| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 101/2019/04495/и |
| Дугаар | 01813 |
| Огноо | 2020-08-21 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 01813
| 2020 оны 08 сарын 21 өдөр | Дугаар 210/МА2020/01813 |
Б.Шийн нэхэмжлэлтэй
Иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/01717 дугаар шийдвэртэй, Б.Шийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Өт холбогдуулан Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлал гуйхыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Н.Ө, хариуцагчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зариг.мн сайтын эрхлэгч Н.Ө 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн “Зариг.мн Өнөрцэцэг” твиттер хаягаараа дамжуулан “...Гарамжавын халтар хэдэн төгрөгийг аваад ...”, “... Тэрбумтан эгч уг нь хүнээ зөв олж, надруу чиглүүлж..., Шүрээ минь найзыгаа муулж, тэрбумтан эгчээс мөнгө авна гэж зүүдэлж ч явсангүй ээ” гэх, “Unurtsetseg Naran” фейсбүүк хуудсаар дамжуулан ““Түгжил”-үүдийг холоос битгий хай” нэртэй постыг интернет болон цахим орчинд олон нийтэд тарааж миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдаж, хуурамч мэдээллийг тараасан. Уг интернэт болон цахим орчинд олон нийтэд тараасан мэдээлэлд “... Гэтэл News76.mn гэдэг сайт дээр “Шантаажчин Өнөрцэцэгээс салбараа аврахаар сэтгүүлчид нэгдлээ” гээд нээх сүрхий гарчигтай, миний хамгийн муухай зургийг эвлүүлээд, хотын дарга нтр-ийг шантаажилсан гээд баахан гүтгэлэг бичээд, нийтлэл /пост/ бичиж тараав”, “ ... Хүн яагаад ийм айхтар атгаг санаатай, гэмгүй царайтай, мөнгөний төлөө юу ч хамаагүй хийхээр болчихдог юм бэ?”, “Найзыгаа муулж тэмбумтан эгчээс мөнгө авна гэж зүүдэлж ч явсангүй ээ”, “Айтоймын Одноотой маргаж байсан чатыг Гарамжав руу бичсэн мэт эвлүүлдэг мэргэн санаа бас Шүрээгээс гарч, ямар аймаар юм бэ? Шүрээ ганцхан миний араас ингэж хутга шаадаггүй. Тэр ажиллаж байгаа газрынхаа дарга нарыг, нөхөр нь бас ажиллаж байгаа яамныхаа удирдлагуудын тухай энэ нууц сайтдаа бичиж, шантааж хийдэг юм байна”, “... Шүрэнцэцэгийн нөхөр нь Зам тээврийн хөгжлийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажилладаг. Гэтэл сайдыгаа энэ News76.mn гэдэг нууц сайтаараа шоглоод сайд нь энэ сайтыг хайгаад байгаа юм байна лээ”, “Яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга Магнайсүрэнг энэ сайтаараа чимхээд муулсан байна. Бодвол “Даргаа ийм сайт дээр таны талаар сөрөг мэдээлэл гаргачихаж, би устгуулаад өгөх үү, та хэдэн төгрөг өгчих” гэхээс зайлахгүй”, “Эхнэр, нөхөр хоёр сэтгүүлзүйг шавартай хутгаж, хоолоо олж идэж байна” гэж дурдсан мэдээллийнхээ үнэн зөв, бодитой байдлыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу нотлохыг хариуцагч Н.Өээс шаардаж, доорх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу эдийн бус гэм хорыг арилгах арга хэмжээг авч, миний гутаагдсан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Н.Өийг намайг гүтгэж, хуурамч мэдээлэл тараасан үйлдэлдээ “Зариг.мн Өнөрцэцэг” твиттер хаяг, “Unurtsetseg Naran” болон Zarig.mn фейсбүүк хаягаар дамжуулан нэхэмжлэгч Б.Ш надаас уучлал гуйхыг даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Адалбек сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Н.Ө нь Б.Шийг гүтгэсэн гэж Зөрчлийн хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2019 оны 10 дугаар сард өргөдөл гарган шалгуулсан. Хан-Уул дүүргийн Прокурорын газар зөрчлийн хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн ба Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас тухайн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Б.Ш Н.Өийг гүтгэсэн болох нь тогтоогдоогүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг үндэслэн Н.Өийн Б.Шт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н.Ө шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: “Би Б.Шийн нэр төрд халдаагүй, гүтгээгүй. Тухайн цахим орчинд тавьсан өөрийн нийтлэл, сэтгэгдэл дотор Б.Шийг УИХ-ын гишүүн Гарамжаваас мөнгө авсан гэдгийг нотолж бичээгүй. Сэтгүүлч Н.Ө намайг гүтгэж бичсэн News76.mn сайт нь Б.Шийн нэр дээр байдаг болох нь Харилцаа холбооны зохицуулах хорооны албан бичгээр тогтоогдсон. Б.Ш Барилга, хот байгуулалтын яаманд ажилладаг бөгөөд өөрийн нэр дээр байдаг дээрх нууц сайтаар дамжуулан яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга Магнайсүрэнг гүтгэсэн байдаг. Энэ асуудал ил болсноор тэрээр ажлаас чөлөөлөгдсөн. Б.Шийн нөхөр Амартүвшин мөн л Зам тээврийн яаманд хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад эхнэртэйгээ ижил шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... News76.mn сайтад 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Шантаажчин Өнөрцэцэгээс салбараа аврахаар сэтгүүлч нар нэгдэж байна” гэх гарчиг бүхий нийтлэл тавигдсан. Тус нийтлэлд миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан, бодит бус доорх мэдээллийг олон нийтэд тараасан. Үүнд “Хаалтын гэрээ хийе гэж санал тавьна. Их хэмжээний мөнгө нэхнэ. Хүссэн мөнгийг нь өгөхгүй бол УИХ-ын гишүүн, албан тушаалтан, аж ахуйн нэгж хэн ч байсан баттай биш цуу яриагаар мэдээлэл бэлтгэж шантаажилна. Эцсийн зорилго нь мөнгө авах”, “Ингээд хэсэг бүлэг улс төр, бүлэглэлийн нөлөөгөөр Зариг босож, тэдний захиалгаар бусдыг “намнадаг””. “Сэтгүүлзүйг жинхэнэ худалдаж буй Н.Ө их хэмжээний мөнгө нэхэж, шантаажилдагийг олон хүн гэрчлэх байх”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы туулын бургасны тухай олон ч лайв хийж, хаалга үүдийг нь хашиж явсан Зариг өнөөдөр үг дуугүй С.Амарсайханыг магтан дуулна. 15 сая төгрөг өгье гэхэд нь голсон тэрээр үүнээс хэд дахин их шантаажны мөнгө авсан байж таараа”. “Түүнчлэн хувийн аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, УИХ-ын гишүүдээс 30 сая, 40 сая, 100 сая төгрөг шантаажилсан гэх юм. Зариг баримт нь ч байна” гэжээ. Тус мэдээллийг бэлтгэн хүргэсэн News76.mn сайт нь Б.Шийнх болох нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 02/1287 дугаар албан бичгээр тогтоогдсон. Гэвч тус сайт нь өнөөдрийн байдлаар зөрчилтэй домейн болж хаагдсан байна. Миний бие тус нийтлэлд дурдсан шиг бусдыг “шантаажилж” дарамталсан зүйл огт байхгүй, худал мэдээллийг олон нийтэд түгээсэн байна. Иймд сэтгүүлч Н.Ө миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээ тараасан арга хэлбэрээр няцаалт хийлгэхийг хариуцагч Б.Шт даалгаж өгнө үү” гэжээ.гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 21.5., 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.2.-т тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Өт холбогдох “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлал гуйхыг даалгах тухай” нэхэмжлэгч Б.Шийн нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Б.Шт холбогдох “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг даалгах тухай” хариуцагч Н.Өийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Шийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, хариуцагч Н.Өийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Шийг гишүүн Гарамжаваас мөнгө авсан мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан түүний нэр төрийн үнэлэмжид сөргөөр нөлөөлөх мэдээг олон нийтэд тараахдаа мэдээллийнхээ үнэн зөв, бодитойг лавлан тогтоолгүйгээр олон нийтэд нэхэмжлэгчийн талаар сөрөг мэдээлэл өгсөн хариуцагч Өнөрцэцэгийг зөвтгөх үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт зааснаар мэдээ тараасан этгээд мэдээнийхээ үнэн зөвийг нотлох хэрэв нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч татгалзлын үндэслэлээ нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан татгалзал, няцаалтаа үгүйсгэж нотлоогүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Б.Шийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Б.Ш нь хариуцагч Н.Өт холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлал гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг даалгахаар сөрөг шаардлага гарган маргажээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дах заалтад хүний нэр төр, алдар хүндийг хуулиар тогтоон хамгаалах талаар, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дах заалтад Монгол Улсын иргэн нь хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүрэгтэй болохыг зааж баталгаажуулсан. Энэхүү баталгааны хүрээнд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээх талаар, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээх тухай тус тус заасан.
Хариуцагч Н.Ө нь 2019 оны 9 сарын 24-ний өдөр “Зариг.мн Өнөрцэцэг” гэх өөрийн твиттер хуудаст “... Тэрбумтан эгч уг нь хүнээ зөв олж, надруу чиглүүлж..., Шүрээ минь найзыгаа муулж, тэрбумтан эгчээс мөнгө авна гэж зүүдэлж ч явсангүй ээ...” гэж, мөн “Unurtsetseg Naran” гэх өөрийн нүүр хуудас /фэйсбүүк/-т “Түгжилүүдийг холоос битгий хай” гэж бичсэнийг олон нийтэд бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилго агуулаагүй харин хоорондын таарамжгүй харилцааг илэрхийлсэн гэж дүгнэж анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.
“News76.mn” /Ньюс76.мн/ сайтад /цахим хуудас/ 2019 оны 9 сарын 14-ний өдөр “Шантаажчин Н.Өээс салбараа аврахаар сэтгүүлч нар нэгдэж байгаа гэнэ...” гэсэн мэдээлэл нийтлэгдсэн боловч уг мэдээллийг Б.Ш нийтэлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/01717 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Б.НАРМАНДАХ