичүүлж авсан. Мөн бариа засал хийлгэсэн. Бариа хийдэг гэсэн хүнээр бариа хийлгэж байгаа. Энэ бүхнээс болоод эм худалдан авахад 212750 төгрөгийн зардал, шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргахад 8000 төгрөг, эмнэлгийн картаа баталгаажуулж өгөхөд нотариатын хөлсөнд 2400 төгрөг, нийт 223150 төгрөгийн зардал гараад байгаа. Үүн дээр өмгөөлөгчийн зардал 360000 төгрөгийг нэмж нийтдээ 583150 төгрөгийг буруутай хүнээс гаргуулж авахыг хүсч байна. Би ажлаа хийж сууж байгаад ийм байдалд орсондоо гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,
Гэрч Э.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “…2017 оны 10 дугаар сарын 23-ны шөнө 00 цаг өнгөрч байхад Г бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн “Альфа” баарны гадаа хүмүүстэй маргалдаад зогсож байхаар нь Г ийг гэрт нь оруулж өгсөн. Гэрт нь эхнэр, 2 хүүхэд нь байсан. Өөр хүн байгаагүй. Намайг гэрт нь байхад Г эхнэртэйгээ маргалдаагүй. Би гэрт нь оруулчихаад гараад явсан. Тэрнээс хойш юу болсонг мэдэхгүй байна. ..Өөрийнхөө үйлдлийг мэдэхээр зүгээр байсан. Хүнтэй маргалдсан гэж яриад байсан. ..Г гэртээ үлдсэн. Намайг байхад гэрээсээ гараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/,
Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “…2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 00 цаг өнгөрч байхад хүргэн ахынхаа дүүгээр хүргүүлж ирсэн. Манай нөхөр Г оос бага зэрэг согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Г ийг орой үдэж согтуу гэртээ ирлээ, хүүхэд айлгалаа гэж хэлсэн чинь хамт ирсэн ахтайгаа юм ярьж байгаад гэнэт уурлаад гэрт байсан шар иштэй хутга аваад гараад явчихсан. Надтай манай нөхөр хэрэлдээгүй. Би нөхрийнхөө араас гүйсэн боловч гүйцээгүй тул гэртээ очоод таксигаар найзуудынд очсон боловч очоогүй байсан. Би тэгээд л гэртээ ирсэн. Би өнөөдөр өглөө цагдаа руу нөхрийг сурахад баригдсан гэхээр нь мэдсэн. Яг ямар үйлдэл гаргасан талаар мэдээгүй байж байгаад сая таниас мэдлээ. ...Манай нөхөр элдэв янзын зангүй хүн. Архийг хааяа л хэрэглэдэг. Тамхи татдаг. Улирлын чанартай замын ажил хийдэг. Одоогоор ажилгүй байгаа. 9 дүгээр ангийг Арвайхээр сумын ЕБС-ийн 2 дугаар 12 жилийн сургуулийг 2011 онд төгссөн. 9-р анги төгсөөд 2011-2013 онд аймгийн МСҮТ-ийн Фермерийн ангийг төгссөн. 2013-2014 онд Өмнөговь аймгийн 0131 дүгээр ангид цэргийн алба хаасан. Арвайхээр сумын 1-42-18 тоотод байрлах хашаа нь манай хадмын нэр дээр байдаг. Хадам аавынхтайгаа нэг хашаанд гэрт амьдардаг. 5 ханатай гэртэй, манай нөхрийн нэр дээр 37-36 ӨВА улсын дугаартай, цагаан өнгийн “Санни-15” маркийн автомашин байдаг, өөр эд хөрөнгө байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/,
Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтанд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дахин өгсөн: “...Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ авч гарсан хутганы ишийг шар өнгөтэй гээд хэлчихсэн байна лээ. Яг цулгуй шар өнгөтэй иштэй хутга биш. Шар, хар хосолсон шар цоохор өнгийн иштэй, эвхэгддэггүй, гал тогооны зориулалтай хутга байсан юм. Яг тийм иштэй заазуур нь одоо манай гэрт байгаа. Заазуур, хутга хоёрын ишний өнгө нь адилхан байсан юм. Тэр хутга нилээд урт, өргөндүү хутга байсан. Би тэр хутгыг одоо харвал танина. ...Тэр зураган дээр байгаа хутга манай хутга мөн байна. Би зурган дээрх хутганы ишийг нь хараад шууд таньж байна. Манайх ер нь ганц энэ хутгатай л байсан, одоо хутга байхгүй болсон. Тэр өдөр манай нөхөр энэ хутгыг аваад гарсан юм. ..Манай өрхийн орлого сард 400000-500000 төгрөг байдаг. 10 cap гаргаад л манай хүн ажилгүй болчихоор орлого гэж орж ирдэггүй. Энэ зун аймгийн Зам ангид туслах ажилтнаар ажилласан юм. Өвөлдөө бол ямарч орлогогүй байдаг. ..Дарамт шахалт бол байхгүй. Гэр бүлийн жижиг, сажиг хэрүүл маргаанаас болдог юм. Мөн хадам ээжтэйгээ маргаснаас болоод тусдаа амьдрах болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/,
Гэрч Д.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “…Тэр өдөр 01 цагийн орчимд манай нярав Д.Э ажлаасаа гарсан. Гэр нь МСҮТ-н багш, ажилчдын байранд байдаг юм. Ажлаасаа гараад гэр рүүгээ алхдаг хүн байгаа юм. Би ажилчдаа тараагаад ажлын байрныхаа хаалгыг түгжээд гэртээ дөнгөж ороод байж байтал Энхсайхан утсаар над руу залгасан. Утсаа автал уйлаад “хутгатай хүн дайраад” гээд байсан. Тэгэхээр нь би чи одоо хаана байна гэхэд үүдэнд гэлүү, гадаа гэлүү сайн санахгүй байна. Би гэрээс гараад ажлын хаалган дээр иртэл Энхсайхан ажлын гадаа ирчихсэн байсан. Хувцас нь шороо болчихсон, юм ярьж чадахгүй уйлаад л байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад аймаар том шар эрээн хутгатай хүн над руу дайраад, хоолой боогоод байсан. Би орилсон чинь машины гэрэл гарч ирээд нөгөө хүн намайг орхиод зугтчихлаа гэж байсан. Барьж явсан гар цүнхнээс татаад байсан гэж байсан. Биеийг нь асуухад толгой өвдөөд байна гээд их айсан байдалтай чичрээд уйлаад байсан. Тэгээд байж байтал цагдаагийн машин манай ажлын гадаа ирж таарсан. Тэгэхээр нь би Энхсайханы хамт цагдаагийн машины ард суугаад нөгөө хүний явсан гэх чиглэлээр явж хайсан боловч таараагүй. Тэгээд цагдаа дээр очиж Энхсайхан нөгөө хүний талаар хэлчихээд би Энхсайханыг гэрт нь хүргэж өгсөн. Маргаашнаас нь эхлээд 6 хоног Энхсайхан ажилдаа ирж чадаагүй. Их айж, цочирдсон байсан. Мөн толгойгоороо арагшаа савж унасан гэж байсан болохоор эмнэлгээр явж эмчилгээ хийлгэж 6 хоносон байх. ..Тэр хүн нь танихгүй хүн байсан гэсэн. Урт хар куртиктэй, куртикныхээ малгайг өмсчихсөн, өндөрдүү залуу байсан гэсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 хуудас/,
Шинжээч Э.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “..Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоохдоо биед нь үзлэг хийсэн. Үзлэг хийх үед хохирогчийн мэдүүлэгт дурьдагдсан гэмтлүүд тогтоогдоогүй. Хэрэг болсноос хойш 5 дахь өдөр нь үзүүлсэн бөгөөд энэ хугацаанд арьсны өнгөц давхарга гэмтэх болон жижиг хэмжээний өнгөц цус хуралт гэмтэл арилж болох талтай. Энэ нь тухайн хүний бие физологийн байдлаас шалтгаална. ...Эдгээр гэмтэл өөрчлөлтүүд гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Учир нь цус хуралт, зулгаралт гэмтэл нь хүний биеийн нийт гадаргуун 1%-с их байж гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болдог. Д.Энхсайханы гэмтлийн хөнгөн зэргийг тогтоохдоо БОЭТ-н гэмтлийн эмч Б.Оюунбилэгийн “тархи доргилт” гэсэн оношийг үндэслэн гэмтлийн зэргийг тогтоосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх эмнэлгийн 417 дугаартай: …Д.Э биед тархи доргилт, зүүн гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 53 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх эмнэлгийн 416 дугаартай: “…Ц.Л гийн биед гэмтэл тогтоогдсонгүй…” гэсэн дүгнэлт /хх-ийн 58 хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 9 хуудас/,
Хохирогч Ц.Л гийн хохирлын баримтууд /хх-ийн 103-113 хуудас/,
Шүүгдэгч П.Г ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-80/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-81/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-82-83/, хүү Б.Азжаргалын төрсний гэрчилгээний хуулбар /хх-84/, охин Г.Ухаанзаяагийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-85/,
Шүүгдэгч П.Г ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-95 хуудас/,
Шүүгдэгч П.Г ийн хохирол төлсөн баримт зэрэг болно.
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Г ийг 2017 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Залаа зочид буудалд ресепшнээр ажиллаж байсан Ц.Л д хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, хутга тулган дээрэмдэхээр довтолсон,
2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01 цаг өнгөрч байх үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах “Онги ус суваг” ХХК-ий зүүн талын явган хүний замаар явж байсан Д.Энхсайханд хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, хутга тулган цүнхийг дээрэмдэхээр довтолсон,
Мөн дээрэмдэх үедээ Д.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хохирогч Ц.Л нь мөрдөн байцаалтанд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...өрөөний түлхүүрээ авах гэтэл тэр залуу зүүн энгэрээсээ хутга гаргаж ирээд цээжин дээр хутгатай гараараа тулгахаар нь би хүүхдүүдээ намайг хүн аллаа, амь авраарай гээд орилсон.Тэгсэн тэр залуу мөнгө байна уу, аминдаа хайртай юу, мөнгөндөө хайртай юу гэхээр нь хүүхдүүдээ амь авраарай гээд бахираад байсан.” /хх-25-26/,
2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ “…би "өрөө онгойлгуулах гэж байгаа юм байна гэж бодоод балаа ширээн дээр тавиад түлхүүрээ авах гэтэл нөгөө залуу баруун гараараа зүүн энгэрээ сөхөнгүүтээ, өврөөсөө хутга гаргаж ирээд тохойгоо миний зүүн мөрөн дээр тавиад "За мөнгө" гэсэн.” /хх-28-29/,
Хохирогч Ц.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...миний хажууд ширээн дээр тулж ирснээ хоёулаа тэр өрөөнд чинь орьё гэхээр нь балаа тавиад өрөө онгойлгуулах гэж байна гэж бодоод бостол гэнэт цагаан өнгийн хутга гаргаж ирээд тулгасан. Тэгэхээр нь би хүүхдүүд ээ амь авраарай, амь авраарай гээд орилсон. Надад хутга тулгахдаа ганцхан удаа “мөнгө” гэж хэлсэн. Гаргаад ир, өгөөдөх гэж бол хэлээгүй. ...Энэ залуу надад мөнгө байна уу, мөнгөндөө хайртай юу, аминдаа хайртай юу гэж хэлээгүй. Би цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө ийм зүйл яриагүй. Надаас мөнгө гаргаад ир, өгөөдөх гэж хэлээгүй. Миний хэлээгүй зүйлийг бичсэн байна”,
Хохирогч Д.Э нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “…нөгөө залуу баруун гараараа хоолой боогоод хүчтэй хойш нь татахаар нь би газар толгойны ард дагз хэсгээр унасан. Тэр залуу миний хоолойг боосон чигээрээ газар чирч явахад зүүн гартаа хутга барьчихсан хутгаа хоолойд тулгахаар нь би нэлээн хэдэн удаа орилсон чинь тэр залуу дуугүй байгаарай гичий минь гэж хэлээд хутгаа хоолойд тулгасан. Тэр залуу хоолой боосон чигээрээ явж байхад хаанаас мэдэхгүй машины гэрэл туссан чинь тэр залуу намайг тавьчихаад Хас банкны уулзвар хүртэл чигээрээ гүйж байгаа харагдсан. Би газраас босоод айсандаа уйлаад ажил руугаа явсан. …Миний барьж явсан гар цүнхийг 2 удаа татахаар нь би цүнхээ өгөөгүй” /хх-20/,
2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ “…Тэр залуу баруун гараараа миний хоолойг боож барьж авсан. Тэгэхээр нь би орилсон чинь нөгөө залуу намайг хоолойг боосон чигтээ чирээд эхэлсэн. Би хоолой боосон гарыг нь тавиулах гээд ноцолдож байтал ХААН банкны уулзвар хавиас машины гэрэл тусах шиг болсон чинь нөгөө залуу намайг орхиод урагшаа гүйгээд “ХАС” банкны урд уулзвараар урагшаа гараад гүйгээд явчихаж байгаа харагдсан. Тэр залуу намайг барьж байснаа тавьчихаад гүйх үед нь би ар дагз хэсгээрээ зам дээр савж унасан. …Миний баруун гарт байсан гар цүнхийг нэг татаж үзсэн. ...Тэрнээс мөнгө төгрөг, эд зүйл нэхэж шаардсан зүйл бол байхгүй.” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд дээрх мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч П.Г ийг хохирогч Ц.Л , Д.Э нарын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэрэг үйлдсэн талаар мэдүүлсэн хохирогч нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, мэдүүлгийн зөрүүг арилгаагүй байх тул дээрх мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Д.Э нь мөрдөн байцаалтанд “...миний баруун талын бугуй хэсэгт хутгаар зүссэн шарх байгаа” гэж мэдүүлсэн боловч энэ нь Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх эмнэлгийн 417 дугаартай дүгнэлт, шинжээч Хүрэлсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн “хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоохдоо биед нь үзлэг хийсэн. Үзлэг хийх үед хохирогчийн мэдүүлэгт дурьдагдсан гэмтлүүд тогтоогдоогүй” гэсэн мэдүүлэг зэргээр тус тус няцаагдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч П.Г ийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг” үйлдэх болсон сэдэлт, зорилгыг мөрдөн байцаалтанд нотолж чадаагүй байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч П.Г нь 2017 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах “Залаа” зочид буудалд ресепшнээр ажиллаж байсан Ц.Л д хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, хутга тулган дээрэмдэхээр довтолсон,
2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01 цаг өнгөрч байх үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах “Онги ус суваг” ХХК-ий зүүн талын явган хүний замаар явж байсан Д.Э хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, хутга тулган цүнхийг дээрэмдэхээр довтолсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болохыг нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч нотлоогүй, шүүгдэгчийг тус гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй байх тул “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Г ид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.Г ийг цагаатгаж, шүүгдэгч П.Г ид холбогдох 2017 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Залаа зочид буудалд ресепшнээр ажиллаж байсан Ц.Л д хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, хутга тулган дээрэмдэхээр довтолсон,
2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01 цаг өнгөрч байх үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах “Онги ус суваг” ХХК-ий зүүн талын явган хүний замаар явж байсан Д.Энхсайханд хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, хутга тулган цүнхийг дээрэмдэхээр довтолсон хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч П.Г нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны шөнө 01 цаг өнгөрч байх үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах “Онги ус суваг” ХХК-ий зүүн талын явган хүний зам дээр хохирогч Д.Э түлхэж унагасны улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн гарт зулгаралт” гэсэн хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Э мөрдөн байцаалтанд өгсөн “...ар дагзаараа савж унасан. толгой их өвдөж байсан. Энэ гэмтлийн улмаас тархи толгойдоо гэмтэл авсан эсэхээ тогтоолгохоор компьютер томографийн зураг авахуулсан. Тархины доргилттой байсан учир эм тариа авч хэрэглэсэн”, гэрч Д.А-н “...биеийг нь асуухад толгой өвдөөд байна гээд их айсан байдалтай чичрээд уйлаад байсан. Маргаашнаас нь эхлээд 6 хоног Э ажилдаа ирж чадаагүй. Толгойгоороо арагшаа савж унасан гэж байсан болохоор эмнэлгээр явж эмчилгээ хийлгэж 6 хоносон байх” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч П.Г ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх эмнэлгийн 417 дугаартай дүгнэлт, шинжээч Э.Хүрэлсүхийн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч П.Г нь хэрэг хариуцах чадвартай болох нь шүүх сэтгэц, эмгэг судлалын сэтгэцийн шинжээч эмчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №26 дугаартай дүгнэлтээр /хх-64/,
Шүүгдэгч П.Г нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-95/,
Хохирогч Ц.Л д 223154 төгрөг, хохирогч Д.Энхсайханд 282000 төгрөг тус тус төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Ц.Л гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч П.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч П.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүх түүнд ял оногдуулсан болно.
Шүүгдэгч П.Г ид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон хохирогч Д.Э нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч П.Г ид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хохирогч Ц.Л гийн нэхэмжилсэн 662150 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Шүүгдэгч П.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Энхсайханд 282000 төгрөг, хохирогч Ц.Л д 223154 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч П.Г ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч П.Г ийн эзэмшлийн 37-36 ӨВА улсын дугаартай, “Ниссан Санни” маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 34.19, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.9, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймгийн Прокурорын газраас П.Г ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, П.Г ийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Жийдэг овгийн П.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г ийг 450 /дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч П.Г ид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан хэргийг прокурорт буцаасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
6. Шүүгдэгч П.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Л д 223154 төгрөг, хохирогч Д.Э-д 282900 төгрөг төлсөн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт шүүгдэгч П.Г ийн эзэмшлийн 37-36 ӨВА улсын дугаартай, “Ниссан Санни” маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогч Ц.Л гийн нэхэмжилсэн 662150 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Г ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР
ШҮҮГЧИД Б.ГЭРЭЛМАА
Д.ЦЭЦЭГЭЭ