Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 170

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч: Ч.Энхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Оюунчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,

Шүүгдэгч: С.Р  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тариачин овогт С.Р т холбогдох 1726001010040 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Тариачин овогт С.Р  ,

Шүүгдэгч С.Р  нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр баг “Жирмийн нуруу” гэх газар гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн эцэг Р.С ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2010 онд Тарагт сумын 1 дүгээр багт гэртээ, 2015 оны 12 дугаар сард Тарагт сумын 1 дүгээр багт гэртээ, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр баг “Жирмийн нуруу” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн эцэг, өндөр настай хохирогч Р.С-г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Р  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Р.С  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 10 цагийн үед хонио шорвоглох гээд тууж байтал манай хонь нийлчихсэн, тэгээд хонио ялгаж авах гээд байж байтал манай хүү С.Р  мотоцикльтой ганцаараа хүрээд ирэхээр нь би мэнд мэдчихээд манай хонь айлын хоньтой нийлчихлээ, хонио ялгах гээд сууж байна гэтэл тэгэхгүй яадаг юм, малын бэлчээр дээр айл буулгаад, Цагдааны ихэр гэх буудал дээр байр хашаа бариад тэрийг чинь бариулахгүй, би шатаана гээд байхаар нь чи миний хүү юм байгаа биз дээ, нэг нутагт байж болдоггүй юм уу? гэхэд битгий солиороод бай гээд мотоциклио асаагаад миний морины хойноос мотоцикльтой сигналдаж хөөгөөд дайрсан. Би мориныхоо амыг таттал морь арагшаагаа ойчсон. Тэр үед С.Р  мотоциклиосоо бууж ирээд намайг газар унасан байхад дээрээс багалзуур шахаад нүдэж эхэлсэн. Миний хоолойг боогоод би хөрвөөж байгаад босоод ирсэн. Тэгээд хонь хариулж байгаа Д гэдэг хүнийг даллаж дуудсан. Тэгтэл манай хүү намайг ахиад унагаж байгаад нүдээд байсан. Д н ирээд салгасан. Өмнө нь намайг зоддог байсан. Нийтдээ 3 дахь удаагаа зодож байна. Би өргөдөл гомдол гаргаад байдаггүй. Намайг уураа хүрэхээр л зодоод байдаг. Мориноос ойчих үед миний хавирга өвдөж зовиурлаагүй. Хавирга руу өшиглөсөн. Би хэд хэдэн удаа С.Р т даруулж ойчсон. Р т зодуулснаас болж гэмтсэн. /хх-ийн 18, 20 хуудас/,

Гэрч О.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манай нөхрийг С.Р  өмнө нь хэд хэдэн удаа зодож байсан. Гэрт орж ирж нэг удаа зодсон. Яагаад эцгийгээ зоддогийг нь мэдэхгүй. 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай нөхөр Р.С  хониндоо яваад 13 цагийн үед зодуулчихсан, дээлнийх нь энгэр урагдчихсан, хүүд чинь алуулах гэж байна, хавирга гэмтчихлээ гэсээр ирсэн. Тэгээд С.Р  рүү залгахад утсаа авахгүй байсан. /хх-ийн 22 хуудас/,

Гэрч С.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үдийн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна, манай ээж над руу утсаар залгаад аав чинь С.Р т нүдүүлчихээд ирсэн байна, хөдөлж чадахгүй байна, хавирга нь хугарчихсан юм шиг байна гэж хэлэхээр нь би аймгаас яваад очсон. Өмнө нь 2 удаа зодсон гэдгийг аав ээжээс сонссон. Оныг нь санахгүй байна. Хоёр удаа зодсоны нэг нь 2015 оны 12 сард аавыг С.Р  зодоод цагдаа дуудаад Өвөрхангай аймгийн Тарагт сумын хэсгийн төлөөлөгч Баттөгс ирж шалгасан. Тэрнээс өмнө нэг удаа худаг усны асуудлаас болж барилцаж авсан гэж сонссон. /хх-ийн 26-27 хуудас/,

Гэрч Т.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Намайг хонио эргүүлээд явж байтал 2 хүн хоорондоо барилдаад байгаа юм шиг холоос харагдсан. Тэгээд жаахан ойртоод хартал 1 нь унаад босоод ирсэн бөгөөд Р.С  байсан. Тэгээд намайг даллахаар нь би хонио хаячихаад яваад очиход Р.С ийн унаж явсан морь байхгүй болчихсон С.Р тэй барьцалдаад маргалдаад зогсож байхаар нь би юу болж байнаа, яаж байнаа гэтэл С.Р  мотоцикль дээрээ мордоод яваад өгсөн. Р.С  хавиргаа заагаад энэ рүү өшиглөчихсөн. Өвдөөд байна гээд байсан. /хх-ийн 28-29 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №380 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Р.С ийн зүүн хавирганы хугарал, дух хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 37 хуудас/,

Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн системийн жолоочийн лавлагааны хуудас, хохирогч Р.С ийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт /хх-ийн 65-67 хуудас/,

Шүүгдэгч С.Р ийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 370 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 46-47 хуудас/,

Шүүгдэгч С.Р ийн урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Р  нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр баг “Жирмийн нуруу” гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн эцэг хохирогч Р.С ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2010 онд, 2015 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багт байх гэртээ, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр баг “Жирмийн нуруу” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн эцэг, ахмад настай, хохирогч Р.С ийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Р.С ийн “...2017 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 10 цагийн үед хонио шорвоглох гээд тууж байтал манай хүү С.Р  мотоцикльтой ганцаараа хүрээд ирэхээр нь мэнд мэдчихээд манай хонь айлын хоньтой нийлчихлээ, хонио ялгах гээд сууж байна гэтэл С.Р  тэгэхгүй яадаг юм, малын бэлчээр дээр айл буулгаад, Цагдааны ихэр гэх буудал дээр байр хашаа бариад тэрийг чинь бариулахгүй, би шатаана гээд байхаар нь чи миний хүү юм байгаа биз дээ, нэг нутагт байж болдоггүй юм уу? гэхэд битгий солиороод бай гээд мотоциклио асаагаад миний морины хойноос мотоцикльтой сигналдаж хөөгөөд дайрсан. Би мориныхоо амыг таттал морь арагшаагаа ойчсон. Тэр үед С.Р  мотоциклиосоо бууж ирээд намайг газар унасан байхад дээрээс багалзуур шахаад нүдэж эхэлсэн. Тэгээд хонь хариулж байгаа Дагвасүрэн гэдэг хүнийг даллаж дуудсан. Тэгтэл манай хүү намайг ахиад унагаж байгаад нүдээд байсан. Дагвасүрэн ирээд салгасан. Өмнө нь намайг зоддог байсан. Нийтдээ 3 дахь удаагаа зодож байна. Хавирга руу өшиглөсөн. Би хэд хэдэн удаа С.Р т даруулж ойчсон...”,  гэрч О.Ц-н “...манай нөхрийг С.Р  өмнө нь хэд хэдэн удаа зодож байсан. Гэрт орж ирж нэг удаа зодсон. 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай нөхөр Р.С  хониндоо яваад 13 цагийн үед зодуулчихсан, дээлнийх нь энгэр урагдчихсан, хүүд чинь алуулах гэж байна, хавирга гэмтчихлээ гэсээр ирсэн...”, гэрч С.Ж-н “...2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үдийн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна, манай ээж над руу утсаар залгаад аав чинь С.Р т нүдүүлчихээд ирсэн байна, хөдөлж чадахгүй байна, хавирга нь хугарчихсан юм шиг байна гэж хэлэхээр нь би аймгаас яваад очсон. Өмнө нь 2 удаа зодсон гэдгийг аав ээжээс сонссон. Оныг нь санахгүй байна. Хоёр удаа зодсоны нэг нь 2015 оны 12 сард аавыг С.Р  зодоод цагдаа дуудахад Өвөрхангай аймгийн Тарагт сумын хэсгийн төлөөлөгч Баттөгс ирж шалгасан...”, гэрч Т.Д-н “...намайг хонио эргүүлээд явж байтал 2 хүн хоорондоо барилдаад байгаа юм шиг холоос харагдсан. Тэгээд жаахан ойртоод хартал 1 нь унаад босоод ирсэн бөгөөд Р.С  байсан. Очиход Р.С  С.Р тэй барьцалдаад маргалдаад зогсож байсан. Р.С  хавиргаа заагаад энэ рүү өшиглөчихсөн. Өвдөөд байна гээд байсан...” гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №380 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Р.С ийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч С.Р т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг ахмад настан хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Р т эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон хохирогч Р.С  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Р т оногдуулсан торгох болон хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосон болно.

Дээр дурьдсан нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Р т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч С.Р  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Р т оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

Шүүгдэгч С.Р ийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт шүүгдэгч С.Р ийн 600.000 төгрөгийн үнэ бүхий 5 тооны хонийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож,

Шүүгдэгч С.Р т оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Шүүгдэгч С.Р  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг
хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах
болохыг,

Шүүгдэгч С.Р  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол болон давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Р т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тариачин овогт С.Р ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг ахмад настан хүний  эсрэг үйлдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Тариачин овогт С ийн Р т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Р т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Р т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Р  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Р т оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч С.Р т оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тэнссүгэй.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Р т оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Р  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэхуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

10.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч С.Р ийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

11.Шүүгдэгч С.Р  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт шүүгдэгч С.Р ийн 600.000 төгрөгийн үнэ бүхий 5 тооны хонийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Р т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

15.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Р т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  М.МАНДАХБАЯР