Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/162

 

 

 

 

 

 

2022           02             10                                          2022/ДШМ/162

                                                          

 

С.Э-т холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.С,

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Т.Ц, Ш.М,

хохирогч С.Э-ийн өмгөөлөгч Ж.Э,

хохирогч Д.Г-ын өмгөөлөгч Б.Т,

хохирогч С.Г,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,                   

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Д.Ренченхорол, Б.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/596 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Т.Ц нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Э-т холбогдох ............................... дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.Э нь Д.Д, О.Н нарыг Канад улсад тэтгэлэгтэй, сар бүрийн тэтгэмжтэй сургуульд явуулж өгнө гэж хуурч 2016 оны 4 дүгээр сараас 2017 оны 2 дугаар сарын хооронд удаа дараагийн үйлдлээр Б.Б-аас 13.200.000 төгрөг, Д.Т-ээс 21.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт,

Д.М-ийн хүүхдийг Ш дунд сургуульд 5 дугаар ангиас нь оруулж өгнө гэж хуурч, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 5.300.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт,

Б.Ж, О.М нарыг Польш улсад 100% тэтгэлэгтэй, сар бүрийн тэтгэмжтэй магистрийн сургалтанд явуулж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 4 дүгээр сарын 15-наас 16-ны өдрүүдэд Б.Ж-аас 6.250.000 төгрөг, О.М-аас 7.750.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн .... дүгээр хорооны нутагт байрлах ҮЭХ-ны 1 давхарын “В” ресторан дотор,

Д.Г-д Бүгд Найрамдах Солонгос улсад зорчих виз гаргаж өгнө гэж хуурч 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 6.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутагт байрлах “П” их дэлгүүрийн гадна,

Ч.О, Ч.Б нарыг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулж, түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж хуурч 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Ч.О-аас 7.000.000 төгрөг, Ч.Б-аас 3.500.000 төгрөг, нийт 10.500.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутагт байрлах “К” зочид буудлын байранд,

Э.Г-т Бүгд Найрамдах Солонгос улсад зорчих виз гаргаж өгнө гэж хуурч 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны ................ дугаарын дансаар шилжүүлэн авсан,

Улаанбаатар Э их сургуулийн багш С.Г, Б.Д нарт Монгол улсын гавьяат цол олгуулж өгнө гэж хуурч С.Г-өөс 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 2.800.432 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 500.000 төгрөг, нийт 3.300.432 төгрөг, Б.Д-ээс 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 2.990.000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 3.010.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг,

Г.Г-ийн хүү Б.Ө-ыг Бүгд Найрамдах Солонгос улсад гэрээт ажилчнаар явуулж өгнө гэж хуурч 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 3.500.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн ..... дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулах Ю нэртэй хоолны газарт,

Ч.Л-ыг Монгол Улсын Их сургуульд оруулж өгнө, хуучин сургуульд сурч байх үеийн дүнг засч өгнө, захирлуудыг нь хоолонд оруулна гэх зэргээр хуурч 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 6 сарын сүүлчээр 150.000 төгрөг, нийт 4.150.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутагт,

И.Г-ыг ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 8 дугаар сард 6.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт,

“Ш” сургуульд хүүхэд оруулж өгнө гэж хуурч, өөрийгөө Боловсролын яаманд ажилладаг мэтээр төөрөгдүүлж, Ц.Ч-ээс 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3.500.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 4.000.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сард 1.400.000 төгрөг, нийт 10.400.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн ..... дугаар хорооны нутагт,

“К” нэртэй сургалтын төвийг төгссөн хүүхдүүдийг их дээд сургуульд оруулж өгнө гэж хуурч, Т.О-ээс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөес 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хооронд нийт 19.500.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт,

Хөгжлийн банкнаас төслийн зээл гаргуулан өгнө гэж хуурч С.Э-ээс 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 30.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт,

Г-ын хүү Г.Ж-ийг Монгол банкинд ажилд оруулж өгнө гэж хуурч, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 5.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэрт,

Т.Х-д Солонгос улсад зорчих виз гаргаж өгнө гэж хуурч 2019 оны 7 дугаар сарын 25-наас 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хооронд нийт 6.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн ..... дугаар хорооны нутагт байрлах Улсын их дэлгүүрийн орчим,

Б.Б-ийг ажилд оруулж өгнө гэж хуурч 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн хооронд нийт 7.999.998 төгрөгийг Чингэлтэй дүүргийн .... дүгээр хорооны нутагт,

Д.М-д мах зарах зөвшөөрөл гаргаж өгнө гэж хуурч 2019 оны 8 дугаар сарын 28-наас 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр 18.500.000 төгрөгийг өөрийн ХХБанкин дахь .......... дугаарын дансаар Сонгинохайрхан дүүргийн ..... дүгээр хорооны нутагт байхад нь тус тус залилан авч, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөгдөн тогтмол орлогогүй болсон үедээ 2015 оны 6 дугаар сарын 29-нөөс 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хооронд нийт 21 иргэнд 195.350.430 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хуурч, залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар С.Э-т 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Э-т оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Э-ийн цагдан хоригдсон 189 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ээс нийт 159.150.430 төгрөгийг гаргуулж, Хан-Уул дүүргийн .... дугаар хороо ..... тоотод оршин суух хохирогч Б.Б-д үлдэгдэл 9.600.000 төгрөгийг, Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ...... тоотод оршин суух хохирогч Д.Т-т үлдэгдэл 15.500.000 төгрөгийг, Баянгол дүүргийн .... дугаар хороо ..... байр ..... тоотод оршин суух хохирогч Д.Г-д үлдэгдэл 7.700.000 төгрөгийг, Булган аймгийн ........ сум ...... дүгээр багт оршин суух хохирогч И.Г-д  үлдэгдэл 2.000.000 төгрөгийг, Баянгол дүүрэг .... дугаар хороо ....-р хороолол ..... байр ...... тоотод оршин суух хохирогч Ц.Ч-д үлдэгдэл 8.900.000 төгрөгийг, Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо .... дүгээр байр .... тоотод оршин суух хохирогч Т.Х-д  үлдэгдэл 5.500.000 төгрөгийг, Баянгол дүүргийн .... дугаар хороо Е хотхоны ..............тоотод оршин суух хохирогч Р.Б-д үлдэгдэл 6.499.998 төгрөгийг, Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо С-ийн ....... дугаар гудамжны ....... тоотод оршин суух хохирогч Ч.О-д  учруулсан 7.000.000 төгрөгийг, Баянгол дүүргийн .... дугаар хороо ...... тоотод оршин суух хохирогч Ч.Б-д учруулсан 3.500.000 төгрөгийг, Баянзүрх дүүргийн ....... дугаар хороо .......... тоотод оршин суух хохирогч Э.Г-т учруулсан 3.000.000 төгрөгийг, Баянзүрх дүүргийн .....-р хороо, Т гудамж ........ тоотод оршин суух хохирогч Д.Г-т учруулсан 3.300.000 төгрөгийг, Баянзүрх дүүргийн ....... дүгээр хороо ............. тоотод оршин суух хохирогч Б.Д-д учруулсан 6.000.000 төгрөгийг, Сонгинохайрхан дүүргийн ...... дугаар хороо Б-ийн ........ тоотод оршин суух хохирогч Г.Г-т учруулсан 3.500.000 төгрөгийг, Орхон аймаг .............. сум Х баг ..............-д оршин суух хохирогч Ч.Л-д учруулсан 4.150.000 төгрөгийг, Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо Рашаан ....... тоотод оршин суух хохирогч Т.О-т учруулсан 19.500.000 төгрөгийг, Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороо .........тоотод оршин суух хохирогч С.Э-т учруулсан 30.000.000 төгрөгийг, Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо ............ тоотод оршин суух хохирогч Т.Г-д учруулсан 5.000.000 төгрөгийг, Сонгинохайрхан дүүрэг .... дүгээр хороо Б ...... тоотод оршин суух хохирогч Д.М-д учруулсан 18.500.000 төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, С.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие хууль, шүүхийн байгууллагад хүндэтгэлтэй хандаж ирсэн бөгөөд гэмт хэрэг шалгагдах хугацаанд холбогдох хууль журмыг огт зөрчиж байгаагүй, шүүхийн шатанд хэрэгт шалгагдах явцад дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүй нь үнэн билээ. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд шүүх хурлыг 6 удаа хойшлуулж шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэж бичсэн байгаа нь бодит байдалд нийцэхгүй юм. Шүүх хурал 6 удаа хойшилсон шалтгаан нь тодорхой бөгөөд шүүхийн байранд ковид-19 халдвар гарч 2 удаа, прокурор ээлжийн амралттай 1 удаа, прокурор ковид-19 өвчнөөр өвчилсөн 1 удаа, хохирогчийн өмгөөлөгч хурал давхцсан 1 удаа, өмгөөлөгч Ш.М ковид-19 халдвар авч өвчлөн эмнэлэгт хэвтсэн шалтгаанаар 1 удаа, нийт 6 удаа хойшилсон нь шүүгдэгчээс огт шалтгаалаагүй юм. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралд миний өмгөөлөгч Т.Ц ковид-19 халдварт өвчнөөр өвчилсөн гэх шалтгаанаар ирээгүй бөгөөд шүүх хурлыг түр хугацаанд хойшлуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлсэн боловч шүүх хүлээж аваагүй болно. Миний бие өмгөөлөгч Т.Ц нь уг хэрэгт анхнаас нь ажилласан, процессыг сайн мэддэг, хохирол төлбөрийн тооцооны тухай гол мэтгэлцээнийг шүүх хурал дээр хийх тул өмгөөлөгчтэйгөө хамт шүүх хуралд оролцох хүсэлтээ шүүхэд илэрхийлсэн боловч хүлээн аваагүй өмгөөлүүлэх эрхийг хязгаарласан болно. Шүүх хуралдааны даргалагч шүүгч Б.М нь шүүх хуралдааны яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлэх ёстой атал шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хааж, өөрийгөө өмгөөл гэж шаардан ямар ч мэтгэлцээнгүйгээр албадан хүч түрэн шүүх хурал хийж хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоох боломжгүй болгон хуулийг гажуудуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн юм.

Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон 21 иргэнд 195.350.430 төгрөгийн хохирол учруулсан гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь огт үндэслэлгүй болно. Учир нь мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн гүйцэд хийгдэж чадаагүй тул хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоож чадаагүй юм.

Хохирол, төлбөрийн тооцоог бодит бусаар хөөсрүүлэн өсгөж гаргасан. Хэргийн материалд хохирогчоор тогтоогдсон нэр бүхий 8 хүний тухайд ямар ч нотлох баримтгүйгээр хэргийг надад тохож үйлдэл болон хохирлын тооцоог үндэслэлгүй өсгөн харагдуулсанд гомдолтой байна. Үүнд,

О.Н-д 4.000.000 төгрөг, Ч.Б-д 3.500.000 төгрөг, Т.Х-д 6.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан боловч бодит байдал дээр эдгээр хүмүүсийг огт танихгүй, уулзаж байгаагүйн дээр ямар ч мөнгөний харилцаа үүсгээгүй эдгээр хүмүүсээс мөнгө аваагүй нь үнэн болно.

 Иргэн С.Э-т 30.000.000 төгрөг, Т.О-т 19.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх боловч эдгээр улсууд өөрсдөө хэрэгт шалгагдаж, өөрсдийн хэргийг санаатайгаар надад тохож гүтгэсэн, нэг ч төгрөгийн тооцоо байхгүй бөгөөд Т.О-тэй мөнгөний тооцоо огт байхгүй болох нь хэргийн материалд байгаа Т.О-ийн мэдүүлэг, холбогдох бусад баримтаар нотлогддог.

Иргэн И.Г-д 6.000.000 төгрөг, Ч.Л-д 4.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэх боловч И.Г-аас зээлж авсан 4.000.000 төгрөгийг түүнийг цагдаагийн байгууллагад хандахаас өмнө түүний төрсөн эцэг И-ын Хаан банкны дансанд шилжүүлсэн, 6.000.000 төгрөг авсан эсэх нь тогтоогддоггүй юм. Л-ын гэх нэхэмжлэлтэй мөнгийг түүнийг цагдаагийн байгууллагад хандахаас өмнө үеэл эгч Э.З-ийн Хаан банкны дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой харагддаг.

Мөн иргэн Т.Г-оос 1.000.000 төгрөг зээлж авсаны 5.000.000 төгрөг гэж нэмсэн байдаг боловч 4.000.000 төгрөг авсан эсэх нь мөн тогтоогддоггүй юм.

Иргэн Б.Б-д 2019 оны 7 дугаар сард 5.000.000 төгрөг, 9 дүгээр сард 3.000.000 төгрөг, 10 дугаар сард 2.000.000 төгрөг тус тус бэлнээр өгсөн болохыг огт шалгаж өгөөгүй орхигдуулсан. Нийт 82.750.000 төгрөгийг бодит бусаар хийсвэрлэн дүгнэж хохирол төлбөрийн тооцоог хөөсрүүлэн өсгөсөн байдаг юм. Энэ нь бодит байдал дээр тогтоогддоггүй, баримт нотолгоо байхгүй, ямар ч ажиллагаа хийж шалгаагүй үндэслэлээр намайг буруутгасан болно. Мөрдөн байцаалтын шатанд дээрх нөхцөл байдлыг шалгуулан тогтоолгохоор 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст бичгээр хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй, уг хүсэлтийг хэргийн материалд оруулалгүй алга болгосон болно.

Өмгөөлөгч Т.Ц-ын хүсэлтийг хэрхэн хангасан болон уг хүсэлт хэргийн материалд байхгүй тухай мөрдөгчид хэлж гаргаж ирэхийг шаардахад мөрдөгч уурлан өмгөөлөгчийг зайл гэж хөөсөн юм. Мөн хохирол төлбөрийн тооцоог 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хийсэн гэх боловч танилцуулаагүй, мөн 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр оройн цагаар мөрдөгч над руу утсаар ярьж “хохирол, төлбөр тооцоог хийх гэж байна, тодруулах зүйл гарвал буцаж залгана” гэж байсан болно. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалтай танилцуулсан тухай хуудсанд гарын үсэг зурахдаа үндэслэл бүхий дээрх саналуудаа бичиж өгсөн боловч шийдвэрлээгүй орхигдуулсан, хэрэгт холбогдох нотлох баримтыг мөрдөгчид хүлээлгэн өгөхөд тэмдэглэл үйлдээгүй. Түүнчлэн мөрдөгч байцаалтын явцад надтай уулзахдаа 21 аймаг, 6 дүүрэг рүү албан тоот илгээж, чиний бүх хэргийг илрүүлэн чамайг шоронд явуулна, чамд хэдэн жилийн ял найдвартай гэх мэтээр гэм бурууг урьдчилан тогтоож, шүүхийн өмнөөс намайг ялладаг байсныг нь үзвэл анхнаасаа хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоох эрмэлзэл огт байгаагүй нь илэрхий байна. Иймд мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн гүйцэд хийгдэж хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байгаа юм. Миний бие хариуцлагаас зайлсхийх зүйл огт байхгүй, би дунд сургуулийн бага насны 2 хүүхэдтэй, хүнд өвчтэй, хагалгааны заалттай болох нь Улсын төв 2 дугаар эмнэлгийн үзлэг, оношилгоо, шинжилгээгээр тогтоогдсон. Нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнэн үзэж Монгол Улсын иргэн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангаж, хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоолгох, шударгаар шүүлгэх өмгөөлүүлэх эрхээр хангагдах хууль ёсны зарчмын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч С.Э-ийн өмгөөлөгч Т.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Э нь анхан шатны шүүх хуралдаанд хуульд заасан эрхийн дагуу өмгөөлөгчийн хамтаар оролцох хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүхээс хүлээн авалгүйгээр өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “өмгөөлөгч Т.Ц нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй” гэсэн байна. Өмгөөлөгч миний бие 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ковидын халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдож эмчилгээ хийлгэж байгаад 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай болон “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дэх С.Э-т холбогдох хурлыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хойшлуулж өгнө үү” гэсэн албан ёсны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 21/15 дугаартай хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн [email protected] цахим хаягаар 13:17 цагт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу холбогдох баримтын хамтаар явуулж урьдчилан мэдэгдсэн. Шүүгчийн туслахын ................. дугаарын утсаар зурвас илгээж мэдэгдсэн. Холбогдох баримтын хамтаар урьдчилан мэдэгдэж, хүргүүлсээр байхад хуулийг зөрчиж шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж шийтгэх тогтоолдоо өмгөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж бичиж байгаа нь үнэн бодит нотлох баримтад ч, шүүгчийн хувийн ёс зүйд ч нийцэхгүй байна.

Тус шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч С.Э нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгөөгүй бөгөөд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно. Гэвч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч нь хэрэгт холбогдож яллагдагчаар татагдах бүрд мэдүүлэг өгсөн бөгөөд шүүх хуралдааны явцад улсын яллагчаас мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлгээс уншиж сонсгох талаар хүсэлт гаргаагүй болно.” гэжээ.

Тэгтэл өмгөөлүүлэх эрхээ хууль бусаар хязгаарлуулж, шүүхэд мэдүүлэг өгч чадахгүй байгаа нь шүүх хуралдааныг хэт нэг тал буюу яллах талыг баримталж явуулах үндэслэл болохгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 35.8 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана” гэсний дагуу тус шүүх хуралдаан явагдсан эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бодитой дүгнэн үзэх ёстой.

С.Э-т 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хавтаст хэргийн материалтай танилцуулсан. Үүний дараа Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ч нь 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 3 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол”-ыг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр танилцуулж, 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 38а дугаартай яллах дүгнэлтийг гардуулан өгсөн байна. Яллах дүгнэлтээ гардуулан өгч, өөрчлөлт оруулсан тогтоолоо танилцуулаад хэргийг шууд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Энэхүү өөрчлөлт оруулсан тогтоолоор “Д.М-д мах зарах зөвшөөрөл гаргаж өгнө гэж хуурч 5 удаагийн үйлдлээр 18.500.000 төгрөг авсан, мөн 21 иргэнд их хэмжээний хохирол учруулан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж үзэн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн байсан.

Тогтоолтой холбоотойгоор С.Э-ээс мэдүүлэг аваагүй, мөн өмгөөлөгч нарын зүгээс гомдол болон мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт гаргах боломж олголгүй шилжүүлсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн байна.

Анхан шатны шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан тус эрүүгийн хэргийг хүлээн авч бүртгэсний дараа хавтаст хэргийн материалыг үзэж танилцахад 5 дугаар хавтаст хэргийн 98-аас 100 дугаар хуудасны хооронд 99 дүгээрт байх 1 хуудас баримт байхгүй сугалаад авсан байсан.

Шүүгчийн туслах, мэдээлэл лавлагааны ажилтан нарт үзүүлэхэд прокуророос сугалж авсан юм тогтоолоо өөрчилж өгнө гээд хийгээгүй байна гэсэн хариуг өгсөн. Энэ байдлаараа шүүх эрүүгийн хэргийг прокуророос хүлээн авахдаа дугаарлалт дутуу, зөрүүтэй, хавтаст хэргээс нотлох баримт дур мэдэн хуудас сугалж авсан байсан.

Мөн хавтаст хэргийн 6 дугаар хавтаст хэргийн 159-160 дугаар хуудасны дунд сиди хавсаргасан байх бөгөөд хаанаас, хэн, хэрхэн нотлох баримтаар авсан нь тодорхойгүй, хэргийн дугаарлалтад ороогүй баримт байсан. Анхан шатны шүүх энэ байдалд дүгнэлт хийлгүй дутуу хуудас бүхий хавтаст хэргээр шүүх хуралдааныг явуулсан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь хэсэгт “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай” гэсэн атлаа 7 дахь хэсэгтээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй” гэж зааж бичсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн зарчим алдагдаж С.Э-т холбогдох эрүүгийн хэрэг эд мөрийн баримттай, эсвэл эд мөрийн баримтгүй аль нь болох нь ойлгомжгүй, тодорхой бус төдийгүй шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар түргэн муудаж өмхийрэх гээд байгаа сидиг хэрэгтээ хавсаргаад үлдээжээ.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт эд мөрийн баримттай эсэх нь ч ойлгомжгүй, эд мөрийн баримтаа хэрхэн яаж шийдвэрлээд байгаа нь тодорхой бус, хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Мөрдөгчөөс болон прокуророос бусад дүүргээс харъяалал тогтоон ирсэн эрүүгийн хэрэг нэг бүрийг үндсэн эрүүгийн хэрэгт нэгтгэхдээ тогтоол үйлдэлгүй нэгтгэсэн байна. Мөн эрүүгийн хэргүүдийн хохирлын тооцоог гаргахдаа зөв дүгнээгүй төдийгүй гараар нэмж бичиж нэгтсэн нь ойлгомжгүй, мэдүүлэг болон хохирлын тооцоо хоорондоо эрс зөрүүтэй болсон. Энэхүү тодорхой бус засвартай хохирлын тооцоог үндэслэн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нь хуульд нийцэхгүй байна. Тухайлбал, хохирогчоор Т.О мэдүүлэхдээ “нэр бүхий 5 хүүхдүүдээс мөнгө авч цуглуулаад 19.500.000 төгрөгийг С.Э-т өгсөн” гэх боловч хэн гэдэг хүний хэдэн төгрөгийг хэзээ аваад, тэр авсан мөнгөө хэзээ С.Э-т өгсөн нь тодорхойгүй. С.Э нь Т.О-ээс нэг ч төгрөг аваагүй, авах шаардлага байхгүй гэдгээ анхнаасаа мэдүүлдэг. Мөн Т.О нь хохирогч мөн эсэх нь ч эргэлзээтэй байхад түүний мэдүүлэгт дурьдсан нэр бүхий 5 хүүхдээс мэдүүлэг авах замаар үйлдэл холбогдлыг эцэслэн шалгаагүй, орхигдуулсан. Нэр бүхий 5 иргэн хохирогч уу, Т.О хохирогч уу гэдэг нь тогтоогдоогүй. Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирлын тооцоог буруу гаргаж байгаагаас шалтгаалан эрүүгийн хэргийн зүйлчлэлд нөлөөлж байгаа талаар тодорхой тайлбарлан мэдүүлсээр байхад мөрдөгч болон прокуророос хүлээж аваагүй хууль зөрчсөн байдлыг залруулах, зөвтгөх арга хэмжээг аваагүй анхан шатны шүүх ч бүрэн зөв дүгнэлт хийлгээгүй орхигдуулсан байна. Өмгөөлөгч нарт мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаад хэргийн материал огт танилцуулаагүй. Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дамжуулан хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч С.Э-ийн өмгөөлөгч Ш.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт яллагдагчийн эрх зүйн байдлын талаар заасан байдаг. Өмгөөлөгчөөр өөрийн эрх ашгийг хамгаалуулах, мэтгэлцээнд оролцуулахаар сонгон авах эрхтэй. Энэ хэрэгт анхнаас нь хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч Т.Ц хүндэтгэн үзэх шалтгаанаар  шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Шүүх бүрэлдэхүүнээс татгалзахад, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчээр татгалзлыг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдаан завсарласан. Шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Шүүгдэгчийг гарах гарцгүй байдалд оруулсан. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх боломжгүй учраас өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан. Шүүгдэгч нь хууль, эрх зүйн мэдлэггүй учраас мэтгэлцээнд орох боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Улсын яллагчийн яллах дүгнэлтийг ямар хууль зүйн үндэслэлээр няцаах, өөрийн гэм буруугийн талаар ямар нотлох баримтад үндэслэн мэтгэлцэхийг мэдэхгүй. Мэтгэлцээний нэг тал нь байхгүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “мэтгэлцээний үндсэн дээр үнэн, зөвийг шийдвэрлэнэ” гэж заасан заалт хэрэгжсэн гэж дүгнэлт хийх боломжгүй. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй. Эргэлзээтэй байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзээд хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

Хохирогч С.Э-ийн өмгөөлөгч Ж.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн давж заалдах гомдолд С.Э-т 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх асуудал байхгүй, өөрсдийн хэргийг санаатайгаар надад тохож, гүтгэсэн гэж байна. Хэргийн бодит байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад шүүгдэгчийн ярьсан зүйл нь эсрэгээрээ байдаг. Шүүгдэгчийг 30.000.000 төгрөгийг залилан авсан гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр С.Э нь С гэх хүнээс 30.000.000 төгрөг авч, шүүгдэгчид өгсөн байдаг. Үүнээс хойш уг мөнгөө буцааж авах талаар олон удаа хүсэлт гаргаж байсан. 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон хүмүүс уулзаад мөнгө хэзээ өгөх, ямар учраас өгөхгүй байгаа талаар ярилцсан талаарх аудио бичлэг байдаг. Цагдаагийн байгууллагаас хөндлөнгийн гэрчийг байлцуулан уг бичлэгт үзлэг хийсэн. Шүүгдэгч нь өөрийн утаснаасаа С.Э рүү хохирлоо хэрхэн барагдуулах талаар мессеж бичиж байсан байдаг. Үүний албан ёсны хуулбарыг хэрэгт хавсаргасан. С.Э нь ямар нэгэн хэрэгт шалгагдаж байсан зүйл огт байхгүй. 30.000.000 төгрөгийг өнөөдөр хүртэл өгөөгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий гарсан” гэв.

 

Хохирогч Д.Г-ын өмгөөлөгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Хохирогч Д.Г нь 7.700.000 төгрөгийн хохиролтой байгаа. Уг мөнгийг барагдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг мөрдөгч болон прокурорт удаа дараа гаргаж байсан боловч барагдуулах арга хэмжээ авч байгаагүй, уг хүсэлтүүдийг хангаж байгаагүй. Хохирол, төлбөрийг барагдуулах талаас нь шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хохирогч С.Гтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “42.000 төгрөгийн зөрүүний асуудал яригдаж байна. 3.300.000 төгрөг өгсөн. Цахирчулуун байцаагч дээр байсан хэрэг нэгтгэгдсэн байх ёстой. Хохирлоо барагдуулах ёстой. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.С тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд томилолтоор оролцож байна. Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцуулсан гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан байна. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой дурдаж өгсөн. 6 удаа шүүх хуралдаан зарлагдсан. Талуудын хүсэлтээр удаа дараа хойшилж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно” гэж заасан үндэслэлийн дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг нь хангаж өгсөн. Шүүгдэгч өөрийн эрхийн хүрээнд өмгөөлөгчөөсөө татгалзсан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас С.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Э-ийг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар С.Э-т 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Чингэлтэй дүүргийн Прокурорын газар 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 33 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол /7хх 144/-оор С.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

Прокурорын энэхүү тогтоолтой шүүгдэгч С.Э нь танилцаж гарын үсэг зурахдаа “хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй, хохирлыг үнэн бодитоор гаргуулмаар байна, өмгөөлөгчийн хамт тайлбар хүсэлт өгнө” гэсэн байхад яллагдагчаар мэдүүлэг авалгүйгээр 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр буюу мөн өдрөө яллах дүгнэлт /7хх 145/ үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйийн 2 дахь хэсэгт ”Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна” гэж заасныг зөрчиж, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гаргасан байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн ямар шинж тогтоогдсон талаар дүгнэлт хийгээгүй байна. 

 Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заажээ.

Гэтэл С.Э-т холбогдох 21 хохирогчтой хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах 18 тогтоол /1хх 1, 143, 189, 2хх 218, 3хх 200, 219, 222, 4хх 92, 4хх 106, 129, 147, 161, 181, 5хх 179, 6хх 29, 69, 109, 7хх 21/, прокурорын “эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” 10 тогтоол /1хх 153, 188, 3хх 217, 4хх 128, 180, 5хх 178, 6хх 68, 6хх 108, 7хх 17, 18/ тус тус гарсан байх бөгөөд Д.Г хохирогчтой эрүүгийн 2010007360497, Э.Г хохирогчтой эрүүгийн 2006021702387, Ц.Ч хохирогчтой эрүүгийн 2009011340891, Т.О хохирогчтой эрүүгийн 2009011700878 дугаартай хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэгтгээгүй орхигдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан заалтыг хэрэгжүүлээгүй байна.  

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.Э-ийн өмгөөлөгч Т.Ц хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй хойшлуулах хүсэлтээ ирүүлсэн /ковид 19/ байх бөгөөд С.Э нь өмгөөлөгч Ш.М-ээс татгалзаж, өмгөөлөгч Т.Ц-той шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан байхад өмгөөлөгчгүй шүүх хуралдааныг явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасныг зөрчжээ.  

Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Улсын дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 451 дугаартай тогтоолын /2хх 148-156/ заалт биелэгдээгүй байгааг анхаарвал зохино.

Мөн шүүгдэгч С.Э-ээс хохирогч Т.О-т 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /6хх 240/, хохирогч Т.О өр төлбөргүй гэж бичсэн баримт /6хх 242/, шүүгдэгч С.Э-ээс хохирогч Ц.Ч-д 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /6хх 237/ тус тус хэрэгт авагдсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитой зөв шалгаж тогтоох шаардлагатай гэж үзэв.

Яллах дүгнэлтэд бичигдсэнээр шүүгдэгч С.Э-ийн сүүлийн үйлдэл нь  2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хохирогч С.Г, Б.Д нарыг залилсан үйлдэл  байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг хаана төгссөнийг шалгаж тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд заасан шаардлагыг биелүүлж ажиллахыг анхааруулж байна.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн магадлалд заасан асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Э-т холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/596 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  С.Э-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.

   2. Шүүгдэгч С.Э-т холбогдох хэргийг прокурорт очтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ