Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/07

 

 

Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: М.О,

Шүүгдэгч: Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.У,

Хохирогчийн өмгөөлөгч: М.Э,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Золбоо нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Д.Адъяасүрэн, Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/11 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У, хохирогчийн өмгөөлөгч М.Э нарын гаргасан давж заалдах гомдлоор, шүүгдэгч Бт холбогдох 2219000000348 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Б

 

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр *** тоотод хохирогч Эыг “өөдөөс томорлоо” гэх зүйлээр шалтаглан түүнийг хутгалж, биед нь хэвлийн хөндийд нэвтэрч, элгийг гэмтээсэн шарх бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Оаас шүүгдэгч Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч ***Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар

шүүгдэгч Быг 5 /тав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бт оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24 см урттай модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баас 1,291,793 /нэг сая хоёр зуун ерэн нэгэн мянга долоон зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч *** тоотод оршин суух, Э -т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардал 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 10,500,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж,

 

энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон олох байсан орлогын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Бын ар гэрийн зүгээс 1,292,000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр 18-ны өдөр Эын Хаан банкны ***тоот дансанд шилжүүлсэн учир Бт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

6. Хохирогчийн өмгөөлөгч М.Э давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...П.Э нь        Бын учруулсан хэвлийн хөндийд нэвтэрч элгийг гэмтээсэн гэмтлийн улмаас эмчийн зөвлөмжийн дагуу 3 сарын хугацаанд хэвтрийн дэглэм сахих, цаашид 6 сараас 1 жилийн хугацаанд ажил хөдөлмөр эрхлэхгүй, хүнд зүйл өргөхгүй /карт дээр бичилт байгаа/ гэсний дагуу 2022 оны 11, 12 сар, 2023 оны 01 сар гээд 3 сарын хугацаанд хэвтрийн дэглэмд байсан. П.Э уг гэмтлийг авахаас өмнө хувиараа тээвэр хийж, ачаа дайвар зөөж, амьжиргаагаа залгуулдаг, сарын 2-5 сая төгрөгийн тогтмол орлоготой байсан болохоо сүүлийн 1 жилийн өөрийн дансны хуулгаараа нотолж, уг жилийн орлогоо 12 сардаа дундажлан тооцож 1 сарын орлогоо 3,500,000 төгрөгөөр тогтож,  хэвтрийн дэглэмд байсан 3 сарын олох байсан орлого 10,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд П.Эын дансны хуулган дахь мэдээлэлд үндэслэн түүний олох ёстой байсан орлогыг 3 сараар тооцон гэм буруутай этгээдээс гаргуулахаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

7. Шүүгдэгч Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Цагдан хоригдох хугацаанд засал хүмүүжлээ оллоо. Би эхээс тавуулаа. 3 эмэгтэй дүү, 1 эрэгтэй дүүтэй. Эрэгтэй дүү жаахан архи уудаг.  Ээжид маань тусалдаггүй. 3 эмэгтэй дүү маань нөхөр гээд явчихдаг. Би л ээждээ жаахан тус нэмэр болдог. Миний ээж өндөр настай хүн байдаг, миний энэ байдлыг харгалзан ялыг минь хөнгөрүүлж өгнө үү, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

            8. Прокурор М.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хохирогчийн хувьд орлого гэж тодорхойлсон баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа учраас давж заалдсан гомдлыг хангахгүй орхиулах саналтай” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У, хохирогчийн өмгөөлөгч М.Э нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.  

 

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг” гэж, мөн хэсгийн 2.4-т “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байна.

 

2. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Оаас: Шүүгдэгч Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр *** тоотод хохирогч Эыг “өөдөөс томорлоо” гэх зүйлээр шалтаглан түүнийг хутгалж, биед нь хэвлийн хөндийд нэвтэрч, элгийг гэмтээсэн шарх бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан дээр дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд  шилжүүлжээ.

 

3. Анхан шатны шүүхээс хэргийг хянан, хэлэлцээд шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, улмаар Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Бт хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

4. Шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдэл буюу хохирогч Эыг “өөдөөс томорлоо” гэх зүйлээр шалтаглан түүнийг хутгалж, биед нь хэвлийн хөндийд нэвтэрч, элгийг гэмтээсэн шарх бүхий хүнд гэмтэл учруулсан нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 3-4/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5-8/, хохирогч Э /1хх 13/, гэрч Д.Б /1хх 15/, Х.Э /1хх 102/ нарын мэдүүлэг, хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1хх 51-52/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж, эдгээр нотлох баримтыг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх журамд нийцжээ.

 

Түүнчлэн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс, шүүгдэгч Эын гэм буруугийн талаар бичгээр гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул саналыг харгалзан үзсэн нь үндэслэлтэй юм.

 

Мөн дээр дурдсан хуулийн агуулга, хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтууд болон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэрэгт дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж, шүүгдэгчийн холбогдсон хэргийн бүх ажиллагааг хянахад шийтгэх тогтоолд дурдсан асуудалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг хэрэгт бүрэн хийсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд нотолж, тогтоосон байх ба хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч болон хохирогчийн өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргасан.

 

5.1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Угийн гаргасан “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлын тухайд хангаж, шийдвэрлэлээ. Учир нь давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх ба анхан шатны шүүхээс тогтоосон гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1,291,793 төгрөгийг зөвшөөрч, төлсөн баримт /2хх 65/-ыг гомдолд хавсаргаж, ирүүлсэн учир Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, “4” жил гэж, өөрчлөхөөр шийдвэрлэв.

 

Мөн энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан  “Шударга ёсны зарчим” болон  “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд” нийцэхийн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэсэнд хамаарч байгаа болно.

 

            5.2. Харин хохирогчийн өмгөөлөгчийн “...хохирогч П.Эын дансны хуулган дахь мэдээллээс түүний сарын орлогыг тогтоож, олох ёстой байсан орлогыг 3 сараар тооцон гэм буруутай этгээдээс гаргуулахаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учирсан бол гэм буруутай этгээд Иргэний хуулийн 505, 506 дугаар зүйлүүдэд зааснаар хохирогчийн эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас олох байсан орлогын хэмжээгээр хохирлыг нөхөн төлнө.

 

Өмгөөлөгч гомдлын үндэслэлээ “хохирогч орлогоо нотлохоор банкны дансны хуулгыг ирүүлсэн байхад анхан шатны шүүхээс нотлох баримтгүй гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй” гэсэн байх ба анхан шатны шүүхээс ийнхүү дүгнэсэн хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан үзэх учиртай.

 

Түүнчлэн хохирогч П.Эын биед хэвлийн  хөндийд нэвтэрч элгийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт бүхий хүнд гэмтэл учирсан шинжээчийн дүгнэлтээр нотлогдож, тогтоогдсон, дүгнэлтэд “...гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн байх боловч хавтаст хэрэгт түүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг, эрх бүхий этгээдээс тогтоосон, хууль ёсны баримт авагдаагүй байх ба хохирогч П.Эын орлогыг зөвхөн банкны дансны хуулганд үндэслэн тодорхойлж, тооцооллыг хийх боломжгүй байх тул анхан шатны шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар иргэний нэхэмжлэлээ дахин нэхэмжлэх эрхийг дурдаж, нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон нь хохирогчийн энэ талаарх эрхийг зөрчөөгүй байна.

 

            Иймд эдгээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож,  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 заалтад 5 жил 6 сар хорих гэснийг 4 жил гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн 2023/ШЦТ/11 дугаар шийтгэх тогтоолын 2 дугаар заалтыг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Быг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж,

 

3 дугаар заалтын  “... 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын...”  гэснийг “4 /дөрөв/ жил” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Угийн давж заалдсан гомдлыг хангаж, хохирогчийн өмгөөлөгч М.Эийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Бын цагдан хоригдсон 23 хоногийг  ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ

 

Н.БАТЧИМЭГ

 

 

 

ШҮҮГЧИД

 

А.САЙНТӨГС

 

 

 

 

 

Н.БОЛОРМАА