Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2016/00892

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Н.Ө нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.У  холбогдох

Зээлийн төлбөр 4.000.000 төгрөг, хүү 1.240.000 төгрөг, алданги 78.600 төгрөг, нийт 5.318.600 /таван сая гурван зуун арван найман мянга зургаан зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 155/2016/00883/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ө  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 11 сарын 19-ний өдөр Н.У нь 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг 7 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн барьцаанд Х** улсын дугаартай Пирус маркын мөнгөлөг өнгөтэй суудлын машиныг барьцаалж зээлж авсан. Тухайн үед уг машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, эзэмшлийг миний нэр дээр шилжүүлж бид зээлийн гэрээ байгуулж зээлийн хүү алдангийг сайн дурын үндсэн дээр тохирцгоож гэрээ байгуулсан. Н.У нь үйлчилгээний газар нээж ажиллуулах гээд, тухайн газраа тохижуулах шаардлагатай байна гэхээр нь би түүнд итгээд банкнаас зээлж авсан байсан мөнгөө өгч зээлсэн юм. Гэвч Ууганцэцэг нь цаг хугацаандаа гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй, цаг хугацаа хэтрүүлж мөнгөө нэхэхээр өгнө гэдэг боловч өгөхгүй байна. Ууганцэцэг нь эхний 3 сарын хүү нийт 840.000 төгрөг өгөх ёстойгоос 720.000 төгрөгийг өгч 120.000 төгрөгийг дутуу өгсөн бөгөөд 4 сарын хүүг өгөөгүй. Гэрээний хугацаа хэтрээд 3 хоног өнгөрч байна. Иймд Н.У ээс үндсэн зээлийн төлбөр 4.000.000 төгрөг, хүү 1.240.000 төгрөг, алданги 78.600 төгрөг, нийт 5.318.600 /таван сая гурван зуун арван найман мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хүсч нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Н.У , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н нар шүүхэд гаргасан тайлбартаа: Х аймгийн М сумын 3 дугаар багийн 1-01 тоотод оршин суух Н.Ө аас 2015 оны 11 сарын 19-ний өдөр Х аймгийн М сумын 2 дугаар багийн 13-12 тоотод оршин суух, Нэргүйн Ууганцэцэг би 4.000.000 төгрөгийг 7 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний барьцаанд Х** улсын дугаартай Пирус маркын мөнгөлөг өнгөтэй суудлын машинаа барьцаалсан. Тухайн үед уг машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг Н.Ө ы нэр дээр шилжүүлж бид зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн хүү, алдангийг сайн дурын үндсэн дээр тохирцгоож гэрээ байгуулсан. Н.У би үйлчилгээний газар нээж ажиллуулахаар болж 4.000.000 төгрөг техник хэрэгсэл, тохижилтонд зориулсан. Ингээд хүү 3 сарын 720.000 төгрөг өгсөн. Сүүлийн 4 сарын мөнгийг цаг хугацаанд нь төлөх ёстой байсан боловч гэнэт миний нөхрийн бие муудаж, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд ор гэсэн, эмчилгээний зардал 120.000.000 төгрөгийг цуглуулах шаардлагатай болсон. Ингээд бид бүхэнд маш их хүнд байна. Нөхөр маань биеийн байдал тааруу, байнгын сахиуртай байдаг. Иймд нэхэмжлэл гаргасан Н.Ө ы хариуцагчаар миний бие оролцож чадахгүй байгаа тул намайг төлөөлж миний ээж С.Н итгэмжлэлээр оролцож байгаа. Иймд 5.318.600 /таван сая гурван зуун арван найман мянга зургаан зуу/ төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ө  нь хариуцагч Н.У т холбогдуулан зээлийн төлбөр 4.000.000 төгрөг, хүү 1.240.000 төгрөг, алданги 78.600 төгрөг, нийт 5.318.600 /таван сая гурван зуун арван найман мянга зургаан зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.У , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 5.318.600 /таван сая гурван зуун арван найман мянга зургаан зуу/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлөх 100.048 төгрөгийн тал хувь болох 50.024 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Н.У ээс улсын тэмдэгтийн хураамж 50.024 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ө д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Ө аас зээлийн төлбөр 4.000.000 төгрөг, хүү 1.240.000 төгрөг, алданги 78.600 төгрөг, нийт 5.318.600 /таван сая гурван зуун арван найман мянга зургаан зуу/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Н.У  хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 50.024 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Н.У ээс улсын тэмдэгтийн хураамж 50.024 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА