Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/02

 

 

Н.Б, Т.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ч.Э даргалж, шүүгч Л.Н, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Д.П,

Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Ж.Д,

Шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Б.О,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ш,

Шүүгдэгч Н.Б, Т.Б /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.М-ын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/136 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцэл, шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Б.О-ын гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүхэд Н.Б, Т.Б нарт холбогдох 2116001110090 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О овогтой Н.Б нь Монгол Улсын иргэн, халх, 19 ... оны ... дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ................. багийн ................ - ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ДЮ.................... регистрийн дугаартай,

Ө овогтой Т.Б нь Монгол Улсын иргэн, халх, 19 ... оны ... дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, ......................... ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ............... багийн ............ хороо ............. - ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн ........... -р хороо, ............ -р хороолол .......... хотхоны ..... -р байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ДЮ.............. регистрийн дугаартай,

Шүүгдэгч Н.Б-ын нийтийн албан тушаалтнаар буюу Говь-Алтай аймгийн ....................  даргаар ажиллаж байхдаа байгууллагын дээврийн холбоосны засварын болон бусад засварын ажлын гүйцэтгэгчээр “И” ХХК-ийг сонгон шалгаруулахын тулд Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн ............  Т.Б-той бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/20 дугаартай байгууллагын засварын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тушаалаар үнэлгээний хорооны даргаар Т.Б-ыг, гишүүдээр Биеийн тамир спортын газрын чөлөөт бөхийн дасгалжуулагч Д.А, иргэний төлөөлөл Ц.А нарын бүрэлдэхүүнтэй томилж, үнэлгээний хороо хуралдаагүй байхад 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай “Их цэнхэр” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг тус тус хуурамчаар үйлдэж Н.Б-д хүргүүлж, улмаар Биеийн тамир спортын газрын дарга Н.Б, “Их цэнхэр” ХХК-ийн захирал Я.А нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж тус гэрээний дагуу “Их цэнхэр” ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 20.000.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15.000.000 төгрөгийг нийт 35.000.000 төгрөгийг шилжүүлсэн, гэрээний дагуу шилжүүлсэн 35,000,000 төгрөгөөс Н.Б нь А.Н-ийн 5315............. тоот дансаар 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2.500.000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 500.000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 5.600.000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 16,600.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2020 оны 01 дүгээр сард Улаанбаатар хот руу удирдах ажилтны зөвлөгөөнд оролцох нэрийдлээр тээвэр, шатахууны зардлаас 1.020.000 төгрөгийг, 2020 оны 06 дугаар сард Ховд аймаг руу тэмцээн, уралдаанд оролцох нэрийдлээр 240.250 төгрөг, нийт 1.260.250 төгрөгийн шатахууныг хувийн хэрэгцээндээ зарцуулсан,

2020 онд багаж, техник хэрэгслийн зардалд тавигдсан 8.140.000 төгрөгөөр тус газарт спортын бараа хэрэглэгдэхүүн худалдан авахаар иргэн Ж.Б-тэй 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2020/02 дугаартай бараа нийлүүлэх гэрээг байгуулж, гэрээний дагуу шилжүүлсэн 8.140.000 төгрөгөөс 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “манай газраас шилжүүлсэн барааны мөнгөнөөс 3.140.000 төгрөгийг түр гаргаад өгчих, Эрээнээс бараагаа захих үед чинь буцаагаад өгнө хэмээн иргэн Ж.Б-ээс бэлнээр гаргуулан авсан үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамааруулан, шүүгдэгч Т.Б-ын нийтийн албан тушаалтнаар буюу Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн байхдаа Биеийн тамир спортын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/20 дугаартай тушаалаар тус газрын засварын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа тус аймгийн Биеийн тамир спортын газрын даргаар ажиллаж байсан Н.Б-той бүлэглэн Биеийн тамир спортын газрын дээврийн холбоосны засварын болон бусад засварын ажлын гүйцэтгэгчээр Я.А-гийн “И” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулахын тулд үнэлгээний хороо хуралдаж, шийдвэр гаргаагүй байхад үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдийн 01 дугаартай “И” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг хуурамчаар үйлдэж Биеийн тамир спортын газрын дарга Н.Б-д хүргүүлж, тус газрын дарга Н.Б нь үнэлгээний хороо хуралдаж шийдвэр гаргаагүй гэдгийг мэдсээр байж “Их цэнхэр” ХХК-ийн захирал Я.А-тэй 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу “Их цэнхэр” ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 20.000.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15.000.000 төгрөг нийт 35.000.000 төгрөг шилжүүлж тус компанид давуу байдал бий болгосон үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б, Т.Б нарт холбогдох эрүүгийн 2116001110090 дугаартай хэргээс шүүгдэгч Н.Б-д холбогдох иргэн А.Н-оос 16,600,000 (арван зургаан сая зургаан зуун мянга) төгрөг шилжүүлэн авч, өөртөө давуу байдал бий болгосон, иргэн Ж.Б 3,140,000 (гурван сая нэг зуун дөчин мянга) төгрөг шилжүүлэн авч, өөртөө давуу байдал бий болгосон, байгууллагын шатахууны зардлаас 1,260,250 (нэг сая хоёр зуун жаран мянга хоёр зуун тавь) төгрөг хувьдаа завшсан гэх үйлдлүүдийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О овогт Н.Б, Ө овогт Т.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Т.Б нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тус бүрд 6,000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б, Т.Б нарт тус бүрд оногдуулсан 6,000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд бүрэн биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Б, Т.Б нарт сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, гэмт хэргийн улмаас Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газарт учирсан 35,000,000 (гучин таван сая) төгрөгийн хохирлоос 26,124,250 (хорин зургаан сая нэг зуун хорин дөрвөн мянга хоёр зуун тавь) төгрөгийг иргэний хариуцагч Я.А-гээс /Их цэнхэр” ХХК/ гаргуулан хохирогч Говь-Алтай аймгийн “Биеийн тамир спортын газар”-т олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Ж.Д-ийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 7 (долоо) хуудас баримтыг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 318,000 (гурван зуун арван найман мянга) төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж, Вендо ХХК-д олгож, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шүүгдэгч Н.Б, Т.Б нарт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргээс Н.Б-д холбогдох иргэн А.Н-оос 16,600,000 (арван зургаан сая зургаан зуун мянга) төгрөг шилжүүлэн авч, өөртөө давуу байдал бий болгосон, иргэн Ж.Б 3,140,000 (гурван сая нэг зуун дөчин мянга) төгрөг шилжүүлэн авч, өөртөө давуу байдал бий болгосон, байгууллагын шатахууны зардлаас 1,260,250 (нэг сая хоёр зуун жаран мянга хоёр зуун тавь) төгрөг хувьдаа завшсан гэх үйлдлүүдийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шийтгэх тогтоолыг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүхээс Н.Б-ыг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Я.А захиралтай “Их цэнхэр” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гүйцэтгэлийн тодорхой шалгуургүйгээр 35,000,000 төгрөг шилжүүлж давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцсон. Гэтэл дээрх хууль бус үйлдэл хийсний хариуд засварын ажлыг хийж гүйцэтгэхэд оролцсон А.Н-ийн дансаар 16,600,000 төгрөг шилжүүлэн авсан үйлдлийг хэрэгсэхгүй болгожээ.

Н.Б нь “Их-цэнхэр” ХХК-ийн аймгийн Биеийн тамир спортын газрын засварын ажлыг хийж гүйцэтгэхэд оролцсон А.Н-той төрөл садангийн холбоотой, үнэлгээний хорооны даргаар ажилласан Т.Б нь “Их-Цэнхэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.А, барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн гэх А.Н нартай нэг ангийн найзууд болох нь Я.А-гийн мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудаар нотлогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Н.Б нь уг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулахдаа огноо, дугаар ижилхэн боловч ажлын хэсгийн гишүүд өөр буюу ажлын хэсгийн ахлагчаар Ц.З, нарийн бичгийн дарга М.Г, гишүүд Д.А, А.М, Д.Х нарыг багтаасан ажлын хэсэг байгуулсан боловч үнэлгээний хороонд орсон гишүүд дээрх үнэлгээний хороонд орж ажиллаагүй, уг ажлын хэсэг нь огт хуралдаагүй бөгөөд Н.Б нь ажлын хэсгийн гишүүдийг сольж шинээр Т.Б-ыг даргаар нь томилсон.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Н.Б нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор үнэлгээний хорооны даргаар Т.Б-ыг томилж, улмаар өөрсдийн хамаарал бүхий хүний үйл ажиллагааг нь явуулдаг “Их-цэнхэр” ХХК-ийг шалгаруулсан үйл баримт тогтоогдсон байхад дээрх үйлдлээс гүйцэтгэлийн тодорхой шалгуургүйгээр гэрээ байгуулж давуу байдал бий болгосон үйлдэлд нь гэм буруутайд тооцож, харин засварын ажлын хөлснөөс нийт 16,600,000 төгрөг авч өөртөө давуу байдал бий болгосон үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэхээр байна.

Захиалагч Н.Б нь гэрээ байгуулсан гүйцэтгэгч компани болох “Их-цэнхэр” ХХК-ийн үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэсэн өөрийн хамаарал бүхий хүнээс гэрээ байгуулсны дараа 16,600,000 төгрөг авсан үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6. “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчсөн бөгөөд албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангадаг.

Албан тушаалын гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг бөгөөд тогтоогдсон үйл баримт, хохирол, хор уршигт шалтгаант холбоо байгаа эсэхэд дүгнэлт хийж, хэргийн бодит байдлыг тогтоодог онцлог гэмт хэрэг.Гэтэл Н.Б нь үнэлгээний хороо хуралдаагүй гэдгийг мэдсээр байж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй компанитай гэрээ байгуулсан, улмаар уг компанийн ажилтнаас мөнгө авсан үйл баримт тогтоогдсон байхад хөдөлбөргүй нотлохуйц баримтууд банкин дахь дансны хуулганаас өөрөөр хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт юм.

Мөн Н.Б, А.Н нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсч байсан талаарх хууль ёсны нотлох баримт цуглараагүй болохыг дурдах нь зүйтэй. Түүнчлэн Н.Б нь барилгын засварын ажлыг Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг барилгын дэлгүүрүүдээс бүтээгдэхүүн авч, байгууллагын ажилтнуудаар хийлгэсэн нь дээрх нөхцөл байдлыг давхар нотолж байна. Өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно. Үүнээс үзэхэд гэрээ байгуулсны хариуд уг компанийн ажлыг хийж гүйцэтгэж байсан өөрийн хамаарал бүхий хүнээс мөнгө шилжүүлэн авч эдийн ашигтай байдал бий болгосон үйлдэл нь Н.Б-ын өөртөө давуу байдал бий болгосон үйлдлийн шинжийг тодотгоод байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

 

2. Н.Б нь албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2020 оны 01 дүгээр сард Улаанбаатар хот руу удирдах ажилтны зөвлөгөөнд оролцох нэрийдлээр тээвэр, шатахууны зардлаас 1.020.000 төгрөгийг, мөн 2020 оны 06 дугаар сард Ховд аймаг руу тэмцээн, уралдаанд оролцох нэрийдлээр 240.250 төгрөг нийт 1.260.250 төгрөгийн шатахууныг хувийн хэрэгцээндээ зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон үйлдлийг Төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, хууль, дүрэм, журмаар тогтоосон албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зохих ёсоор биелүүлээгүй, мэргэжлийн, сахилга, ёс зүйн, хөдөлмөрийн, хайнга хандсан гэх мэт шинжтэй зөрчил бүрийг гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд тухайн албан тушаалтны нийгэмд аюултай үйлдэл нь Эрүүгийн хуульд заагдсан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа нь тогтоогдсон тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцдог гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ.

Төсвийн шууд захирагч Н.Б нь Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” үүрэгтэй бөгөөд байгууллагын тээвэр, шатахууны зардлаас Улаанбаатар хот руу удирдах ажилтны зөвлөгөөнд оролцох нэрийдлээр тээвэр, шатахууны зардлаас 1.020.000 төгрөгийг, мөн 2020 оны 06 дугаар сард Ховд аймаг руу тэмцээн, уралдаанд оролцох нэрийдлээр 240.250 төгрөг нийт 1.260.250 төгрөгийг гаргуулан авсан болох нь нотлогдсон.

Дээрх цаг хугацаанд Улаанбаатар хотод удирдах ажилтны зөвлөгөөн болон Ховд аймагт тэмцээн уралдаан болоогүй болох нь гэрч Ч.Т-ийн мэдүүлэг, Биеийн тамир спортын газрын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад байгууллагын 1,260,250 төгрөгийг Н.Б нь гаргуулан авч ашигласан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш-ийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд зардал хооронд шилжүүлж байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан талаарх баримт цуглараагүй юм.

Гэтэл анхан шатны шүүх 1,260,250 төгрөгийг машинтай холбоотой зардлууд байгууллагад тусгагдаагүйгээс зардал хооронд шилжүүлэн ашигласан байж болох бөгөөд энэ талаарх санхүүгийн баримтуудыг дутуу эсвэл зохих ёсоор бүрдүүлээгүйгээс аудитын байгууллагаас акт тавигдсан гэж таамаглалд үндэслэсэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх... нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэснийг зөрчиж нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлж чадаагүй гэж үзэхээр байна.

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлд хамаарах бөгөөд зардал хооронд шилжүүлсэн, байгууллагын автомашиныг дээрх мөнгөнөөс зарцуулсан гэх нотлох баримт байхгүй болохыг дахин дурдах нь зүйтэй байна.

Албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгууллагын төсвийн хөрөнгөөс өөртөө авч ашигласан үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэхээр байна.

 

3. Шүүхээс Н.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2020 онд багаж, техник хэрэгслийн зардалд тавигдсан 8.140.000 төгрөгөөр тус газарт спортын бараа хэрэглэгдэхүүн худалдан авахаар иргэн Ж.Б-тэй 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2020/02 дугаартай бараа нийлүүлэх гэрээг байгуулж, гэрээний дагуу шилжүүлсэн 8.140.000 төгрөгнөөс 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “манай газраас шилжүүлсэн барааны мөнгөнөөс 3.140.000 төгрөгийг түр гаргаад өгчих, Эрээнээс бараагаа захих үед чинь буцаагаад өгнө хэмээн иргэн Ж.Б бэлнээр гаргуулан авч өөртөө давуу байдал бий болгосон үйлдлийг Н.Б нь гэрээг байгуулсны төлөө шан харамж болгон авсан гэж үзэх нотлох баримтууд хэрэгт цуглараагүй гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Б-ийн “...2020 оны 06 сард Н.Б дарга манай дэлгүүр дээр орж ирж уулзахдаа “манай Биеийн тамир спортын газар 8.140.000 төгрөгөөр спортын хэрэгсэл, бараа авах” гэж байгаа, танай дэлгүүртэй гэрээ байгуулж болох уу гэхээр нь тэгье тэгье, барааг чинь нийлүүлж өгч болно гэсэн... Ингээд маргааш өдөр нь байхаа Б дарга над руу утсаар яриад “хоёулаа гэрээгээ байгуулъя, манай өрөөнд ороод ирээч” гэхээр нь би Б-ын албан өрөөнд нь явж ороход 2020 оны 06 сарын 10-ны өдрийн гэрээ бэлдчихсэн байсан юм. Тэгээд гэрээтэй танилцаад гарын үсэг зурсан. /Энэхүү гэрээ 06 сарын 10-ны өдөр байгуулагдаагүй бөгөөд огноо нь гэрээн дээр тэгж бичигдсэн, гэрээ байгуулсан цаг хугацаа бол 2020 оны 07 сарын 02, 03-ны өдөр байх ёстой/. Тэгээд гэрээ байгуулснаас хойш 2, 3 хоногийн дараа миний 5315029416 тоот дансанд 2020-07-06-ны өдөр 8.140.000 төгрөг шилжигдэн орсон...Тэгснээ данс руу чинь манайхаас шилжигдэж орсон 8.140.000 төгрөгөөс 3.140.000 төгрөгийг надад бэлнээр гаргаад өгөөч, Улаанбаатар хот руу ажил хөөцөлдөх гэсэн чинь мөнгө, цаасны хэрэгцээ гараад байна гэсэн. Тэгж хэлэхээр нь миний данс руу шилжигдэж орсон 8.140.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг аваад үлдсэн 1 сая төгрөгийг гэртээ байсан бэлэн мөнгөнөөс бүрдүүлээд ямар ч байсан 3.140.000 төгрөгийг бүрдүүлээд Бямбацогт дарга луу утсаар яриад “та ажил дээрээ байна уу, нөгөө 3.140.000 төгрөгийг чинь өгөх гэсэн юмаа” гэсэн чинь ах нь ажлаасаа гараад холбооны үүдэнд зогсож байна, энд хүрээд ирээч гэхээр нь явж очоод нөгөө 3.140.000 төгрөгийг бэлнээр түүнд өгсөн юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-64, 66-67-р тал/;

Ж.Б-ийн Хаан банк ХХК дахь 5315029416 тоот дансны хуулганд хийсэн “...2020-07-06-ны өдрийн 12:00 цагт гүйлгээний БТСГ-с материалын зардалд гэсэн утгаар 8.140.000 төгрөг шилжигдэн орж ирсэн байна. 2020-07-06-ны өдрийн 16:28 цагт 2.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн...” үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 72-р тал/ зэрэг нотлох баримтууд цугларсан.

Дээрхээс үзэхэд Н.Б, Ж.Б нарын хооронд гэрээ байгуулагдаж, гэрээний үнэ Ж.Б-т шилжиж орж улмаар Н.Б нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр уг мөнгөнөөс 3,140,000 төгрөгийг бэлнээр авсан үйл баримт нь тогтоогдсон бөгөөд Н.Б нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6. “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг зөрчиж 3,140,000 төгрөгийг өөртөө авчээ.

Уг мөнгийг Н.Б нь “манай газраас шилжүүлсэн барааны мөнгөнөөс 3.140.000 төгрөгийг түр гаргаад өгчих” гэж хэлж авсан болох нь Ж.Б-ийн мэдүүлгээр нотлогдсон. Н.Б, Ж.Б нарын хооронд зээлийн харилцаа үүсээгүй, Н.Б нь дээрх төлбөрийг мөнгийг буцааж өгөөгүй болно.

Албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан буюу гэрээ байгуулсан иргэнээс гэрээний мөнгө шилжсэн өдөр 3,140,000 төгрөг гаргуулан авсан үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Дээрх байдлуудаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхойгүй, эргэлзээтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагад нийцээгүй байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Н.Б-д холбогдуулан үйлдэж шилжүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 76 дугаартай яллах дүгнэлтэд заасан үйлдлүүдийг “...Н.Бын дээрх үйлдлүүд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинж болох өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон шинжийг хангахгүй байна...”1, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарна гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэнийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэлээ” 2 гэж тус тус үзэн түүнд холбогдох үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү үндэслэл нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон гэж үзэж байна.

 

Гэвч анхан шатны шүүх нь дээр дурдсан яллах дүгнэлтэнд дурдагдсан хэргийн нөхцөл байдлыг “...Н.Б-ын дээрх үйлдлүүд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинж болох өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон шинжийг хангахгүй байна...”, “гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэлээ” гэж түүнд холбогдох үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэх заалтыг ноцтой зөрчиж, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнээс хальж, хэргийн жинхэнэ нөхцөл байдлыг гуйвуулан өөрөөр дүгнэн тайлбарлаж шүүгдэгч Н.Быг “2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний хариуцагч Я.А захиралтай “Их цэнхэр” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гүйцэтгэлийн тодорхой шалгуургүйгээр 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 20.000.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15.000.000 төгрөг, нийт 35.000.000 төгрөгийн гүйлгээ хийж давуу байдал бий болгосны улмаас Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газарт 35.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” байна гэж үзэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй, дээрх дүгнэлт нь хэргийн жинхэнэ нөхцөл байдалтай нийцээгүй бөгөөд хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

 

Өөрөөр хэлбэл шүүх нь аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг бөгөөд албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн нийтлэг шинж болдог.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хэргийн жинхэнэ нөхцөл байдлыг дүгнэхэд “шүүгдэгч Н.Б нь Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байхдаа тус газрын дээврийн холбоосны засварын болон бусад засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/20 дугаартай засварын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тушаалыг гаргаж, Т.Б даргатай үнэлгээний хороо байгуулсан байна. 2019 оны 05 дугаар сард Т.Б даргатай үнэлгээний хорооноос “хамгийн сайн" үнэлгээ авсан “Их цэнхэр” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж-ийг ирүүлсэн /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “...Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ....”, 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь хэсэгт “...техникийн болон бусад нөхцөл шаардлагыг хангаж байгаа хамгийн бага үнэ санал болгосон тендерт оролцогчид энэ хуулийн 29.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох...” гэж заасан/-ий дагуу шүүгдэгч Н.Б нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 “...Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна...”, 46 дугаар зүйлийн 46.1.3 “...үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах...” гэж тус тус заасны дагуу 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр үнэлгээний хорооноос ирүүлсэн дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд “Их цэнхэр” ХХК-ны захирал Я.Атэй “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний дагуу холбогдох санхүүжилт хийгдэж, түүний үр дүнд засварын ажил бүрэн хийгдэж дууссан, гүйцэтгэлийн материал нь иргэний хариуцагч “Их цэнхэр” ХХК-д байгаа бөгөөд ажил хүлээлцэх асуудал нь одоо Н.Б-той ямар нэгэн байдлаар огт хамааралгүй юм. Хэргийн жинхэнэ нөхцөл байдалд нь дээр дурдсанаар байхад “Их цэнхэр” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гүйцэтгэлийн тодорхой шалгуургүйгээр ...нийт 35.000.000 төгрөгийн гүйлгээ хийж “Их Цэнхэр” ХХК-д давуу байдал бий болгож, Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газарт 35.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1-1-т заасан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийг онолын хүрээнд хуулийг өөрөөр буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна гэж үзэж байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендер гүйцэтгэх шаардлага, шалгуурыг хангаж байгаа эсэхийг “Үнэлгээний хороо” шалгах бөгөөд материал ирүүлсэн гүйцэтгэгч нараас болзол шаардлагыг хангасан иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, захиалагчид гэрээ байгуулах эрх олгох дүгнэлтийг хүргүүлдэг. Захиалагч үнэлгээний хорооноос ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэгч иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, холбогдох гүйлгээг хийх зөвшөөрлийг олгодог юм. Шүүгдэгч Н.Б-ын тухайд түүний байгуулсан үнэлгээний хороо хэрхэн хуралдсан, түүнээс шийдвэр гаргах ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн, оролцсон гэж үзэх нөхцөл байдал огт тогтоогдоогүй бөгөөд энэ талаар хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй. Тиймээс хэргийн жинхэнэ нөхцөл байдлыг тодруулан үзвэл шүүгдэгч Н.Б-ын “Үнэлгээний хороо"-ноос ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, төслийн гүйлгээг хийлгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэг, 22 дугаар зүйлийн 22.1-1-т заасан гэмт хэргийн үндсэн шинж болох обьектив болоод субьектив шинжийг хангахгүй бөгөөд шүүгдэгчийн хуулийн хүрээнд ажил албан үүргээ гүйцэтгэсэн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн яллаж байгаа нь хууль дээдлэх, шударга ёсны зарчмыг алдагдуулж байгаа учир Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/136 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.Быг цагаатгаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б, Т.Б нарт холбогдох эрүүгийн 2116001110090 дугаартай хэргээс шүүгдэгч Н.Б-д холбогдох иргэн А.Н-оос 16,600,000 (арван зургаан сая зургаан зуун мянга) төгрөг шилжүүлэн авч, өөртөө давуу байдал бий болгосон, иргэн Ж.Б 3,140,000 (гурван сая нэг зуун дөчин мянга) төгрөг шилжүүлэн авч, өөртөө давуу байдал бий болгосон, байгууллагын шатахууны зардлаас 1,260,250 (нэг сая хоёр зуун жаран мянга хоёр зуун тавь) төгрөг хувьдаа завшсан гэх үйлдлүүдийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

1. Шүүхээс Н.Б-ыг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Я.А захиралтай “И” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гүйцэтгэлийн тодорхой шалгуургүйгээр 35,000,000 төгрөг шилжүүлж давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцсон.

Гэтэл дээрх хууль бус үйлдэл хийсний хариуд засварын ажлыг хийж гүйцэтгэхэд оролцсон А.Н-ийн дансаар 16,600,000 төгрөг шилжүүлэн авсан үйлдлийг хэрэгсэхгүй болгожээ.

 

1-р хавтаст хэргийн 27 дугаар талд авагдсан баримтаар “И” ХХК нь дээврийн засвар, гадна 4 хаалга солих, урсдаг дэлгэц солих шал будах ажлыг хийж гүйцэтгэхээр байжээ. Дээрх ажлын дээврийн засварыг Ч.Б, хаалгыг Х.О сольж, шалыг аймгийн Биеийн тамир спортын хорооны ажилчид өөрсдөө буджээ.

3-р хавтаст хэргийн 196-198 дахь талд “И” ХХК-ний захирал Я.А өгсөн мэдүүлэгтээ: Найз Н аймгийн Биеийн тамир спортын хорооны засварын ажил хийх үү гэхээр нь бичиг баримтаа өгсөн. Н тухайн ажлыг хариуцан хийсэн, би түүнийг чи өөрөө зохицуулаад хийгээрэй гэсэн. Миний тооцоогоор 20 орчим сая төгрөгийг бараа материал, ажлын хөлс, цалинд зарцуулсан гэжээ.

Эндээс үзэхэд тендер зарласан 35 сая төгрөгнөөс  тухайн ажилд зарцуулсан мөнгөн дүн 20 сая, 15 орчим сая төгрөг зарцуулагдаагүй үлдэхээр мэдүүлжээ.

Хэргийг шийдвэрлэхэд “Их Цэнхэр” ХХК-ний хийх ёстой байсан бусдаар хийлгүүлсэн гэх ажил чанарын шаардлага хангасан эсэх нь хэрэгт ач холбогдолтой байна.

Хохирогч байгууллага болон мэргэжлийн байгууллагаас хийгдсэн дээрх ажлуудыг чанар стандартад нийцсэн эсэх талаарх байр суурь үнэлэлт шаардлагатай. Чанарын шаардлага хангасан ажил нь хохирлоос хасагдаж тооцогдох, чанаргүй бараа, ажил үйлчилгээнийхээ холбогдох зардлыг тухайн “Их Цэнхэр” ХХК хариуцахаар байна. Үүнээс шалтгаалан 16,600,000 төгрөг авч өөртөө давуу байдал бий болгосон эсэх нь болон гэмт хэргийн улмаас учирсан, хохирлын хэмжээ тогтоогдохоор байна.

           Н.Б нь барилгын засварын ажлыг Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг барилгын дэлгүүрүүдээс бүтээгдэхүүн авч, байгууллагын ажилтнуудаар хийлгэсэн гэж мэдүүлсэн байна.

          2. Н.Б нь албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2020 оны 01 дүгээр сард Улаанбаатар хот руу удирдах ажилтны зөвлөгөөнд оролцох нэрийдлээр тээвэр, шатахууны зардлаас 1.020.000 төгрөгийг, мөн 2020 оны 06 дугаар сард Ховд аймаг руу тэмцээн, уралдаанд оролцох нэрийдлээр 240.250 төгрөг нийт 1.260.250 төгрөгийн шатахууныг хувийн хэрэгцээндээ зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон үйлдлийг Төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, хууль, дүрэм, журмаар тогтоосон албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зохих ёсоор биелүүлээгүй, мэргэжлийн, сахилга, ёс зүйн, хөдөлмөрийн, хайнга хандсан гэх мэт шинжтэй зөрчил эсэхийг тогтоож тухайн албан тушаалтны үйлдэл нь Эрүүгийн хуульд заагдсан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа нь тогтоогдсон тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцдог гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ.

           Анхан шатны шүүх энэхүү үйлдлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заагаагүй, албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зохих ёсоор биелүүлээгүй, мэргэжлийн, сахилга, ёс зүйн, хөдөлмөрийн, хайнга хандсан гэх мэт шинжтэй зөрчил гэж дүгнэсэн ба чухам аль зөрчил нь ямар шинжээр, яагаад гэмт хэрэг биш болохыг тайлбарлаагүй байна.

Дээрх цаг хугацаанд Улаанбаатар хотод удирдах ажилтны зөвлөгөөн болон Ховд аймагт тэмцээн уралдаан болоогүй болох нь гэрч Ч.Т-ийн мэдүүлэг, Биеийн тамир спортын газрын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаартай албан бичгээр тус тус тогтоогджээ.

 

3. Шүүхээс Н.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2020 онд багаж, техник хэрэгслийн зардалд тавигдсан 8.140.000 төгрөгөөр тус газарт спортын бараа хэрэглэгдэхүүн худалдан авахаар иргэн Ж.Б-тэй 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2020/02 дугаартай бараа нийлүүлэх гэрээг байгуулж, гэрээний дагуу шилжүүлсэн 8.140.000 төгрөгнөөс 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “манай газраас шилжүүлсэн барааны мөнгөнөөс 3.140.000 төгрөгийг түр гаргаад өгчих, Эрээнээс бараагаа захих үед чинь буцаагаад өгнө хэмээн иргэн Ж.Б бэлнээр гаргуулан авч өөртөө давуу байдал бий болгосон үйлдлийг Н.Б нь гэрээг байгуулсны төлөө шан харамж болгон авсан гэж үзэх нотлох баримтууд хэрэгт цуглараагүй гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ.

Н.Б нь “манай газраас шилжүүлсэн барааны мөнгөнөөс 3.140.000 төгрөгийг түр гаргаад өгчих” гэж хэлж авсан гэж Ж.Б мэдүүлжээ. 1 дүгээр хавтаст хэргийн 13 дахь талд авагдсан баримтаар Ж.Б нь Н.Б-ын авсан 3.140.000 төгрөгийг төлж, хариуцахгүй талаар тус аймгийн Биеийн тамир спортын газарт өргөдөл гаргажээ.

 

Нийтийн албан тушаалтан төсвийн 3.140.000 төгрөгийг бараа, материал худалдан авахаар шилжүүлчихээд, зориулалтын дагуу уг мөнгө зарцуулагдахгүй өөртөө авч буй үйлдлийг хэрхэн зээлийн гэрээ гэж тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Төсвийн тухай хуулиар төсөвт хөрөнгө нь татвар төлөгчдийн хөрөнгө, нийтийн өмч ба зориулалтын дагуу зарцуулагдах хуультай бөгөөд иргэд хоорондын зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгө нь иргэдийн өмч байдгаараа ялгаатай байна.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/136 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Н.Б, Т.Б нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.Э

                      ШҮҮГЧИД                             Л.Н

                                                                        Ш.Б