Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/09

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д  холбогдох эрүүгийн 1717000480047   дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 08 дугаар сарын 19-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2 дугаар баг, Булагийн ........ дугаар гудамж ....... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

Зүүнбаян гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1990 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 122 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн 278 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус шийтгүүлж, /1986 оны/ БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөн ялыг хүнд ялд багтааж  2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 114 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, /1986 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн бүгд 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар, 1231 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хугацаагаар хорих ялаар, 131 дүгээр зүйлийн.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хүнд ялд бусад хөнгөн ялуудыг багтааж бүгд 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дах хэсэгт заасныг журамлан С.Баатарсүхэд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 7 хоногийн заримыг нь буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан 6 сарын баривчлах ялаас чөлөөлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Д.Б  /РД:............../

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Д.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 20 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Сансарын 22 тоотод байрлах иргэн Ц.Ганбатын эзэмшлийн байшингийн цонхны торыг нэвтлэн дотогш нэвтэрч DDISH станц, жижиг гар чийдэн зэрэг эд зүйлийг хулгайлж 125000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 20 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Сансарын 22 тоотод байрлах хохирогч Ц.Г-ын эзэмшлийн байшингийн цонхны торыг урж дотогш нэвтэрч DDISH станц, жижиг гар чийдэн зэрэг нийт 125 000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч авсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Намайг Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байхад эмч 1 000 000 төгрөг дутуу байна. Сүхбаатар аймгийн ард иргэд 5 000 000 төгрөгийн хандив өгсөн гэж хэлсэн. Бор-Өндөр суманд манай холын хамаатан байдаг. Хамаатныдаа очих зорилгоор Улаанбаатар хотоос таксинд суусан. Таксины жолооч намайг согтуу олон юм яриад байна гээд Чойрт буулгасан. Ямар гудамжинд явж байгаагаа мэдэхгүй,  ус уух гэж айлын хашаа руу ороход хаалга нь цоожтой, цонх нь онгорхой тортой байсан. Торыг нь цаашаа түлхэхэд онгойсон. Би цонхоор гэр лүү нь орж ус уучихаад Ди-диш  станцыг авч өвөртлөөд, гарч чийдэнг авч халаасандаа хийсэн. Гэрээс гараад баруун тал руу явж гуурсаар шээсэн. Тэгээд зүүн тал руугаа явсан. Гэтэл нэг эрэгтэй хүн хашааныхаа гадаа зогсож байсан. Намайг хөөе нааш ир гээд дуудахад би цаашаа гүйсэн. Тэгээд араас намайг барьж авахад ахаа би танай гэрээс Ди диш, гар чийдэн хоёрыг авсан, цагдаад битгий өгөөч гэж гуйсан.  Би үнэн учраа хэлсэн. Тэгээд 30 минутын дараа цагдаа ирсэн. Хийсэн хэрэгтэй харамсаж байна гэв.

 

1.2. Хохирогч Ц.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манайх Сүмбэр сумын Сансарын 22 тоотод хашаа байшинд байдаг юм. 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн үед хөдөө Чойр ууланд очиж мод тарьж суулгахаар явсан. Модоо тарьж дуусаад орой 20 цагийн үед Сансарын 22 тоотод байх гэртээ ирэхэд хашааны явган хүн орж гардаг хаалга онгорхой байсан. Гадна талаас нь төмрөөр цүүлээд түгжсэн байсан юм. Тэгээд хашааны хаалга онгорхой байхаар нь гайхаад хашаандаа орсон чинь манай байшингийн том өрөөний цонхны гадна талын ялааны торыг ураад цонх нь онгойсон байсан. Манай байшингийн хаалга далд цоожтой юм. Гэрийнхээ цоожийг үзэхэд зүгээр байсан. Тэгээд хаалгаа онгойлгоод дотогшоо орсон чинь үүдний өрөөнд байсан гутлын тавиур нураасан байсан. Цаашаа том өрөөндөө ороод үзсэн чинь зурагтын DDISH станц байхгүй болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тэгээд хашааны гадаа мөр хараад зогсож байсан чинь манай урд талын гудамжаар баруунаас зүүн тийшээгээ намхан биетэй эрээн хувцастай бор залуу куртикнийхээ энгэрийг урд талдаа зөрүүлээд барьсан явж байхаар нь гутлынх нь мөрийг харсан чинь манай хашаа руу орсон хүний гутлын мөртэй ижилхэн байхаар нь тэр залууг дуудсан чинь цаашаа зугтаасан. Тэгэхээр нь би араас нь гүйгээд хашааны булан тойруулаад бариад авсан. Тэр залуу зугтаах гэж ноцолдож байхад энгэрээс нь манай DDISH-ийн станц унасан. Тэгсэн тэр залуу би танайхаас энэ станц гар чийдэн 2-г авсан. Намайг битгий цагдаад өгөөч гээд гуйгаад байсан. Иймхэн 2 зүйлийн төлөө намайг цагдаад өгөөд байхдаа яадаг юм бэ гэхээр нь чи урд нь бас юм хулгайлсан байна гэсэн чинь үгүй би хулгай хийгээгүй энэ гар чийдэн станц 2-г авсан ш дээ гэж хэлсэн. Тэгээд орны толгой дээр байсан гар чийдэнг авсаныг мэдсэн. Манайхаас өөр зүйл алга болоогүй. Станц гар чийдэн 2-оо авсан. өөр санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дүгээр хуудас/

 

1.3. Гэрч Ж.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн үед нөхөр Ганбаттай хамт Чойр ууланд очиж мод тарьж суулгахаар явсан. Модоо тарьж дуусаад орой 20 цагийн үед Сансарын 22 тоотод байх гэртээ ирэхэд хашааны явган хүн орж гардаг хаалга онгорхой байсан. Гадна талаас нь төмрөөр цүүлээд түгжсэн байсан юм. Тэгээд хашааны хаалга онгорхой байхаар нь гайхаад хашаандаа орсон чинь манай байшингийн том өрөөний цонхны гадна талын ялааны торыг ураад сэрийлгэсэн байхаар нь хулгай орж гэж мэдсэн. Байшингийнхаа хаалгыг үзэхэд зүгээр байсан. Тэгээд хаалгаа онгойлгоод дотогшоо орсон чинь үүдний өрөөнд байсан гутлын тавиур нураасан, мөн шалан дээгүүр липтон цай тараасан байсан. Гэрийнхээ эд зүйлийг бүртгээд үзсэн чинь зурагтын DDISH станц байхгүй болсон байсан. Өөр дутуу зүйл харагдахгүй байсан. Тэгээд манай нөхөр Г цагдаад дуудлага өгсөн. Г гэрээс гарч мөр харна гээд гарсан. Би араас нь жоохон байж байгаад гарсан чинь Г гудамжны зүүн тал руу нэг хүнийг хөөгөөд явсан би яаж байгаа юм бэ гэсэн чинь дуугүй гэртээ ор гэж хэлсэн. Би гэрт орчихоод буцаад гараад ирсэн чинь согтуу эрэгтэйг хувцаснаас нь барьчихсан аваад ирсэн. Ганбат надад май энийг ав гэхээр нь гайхаад юу юм болдоо гэж бодоод харсан чинь манай станц байсан.Тэр согтуу залуу та нар намайг 2-хон зүйл авсны төлөө цагдаад өгөөд байхдаа яадаг юм бэ гэхээр нь өөр юу авсан юм бэ гэсэн чинь жижиг улаан өнгөтэй хуванцар гар чийдэн гаргаж өгсөн. Тэр гар чийдэн орны гудсан завсар байсан юм. Би тэр залуугаас станц яах гэж авсан юм бэ гэхэд 1000 төгрөгөөр зарна ш дээ гэж хэлж байсан. Тэр залууг Г хувцаснаас нь барьж зогсож байгаад цагдаа ирэхэд хүлээлгэж өгсөн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-20 дүгээр хуудас/

 

1.4. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/

1.5. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10 дугаар хуудас/

1.6. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 дүгээр хуудас/                                          

Иймд шүүгдэгч Д.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

2.1. Гэрч О.Ба мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 Манай хамтран амьдрагч Энхбаатар Д.Б-ийг таньдаг юм билээ. Би танилцаад удаагүй байгаа. Б надад хэлэхдээ 125000 төгрөгний асуудлаар шалгагдаж байгаа гэж хэлсэн. Нарийн асуудлыг мэдэхгүй байна. Б хүнтэй их эвлэгхэн харьцаатай, зөв яриатай, яриандаа элдэв бусын хараал хэрэглэдэггүй хүн байна лээ. Байгаа байдлыг нь харахад хар бор ажилд их сайн, хүнд их тусархуу зантай хүн байна лээ. Өөр надад мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

 

2.2. Гэрч С.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Б надад хэлэхдээ 125000 төгрөгний асуудлаар шалгагдаж байгаа гэж хэлсэн. Нарийн асуудлыг мэдэхгүй байна. Б-ийг 0425 дугаар ангид ял эдлэж байхад нь таньж мэддэг болсон. Б-ийн хувьд үг дуу цөөтэй, нэг ярихаараа их яриасаг, бусадтай зөв харьцаатэй. Биеийн байдал тааруу, эмчийн магадлагаатай гээд ажил хийдэггүй байсан. Элдэв янзын ааш зан гаргадаггүй, амьдрал ахуйн талаар нь мэдэхгүй, Хэнтий аймгийн төвд амьдардаг гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

 

2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дүгээр хуудас/

2.4. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Тамгын газрын үнэ тогтоох комиссын шийдвэр /хх-ийн 28 дугаар хуудас/

            Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Батчимэг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд “шүүгдэгч Д.Б-эд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Шүүгдэгч Д.Б нь хувийн байдлын хувьд урьд нь 5 удаа буюу Зүүнбаян гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1990 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 122 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн 278 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус шийтгүүлж, /1986 оны/ БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөн ялыг хүнд ялд багтааж С.Б-ийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 114 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, /1986 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн бүгд 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар, 1231 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хугацаагаар хорих ялаар, 131 дүгээр зүйлийн.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хүнд ялд бусад хөнгөн ялуудыг багтааж бүгд 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дах хэсэгт заасныг журамлан С.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 7 хоногийн заримыг нь буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын баривчлах ялаас чөлөөлж байсан байна.

 

 Иймд шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2  дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Д.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч  Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Д.Б-ийн хорих ял эдлэх хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ