Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/03

 

 

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ч.Э даргалж, шүүгч Б.А, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Б,

Хохирогч Б.Ц, түүний өмгөөлөгч Ж.М,

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ж.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нарыг оролцуулан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.М-ийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/149 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Ц.Б-д холбогдох 2216000000147 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овогтой Ц.Б нь Монгол Улсын иргэн, халх, 19 ... оны ... дугаар сарын ... -ны өдөр төрсөн, 50 настай, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Х ХХК захирал, ...... ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Т сумын төвд амьдардаг, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлж, ялаас чөлөөлж шийдвэрлэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ДЗ.............. регистрийн дугаартай,

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Б сумын .......... гэх газарт ... - ... ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн, мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/...эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж машинд зорчиж явсан Б.Н үнхэлцэг хальсны урагдал, зүрхний хатгагдсан шарх гэмтэл учирч улмаар зүрх чихэлдэж нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж, шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар хохирогч Б.Ц-гийн нэхэмжилсэн 17,396,000 төгрөгийн нэхэмжлэлээс 6,926,500 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 10,469,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн хөлс болох 420,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч Б.Ц-д 6,930,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Ө-т 1,000,000 төгрөгийг төлсөн, энэ хэрэгт цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт ирсэн ... - ... ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Б-д буцаан олгож, жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Б-ы өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Бусдын амь хохирсон байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялыг хөнгөлж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь Ц.Б-ы эрх зүйн байдлыг дордуулж байна. Учир нь Ц.Б-ыг хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж хохирол учируулсан гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц-д хохирол 6.930.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Ө-т хохирлыг төлж барагдуулсан буюу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь хувийн байдлын хувьд ослын улмаас тархиндаа хүндэвтэр гэмтэл авч хагалгаанд орсон, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэргийг харгалзан үзэж ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Ц, түүний өмгөөлөгч Ж.М: Гомдол саналгүй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Гэм буруутайд тооцсон үйл явдал: Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Б сумын ........... гэх газарт ... - ... ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо “Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн, мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/...эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” гэснийг тус тус зөрчсөний улмаас “зам тээврийн осол гаргаж машинд зорчиж явсан Б.Н үнхэлцэг хальсны урагдал, зүрхний хатгагдсан шарх гэмтэл учирч улмаар зүрх чихэлдэж нас барсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан доорхи нотлох баримтаар тогтоогджээ.

 

Нотлох баримтын талаар: Хохирогч Б.Ц-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2022 оны 08 дугаар сарын 10-ны орой 19 цаг өнгөрч байхад миний гар утас руу манай хүргэн Б нь 9616........ дугаараас залгаад аав аваарт орчихлоо. Та нар наашаа яаралтай гарах хэрэг байна гэж хэлсэн. Тэгээд Тайшир сумын Хуримт багийн нутагт байх Хүрэн харгана гэх нэртэй газраас хүргэн Б-ын хамт тухайн осол болсон гэх газар руу гарсан. Би Б-ы эхнэр рүү залгаад юу болсон бэ гэж асуухад эхнэр нь Б ухаангүй байна, ямар газраар явуулчхав аа, манай нөхрийн мэдэхгүй газар байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь манай хүн юу болсон бэ, хаана байна гэхэд эхнэр нь мэдэхгүй гээд утсаа тасалсан. Дахин залгахад Б-ы эхнэр нь бид нар 103-н эмчийг аваад гарлаа гэж хэлсэн. Бид нар тухайн осол болсон гэх газарт шөнийн 02 цагийн орчимд очсон. Тухайн үед цагдаа хэргийн газрыг хамгаалалтад авсан, ойртох боломжгүй гэж хэлсэн. Би тэгээд Бигэрийн дуудлагын машинтай сум руу яваад өглөө 07 цагийн үед осол болсон гэх газарт ирэхэд талийгаачийг тээвэрлээд аваад явсан байсан ба осол болсон гэх газарт машин нь байсан. Бид нар шууд аймгийн төв дээр орж ирсэн. Тэгээд шинжилгээнд орсон. ...Харин талийгаачийн оршуулгын зардалд гарсан зардлыг нэхэмжилнэ. Мөн буян ном хурах, энд тэндээс ирсэн ах, дүүс, хүүхдүүдийн зардлыг нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг (ХХ-ийн 31-32),

 

 Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр үдээс хойш 17 цагийн үед талийгаач Н ах, манай аав бид 3 Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум руу мал угаалгын ажлаар явсан. Явахдаа 54-21 ГАҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр явсан. Манай аав Ц.Б жолоо барьж байсан. Би голд нь суугаад талийгаач миний баруун талд суугаад явж байсан. Тэгээд замдаа явж байгаад Хан-Алтайн даваа өгсөж байтал машин хүч алдаад зогссон, удалгүй араас жийптэй хэдэн залуучууд ирээд манай машиныг гаргаж өгсөн, гаргаж өгөөд тэр залуучууд 2 литрийн савлагаатай том пиво гаргаж ирсэн. Манай аав болон талийгаачид пивонаасаа хийж өгсөн. Тэр 2 амсаж байгаа харагдсан. Тэгээд бид нар цааш хөдлөөд даваа даваад доошоо уруудаад явж байтал манай аав машин тоормозгүй болчихлоо гэж хэлсэн. Би тухайн үед унтаж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь машин унаад өнхөрсөн байдалтай байж байсан. Би сэрээд талийгаачийн хүргэн рүү ярьсан. Тэр хүн “Хан-Алтай” руу дуудлага өгөөд “Хан-Алтай”-н эмч нар ирсэн. Машиныг манай аав Ц.Б жолоодож явсан. Би унтаж байсан болохоор км-ын заалтыг хараагүй. Тухайн өдөр бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, харин нөгөө залуучуудын задалж өгсөн пивонаас амсаж байгаа харагдсан. Миний толгой зүүн талаараа бага зэрэг хагарсан. Өөр бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Аймгийн төв дээр ирээд эмчид үзүүлсэн, гайгүй байна гэхээр нь тоолгүй орхисон. Эмч нь нүдээрээ хараад гайгүй юм байна гэсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (ХХ-ийн 36),

 Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Д-ийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №91 дугаартай “...Ц.Б-ы цусанд шүүх химийн шинжилгээгээр 1,6 промилли спирт илэрлээ. Дээрх спиртийн зүйл нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (ХХ-ийн 59-60),

 Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Д-ийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №33 дугаартай “...Талийгаач нь үнхэлцэг хальсны урагдал, зүрхний хатгагдсан шарх гэмтлийн улмаас зүрх чихэлдэж нас барсан байна. Талийгаачийн цогцсонд хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үед дунд зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт (ХХ-ийн 76-78),

 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт (ХХ-ийн 4-13),

 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 54-21 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (ХХ-ийн 17-19) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт: Шүүгдэгч Ц.Б-ы 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумын Улцангийн даваа гэх газарт 54-21 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гарган машинд зорчиж явсан амь хохирогч Б.Н үнхэлцэг хальсны урагдал, зүрхний хатгагдсан шарх гэмтэл учирч улмаар зүрх чихэлдэж нас барсан үйлдлийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б гэмт хэрэг үйлдэх үедээ “Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн, мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/...эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” гэснийг тус тус зөрчсөн байна.

Ц.Б-ы уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Ц.Б-ы үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаагүй байна.

 

 Ял шийтгэлийн тухайд: Шүүгдэгч Ц.Б-ы үйлдсэн гэмт хэрэгт 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах заалттайгаас шүүх 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан  нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тохирсон, ял хүнддээгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д-ийн гомдлын хувьд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж болно гэж заасан нь шүүхэд эрх олгосон заалт юм. Шүүхээс бусдын амь хохироосон байдлыг харгалзан хорих ялыг хуульд зааснаас багасгаж хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Ц.Б-ы эрх зүйн байдлыг дордуулаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ц.Б-д холбогдох 2216000000147 дугаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/149 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Б-ы анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш буюу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш цагдан хоригдсон нэг хоногийг нь хорих ялын нэг хоногоор тооцож, нийт цагдан хоригдсон 68 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанаас нь хассугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.Э

                         ШҮҮГЧИД                             Б.А

                                                                       Ш.Б