| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2017/0020/Э/ |
| Дугаар | 14 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.4., |
| Улсын яллагч | Б.Батнасан |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр
Улсын яллагч Б.Батнасан
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б
Шүүгдэгч Ц.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-ын Г-д холбогдох 201607000191 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Ц-ын Г гэв.
Шүүгдэгч Ц.Г нь “Алтайн-Хүдэр” ХХК-ний 188 парк дугаартай, 00-00 УНЧ улсын дугаартай хүнд даацын ачааны Хово /Howo/ маркын тээврийн хэрэгслийг жолоодож “Алтайн Хүдэр”ХХК-ний уулын баяжуулах Таяннуур үйлдвэрээс улсын хилийн Бургастайн боомт руу замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.е дэх хэсэгт “Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах”-ыг хориглоно гэсэн заалт, мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн үед Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг дэвсгэр Хонхор заг гэх газар зам тээврийн осол гарган онхолдож, уг тээврийн хэрэгслийн авто чирэгч толгой шатаж, тус компанид их хэмжээний буюу 53.460.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ц.Г нь “Алтайн-Хүдэр” ХХК-ний 188 парк дугаартай, 00-00 УНЧ улсын дугаартай хүнд даацын ачааны Хово /Howo/ маркын тээврийн хэрэгслийг жолоодож “Алтайн Хүдэр”ХХК-ний уулын баяжуулах Таяннуур үйлдвэрээс улсын хилийн Бургастайн боомт руу замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.е, 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн үед Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг дэвсгэр Хонхор заг гэх газар зам тээврийн осол гарган онхолдож, уг тээврийн хэрэгслийн авто чирэгч толгой шатаж, тус компанид их хэмжээний буюу 53.460.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Ц.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Энэ машин нь болохоор миний өмнөх жолооч гурван удаа ачаа ачсан байсан. Би дагалдан жолоочоор явсан. Тэгээд авахад босгосон машин байсан. Ашиглалгүй байж байгаад засаж янзалсан, тоормос нь бүрэн бус тээврийн хэрэгсэл байсан. Цахилгаан нь бас авахад масстай талаар өмнө нь жолоодож байсан жолооч нь хэлж байсан. Өмнө нь гурван удаа ресс хийсэн жолоочтой хамт явж байхад цахилгаан нь унтарч асаад байсан. Жолооч нь зогсож үзээд утас нь хөндийрсөн тасарсан байсан болохоор өмнөх жолоочтой нь засаад явсан. Тэгээд тухайн тэрэг тоормосны тал дээр бүрэн бус байсныг би 5-6 сар өөрөө засвар хийж явж байсан болохоор мэднэ. Удаа дараа тоормосны механизм, колотик, пүрш, наклатик, авах гээд хэлэхээр өгдөггүй байсан тул би өөрөө аргалаад явдаг байсан. Даваа болон газрын уруу араа түгжиж тоормос хавсарч явдаг тэрнээс өөрөө шөрмөс татаад зогсох тийм техник байгаагүй, сэргээж, сэлбэж болгосон машин байсан. Тэгээд сэлбэг авах гэхээр надаа өгдөггүй байсан. Би дандаа араагаар түгжиж явах хэцүү байна гэхээр аргалаад яв гэж хэлж байсан. Би тэгвэл амралтаа авъя 5, 6 сар амралтгүй ажилсан 7 хоног ч гэсэн дунд нь амралтаа авъя гэхээр орондоо ажиллах жолоочоо олж ирээд амралтаа ав гээд амралт өгдөггүй байсан. Энэ бүгдийг би тэр үеийн ахлах мастер Ба-д удаа дараа хэлж байсан. Тогооням даргад бас хэлж, уулзаж байсан ... энэ хэрэгт миний буруу болон уурхайн зүгээс буруу байгаа” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Жолоо Г “Алтайн-Хүдэр” ХХК-д ажилд ороод хүнд даацын Хово маркын авто машин жолоодож байсан. Тухайн үед цөөхөн хэдэн хүнтэй ажил эхэлсэн болохоор тухайн хүний хэлж байгаа шиг засаж босгосон машин биш машинаа сонгож авсан. Машин жолоодох хүн цөөхөн байсан болохоор сонголт хийж авсан. Тэгээд тээвэрлэлт хийж байхдаа авто машиныг унагааж, тухайн машин шатаж “Алтайн-Хүдэр” ХХК-д 53 сая төгрөгийн хохирол учирсан. Энэ хэргийг шалгах явцад Ц.Г компани буруугаас болсон гэж олон удаа ярьсан өөрөө байхгүй гээд дахин дахин хэлээд байдаг. Гэтэл мэргэжлийн байгууллага онцгой байдлын ерөнхий газар аймгийн галын шинжээчид техникийн мэргэжилтэн нар, манай өөрийн авто тээврийн инженерүүд, шинжээчийн дүгнэлт, замын цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлтээр энэ осол бол цахилгааны масс гарч машин шатсанаас биш замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж машин унаснаас үүсэж богино холболт үүсээд гарсан гал түймэр байна гэсэн. Энэ гал түймэр нь жолооч Ц.Г-ийн буруутай үйлдлээс үүссэн байна гэсэн дүгнэлт гарч байгаа. Энэ хэрэгт дүгнэлтийг 2 жилийн хугацаанд дахин, дахин гаргуулсан хөдөлшгүй дүгнэлтээр гэм буруутай байдал нь тогтоогдсон. Байгууллагын зүгээс энэ осол, ослын улмаас учирсан хохиролтой холбоотой бүхий л арга хэмжээг авсан. Даатгалын байгууллагад хандаж 23 сая төгрөг гаргуулж авсан. Энэ нь бага байна манайхан ийм үндэслэлээр нөхөн төлбөрөө бүрэн гаргуулах авах эрхтэй гэж шүүхээр заргалдаж дахин 23 сая төгрөг гаргуулж авсан. Үндсэндээ бол Ц.Г-ийн хийсэн гэм буруутай үйлдлийн 90%-ийг даатгалын байгууллагаас гаргуулж авсан. Үлдэгдэл 6.580.000 төгрөг байгаа юм. Өнөөдрийн шүүх хурал дээр хэний буруутай талаар маргах шаардлагагүй гэж бодож байна. “Алтайн-Хүдэр” ХХК-д учирсан хохирлыг төлүүлж өгнө үү гэсэн саналтай байна ... ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Б.Б-ын “...2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн үед би машинаа бариад явж байгаад зүүн талын толинд харахад утаа гарч байхаар нь буугаад машинаа тойрч харахад ямар нэгэн гэмтэл байгаагүй. Тэгээд гайхаад хойшоо хартал машин шатаж байхаар нь галын хороо аваад гүйгээд очиход жолооч нь машины урд босоогоороо уйлаад орилж байсан. Машины хувьд кабин дотроосоо шатаж байгаад ар тал руугаа шатаж хойт дугуйнууд буудаж эхэлсэн... намайг очиход машин замаасаа гарчихсан 1 дүгээр чиргүүл зүүн талаараа уначихсан, чирэгч толгойн кабин шатаж байсан ...” гэх мэдүүлэг / 1ХХ60/,
Гэрч Г.Г-ын “...2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад Хонхор заг уруудаад моби толгой өнгөрч байхад 135 дугаар километр дээр Хово маркын хүнд даацын 2 чиргүүлтэй автомашин замын зүүн талын хөвөө гарчихсан чирэгч толгой нь шатаж байсан. 1 дүгээр чиргүүл зүүн талаараа уначихсан, 2 дугаар чиргүүл хөндлөн болчихсон зогсож байхаар би очтол кабин хэсэг нь шатаж байсан. Удалгүй салхины чиглэл өөрчлөгдөж, зүүн урд зүгээс баруун хойт зүг рүү салхилж эхэлсэн. Ингээд чирэгч толгойн хойт тал руу гал орж хойт талд байрлах 8 ширхэг дугуй шатаж эхэлсэн ...” гэх мэдүүлэг /1ХХ61/
Гэрч Л.Б-ийн “...Цахилгаанд масс гарах үед тоормос, рулийн хүрдэд нөлөө үзүүлэхгүй. Машин асаад явж байгаа үед тоормос, руль цахилгаанаас хамаардаггүй. Өөрөөр хэлбэл бүхээгт гал гарч байгаа үед тоормос, рулийн механизм хэвийн ажиллана. Хөдөлгүүр ажиллаж байгаа үед тоормос, руль хэвийн ажиллана. Хийгүй болсон үед тоормосны шөрмөс татаж, наклад тэлж, шууд зогсох ёстой. Өөрөөр хэлбэл жолооч тоормос гишгээгүй ч автомашин автоматаар тоормослогдоно...” гэх мэдүүлэг /1ХХ158-159/
Гэрч Б.Г-ын “... тухайн машин компьютержсэн байдаг. Гал хамгаалагч, релейгийн хэсэгт гэмтэл гарсан тохиолдолд хянах самбар буюу дэлгэцэн дээр гурвалжин хэлбэртэй шар өнгийн гэрэл асч жолоочид мэдээлэл өгнө. Мөн гадаад хэлээр дуугарч жолоочид дохио өгдөг. Жолооч энэ тохиолдолд тээврийн хэрэгслээ унтрааж цахилгаанаа салгах ёстой. Салгаагүй тохиолдолд гал хамгаалагч шатах ёстой. Гал хамгаалагч шатна гэдэг нь ил гарч, утаа униар болохыг хэлэхгүй. Харин гал хамгаалагчийн утас тасарч цааш цахилгаан дамжуулахгүй гэсэн үг юм... Гал хамгаалагч нь тээврийн хэрэгслийн цахилгаанд гэмтэл, масс үүсэх үед өөрөө шатаж, бусад эд анги шатах гэмтэхээс хамгаалах үүрэгтэй. Цахилагаанд масс гарч шууд шатах үндэслэл байхгүй... Хүнд даацын автомашинд гал хамгаалагч релейн хэсэгт ялтсаар холбогддог бөгөөд шууд холбох ил утас байдаггүй. Тийм ч учраас гал гарахгүй. Ямар нэгэн масс гэмтэл гарсан тохиолдолд гал хамгаалагчийн утас тасарч цааш цахилгаан дамжуулдаггүй юм...” гэх мэдүүлэг /1ХХ161-162/
Гэрч М.Б-ын “... 2013 оноос эхлэн “Алтайн-Хүдэр” ХХК-нд мастер хийж байгаад 2017 оноос эхлэн тээврийн хэлтсийн дарга хийж байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Алтайн-Хүдэр” ХХК-ний жолооч Ц-ын Г нь тээвэрт явж байгаад замын хажуу руу урд чиргүүлээ унагаагаад тээврийн хэрэгслээ шатаасан юм. Тухайн үед би тус компанид тээврийн хэлтсийн ахлах мастер хийдэг байсан. Манай байгууллага тээвэрт яваад ирсэн бүх тээврийн хэрэгсэлдээ үзлэг, шалгалтанд оруулдаг, эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд тухай бүрт нь үзлэг хийсэн хуудас дээрээ тэмдэглэл хийгээд ээлжийн мастердаа өгдөг... Г-ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл бол бүрэн бүтэн байсан. Тухайн байгууллагад тээвэрлэлтэнд явж байгаа тээврийн хэрэгсэл дотроос Ц.Г нь сонгоод, шилээд авсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь 2 чиргүүл, моторын ээлж бүрэн хийгдсэн тээврийн хэрэгсэл байсан... Би тээврийн хэрэгслээ аргалаад тээвэрлэлтэнд яв гэж хэлж байгаагүй, мөн тээврийн хэрэгслээ тооромзны хувьд бүрэн бус техникийн талаар надад Ц.Г нь мэдэгдэж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /2ХХ84-85/
Гэрч Б.Т-ын “... Би тэр үед тээврийн хэлтсийн даргаар ажилладаг байсан ба өдөр шөнийн ээлжинд тус бүр нэг, нэг засварын механикууд байсан ба тэд жолооч нартай хамтраад техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах ажилд гаргадаг байсан. Тухайн үед осолд орж, шатсан Хово маркын тээврийн хэрэгслийг тэр өдөр ажилд гарахад нь шалгасан байх ёстой... Хэрвээ техникийн хувьд бүрэн бус байдал тогтоогдвол тээврийн хэрэгсэл болон жолоочийг ажилд гаргахгүй байх ёстой... Тэр үед манайд сэлбэгийн нөөц тэр тусмаа тоормосны эд ангиудын нөөц хангалттай байсан. Ямар нэгэн асуудал тэр тусмаа тоормосны эд ангийн эвдрэлийн талаар Ц.Г ямар нэгэн асуудал тавьж, надтай уулзаж байгаагүй...” гэх мэдүүлэг /2ХХ86-87/
Гэрч Э.Н-ийн “... Авточирэгч өөрөө 6 барваантай, чиргүүл тус бүр 6 барваантай. Дойлын барваан гэж 4 барваан байдаг. Дойлын барваанд тоормосны ситем байдаггүй. Хөндий барваан байгаагүй. Барваангүй тээврийн хэрэгсэл тоормос барихгүй учир хөдөлгөөнд оролцохгүй... Намайг байх үед хангалт сайтай байсан. Машинд эвдрэл гэмтэл гарах бүрт сэлбэг хэрэгслийг өгч засварлуулдаг... Би Ц.Г-д уг тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөхөөс өмнө 2 удаа Ц.Г-ийг дагалдах жолоочоор авч явсан. Тэгэхэд машины дугуй хагарснаас өөр эвдрэл, гэмтэл гараагүй. Бүрэн бүтэн байсан...” гэх мэдүүлэг /2ХХ90-91/
Шинжээч Ц.А-г дахин байцаасан “... Би осол болсны маргааш нь хэргийн газар дээр биечлэн очиж үзсэн байгаа. Бүхээгний дотроос баруун гар тал хэсгээс эхлэн шатсан гэж дүгнэсэн. Учир нь жолоочийн эсрэг тал буюу баруун гар талд шаталт хүчтэй явагдсан байсан. Энэ нь автомашины металл хэсгүүд илүү хайлж урссан байдлаар тодорхойлогдсон. Автомашины 1-р чиргүүл унаснаар чирэгч толгойг түрсэн учраас цахилгааны утаснууд хавчуулагдан богино холболт үүсч гал гарсан байх магадлалтай байсан. Жолооч явж байх үедээ шатаж эхэлсэн тохиолдолд автомашинаа зогсоох арга хэмжээ авах боломжтой юм. Тийм учраас чиргүүл унасны дараа гал гарсан гэж үзсэн...” гэх мэдүүлэг /1ХХ95/
2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаартай Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, шинжээч Ц.А-ийн “... “Алтайн-Хүдэр” ХХК-ний тээврийн хэлтсийн 00-00 УНЧ улсын дугаартай Хово маркын автомашин нь уурхайгаас 135 км-т Хонхор заг гэдэг газарт замын зүүн гар талын даланг давж, нэгдүгээр чиргүүл унаж, кабины баруун гар талын хэсэгт цахилгааны утсанд богино холболт үүссэний улмаас гал түймэр гарсан байх магадлалтай байна гэж үзлээ ...” гэх шинжээчийн дүгнэлт /1ХХ90-91/
2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 16 дугаартай Онцгой байдлын Ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, хошууч, шинжээч Ч.О-ийн “...1. Хэргийн материалтай танилцаад гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд автомашины цахилгааны утсанд богино холболт үүссэний улмаас гал түймэр гарсан байх магадлалтай байна.
2. Уг гал нь хавтаст хэргийн материалд байгаа фото гэрэл зураг, гэрчийн мэдүүлгээс үзэхэд зам тээврийн осол болсны дараа шатсан байх магадлалтай.
3. Хавтаст хэргийн материал, фото зураг, гэрч, хохирогчийн өгсөн мэдүүлгээс 00-00 УНЧ улсын дугаартай “ХОВО” маркын автомашины гал хаанаас гарсан талаар хариу өгөх боломжгүй.
4. Хавтаст хэргийн материал, фото зураг, гэрч, хохирогчийн өгсөн мэдүүлгээс 00-00 УНЧ улсын дугаартай “ХОВО” маркын автомашинд гарсан Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын улсын байцаагч Ц.А-ийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 тоот акт дүгнэлт үнэдэслэлтэй...” гэх шинжээчийн дахин дүгнэлт /2ХХ160-161/
2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн шинжээч Д.Ж, Б.Т, Б.М нарын “... 1.Эрүүгийн хэргийн материалаар осол нь өдрийн цагаар үйлдэгдсэн байх бөгөөд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг, фото зураг, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч, хохирогч, сэжигтэн нарын мэдүүлэг бусад баримтуудыг шинжлэн судлахад Ц-ын Г нь 00-00 УНЧ улсын дугаартай хүнд даацын ачааны автомашиныг жолоодож хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өөрийн эгнээнд шулуун жигд явуулж чадаагүй, эсрэг урсгалаар хөдөлгөөнд оролцож яваад зорчих хэсгээс буюу замаас гарч, тэгш буш гадаргуу дээгүүр хөдөлгөөнд оролцсоны улмаас автомашинаа онхолдуулсан нь Монгол улсын замын хөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.е дэх хэсэгт “Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах”-ыг хориглоно гэсэн заалт, мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзлээ.
2. Жолооч Ц.Г-н дээрх буруутай үйлдлийн улмаас осол үйлдэгдсэн байх үндэслэлтэй байна.
3. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото болон схем зурагнаас үзэхэд жолооч Ц.Г нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан гэх зүйл илрэхгүй байх тул бусад шаардлагатай арга хэмжээ авсан эсэхийг хэргийн материалыг үндэслэн шүүгч шийдвэрлэхээр байна.
4. Хэргийн газрын үзлэгээр тээрийн хэрэгслийн тоормосны ул мөр илрээгүй байх тул хурдыг тоормосны мөрөөр тодорхойлох боломжгүй байна.
5. Тээврийн хэрэгслийн бүхээг дотор байх ямар эд зүйл юунаас болж ямар хэмжээний гэмтэл учирсан зэргийг нарийвчлан тогтоосны дараа эдгээрийн эвдрэл нь тээврийн хэрэгслийн бусад эд ангиудад нөлөөлөх эсхийг тогтоох боломжтой.
6. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Б.Б-ын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзлээ.
7. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй...” гэх шинжээчийн дахин дүгнэлт /1ХХ176-177/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1ХХ2/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1ХХ20-30/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ31/, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ний Автомашин техникийн үнэлгээний тайлан /1ХХ103-105/, шүүгдэгч Ц.Г-ийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /2ХХ184/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт “их хэмжээний хохирол” гэж 50.000 мянган нэгж буюу түүнээс дээш хэмжээний хохирлыг гэж,мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 1 /нэг/ нэгж нь 1000 /мянга/ төгрөгтэй тэнцүү байна гэж тус тус хуульчилжээ. Үүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол 50.000.000 /тавин сая/ төгрөгнөөс дээш тохиолдолд их хэмжээний хохирол учруулсанд тооцно гэж ойлгох нь зүйтэй. Иймд дээрхи зам тээврийн ослын улмаас “Алтайн Хүдэр” ХХК-д 53.460.000 /тавин гурван сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учирсан тул шүүгдэгч Ц.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялыг шүүгдэгч Ц.Г-д оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1ХХ126/-аар, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь Ц.Г-ийн прокурорт гаргасан хүсэлт /2ХХ184/ зэргээр тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.
Шүүгдэгч Ц.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас “Алтайн-Хүдэр” ХХК-нд 53.460.000 /тавин гурван сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учирснаас “Монгол даатгал” ХХК-иас 46.880.000 /дөчин зургаан сая найман зуун наян мянга/ төгрөгийн хохирлын нөхөн төлбөр олгосон болох нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №МД90-002748 дугаартай Төлбөрийн даалгавар /2ХХ98/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 02385 дугаартай захирамж /2ХХ151-153/ зэргээр тогтоогдож байх тул үлдсэн 6.580.000 /зургаан сая таван зуун наян мянга/ төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-аас гаргуулж, “Алтайн-Хүдэр” ХХК-нд олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Г нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “....цалингаа дутуу авсан...хэд хэдэн тээвэрлэлтийн хөлсийг олгоогүй....эмнэлэгт хэвтсэн листний мөнгийг компаний дансанд орсон гээд нийгмийн даатгал надад өгөөгүй. Эдгээр мөнгүүдийг хохиролд тооцуулан хасууулмаар байна” гэх хүсэлтийг гаргажээ. Гэтэл энэ талаар ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. Харин үүнийг шүүгдэгч хохирогч нар хохирлыг барагдуулах явцдаа тооцоо нийлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Г-ийн хувьд ногдох хөрөнгө болох 00-00 ГАА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг хэвээр үргэлжлүүлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говь Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст автомашиныг шилжүүлж, шүүгдэгч Ц.Г-ийн иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц-ын Г-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Б овогт Ц-ын Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ц-ын Г-д оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийн 185 дугаар зүйл, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ц-ын Г-д хүлээлгэсэн үүргийн биелэлтэнд хяналт тавихыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсвэл санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулж болохыг шүүгдэгч Б овогт Ц-ын Г-д сануулсугай.
6. Гэмт хэргийн улмаас учирсан 53.460.000 /тавин гурван сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирлоос “Монгол даатгал” ХХК-иас 46.880.000 /дөчин зургаан сая найман зуун наян мянга/ төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдаж, үлдсэн хохирол 6.580.000 /зургаан сая таван зуун наян мянга/ төгрөгийн хохирлыг Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ц-ын Г-аас гаргуулж, “Алтайн-Хүдэр” ХХК-нд олгосугай.
7. Шүүгдэгч Б овогт Ц-ын Г-ийн хувьд ногдох 00-00 ГАА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг хэвээр үргэлжлүүлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говь Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст автомашиныг шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б овогт Ц-ын Г-ийн ДМ00000000 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б овогт Ц-ын Г нь цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол Б овогт Ц-ын Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овогт Ц-ын Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА