| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/01120/И |
| Дугаар | 151/ШШ2024/00852 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 151/ШШ2024/00852
| 2024 оны 11 сарын 05 өдөр | Дугаар 151/ШШ2024/00852 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.А. даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... аймгийн Цагдаагийн газар,
Гуравдагч этгээд: ....
Нэхэмжлэлийн шаардлага: Албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Гуравдагч этгээд: Д.Б.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: .... аймгийн Цагдаагийн газрын ... сумын цагдаа, цагдаагийн ахлагч Б.Ё.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. ... аймгийн Цагдаагийн газар нь Д.Б.ийг албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: ... аймгийн ... сумын ...дугаар баг ... тоотод оршин суух Д.Б... нь архи согтууруулах ундаа удаа дараа хэтрүүлэн хэрэглэж, гудамж талбай олон нийтийн газарт биеэ авч явах чадваргүй унтах, бусдын амгалан тайван байдал алдагдуулж орон гэртээ ахуйн архидалт хийн танхайрч байсан. Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд шүүн үзэхэд Зөрчлийн тухай хуулиар 8 удаа арга хэмжээ авхуулсан. Иймд Д.Б-ийг албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.
3. Д.Б. нь хариу тайлбартаа: Цагдаагийн байгууллагын хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Найз нөхөд гэрт ирэхээр архи уудаг. Миний буруу. Архины хамааралтай болсон гэдгийгээ хүлээн зөвшөөрч байна. Архины эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй. Архинаас гарах зорилготой байгаа гэв.
4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.Б... хүсэлт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, эхнэр Л.О-ийн хүсэлт, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ... аймгийн ... сумын ... дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Цагдаагийн ахлагч Б.Ё-ын иргэнээс авсан тайлбар, Системийн судалгаа хяналт, хайлтын системээс хайж ирүүлсэн зөрчлийн мэдээллүүд, Албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хүнийг саатуулах тухай тогтоол, Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, ... аймгийн Эрүүл мэндийн төвийн хэт авиан оношилгоо, зүрхний бичлэг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Д.Б-ийг албадан эмчилгээнд хамруулах тухай .... аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар Цагдаагийн байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргахаар заасан тул ... аймгийн Цагдаагийн газар нь Д.Б-ийг албан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргах эрхтэй байна.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага тухайн хүнийг согтуурах, мансуурах донтой эсэхийг тодорхойлох дүгнэлтийг үзлэг хийснээс хойш 24 цагийн дотор гаргана гэж заасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ... аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлтээр Д.Б... нь архаг уушгины сүрьеэтэй болох нь нотлогдож байна. /хх 22-23/
5. Д.Б. нь Согтуурах, мансуурах донтой хүнд албадан эмчилгээ хийхийг хориглох биеийн хүнд эмгэгийн жагсаалтад дурдсан сүрьеэ өвчтэй тул түүнийг албадан эмчилгээнд хамруулах боломжгүй байна.
6. Иймд ... аймгийн Цагдаагийн газрын Д.Б-ийг албан эмчилгээнд хамруулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-т зааснаар ... аймгийн Цагдаагийн газрын Д.Б-ийг албадан эмчлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. ... аймгийн Цагдаагийн газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А...