Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 01814

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01814

 

 

Н.Дийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01468 дугаар шийдвэртэй, Н.Дийн нэхэмжлэлтэй, Ц.Нд холбогдох гэм хорын хохиролд 3 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Д, хариуцагчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Н нь миний сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг телевизүүдээр хямд гаргаж өгье гэж надаас 2016 оны 05 дугаар сард бэлнээр мөнгө аваад үнийн дүнг нэмсэн хуурамч падаан бидэнд өгч мөнгө залилан авсан. Энэ талаар 2016 оны 07 дугаар сараас цагдаагийн байгууллагад 2 удаа хандсан ба саяхан энэ хэргийг иргэний маргаан гэх үндэслэлээр 2020 оны 01 дүгээр сард хэрэгсэхгүй болгосон. Ц.Н мөнгө авсан үйлдэл, авсан мөнгөний тоо хэмжээ дээр маргаан байхгүй. Харин TB9 телевизэд тушаасан мөнгөний тоо хэмжээн дээр маргасан. Ц.Н ТВ9 телевизэд тушаасан гээд н.Биндэръяа гэдэг хүнд 5 000 000 төгрөг өгсөн өөрийн компанийн баримт надад өгсөн. Надад Ц.Нын компани хүнд мөнгө өгсөн баримт биш ТВ9 телевиз мөнгө авсан баримт хэрэгтэй байсан. Үүнийг ТВ9 телевизэд очиж шалгуулахад н.Биндэръяа 2 000 000 төгрөг тушаасан гэсэн баримт өгсөн. Иймд Ц.Н нь 2 000 000 төгрөг ТВ9 телевизэд тушаачихаад 5 000 000 төгрөг өгсөн мэт хуурамч баримт надад өгч дундаас нь 3 000 000 төгрөгийг залилж авсныг нэхэмжилж байна. Бид ТВ9 телевизтэй 4 удаагийн нэвтрүүлэг нэг бүрийг нь 500 000 төгрөгөөр буюу нийт 2 000 000 төгрөгөөр гаргахаар 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулсан бөгөөд 2 000 000 төгрөгийн нэхэмжлэл бидэнд өгсөн. Ц.Н надад ТВ9 телевизээр 4 удаа нэвтрүүлэг гарсан гэж тайлан гаргаж өгснийг Харилцаа холбооны зохицуулах хороогоор шалгуулахад 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гарсан гэх нэвтрүүлэг гараагүй болох нь Цагдаагийн байгууллагад ирүүлсэн баримтаар нотлогддог. Иймд 4 удаагийн нэвтрүүлэг гаргуулна гээд 2 000 000 төгрөг өгсөн байхад 3 удаагийн нэвтрүүлэг гаргасан тул нэг удаагийн нэвтрүүлгийн хөлс 500 000 төгрөгөө бид эргүүлж авахаар бас нэхэмжилж байна. Тиймээс 3 500 000 төгрөгийг хурдан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны УИХ сонгуулиар 71-р тойрогт нэр дэвшигч Н.Дийн сонгуулийн компанит ажилд, штабд нэр дэвшигчийн хүү Д.Дөлбатын хүсэлтээр ажилласан. Тухайн үед телевизүүдээр нэр дэвшигчийн нэвтрүүлэг, реклам, мэдээг миний удирдаж ажилдаг “Эн Эс Эм Эй” ХХК болон “Лафорте” ХХК /6 жилийн туршлага/-ийн мониторинг, маркетинг, видео студийн багийнхан ажилласан. Миний олон жилийн ажлын туршлага нэр хүндийг ашиглаж телевизүүдээр хямд үнэ, ашигтай байршлуудыг, намуудад ч өгөөгүй цагийг авч энэ хүн ашигласан бөгөөд телевизийн зарласан үнээс 40-50% хямд үнээр байршуулсан байдаг. Нэхэмжлэгчийн яриад байгаа          5 000 000 төгрөгийг би “Лафорте” ХХК-ийн тамгаар баримт үйлдэж хүлээж авсан ба энэ нь гэрээ байгуулаагүй ч хэлцэл, тохиролцоо байсны үндсэн дээр хийгдсэн. Би хэлцлээр тохирсон ажлаа бүрэн гүйцэд хийж гүйцэтгэсэн. ТВ9 телевизээр үндсэн үнийн тариф нь 6/11 хүртэл 1 мин-500 000 төгрөг, 6/11-15 хооронд 800 000 төгрөг, 6/16-21 хооронд 1 000 000 төгрөг, 6/21-27 хооронд 1 200 000 төгрөг гэсэн үнийн санал телевиз нь өгсөн ба үнэ хямдрахгүй гээд манайхтай харилцдаг менежер нь хэлсэн. Нийт үнийн дүнгээрээ 7 000 000 төгрөг болох байсныг ТВ9 телевизийн мэдээний албаны дарга н.Биндэръяа бүх өдрүүдийг хямдруулж 5 сая болгож явуулахаар өгсөн. Сонгуулийн үеэр нэр дэвшигчийн хуулийн багийнхан нь гэрээг нэр дэвшигч өөрөө бүх телевизтэй хийх ёстой гэж байна гээд надаар бүх телевизүүдээр гуйлгаж өөрийн хүүгийн нэр дээр болон Н.Дийн нэр дээр гэрээг хийлгэсэн, мөн үнийн дүнг зардлаас хэтрэх гээд байна гээд хуурамчаар дүнгээ багасгаж бичүүлж гэрээ болон баримт авсан. Нягтлан гэх Оюунтунгалаг нь дүн нь хэтрэх нь дахиад багасга гээд гэрээ баримтыг хэд хэдэн удаа сольсон. Тиймээс энэ хүний баримт болгон өгөөд байгаа гэрээ, мөнгөний баримт нь хуурамч ба энэ хуурамч баримтаараа надаас мөнгө нэхэж байна. ТВ9 телевиз нийт 4 удаагийн мэдээг гаргасан. Гараагүй гээд байгаа мэдээ нь гарсан бөгөөд 6 сарын 12-ны өдөр сонгуульт ажлынхаа нээлтийг тойрогтоо хийсэн ба энэ нээлтэн дээр нь ТВ9 телевизийн мэдээний албанаас сурвалжлагч сэтгүүлч нь өөрсдөө ирж мэдээ авсан. Мэдээ гараагүй гээд байгаа өдрийн бичлэг нь манай мониторингийн компанийн архивт хадгалагдан үлдсэн. Бүх ажлуудаа хийлгэчихээд мөнгө авсан, мөнгө залилсан гээд миний нэр төрийг гутаасан. Энэ хүнээс болж 4 жилийн бизнесийн орлогоо алдсан. Тиймээс Н.Дийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Ц.Наас 3 000 000 /гурван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Дт олгож, үлдсэн 500 000 /таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Дийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Наас улсын тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Дт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Н.Д нэр дэвшигчийн маркетингийн ажлыг хариуцуулан хийлгэхээр түүний хүү Д.Дөлбат 2020 оны 05 дугаар сарын 31-ний үед 5 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ мөнгийг цааш нь зарцуулсан. Гэтэл Д.Дөлбатын өгсөн мөнгийг Н.Дийн нэхэмжилж буй нь хууль бус. Өөрөөр хэлбэл, би Н.Дтэй ямар ч иргэний харилцаанд ороогүй. Харин түүний хүү Д.Дөлбатаас ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд орсныг шүүх үнэн зөвөөр дүгнэсэнгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэх эрхгүй этгээд шүүхэд хандаж иргэний хэрэг үүсгүүлсэн. Д.Дөлбатын надад өгсөн 5 000 000 төгрөгөөс 4 200 000 төгрөгийг ТВ9 телевизийн мэдээний албаны дарга н.Биндэръяагийн “ХААН банк” ХХК-ийн 5495 3900 44 тоот данс руу 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлж, ажлыг нь эхлүүлсэн. “ХААН банк” ХХК-ийн дансны хуулгыг нотлох баримтаар шүүх хуралдааны өмнө бүрэлдэхүүнд гаргаж өгсөн. 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ТВ9 телевизийн мэдээний албаны дарга н.Биндэръяа над руу холбогдож “танай эхлүүлсэн ажлын төсөв өмнө өгсөн мөнгөнд чинь хүрэхгүй байна, нэмж 2 000 000 төгрөг төлөх хэрэгтэй” гэж хэлсэн. Би тэр даруй өөр зүйлд төсөвлөсөн Д.Дөлбатын надад өгсөн мөнгөнөөс түүний дээрх дансанд 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ гүйлгээний хуулгыг мөн шүүх хуралдааны өмнө баримтаар гаргаж өгсөн. Би нийтдээ нэр дэвшигч Н.Дийн ТВ9 телевизийн сурталчилгааны ажилд зарцуул гэж надад өгсөн 5 000 000 төгрөг дээр өөр зүйлд төсөвлөсөн 1 200 000 төгрөгийг нэмж төлсөн. Анхан шатны шүүх бүрэлдэхүүн энэ 2 000 000 төгрөгийг баримтыг хуурамчаар үйлдэгдсэн эсэхийг гэрчээс асуух боломжтой байсан. Миний гаргаж өгсөн 6 200 000 төгрөгийн 2 удаагийн баримтыг нотлох баримтаар үнэлж, хэргийг үнэн зөв шийдэж өгөөгүй зэрэгт маш их гомдолтой байна. Тиймээс үндэслэлгүй шийдсэн 01468 дугаар шийдвэрийг өөрчилж, хэргийг дахин хянуулж үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Эсхүл миний гаргаж өгсөн 6 200 000 төгрөгийн баримтуудыг нотлох баримтаар үнэлж, 01468 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын  маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Ц.Нд холбогдуулан 3 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Н.Д нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцож нэрээ дэвшүүлсэн, Ц.Нд сонгуулийн сурталчилгааг хийх зорилгоор 2016 оны 5 сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан   Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон/хх-6,8-10/ Мөн хариуцагч “... нэхэмжлэгчийн яриад байгаа 5 сая төгрөгийг би “Лафорте” ХХК-ийн тамгаар баримт үйлдэж хүлээн авсан...” гэж тайлбарласан./хх-23/

Хариуцагч нь “Медиа Холдинг” ХХК-д ТВ9 сувгаар нэхэмжлэгчийн сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх төлбөрт гэрээнд заасны дагуу 2 000 000 төгрөгийг төлсөн болох нь 2016 оны 6 сарын 19-ны өдрийн сонгуулийн сурталчилгааны гэрээний хавсралт, “Медиа Холдинг” ХХК-ийн нэхэмжлэлийн болон төлбөрийн баримтаар нотлогдсон байна./хх-11,12

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан “хөлсөөр ажиллах гэрээ”-ний харилцаа үүссэн, хариуцагчийг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болсныг залруулах нь зүйтэй байна.

            Дээрх нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгч 5 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, уг мөнгөнөөс 2 000 000 төгрөгийг ТВ9 телевизэд шилжүүлснээр үлдэх 3 000 000 төгрөгийг хариуцагч бусдын хөрөнгийг үндэслэлгүй олж авсан гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв юм. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлсэн болно.

            Иймд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэнэ.

            Хариуцагч “...нэхэмжлэгч Н.Д гэрээ байгуулаагүй, шаардах эрхгүй этгээд..., гэрч асуух боломжтой байсан, мөн нотлох баримтыг буруу үнэлсэн...” гэх гомдол гаргасан.

            Хэргийн 8 дугаар талд авагдсан 2016 оны 6 сарын 19-ний өдрийн Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх гэрээнд Н.Дийг төлөөлж ерөнхий менежер Д.Дөлбат гарын үсэг зурсан буюу уг гэрээний үр ашгийг Н.Д хүртсэн учраас нэхэмжлэгчийг гэрээний үүрэг шаардах эрхтэй гэж үзнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дах хэсэгт зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэг хүлээхээр зохицуулсан. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшүй шаардлагатай, ач холбогдолтой нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй буюу гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх учиртай. Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагчаас шүүхээр нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй тул гэрч асуух байсан гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

            Түүнчлэн, хариуцагч Ц.Н 4 200 000 төгрөгийг ТВ9 телевизийн мэдээний албаны дарга н.Биндэръяагийн ХААН банкин дахь 5495390044 тоот данс руу шилжүүлсэн, иргэд хоорондын шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх гэрээний үүрэгт шилжүүлсэн гэж дүгнэхгүй. Иймд мөнгөн хөрөнгө шилжүүлсэн баримтыг буруу үнэлсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01468 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА  

                                ШҮҮГЧИД                                   Д.НЯМБАЗАР

                                                                                                Б.НАРМАНДАХ