| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/00184/И |
| Дугаар | 150/ШШ2024/00196 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 150/ШШ2024/00196
| 2024 оны 11 сарын 13 өдөр | Дугаар 150/ШШ2024/00196 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
** аймгийн **сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, Ерөнхий шүүгч Г.**, шүүгч Г.**нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: **аймгийн **сум, 1 дүгээр баг, 6-30 тоотод оршин суух хаягтай, **овогт ****н/РД:**/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **аймгийн **сум, *** дугаар багт оршин суух хаягтай, ****/РД:**/ холбогдох,
Тариалангийн талбайд мал орсны улмаас учруулсан гэм хорын хохиролд 2,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч **, нэхэмжлэгч **, хариуцагч **, хариуцагчийн өмгөөлөгч **, нарийн бичгийн дарга ** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 07-р сарын 07-ны өдөр **аймгийн **сумын *-р багийн нутаг ** хэмээх газар миний эзэмшлийн 1 га хашаатай тариалангийн талбайд иргэн **ын 300-400 тооны хонь, ямаа орж эртийн ургацын тарьсан байсан лууван, манжин, сонгино зэргийг юу ч үгүй болтол нь тахалж гишгэж иш үндсийг нь идэж сүйтгэсэн. Тус өдөр сумын үнэлгээний комисс ажлын, хэсгийг дуудан газар дээр нь нөхцөл байдалтай танилцуулж үнэлгээ гаргуулсан болно. Иймд сумын Үнэлгээний комиссоос тогтоож өгсөн 2,880,000 төгрөгийн хохирлыг иргэн **оос гаргуулж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Хариуцагч ** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 06 сарын 25-ны өдөр **хүүхдүүдээ малтайгаа аваад тэнд ахынхаа гадаа зусахаар очсон. Манай ахын хэдэн мал над дээр 10 гаруй жил болж байгаа. **сумын** гэдэг газар манай ах ирж зус гээд очсон байсан. Ахын байсан мал бол ** байдаг нутгийн мал. Задгай усан дээр мал ус руугаа өөрөө ордог. Ногооны талбай голын эрэг дээр байдаг. Хашаа, хаалга муутай, хараа хяналтгүй байдаг. Би 06 сарын 25-ны өдөр **асуудлаа шийдүүлчхээд ахынхаа том бандид малаа захичихсан байсан. **дүү намайг ирэхээс өмнө мал оруулаагүй гэж хэлж байсан. Тэрнээс хойш би өөрөө очоод харсан. Намайг очсон үед мал ороогүй. Манай сумын наадам болоход хүүхдүүдээ авч явж наадам үзсэн. Тэр хооронд жижиг хүүхдүүдээ талбай дээр үлдээчхээд малаа талбай руу орчих вий гэж захиад ирээд харсан манай ахын зүүн талын модон дотор байсан. Тэгээд би хүүхдээ халуун наранд наршчихна гээд хүүхдээ унтуулчхаад нэг сэрсэн гадаа машин сигналдаад малаа ав гэхээр нь би харсан. Модонд байсан гэж хэлээд харсан манай малыг модноос гаргаж ирээд туугаад явж байсан. Тэгээд очоод наана чинь тал нь манай мал, тал нь ахын мал гэж хэлсэн ногоон талбай руу орсон гэж байсан. Намайг очоод 6 сард асуудал үүсэж байхад ногоон талбайгаа арчлаагүй хатчихсан байсан. Манжин байсан лууван байсан. Үхэр орчихсон байсан. Би үхэр орсон зургийг нь дарсан. Голын захын айлуудын үхэр жил болгон идээд сурчихсан. Дандаа таньдаг бараг өөрсдийнх нь ч үхэр байж магадгүй. Намайг гаднаас ирчхээд гаднаас мал тууж ирчхээд гэж хэд хэдэн удаа дайрч давшилж байсан. **ахын эхнэр суманд ажилладаг. Сум руу яриад сумынхан ирж намайг гадуурхаад гадны мал тууж ирчхээд гэж байсан. Би ойлгоогүй. Акт тогтоох ямар процесс болдгийг би мэдэхгүй. Уг нь би **сумын хүүхэд. Нутгийн хүмүүс юм чинь ярьж хөөрөөд болчих байлгүй гэж бодож явсан. Тэгсэн цагдаа шүүх дээрээ тулсан. Би талбайд мал орсон гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Орсон байгааг нь ч хараагүй. Харин талбай идэж байсан үхрийн зургийг авч байсан. Өөрсдөд нь ч утасдаж хэлж байсан. Талбайд чинь үхэр орчихсон байна гаргаач гэж хүртэл хэлж байсан. Чи гадны хүн гэдэг байдлаар хандсан. Захиргааныхан ч гэсэн чи **сумын харьяат биз дээ гэдэг байдлаар хандаж байсан. Би уг нь **сумын хүүхэд. Энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай ээж, ах нар ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Дандаа үхэр иддэг талбай гэж бүгд мэддэг юм байна лээ. Үхрээ идүүлдэг айл нь ч мэддэг. Тарьж байгаа айлууд нь ч мэддэг юм байна лээ...” гэв.
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **л нь хариуцагч А.**холбогдуулан тариалангийн талбайд мал орсны улмаас учирсан хохирол 2,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн 300-400 тооны ямаа шар лууван, шар манжин тариалсан талбайд орсны улмаас хохирол учирсан гэж тодорхойлжээ.
Хариуцагч А.**“...нэхэмжлэгч Х.**талбайд манай мал ороогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргана.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Ногоо тарьсан талбайгаа хашаажуулсан боловч бог мал орох боломжтой, сахиул байхгүй, хэний хэдэн мал орсон талаар тодорхой мэдээлэлгүй тул нэхэмжлэгч буруутай гэж үзэж байна. Мөн акт тогтоохдоо малын эм, тамга болон нотолгоогүйгээр нэхэмжлэх нь буруу гэж үзэж байна гэх дүгнэлтийг гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “зохигч, түүний өмгөөлөгч, төлөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг зохигч хүлээхийг тус тус зохицуулсан ба үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн тариалангийн талбайд мал тэжээвэр амьтан орсны улмаас учирсан хохирлыг тооцсон дүгнэлтэд “...иргэн Х.**** байршилтай 4314001924 нэгж талбар бүхий 1 га талбайд шар лууван, шар манжин тариалсан талбайд мал орсон тухай дуудлагыг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч сумын Засаг даргын А/54 тоот “Тариалангийн талбай, өвөлжөөний газрыг малын хөлөөс чөлөөлөх тухай” захирамжийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг болох агрономич К.**, газрын даамал ** нар газар дээр нь очсон. 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр **сумын **тосгоны малчин **ын 400 гаруй хонь, ямаа ногооны хашаатай талбайд орж лууван тарьсан талбайг идэж сүйтгэсэн байсныг хөөж гаргаж эзэнд нь хүлээлгэн өгсөн байсан. Тухайн талбайд очиж үзэхэд луувангийн дээд ишийг юу ч үгүй болтол идэж сүйтгэн 80 хувь буюу 0,8 га талбайг сүйтгэсэн байсныг газар дээр нь очиж дүгнэлт гаргав. /Мал 2-3 удаагийн давтамжтай орсон./
Үүнийг тариалангийн талбайд мал тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлалын дагуу 2,880,000 төгрөгийг хохирол учруулсан болохыг тодорхойлов...” гэжээ. /хх-ийн 5-рт/
Нэхэмжлэгч нь **аймгийн **сумын 1-р багийн нутаг Арын гуу хэмээх газарт 1 га тариалангийн талбай эзэмшдэг гэж нэхэмжлэлдээ дурдсан боловч өөрийн эзэмшил, өмчлөлийн талбай гэдгийг нотлоогүй.
Дээрх дүгнэлтэд малчин **ын 400 гаруй хонь, ямаа талбайд орж, лууван тарьсан талбайг идэж сүйтгэсэн байсныг хөөж гаргаж, эзэнд нь хүлээлгэж өгсөн байсан гэж дурдсан байгаа боловч хариуцагч А.**өмчлөлд хонь, ямаа тоологдсон эсэх, хэдэн тооны мал тоологдсоныг тодорхойлсон баримтыг нэхэмжлэгч нотлоогүйгээс гадна А.**малыг тухайн өдөр өөрт нь хүлээлгэж өгсөн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого зэрэг нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах замаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжтой байхад энэ үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж шүүх дүгнэв.
******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Малчид тариаланчдын үйл ажиллагааны зохицлыг хангах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх хэсэгт “Таримал ургамлын талбайд мал тэжээвэр амьтан орж хохирол учирсан тохиолдолд хохирлыг сумын комисс тухайн таримал ургамал тариалсан эзэн, тарианд орсон мал, тэжээвэр амьтны эздийг байлцуулан тогтоож баталгаажуулна” гэж заажээ.
Дээрх хавсралтад заасанчлан хохирол тогтоох сумын комисс тарианд орсон мал, тэжээвэр амьтны эздийг байлцуулахгүйгээр хохирлыг тогтоосонд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй ч тухайн зөрчлийг шийдвэрт дурдах нь зүйтэй.
Дээрх журмын 4 дэх хэсгийн 4.3 дахь хэсэгт “Таримал ургамал тариаланч таримал ургамал бүхий талбайд мал орж хохирол учруулсан бол орсон малын тоо, зүс, ээмэг, тамга, малын мөр, таримал ургамлыг сүйтгэсэн байдлыг фото зураг, видео камераар баталгаажуулан баримтжуулна” гэж заасан үүргээ биелүүлээгүй.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Ногоо тарьсан талбайгаа хашаажуулсан боловч бог мал орох боломжтой, сахиул байхгүй гэж дурдсан ба Тариалангийн тухай хуулийн 20.1 дүгээр зүйлийн 20.2.1-д “өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах, **аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Малчид тариаланчдын үйл ажиллагааны зохицлыг хангах журам”-ын 4 дэх хэсгийн 4.4-т “тариалан эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага таримал ургамлаа мал, тэжээвэр амьтдаас хамгаалж, хашаа барих, харуул сахиул гаргах замаар байнгын хамгаалалтад байлгана” гэж заасан үүргийг тус тус биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд:
6.1.мал бэлчээсэн;
6.2.оторлосон;
6.3.бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байлгасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус хуульчилсан.
Нэхэмжлэгч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар хуулийн дээрх заалтыг зөрчсөн талаар Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хандаж зөрчлийн хэргийг шалган шийдвэрлүүлсний эцэст гэм хорын хохирлыг иргэний журмаар гаргуулах боломжтой байжээ. Зөрчил шалган шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул дээрх зөрчлийн талаар байгаль орчны хяналтын улсын байцаагчид хандаж шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдаж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч А.**холбогдох гэм хорын хохиролд 2,880,000 төгрөг гаргуулах тухай Х.**нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардаж авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА
ШҮҮГЧИД Г.САРАНТУЯА
Г.ДЭЛГЭРСАЙХАН