Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/08

 

 

 

Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;                               

Прокурор: М.О,

Шүүгдэгч: Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ц,

Хохирогч: П.Э,

Иргэний нэхэмжлэгч: О.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Золбоо нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цын давж заалдсан гомдлоор шүүгдэгч Нд холбогдох 201526030052 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Н.

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Н нь хятадуудтай хамтран Өмнөговь аймгийн Ноён суманд  “Банзад хайрхан” нүүрсний орд газарт хөрс хуулалтын ажлыг 2013 оны 06 дугаар сарын 22-ноос эхэлнэ, уг ажилд хамтран ажиллаж болно, хөрс хуулалт хийхэд ашиглагдах том оврын самосвол автомашиныг импортоор БНХАУ-аас 90,000,000 төгрөгийн үнэтэй оруулж ирнэ, эхний 30%-ийг өгөөд, үлдэгдлийг машин оруулж ирсний дараа ашиглалтын явцад төлж болно, ингэж ажилласнаар ашиг олно“ гэж хуурамч гэрээг ашиглан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж,

2.1. хохирогч Д.Боос 2013 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Бын өмчлөлийн ***улсын дугаартай Лексус-470 загварын тээврийн хэрэгсэл өмчлөх эрхийг шилжүүлэн авч 23,000,000 төгрөгийн,

 

2.2. хохирогч Г.Уаас 2014 оны 02 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Уын өмчлөлийн ***улсын дугаартай Тоёота Ланд Крузер-80 загварын 15,000,000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг, мөн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хаан банкнаас өөрийн Хаан банкны *** тоот данс руу 9,000,000 төгрөгийг шилжүүлэн тус тус залилан авч, нийт 24,000,000 төгрөгийн,

 

2.3. хохирогч Ц.Жгээс 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Д.Адъяа гэгчийн Хаан банкны *** тоот данс руу 11,000,000 төгрөгийг, 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны *** тоот данс руу 1,900,000 төгрөгийг, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Д.Боор дамжуулж түүний Хаан банкны *** тоот данс руу 2,000,000 төгрөгийг, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Д.Боор дамжуулж түүний хүү Б.Хонгорын Хаан банкны *** тоот данс руу 6,100,000 төгрөгийг Дорноговь аймгийн Сайншанд сумын төв Хаан банкнаас шилжүүлүүлж, нийт 21,000,000 төгрөгийн,  

 

2.4. хохирогч П.Эоос “Өмнөговь аймгийн Ноён суманд уурхайн ажил руу орох гэж байгаа, эхний ээлжинд зам тавих шаардлагатай гэнэ. Зам тавих ажлын гэрээ  хийх гэсэн чинь дансандаа заавал мөнгөтэй байхыг шаардаад байна, 150,000,000 төгрөгийг байршуулж хятадуудад хуулгыг нь харуулаад л болоо, 1 сарын дараа мөнгийг буцааж өгөхдөө ажил эхлэхээр орж ирэх мөнгөнөөс 100,000,000 төгрөгийг нэмж өгнө” гэж мөн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 40,000,000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт өөрийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тариалан банкны ****тоот данс руу 329 950 юань буюу Монгол мөнгөөр 94,755,041 төгрөгийг шилжүүлүүлж, 2014 оны 04 дүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт 6,000,000 төгрөгийг бэлнээр тус тус залилан авч, нийт 140,755,041 төгрөгийн хохирлуудыг тус тус учруулж,  бусдад нийт 235,255,041 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б. Сгаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч  Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний буюу 235,255,041 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Нг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нд  оногдуулсан 3 /гурав/ жилийн  хугацаагаар  хорих  ялыг  нээлттэй  хорих байгууллагад  эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нгийн цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Нд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох  таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нгаас нийт 117.300.000 төгрөгийг гаргуулж, хохирогч ***тоотод оршин суух П.Э ***-д 19.800.000 төгрөгийг, хохирогч *** оршин суух Ц.Ж /***/-д 17.500.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч *** тоотод оршин суух, О.З /***/-д 74.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч *** тоотод оршин суух Д.Ат / ***/-т 6.000.000 төгрөгийг тус тус олгож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Д.Б, Г.У нарын хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 

            5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ц давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байгаа нь Нгийн эрх ашгийг хохироож байна гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

 

5.1. Н нь эхнээсээ эдгээр хохирогч нэр бүхий хохирогч нарыг залилан мэхлэх санаа зорилго агуулаагүй өөрөө энэ гэрээ гэх зүйлүүддээ хөнгөмсгөөр найдаж хууль бус зүйл хийсэн гэдгээ сүүлд нь ойлгож гэмших харамсаж байгаа болно. Иймээс ч бусдад учирсан хохирол төлбөрүүдийг төлж барагдуулах арга хэмжээ авч эхэлсэн. ... Нгийн хувьд эдгээр хүнээс авсан мөнгөө цааш нь БНХАУ- Тариалангийн банкны тоот дансаар шилжүүлж байсан учир би төлөх ёсгүй гэж буруу ухуулганд найдаж өөрийн гэм буруугаа ойлголгүй тодорхой цаг хугацааг авсандаа харамсаж гэм буруугаа ухамсарласан болно. Гэм буруугийн хурал завсарласан хугацаанд н.Жд 17,500,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулж байсан боловч н.Ж нь цахимаар хуралд оролцож би бичгээ өгнө гээд хэлсэн бөгөөд хуралд оролцоогүй алга болж бичиг нь Шүүхэд сүүлд ирсэн, хохирогч н.Э 19,800,000, Иргэний нэхэмжлэгч З 74,800,000, А 6,000,000 нар нь нийлээд Замын Үүд суманд 100,000,000 төгрөгийн үнэтэй обьёокт авна гэж тохирсон байсан боловч нэр шилжүүлээгүй учир хохирол төлөгдөөгүй гэж шүүх хуралд танилцуулсан нь Нгийн ял шийтгэлийг хүндрүүлсэн гэж үзэж байна.

5.2. Н нь өөрийн хариуцлагагүй хөнгөмсөг байдлаас шалтгаалан залилан мэхлэх гэмт хэрэг өөрөө ойлгоогүй үйлдсэндээ маш их гэмшиж бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 14 дэх заалтыг үндэслэн анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 2-р заалтад өөрчлөлт оруулан Нд торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү

5.3. Н нь Гадаад хэргийн яам болон Консулаар дамжуулан БНХАУ- иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байгаа тул эдгээр асуудлаа шийдвэрлүүлэх боломжоор хангаж өгөхийг өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна.” гэв.

 

6. Шүүгдэгч Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эд нараас авсан мөнгөнөөс өөртөө нэг ч төгрөг авч хэрэглээгүй, бүгдийг нь Хятадад өгсөн. Энийг би эхнээсээ залилан гэж бодоогүй. Гэрээний дагуу л ажил эхэлнэ гэж бодсоны үндсэн дээр Хятадуудыг хүлээж байсан. Сүүлд Б.Ц өмгөөлөгчийг авсны дараа л залилан хийсэн байна, энэ хүмүүсийг залилсан байна гэдгээ мэдсэн. Одоо энэ хэргийг хийсэндээ их харамсаж байна. ... Би Хятадуудаас одоо өгнө, 7 хоноод өгнө, сарын дараа өгнө, тэдэнд өгнө гээд байхаар нь хүлээгээд байгаад байсан. Тэгээд эцсийн шатандаа өгөхгүй болохоор нь ах, дүү, найз, нөхдөөсөө гуйж төлбөрийг барагдуулсан. ...Одоо  хорихоос өөрөөр ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна.” гэв.

 

7. Хохирогч П.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би өнөөдрийн шүүх хуралдаанд гомдолгүйгээр оролцож байгаа. Энэ хүн зөвхөн үнэнийг яриасай. Тэртээ тэргүй гомдолгүй гээд хэлсэн байхад дахин битгий худлаа яриасай. Энэ хүн гэмшсэн байх ёстой, үнэхээр буруугаа хүлээсэн байх ёстой. ... Би гомдолгүй гэсэн бичгээ өгсөн учраас өнөөдрийн шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй байсан. ... Энэ хүн цаад хүмүүстээ мөнгөө алдсан байвал олж аваасай, бусад хүмүүсийг хохиролгүй болгоосой. ... Хохирол төлбөрийн хувьд ямар ч байсан болсон. ... Энэ үнэлгээний хувьд бид нар хоорондоо тохироод хийсэн.” гэв.

 

8. Иргэний нэхэмжлэгч О.З давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад Нгаас гомдлоо барагдуулсан учраас хэлэх тайлбар алга. ... Хохирлын хувьд 100 хувь төлөгдсөн гэж ойлгож болно. ... Үнэлгээг тохиролцоогоор хийсэн юм байна лээ. Энэ үл хөдлөх хөрөнгийг А, З, Э гурав хувааж авах үндэслэлээр төлбөр тооцоо барагдсан гэж үзэж болно. ... Энэ олон жилийн дараа хохирлыг барагдуулж байгаад маш их баярлалаа.” гэв.

 

9. Прокурор М.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн ... шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, хууль ёсны гарсан гэж үзэж байна. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдол дээр шийтгэл хөнгөрүүлэх буюу торгуулийн ялаар солих асуудал яригдаж байна. Энэ дээр тусгайлан гаргах санал байхгүй. Учир нь хохирогч нар хохирол, төлбөрөө авсан. Хохирогч нар гомдол саналгүй болохоо өөрсдөө илэрхийлж байгаа учраас тусгайлан гаргах саналгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цоос гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Нд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж,  давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1. Шүүгдэгч Н нь  БНХАУ-ын Си Чуань мужийн “***” хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ХХК-тай  хамтран  Монгол Улсын Өмнөговь аймгийн Ноён сум, “***” нүүрсний орд газарт хөрс хуулалтын ажлыг 2013 оны 06 дугаар сарын 22-ноос эхлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулсан,  энэ гэрээний дагуу 10 өөрөө буулгагч машин оруулж ирнэ, машин 90 сая төгрөгийн үнэтэй, автомашины 30% болох 27 сая төгрөгөө одоо өгвөл машиныг Бугатын үйлдвэрт захиаллаа, үлдэгдэл 70%-ийг ашиглаж байх явцдаа төлж болно гэж бусдад итгүүлж хуурч 2013 оны 12 дугаар сард хохирогч Д.Бын 23 сая төгрөгийн үнэ бүхий “Лексус-470” маркийн автомашин,  2014 оны 01 дүгээр сарын 30-нд 26,500,000 төгрөг, бүгд 49,500,000 төгрөгийг,

 

хохирогч  Г.Уаас мөн үндэслэлээр 2014 оны 02 дугаар сард ***тоёото Ланд крузейр 80 маркийн автомашиныг 15,000,000 төгрөгт авч, бэлнээр 11,000,000 төгрөгийг, 2014 оны 12 дугаар сард 9,000,000 төгрөгийг дансаар, нийт 24,000,000 төгрөгийг, 

 

хохирогч Ц.Жгээс мөн үндэслэлээр  2014 оны 03 дугаар сараас 05 дугаар сарын 01-ны хугацаанд хохирогч Д.Боор дамжуулан 21,000,000 төгрөгийг,

 

хохирогч П.Эыг 2014 оны 03 дугаар сарын 29-30-нд Өмнөговь аймгийн Ноён суманд уул уурхайн ажил руу орох гэж байгаа, ажлаа эхлүүлэхийн тулд зам тавих ёстой, зам тавих ажлаа эхлүүлэхийн тулд дансандаа 500 мянган юань байршуулсан байх шаардлагатай, энэ мөнгийг гаргаж байршуулж өгвөл 1 сарын дараа мөнгийг чинь буцааж өгөхдөө 100 сая төгрөг нэмж өгнө гэж хэлж 146,000,000 төгрөгийг авч тус тус бусдыг залилж, нийт 235,255,041 төгрөгийг бусдаас авсан  болох нь  хохирогч Д.Б /1хх 18-20, 135-136, 2хх 42, 3хх 42, 5хх 121, 173-176/, Г.У/1хх 133/, Ц.Ж /4хх 53-54, 6хх 187-188/, П.Э /1хх 12-15, 124-125, 2хх 30, 3хх 41, 41, 4хх 94-95, 5хх 171-172, 6хх 170/, иргэний нэхэмжлэгч О.З/2хх 34/, Д.А /1хх 16-17/ нарын мэдүүлгүүд болон  “Монгол Улсын Өмнөговь аймгийн Ноён сум дахь нүүрсний ордын хөрс хуулах ажлыг хамтран гүйцэтгэх тухай” гэсэн хуурамч гэрээ /1хх 45-74, 213-215/, гэрч Б.***, БНХАУ-ын иргэн *** нарын мэдүүлгүүд болон Ашигт малтмалын газрын “***” нүүрсний орд нь ***ХХК-ны нэр дээр лицензийн бүртгэлтэй гэсэн албан бичиг /1хх 226/, *** ХХК болон *** ХХК-тай ямар нэгэн ажил хэргийн холбоогүй” гэсэн тухай *** ХХК-ны захирал Ө.***гээс ирүүлсэн албан бичиг /1хх 227/, шүүгдэгч Н руу мөнгө шилжүүлсэн тухай хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч нарын болон шүүгдэгч Н нарын банкны харилцах дансны хуулгууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүгдэгч Н нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт болсон үйл баримтыг хүлээн мэдүүлсэн байна.

 

2. Шүүгдэгчийн энэ үйлдэлд прокурор Б. Сгаас үргэлжилсэн үйлдлээр,  бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогдуулан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

 

3. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цоос эс зөвшөөрч “ ... шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан, ... энэ хэргийн улмаас БНХАУ-ын иргэдтэй холбоотой асуудлаар БНХАУ-ын Цагдаагийн байгууллага болон Шүүхээр асуудал шийдвэрлүүлэх боломжтой байгаа ... тул торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

 

4. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэв.

 

5. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Нд Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас хохирогч П.Эоос гаргасан гомдлын дагуу 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж /1хх 1/,  2015 оны 05 дугаар сарын 20-нд мөн хуулийн, мөн зүйлд зааснаар яллагдагчаар татсан /1хх 25/ ба 2020 оны 1 дүгээр сарын 27-нд /5хх 84-89/ Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгчид холбогдох хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн байна.

 

6. Шүүгдэгч Нг 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 03 дүгээр сарын 30-ны хоорондох хугацаанд хохирогч Д.Б, Г.У, Ц.Ж, П.Э, иргэний нэхэмжлэгч О.З, Б.А нарыг залилж, хохироосон гэж 2015 оны 05 дугаар сарын 20-нд яллагдагчаар татсан /1хх 25/ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1, 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэснийг зөрчөөгүй, түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “ …Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гартал хэргийг түтгэлзүүлэх тухай хүсэлт”-ийг Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ны 11 дүгээр тогтоолоор гаргасан “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаарх албан ёсны тайлбар”-ыг Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, 67, 70 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус зөрчсөн гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэж хянан хэлэлцэгдэж байгаа боловч маргааны улмаас Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг түдгэлзүүлээгүй, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэж гэсэн үндэслэлээр хангаагүй нь үндэслэлтэй, зөв болсон.

 

7. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар  тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан,  мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

8. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэрэгт “ хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол, ... энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэх шинжүүдийг гэмт хэрэгт тооцохоор заасан ба прокурор эдгээр шинжүүдээс шүүгдэгч Б.Нг “...бусдыг хуурч, ...бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, ...их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэх шинжүүдээр залилах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн   хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд тохирсон байна.

 

Хэргийн гол нөхцөл болох Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт орших “***” нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь ***ХХК-ний нэр дээр бүртгэлтэй  /Ашигт малтмалын газрын албан бичиг 1хх225/,  ***ХХК нь БНХАУ-ын “***” ХХК  болон “***” ХХК-тай ямар нэгэн ажил хэргийн холбоогүй /***ХХК-ны албан бичиг 1хх226/ нь хэрэгт тогтоогдсон байхад шүүгдэгч Н уг нүүрсний орд газрыг “БНХАУ-ын “***” ХХК-ных, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, БНХАУ-ын Си Чуань мужийн “***” ХХК-ны хөрөнгө оруулалтаар хөрс хуулалтын ажил хийнэ гэж “Монгол Улсын Өмнөговь аймгийн Ноён сум дахь нүүрсний ордын хөрс хуулах ажлыг хамтран гүйцэтгэх гэрээ” /1 хх45-75, 213-215/ гэсэн хуурамч гэрээг өөрөө байгуулан түүндээ үндэслэн  2013 оны 06 дугаар сарын 22-ноос ажил эхлэх гэж байна,  гэрээний дагуу  өөрөө буулгагч экскаватор машин 10-ыг оруулж ирнэ,  машины 30%-ийг өгвөл одоо захиаллаа, үлдсэн 70%-иа автомашинаа хөрс хуулалтын ажилд ашиглах явцдаа төлөх боломжтой, энэ ажил дээр хамтарч ажиллавал их ашиг олно гэж,  мөн  хохирогч Эоос энэ гэрээгээ ашиглан хөрс хуулах ажил эхлэхийн тулд эхлээд зам тавих ёстой,  1 сарын хугацаатай 500,000 юань дансандаа байршуулсан байх шаардлагатай, ажил эхлэхээр мөнгийг буцааж өгөхдөө дээр нь 100,000,000 төгрөг нэмж өгнө” гэж тус тус бусдыг хуурч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын итгэлийг олсны улмаас хохирогч нар түүнд эд хөрөнгө болон мөнгөн хөрөнгөө сайн дурын үндсэн дээр шилжүүлж хохирсон, шүүгдэгч Н нь байгуулсан гэрээнийхээ бодит нөхцөл байдлыг өөрөө судалж тодруулаагүй,  БНХАУ-ын Си Чуань мужийн “***” ХХК-ны нэрийг барьсан хуурамч этгээдтэй байгуулсан гэрээнд үндэслэсэн зэрэг нь  бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлсэн гэх шинжид,

 

хохирогч Д.Бод 49,500,000 төгрөгийн, хохирогч Г.Ут 24,000,000 төгрөгийн, хохирогч Ц.Жд 21,000,000 төгрөгийн, хохирогч П.Эт 40,000,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч О.Зд 100,000,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.Ат 6,000,000 төгрөгийн,  нийт 235,255,041 төгрөгийн хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “... тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний буюу их хэмжээ”-нд хүрсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “... их хэмжээний ...” гэсэн гэмт хэргийн шинжид тус тус нийцсэн.

 

9. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн бол “ арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ялаас анхан шатны шүүх хорих ялыг сонгож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон.

 

10. Гэхдээ давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Учир нь: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Нгаас хохирлын үлдэгдэлд нийт 117,300,000 төгрөгийг гаргуулж, хохирогч П.Эт 19,800,000 төгрөгийг, хохирогч Ц.Жд 17,500,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч О.Зд 74.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Ат 6,000,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэж байх хугацаанд хохирогч Ц.Жгээс “ … Нгаас авах 17,000,000 төгрөгтөө Налайх дүүрэгт байршилтай 3 айлын газрыг авахаар тохиролцсон тул одоо хохиролгүй, гомдолгүй болно” гэсэн хүсэлтийг бичгээр,

 

хохирогч П.Э, иргэний нэхэмжлэгч О.З, Д.А нараас “ … О.З, П.Э, Д.А нарын хохирол 99 сая төгрөгт Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Гал унтраах ангийн ажилчдын 30 айлын орон сууцны 143 дугаар байрны В1 давхар /зоорь/-т 90 м2 үйлчилгээний зориулалттай байр буюу үл хөдлөх хөрөнгийг “Мөнгөн зээрд” ХХК захирал М.***ээс шилжүүлэн авсан болно, хохирол бүрэн төлөгдсөн тул гомдол, саналгүй” гэсэн хүсэлтийг бичгээр тус тус гаргасан.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч П.Э, О.З нар биечлэн оролцож “ … бичгээр гаргасан хүсэлтэд бичигдсэн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бид өөрсдөө очиж үзсэн,  баригдсан цагаасаа өмчлөгч тогтоогоогүй байсан, одоо бид өмчлөгчөөр тогтоолгохоор  баримтаа бүрдүүлээд улсын бүртгэлийн газарт хүсэлтээ гаргаж, шийдвэрлэгдэх боломжтой байгаа тул хохирогч П.Э, иргэний нэхэмжлэгч О.З, Д.А нарын  хохирол бүрэн бодитойгоор төлөгдсөнд тооцож болно” гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргасан.

 

Хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч нараас тус тус гаргасан эдгээр хүсэлт, шүүх хуралдаанд оролцсон хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын тайлбар зэргээр гэмт хэргийн улмаас учирсан нийт 235,255,041 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх нөхцөл байдал бий болсон.

 

Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл буюу “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”  журмын буюу мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг үндэслэн давж заалдах шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч Нг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  энэ хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэж шүүгдэгч Нд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн хорих ялын хоёрны нэгээр буюу 1 жилийн хорих ял болгож хөнгөрүүлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

                11. Харин шүүгдэгч Нгийн хөрөнгө, цалин орлого, бусад орлого олох боломжийн талаарх, түүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй, энэхүү нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар торгох ял оногдуулах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзэж, энэ үндэслэлээр гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

                Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолын 2 дугаар заалтын “...2.2 дугаар зүйлийн 3” гэсний дараа  “6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3” гэж нэмж, “... 3  /гурав/ жил...” гэснийг “1 /нэг/ жил” гэж өөрчилж,

 

3 дугаар заалтын “... 3 /гурав/  жил...” гэснийг “1 /нэг/ жил” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Нгийн цагдан хоригдсон 26 хоногийг  ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                  А.САЙНТӨГС