Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2024/00900

 

 

 

 

 

2024 11 12

151/ШШ2024/00900

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А. би,

Нэхэмжлэгч: .Т.Т. ,

/Улаанбаатар хот, . дүүрэг, ... дүгээр хороо, ...  дүгээр хороолол, ХД18а байр, 26 тоот/,

Хариуцагч: .Г.С.

/... аймаг, ... сум, ... дугаар баг, 2-9 тоот/,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Т. нь хариуцагч Г.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие өөрийн эгчийн хүү Г.С-д 2021 онд 10,000,000 төгрөг зээлсэн. Г.С. нь машинаа унагаад осолд ороод өрөнд орчихлоо, яаралтай мөнгө зээлээч гэж гуйсны дагуу өөрийн түүний ХААН банкны ... тоот дансанд 3 удаагийн шилжүүлгээр өгсөн. Г.С. огт зээлээ төлөөгүй бөгөөд утсаа авахгүй алга болсон. Иймд Г.С-аас 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Г.С. хариу тайлбартаа: Миний бие Т.Т-гийн нэхэмжилж буй 10,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Т.Т. нь хариуцагч Г.С-д холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. /хх 1/

3. Хариуцагч Г.С. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбарыг бичгээр илэрхийлсэн. /хх-18/

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар заасан.

5. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.С. нь цаашид маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар бичгээр гаргасныг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн гэж үзнэ.

6 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Т.Т-гийн 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Г.С-ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд шүүхээс нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүй.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,951 төгрөгийн тал хувь 87,476 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 87,476 төгрөгийг, хариуцагч Г.С-аас 87,476 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Т-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

10. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч Т.Т-гийн 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.С. зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,951 төгрөгийн тал хувь 87,476 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 87,476 төгрөгийг, хариуцагч Г.С-аас 87,476 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Т-д олгосугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.А.