Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 177

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Хохирогч Э.Д ,

Шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчу овгийн Банзрагчийн Б д холбогдох эрүүгийн 1726001520072 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, Харчу овгийн Б.Б .

Шүүгдэгч Б.Б  нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 46-21 тоотод өөрийн үеэл дүү хохирогч Э.Д ыг гар утасны мөнгө төлсөнгүй гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

          Хохирогч Э.Д  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө Б  манай гэрт орж ирж намайг зодсон. Намайг утсаар ярьчихаад гэртээ орж ирсэн чинь алгадаж буйдан руу унагаагаад “би чамайг ална” гэж хэлээд хоолой боож үснээс зулгааж хөл, гуя руу өшиглөсөн. Надаас мөнгөө авъя гэхээр нь надад мөнгө байхгүй, Ж-с мөнгө ирэхээр өгье гэж хэлсэн. Тэгсэн чинь яг одоо би чамаас мөнгөө авна гэж хэлсэн. Гомдолтой байна. Хохирлын баримтаа бүрдүүлж чадаагүй, хохирлоо дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү..” гэв.

          Хохирогч Э.Д  мөрдөн байцаалтанд өгсөн: "...Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 10 цагийн орчим гэртээ өөрийн төрсөн дүү О хамт гэртээ утсаар яриад байж байтал Б  гэж манай аавын төрсөн эгчийнх нь хүүхэд болох 30 настай эмэгтэй орж ирээд "чиний утсаар ярьж байхыг чинь хэдэн цаг хүлээх юм бэ, тэр мөнгө хэзээ өгөх юм гэж хэлээд намайг алгадаад авсан. Тэгээд алгадсаны дараа манай байшингийн том өрөөний цонх руу түлхэж унагаагаад үсдэж аваад хоолой боогоод чамайг ална гээд гар луу цохиод алгадаад авсан. Үүний дараа дахиад үсдээд дарж байгаад "чи хэзээ мөнгө өгөх гээд байгаа юм бэ" гэхээр нь "би танд одоо өгч чадахгүй нь ээ, Ж-г мөнгө явуулангуут өгнө шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл намайг "чи чатаар их хүн доромжилдог юм билээ,  надаар оролдсон хүн сайнаа үздэггүй юм гэж хэлээд ахиад дээр гарч суучихаад хоолой боогоод үсдэж байгаад босоод баруун хөлийн гуяны дотор хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгснээ одоо яг мөнгө олж өг гэхээр нь би Ж гэж Б гийн утсыг хаясан хүүхэд рүү ярьтал "би харин хүнээс мөнгө асуугаад явж байна" гэсэн. ...Тэгээд нэг юм өдөр 13 цагт заавал олж өгнө гэж хэлж байж гаргаж явуулсан. ...Б  надаас утас үнэ гээд 250.000 төгрөг нэхээд түүнээсээ л болж намайг зодсон юм. ...Би гомдолтой байна. Эмчилгээнд шаардагдах зардлаа нэхэмжилнэ." гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,

Гэрч Ц.С-н мөрдөн байцаалтанд өгсөн "....Би 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өглөөний 08 цагт ажилдаа явсан юм. Тэгээд тэр өдрөө ажил дээрээ хоноод маргааш өдөр нь гэртээ 12 цагийн үед ирсэн. 11 дүгээр сарын 06-ны өглөө ажил дээрээ байж байхад 10 цаг өнгөрч байхад байхаа над руу манай охин Д  яриад Б  эгч намайг гэрт орж ирээд зодчихлоо, үс зулгаагаад нүүр ам самардчихлаа гэж ярьсан. ...2317 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө Д ын нүүр болон биед ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй зүгээр байсан. Харин маргааш нь Д  "Б  эгч өглөө гэрт ирээд намайг зодчихлоо гэхэд нь" гэртээ ирж хүүхдээ үзэхэд нүүрний баруун талын хацар болон хүзүү, чих хэсгээр нь самардчихсан гэмээр зулгаралтууд үүсчихсэн үс гэзэг нь сэрлийгээд арзайчихсан, шалаар нэг үс нь зулгараад уначихсан байсан." гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/

           Насанд хүрээгүй гэрч Э.О-н "...Өнөөдөр өглөө 10 цагийн орчим 10 дугаар хороо 46-21 тоотод гэртээ өөрийн эгч Э.Д ын хамт байж байтал гаднаас Б  гэж манай үеэл эгч орж ирээд мөнгөө авъя гээд Э.Д ыг алгадаад буйдан руу түлхсэн. ...Э.Д  эгч найз руугаа ярьтал "мөнгө хайгаад явж байна" гэж хэлтэл, "үгүй би одоо мөнгөө авмаар байна" гээд Д  эгчийг үсдээд, хоолойг нь боосон, мөн хөл рүү нь өшиглөсөн, нүүрийг нь самардаж маажсан. Тэгээд Д  эгч яг 13 цагт мөнгө олж өгнө гэж хэлээд гаргаж явуулсан." гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,

           Гэрч О.Р-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ач охин Б.Б  нь 1989 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн. Эхээс хоёулаа, айлын том хүүхэд. Арвайхээр сумын 2 дугаар арван жилийг 2007 онд 10 дугаар анги төгссөн. Тэрнээс хойш их сургуульд багш мэргэжлээр суралцаж 2011 онд төгссөн, дээд боловсролтой хүүхэд байгаа юм. Б.Б  нь одоогоор гэр бүлгүй, аав ээжтэйгээ хамт амьдарч байгаа, нөхөргүй, нэг хүүхэдтэй. Хувиараа худалдаа наймаа эрхэлдэг. Б.Б  нь их эршүүд хүүхэд байгаа юм. Ааш зангийн хувьд шулуун шударга, хүний хайрыг татсан хүүхэд. Эмэгтэй хүүхэд гэхэд их хэрсүү зантай. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Архи дарсыг бол огт хэргэлж байгаагүй, эмэгтэй хүүхэд болохоороо тэр тал дээр авууштай хүүхэд байгаа юм. Ээжийнхээ нэр дээр дэлгүүр ажиллуулж явдаг, тусдаа гараагүй болохоор өмч хөрөнгө гээд байх зүйл байдаггүй юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,

           Гэрч Р.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай охин Б.Б  нь 1989 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн. Эхээс хоёулаа, айлын том хүүхэд. Арвайхээр сумын 2 дугаар арван жилийг 2007 онд 10 дугаар анги төгссөн. Тэрнээс хойш их сургуульд багш мэргэжлээр суралцаж 2011 онд төгссөн, дээд боловсролтой хүүхэд байгаа юм. Б.Б  нь одоогоор гэр бүлгүй, аав ээжтэйгээ хамт амьдарч байгаа, нөхөргүй, нэг хүүхэдтэй. Хувиараа худалдаа наймаа эрхэлдэг. Ааш зангийн хувьд шулуун шударга, хэлэх гэсэн зүйлээ шууд хэлчихдэг, жаахан хурц ааштай. Хүмүүстэй нөхөрсөг, тусархаг байдаг. . Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Архи дарсыг бол огт хэргэлж байгаагүй. Одоогоор бол тээврийн хэрэгсэл, өмч хөрөнгө гээд байх зүйл байдаггүй юм. /хх-ийн 19-20 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх эмнэлгийн 431 дугаартай шинжээчийн

  1. Э.Д ын биед тархи доргилт, толгойн орой хэсгийн үс үгүйрэл, чамархай, чих, хацар, эрүү, хүзүү, баруун хөлөнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  1. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  1. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  1. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.   Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх

эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт
хамаарна." гэсэн дүгнэлт /хх-ийн 23 хуудас/,

            Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 3 хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 хуудас/,

Шүүгдэгч Б.Б-н хувийн байдлыг тодорхойлсон  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 304 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, /хх-ийн 30, 31 хуудас/,

Шүүгдэгч Б.Б гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 хуудас/,

Шүүгдэгч Б.Б г яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 28-29 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Б  нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 46-21 тоотод өөрийн үеэл дүү хохирогч Э.Д ыг гар утасны мөнгө төлсөнгүй гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт судалсан шүүгдэгч Б.Б д зодуулсны улмаас хохирогч Э.Д ын эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан талаар мэдүүлсэн хохирогч Э.Д /хх-ийн 8-9/, гэрч Ц.С /хх-ийн 13-14/, насанд хүрээгүй гэрч Э.О /хх-15/ нарын мэдүүлэг, хохирогч Э.Д ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх эмнэлгийн 431 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Б гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Харчу овгийн Б.Б д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

       Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч Б.Б г торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Э.Д   нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид гомдолтой, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан тул  хохирогчийн хүсэлтийг хүлээн авч хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг,

Шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Б д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдаж,

       Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчу овгийн Б.Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар  шүүгдэгч Харчу овгийн Б.Б г 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Б д оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Э.Д  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй  болохыг тус тус дурьдсугай.           

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ЦЭЦЭГЭЭ