| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00904/и |
| Дугаар | 155/ШШ2016/00869 |
| Огноо | 2016-07-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2016/00869
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А.М
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2016/00904/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч А.М нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.М шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х аймгийн М хотын Худалдаа бэлтгэлийн трестийн нийтийн хоолны гуанзанд 1982 оноос эхлэн цэвэрлэгч, үйлчлэгчээр томилогдон ажилд орсон. Түүнээс хойш байгууллагадаа 1991 он хүртэл ажиллаж байсан. Тэгээд 1991 оны 02 сард Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газарт шилжүүлж байсан. Одоо би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл дээрх хугацаанд ажиллаж байхдаа авсан хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн, мөн зарим тушаал олдохгүй зэргээс миний ажилласан жил тооцогдохгүй байгаа тул шүүхээр тогтоолгох шаардлагатай боллоо. Иймд миний Х аймгийн М хотын Худалдаа бэлтгэлийн трестийн нийтийн хоолны гуанзанд 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд цэвэрлэгч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
А.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч А.М Х аймгийн М хотын Худалдаа бэлтгэлийн трестийн нийтийн хоолны гуанзанд 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд цэвэрлэгч, үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Х аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1982 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгосон 1982 оноос 1991 оны 2 дугаар сарыг дуустал хугацааны сарын цалин, татварын бичилттэй №524804 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн М хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1982 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ...1. Ажилд томилогдсон хүмүүсийг №1, мал нядалгаанд түр авсан хүмүүсийг №2, ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийг №3-р хавсралтаар тус тус томилж чөлөөлсүгэй... гэх бичилттэй Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай №66 дугаартай тушаалын хуулбар, ...22. овог нэр Алтангэрэл М , ямар ажил: цэвэрлэгч, сар өдөр I/XI, тайлбар: амралтад байсан...23. овог нэр Алтангэрэл Тунгалагцэцэг, ямар ажил угаагч, сар өдөр I/XI, тайлбар: амралтад байсан... гэх бичилттэй №66 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын хуулбар, 1987 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ...Үйлчлэгч А.М ийг 15/YI-нээс... эхлэн хүүхдийг нь 6 сар хүртэл тэтгэмжтэй чөлөөг олгосугай... гэх бичилттэй Эхчүүдийн чөлөөний тухай №138 дугаартай тушаалын хуулбар, Х аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1991 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Худалдаа, нийтийн хоолны ангиас ажилчны цайны газрын ажилчид шилжин ирсэнтэй холбогдуулан ТУШААХ нь: 1... үйлчлэгч А.М нарыг 2 сарын 01-нээс эхлэн авч ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилд авч ажиллуулах тухай Б-13 дугаартай тушаалын хуулбар, гэрч А.Тунгалагцэцэгийн ...би төрсөн эгч нь бөгөөд хамт ажилд орж ажиллаж байсан учир гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирсэн. Х аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн нийтийн хоолны гуанзанд анх бид хоёр хамт ажилд орж байсан. 1982 оны 11 сарын 01-нд эгч М нь цэвэрлэгчээр, би угаагчаар орж байсан. Үүнээс хойш М нь 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цэвэрлэгч, үйлчлэгчээр ажиллаж байсан. 1991 оны 2 дугаар сарын 01-нд Х аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн нийтийн хоолны гуанзын хэсэг нь Нийтийн хоолны салбар гэж трестээс тусдаа салж гарсан юм. Эгч М нь Х аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын цайны газарт, миний бие болохоор Гурил тэжээлийн үйлдвэрийн цайны газарт тус тус хуваарилагдсан юм... тасралтгүй ажиллаж байсан... Би Х аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн нийтийн хоолны гуанзанд 1982 оны 11 сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 сар хүртэл угаагч, туслах тогоочоор ажиллаж байсан. 1991 оны 2 сараас 1999 оны 6 сар хүртэл Х аймгийн Гурил тэжээлийн үйлдвэрийн цайны газарт тогоочоор ажилласан... Хамт ажиллаж байсан талаар батлах анх ажилд орсон тушаалыг хэрэгт өгсөн гэсэн... гэх мэдүүлэг, гэрч Д.Б гийн ...А.М нь Х аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн нийтийн хоолны гуанзанд 1982 оны өвөл 11, 12 сарын үеэс /шинэ оны өмнөөс/ 1991 оны 2 сар хүртэл үйлчлэгч, цэвэрлэгчээр ажиллаж байсан... 1991 оны 2 дугаар сард бидний ажиллаж байсан Х аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн нийтийн хоолны гуанз нь тусдаа Нийтийн хоолны салбар болж хуваагдсан. Нийтийн хоолны салбар болоход М нь аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газрын цайны газарт очиж байсан юм... тасралтгүй ажиллаж байсан... 6 хүртэл сарын цалинтай чөлөө өгдөг байсан. Тэрийгээ дуусгавал дуусгаад, дуусгахгүй бол эрт л ажилдаа ордог байсан... Би Х аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн нийтийн хоолны гуанзанд 1972 оноос 1991 он хүртэл тогоочоор ажилласан. 1991 оны 2 сараас аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын цайны газарт хуваарилагдаж очиж 1992 он хүртэл тогоочоор ажиллаад тэтгэвэртээ гарсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
А.М ийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Тус аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988-1990 оны тушаал шүүж үзэхэд А.М т холбогдох тушаал, мөн худалдаа бэлтгэлийн трестээс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын цайны газрын ажилчдыг шилжүүлсэн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/418 тоот тодорхойлолт, Тус аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988-1990 оны тушаал шүүж үзэхэд А.М т холбогдох тушаал, мөн трестээс ахуйн үйлчилгээний газарт ажилчид шилжүүлсэн тушаал тус тус байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/418 тоот тодорхойлолтоор тогтоогдож байх тул хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн ба хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тогоруутан овогт А.М ийн Х аймгийн М хотын Худалдаа бэлтгэлийн трестийн нийтийн хоолны гуанзанд 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд цэвэрлэгч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА