Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/08

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх

улсын яллагч Э.Нямбилэгт,

хохирогч Н.О,

шүүгдэгч А.М түүний өмгөөлөгч С.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уут А.М-д холбогдох эрүүгийн 1717000690046 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд 1982 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Их Ундрага” ХХК-нд туслах ажилтан, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг,  Малхын гудамж ........... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх А.М /РД:............./

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч А.М нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан-Усны 2-14 тоотод гэр бүлийн харилцаатай байсан Н.О-ийн толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч А.М нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан-Усны 2-14 тоотод гэр бүлийн харилцаатай байсан хохирогч Н.О-тэй маргалдан, улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Н. нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан усны гудамжны хажуугаар хүүхдээ бариад явж байхад нь би нүүрс авах гээд одоо амьдарч байгаа Б гэх эхнэртэйгээ цуг явж байгаад  Н.О-эй таарсан. Тэгээд би Н.О-ийг чи гадуур юу яриад яваад байгаан учир зүйгээ олъё гэж хэлэхэд гэрт очоод учраа олъё гэж хэлсэн. Н.О нь гэр лүүгээ ороод чиний ярьсан дугаар чинь энэ байна гэж харуулсан. Тэгээд би утсаа өгчих ярьсан дугаараа харая гэж хэлээд баруун мөрнөөс нь бариад татсан. Тэгэхээс бол надад Н.О-ийг цохиж зодсон зүйл байхгүй. Хажуу талд 3, 4 машинтай хүмүүс зогсож байсан. Б нь Н.О-ийн хашаанд ороод Н.О-ийг 2-3 удаа өшиглөсөн гэв.

 

1.2. Хохирогч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 10 дугаар сарын 19-ний орой 18 цаг 25 минутын үед би эгчийндээ очоод буцаад харих гээд явж байсан. 18 цаг 30 минут болж байхад Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан усны 2 дугаар эгнээний 9-10 дугаар хашааны дунд явж байхад А.М, Б хоёр мотоцикльтой ирээд чи юу яриад байгаа юм гэхээр нь би гэрийн үүдэнд очоод яръя гээд гэрийн үүдэнд очсон. Энэ хоёр хоёулаа их ууртай ирээд Б утсаа гаргаад ир гээд зүүн талын куртикнээс татаад А.М нь мөрнөөс татаад толгой хэсэг рүү хоёр удаа цохисон. Намайг зодоод байхаар нь би худлаа хэлж чиний бичлэг дүүд байгаа гэж хэлээд дүүгийн гэр лүү орсон. Би дүүдээ Б А.М хоёр ирээд миний толгой хэсэг рүү цохисон гэж хэлэхэд манай дүү яасан даварсан хүмүүс вэ? гээд дүү бид хоёр гэрээс буцаж гарч очсон. Тэгтэл эхнэртэйгээ хашаан дотор ороод ирсэн эхнэр нь утасны дугаар харая гээд утас авах гээд байхаар нь би холоос үзүүлсэн. Тухайн үед А.М-ын залгасан дугаар нь бол байсан. 2014 оны 04 дүгээр сарын 25-нд би А.М-ын ажиллаж байсан газар тогоочоор ажилд орсон. Би А.М-тай 2014 оны 06 дугаар сарын сүүлээр танилцсан. Би эмэгтэй хүн учраас танилцаад амьдрах талаар бодож байсан нь үнэн. Бид хоёрын дундаас хүүхэд төрсөн. Тэр хүүхдээ биш гээд байгаа учраас эцэг тогтоолгох шинжилгээнд явна. Би 4 сартай хүүхэдтэй болоод гэрийнхнээсээ нуугаад Улаанбаатар хотод авахуулах гээд явтал бүтээгүй. Тэгээд Б гадуур олон зүйл яриад яваад байхаар нь би эхнэртэй нь хэрэлдсэн. Энэ намайг яагаад зодсон гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгааг би гайхаж байна. Би ойн ангид 2017 оны 10 дугаар сарын 27-нд миний гэрээ дуусаад би 2017 оны 10 дугаар сарын 28 гээд би ажлаасаа гарсан. Би тухайн үед ажлаа хийж чадахгүй 2-3 хоног ажлаа таслаад эмнэлгээр явж зургаа авахуулсан. Бүх зүйлээ хавтаст хэрэгт бүрдүүлээд өгсөн байгаа. Энэ хүнээр амьдарлаа тоглуулчихаад үнэхээр их гомдолтой байгаа. Өнөөдөр эцэггүй хүүхэд төрүүлсэн гээд хүмүүсээр хэлүүлээд явж байна. 2 жил миний амьдарлаар тоглож байна. Бид хоёр бэлгийн харилцаатай байсан үнэн. Би одоо дандаа эм ууж байна. Эхнэр нь зодсон асуудлаас болж Эрдэнэбилэг эмчийн хэлж байгаагаар бараг хөлгүй болох юм шиг байна. Одоо бол удаан зогсож чадахгүй байгаа гэв.

 

1.3. Гэрч Э.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2017 оны 10 дугаар сарын 19-ний орой намайг гэртээ буюу Сүмбэр сумын 2 дугаар баг Цагаан-Усны 2-14 тоотод байхад гаднаас манай эгч Н.О манай гэрт орж ирсэн. Тэгээд Б, М 2 миний гар утсыг авах гээд байна, утас чамд байгаа гээд хэлчихсэн шүү, ямар аймаар юм бэ эд нар чинь намайг цохилоо гээд орж ирсэн. Тэгэхээр нь би яасан даварчихсан юм бэ гээд О эгчтэйгээ цуг гарсан. Тэгээд би М, Б нарыг та нар одоо ямар дураараа юм бэ айлын хашаанд орж ирээд гэсэн чинь Б над руу чамд  хамаагүй ээ, би О-тэй уулзаж гар утсан дээрээс нь юм харах гээд байна гэсэн. Тэгсэн О гар утсаа гаргаж ирээд зайнаас Б рүү энийг хар нөхрийн чинь залгасан он сар өдөр энд байна гэж хэлсэн. Тэгсэн Б О-ийн гар утсыг булааж харах гээд дайраад байсан. Тэгсэн М О-ийг чи яах гэж худлаа ярьдаг юм бэ гээд О-ийг хувцаснаас нь татаад заамдсан. Тэгсэн О М руу гараараа хий цохьсон чинь Б О эгчийн баруун шилбэ рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд би тэд нарыг салгаад О-ийг цаашаа ор гээд хашаа руу түлхсэн. Тэгсэн М О-ийг цохих гэхээр нь би нөхрийнхөө нэрийг Бямбаа гээд дуусан чинь М цохилгүй больчихсон. Тэгээд О бид 2 манай гэрлүү орсон. Манай хашааны гадаа Б М 2 нилээн байж байгаад явсан. Тэр 2-г явсны дараа О манайхаас гараад гэрлүүгээ орсон. О анх гаднаас орж ирэхдээ Мөнхтулга миний толгой руу цохьсон гэж орж ирсэн. Миний хажууд М О-ийг цохиогүй. Хувцаснаас нь заамдаж авсан. Харин Б О-ийн шилбэ рүү өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

 

1.4. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2017 оны 10 дугаар сарын 19-ний орой 18 цаг өнгөрч байхад нөхөр М-тай цуг мотоцикльтай Цагаан-Усны 2-р эгнээнд явж байхад О хүүхдээ аваад явж байсан. Тэгээд бид 2 О-тэй очиж уулзсан. Манай нөхөр М О-т чи юу гэж худлаа яриад хэрүүл маргаан үүсгээд байгаа юм бэ гэхэд О бүгд үнэн миний гар утсан дээр чиний залгасан дугаар бичлэг байгаа гэрт ороод үз гэж хэлсэн. Тэгээд О гэр лүүгээ алхсан. М бид 2 мотоцикльтой болохоор түрүүлж очоод О-н хашааны хаалга орчим хүлээсэн. Уулзсан газраас 2-3 хашааны цаана гэр нь байсан. Тэгээд О хашаандаа ороод дотор талаас нь хаалгаа татаад бид 2-г оруулахгүй байхаар нь гадна талаас нь хүчтэй татаад орсон. Тэгээд О хашаанд байгаа байшин руу ороод гар утас авч гарч ирээд над руу холоос утсаа харуулаад танай нөхөр М над руу 2017 оны 07 дугаар сард залгасан дугаарууд нь энэ байна гэж харуулсан. Тэгэхэд байшингаас О-ийн дүү гэх эмэгтэй гарч ирсэн. Тэр дүү нь дуугүй л хараад зогсоод байсан. Манай нөхрийн 89277475 гэсэн дугаараас О-ийн утас руу залгасан дуулага нь байсан. Мөн манай нөхрийн утас руу О залгасан дугаар нь ч байсан. Тэгээд О гар утсаа бариад намайг янхан банзалаар доромжилсон. Танай нөхөр 2017 оны 07 дугаар сарын 16-ны шөнө манайд ирээд хоноод явсан. Тэр бичлэг нь утсан дээр байгаа гэсэн. Тэгсэн М тэр бичлэгийг чинь харья гээд О-ийн мөр хавиас нь нэг л удаа татсан. Тэгээд О гар утсаа өгөхгүй болохоор нь М надаас түрүүлээд хашаанаас гарсан. О намайг элдвээр доромжлоод миний зүүн гуя руу өшиглөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд О-ийн хий өшиглөсөн, биед нь хүрээгүй. Тэгээд М бид 2 О-ийн хашаанаас явсан. М надтай суухаасаа өмнө О-тэй хамт ажиллаж байсан юм билээ. Тэгээд тэр 2 уулздаг байсан гэж хэн хэн нь надад хэлсэн. Тэгсэн О бага хүүхдээ М-ын хүүхэд гэж ярьсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/

 

1.5. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дүгээр сарын 25-ны өдрийн 386 дугаартай дүгнэлтэд: 

- Н.О-н биед тархи доргилт, толгойн оройгоор зөөлөн эдийн няцрал, баруун өвдгөнд, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт гэмтэл учирчээ.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 44 дүгээр хуудас/

 

1.6. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

 Н.О-ийн биед учирсан тархи доргилт, толгойн оройн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хоорондоо холбоотой буюу толгойн орой хэсэг рүү мохоо зүйл үйлчилснээс тархи доргилт гэмтэл үүсч байгаа юм. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун өвдгөнд учирсан цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, зүүн гуянд учирсан 10х7 см тод хөх өнгөтэй цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар О-ийн биед учирсан тархи доргилт, толгойн оройгоор зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой. Учир нь цус хуралт гэмтлүүд нь захаасаа ногоорч эдгэрч байсан. Харин зүүн гуянд үүссэн тод хөх цус хуралт нь 2017.10.19-нөөс хойш буюу 2017.10.25-ны өдөр үзлэг хийхээс 1-2 хоногийн өмнө үүссэн байсан. Учир нь зүүн гуяны цус хуралт нь шинэ гэмтэл бөгөөд эмзэглэл ихтэй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/

 

1.7. Говьсүмбэр аймгийн Сум дундын ойн ангийн Н.О-н ажиллаж байсан талаарх тодорхойлолт, төлбөрт үйлчилгээний талон, эмнэлгийн магадлагааний хуулбар, амбултороор эмчлүүлэгсдийн картын хуулбар, зарлагын баримт /хх-ийн 14-20 дугаар хуудас/

 

Шүүгдэгч А.М-н өмгөөлөгч С.Ганбат нь гэм буруугийн шүүх хуралдаанд “А.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдоогүй, хохирогч Н.О-тэй гэр бүлийн харилцаатай байгаагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх хүсэлтийг гарсан боловч шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл хохирогч Н.О нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2014 оны 06 сараас “Баяннексүс” ХХК-т ажилд ороод Мөнхтулгатай танилцсан юм. Тэгээд удаагүй гэр бүлийн харьцаанд ороод хоёр гэрээрээ хонож өнжөөд явдаг байсан. 2015 оны 08 сараас Б М явж эхэлсэн байсан. Тэгээд би энэ хоёрын талаар дуулаад М-н 5 сартай хүүхдийг авахуулах гэж хотоор яваад авахуулж чадаагүй 2016 оны 05 сарын 13-ны өдөр хүүхдээ төрүүлсэн. Одоо манай бага хүү О.Цэрэнхүү нь М-ын хүү байгаа юм... /хх-ийн 24-27 дугаар хуудас/” гэх мэдүүлгээр шүүгдэгч А.М нь хохирогч Н.О-тэй гэр бүлийн харилцаатай байсан нь нотлогдон тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгч А.М нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан-Усны 2-14 тоотод гэр бүлийн харилцаатай байсан хохирогч Н.О-ийн толгойн тус газар гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгтэй тохирч байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх шинжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг иш татаж заасан бөгөөд уг зүйлийн 2.8 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэргийг үйлдсэн талаар зохицуулж хуульчилсан байна.

 

Иймд шүүгдэгч А.М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч А.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

2.1. Гэрч О.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би М-ыг 2011 оноос хойш танина, түүнээс хойш найз нөхдийн харилцаа холбоотой явж ирсэн. М нь намайг танилцах үед эхнэр 2 хүүхэдтэй байсан бөгөөд төмрийн үйлдвэрт хэв бэлтгэгч ажилтай байсан. Эхнэрийг нь Үүрийнтуяа гэдэг байсан. 2 хүүхэд нь М дээр үлдсэн. М сүүлд Б гэдэг хүүхэнтэй суугаад одоо дундаасаа 1 нас 9 сартай 1 хүүхэдтэй. Б урд нөхрийнхөө 2 хүүхэдтэй, Ма урд эхнэрийнхээ 2 хүүхэд нийт 5 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Малхын 11 тоотод М-ын гэрт амьдардаг. Одоо М-ын эхнэр ажил хийдэггүй, М-гын цалингаар ам бүл 7-уулаа амьдардаг. Б М 2 албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй бөгөөд М нь урд эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулсан гэж сонсож байсан. Зан байдлын хувьд М эхнэрээсээ салснаас хойш архи уухаа байсан. Найз нөхдийн хооронд бол инээж хөхрөөд л явдаг. Бид нарт элдэв муухай зан ааш гаргаж байгаагүй. Хэрэгт холбогдож байсан гэж би сонсож байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/

 

2.2. Гэрч Ж.Баясгалан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би М-ыг таньдаг болоод 10 гаруй жил болж байна. Найз нөхөд хуурай ах дүүсийн харилцаа холбоотой. М архи уугаад байдаггүй, этгээд муухай ааш зан гаргаад байдаггүй. Хаа нэг ганц нэг л пиво ууна. Архи уухаар бие муутай бөгөөд өөрөө ч ууя гээд явдаггүй. Одоо эхнэр Б 5 хүүхдийн хамт гэртээ амьдардаг. Би М-тай 2017 оны 07 сараас хойш одоог хүртэл жоншин дээр хамт ажиллаж байна. Хүнд илүү үг хэлээд байдаггүй, ажилдаа сайн хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/

 

            2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/

 

Шүүгдэгч А.М нь тохиолдлын  шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Иймд шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

            Шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-аас 404 516 /дөрвөн зуун дөрвөн мянга таван зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.О-т олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2  дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мө нь 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-аас 404 516 /дөрвөн зуун дөрвөн мянга таван зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.О-т олгосугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ