| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/00185/И |
| Дугаар | 150/ШШ2024/00197 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 150/ШШ2024/00197
| 2024 оны 11 сарын 13 өдөр | Дугаар 150/ШШ2024/00197 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, Ерөнхий шүүгч Г.**, шүүгч Г.**нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: **аймгийн **сум, 1 дүгээр баг, 4-2 тоотод оршин суух хаягтай, **овогт **/РД:**/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **аймгийн **сум, ** дугаар багт оршин суух хаягтай, **/РД:**/ холбогдох,
Тариалангийн талбайд мал орсны улмаас учирсан гэм хорын хохирол 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Г.**, нэхэмжлэгч Ч.**, хариуцагч А.**, хариуцагчийн өмгөөлөгч Д.**, нарийн бичгийн дарга Б.**нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.**нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 07-р сарын 17-ны өдөр ***аймгийн **сумын **-р багийн нутаг ** хэмээх газар миний эзэмшлийн 1 га тариалангийн талбайд иргэн А.**300-400-д хонь ямаа орж эрт ургацын луувангийн үндэс, ишийг нь идэж ургац алдаж хохирол учруулсан тул сумын үнэлгээний комиссоос тогтоож өгсөн 1,200,000 төгрөгийг дээрх иргэнээс гаргуулах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Хариуцагч А.**нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...**гэдэг хүнийг мал хөөж явахыг энэ зун хараагүй. Энэ хүнтэй шүүх дээр л таарч байна. Тариан талбайд эзэнгүй хэдэн хатчихсан лууван л байсан. Өөрсдөө энийгээ хаясан гэж ярьж байсан. Угаасаа энэ талбайд ургац ургаагүй бид нар хаячихсан гэж яриад байсан. Манай мал ороогүй. Хажуу талын эд нарт мэдээлэл өгөөд байдаг хүн манай аавын найз **гэдэг хүний үр хүүхэд 200-300 ямаатай. Тэдний мал бүр ороод сурчихсан, байнга ордог. Энэ айл өөрсдөө талбай руу 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл малаа оруулчхаад гэнэт миний мал яваад очингуут энэ хүнд утсаар “Айлын мал ороод байна” гэж хэлсэн байсан. Энэ хүнийг хараагүй байхад тэр хүмүүс талбай руу малаа оруулсан өчнөөн ямааны мөр байсан. Энэ гурав залгаа газартай. Тэр айл чинь өөрөө ямаатай айл байдаг юм. Манай мал ороогүй...” гэв.
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.**нь хариуцагч А.**холбогдуулан тариалангийн талбайд мал орсны улмаас учирсан гэм хорын хохирол 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч А.**өмчлөлийн 200 гаруй ямаа лууван тарьсан талбайд орж сүйтгэсэн учир хохирлоо гаргуулна гэж тодорхойлжээ.
Хариуцагч манай мал хариуцагч Ч.**талбайд орж хохирол учруулаагүй, өөр айлын мал орчихсон байсан, ногоо ургаагүй хатчихсан талбай байсан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэдийн төлөөлөгч “...Ч.**нь 2024 оны 04 дүгээр сарын 20-нд ногоо лууван тарьсан. 7 сард мал орсон гэж тайлбарласан. Ногооны талбай нь торон хашаатай байсан гэж байгаа боловч нотолж чадахгүй байна. Тухайн нэхэмжлэлийг хүчингүйд тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “зохигч, түүний өмгөөлөгч, төлөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлд “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг зохигч хүлээхийг тус тус зохицуулсан ба үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг нэхэмжлэгч цуглуулж, гаргаж өгөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Тариалангийн талбайд мал тэжээвэр амьтан орсны улмаас учирсан хохирлыг тооцсон дүгнэлтэд “...иргэн Ч.**А** байршилтай 0.7 га талбайд шар лууван тариалсан талбайд мал орсон тухай дуудлагыг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч сумын Засаг даргын А/54 тоот “Тариалангийн талбай, өвөлжөөний газрыг малын хөлөөс чөлөөлөх тухай” захирамжийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг болох агрономич К.**, БОХУБ Р.**нар газар дээр нь очсон. 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр **сумын **тосгоны малчин А.**400 гаруй хонь, ямаа ногооны хашаатай талбайд орж лууван тарьсан талбайг идэж сүйтгэсэн байсныг хөөж гаргаж эзэнд нь хүлээлгэн өгсөн байсан. Тухайн талбайд очиж үзэхэд луувангийн талбайг дахин орж идэж сүйтгэсэн. 80 хувь буюу 0,5 га талбайг сүйтгэсэн байсныг газар дээр нь очиж дүгнэлт гаргав.
Дүгнэлтийг тариалангийн талбайд мал тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлалын дагуу 1,200,000 төгрөгийг хохирол учруулсан болохыг тодорхойлов...” гэжээ. /хх-ийн 4/
Дээрх дүгнэлтэд малчин А.**400 гаруй хонь, ямаа талбайд орж, лууван тарьсан талбайг идэж сүйтгэсэн байсныг хөөж гаргаж, эзэнд нь хүлээлгэж өгсөн байсан гэж дурдсан байгаа боловч хариуцагч А.**өмчлөлийн хонь мөн эсэх, хонь, ямаа тоологдсон эсэх, хэдэн тооны мал тоологдсоныг тодорхойлсон баримтыг нэхэмжлэгч нотлоогүйгээс гадна А.**малыг тухайн өдөр өөрт нь хүлээлгэж өгсөн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого зэрэг нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах замаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжтой байхад энэ үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэв.
**аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Малчид тариаланчдын үйл ажиллагааны зохицлыг хангах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх хэсэгт Таримал ургамлын талбайд мал тэжээвэр амьтан орж хохирол учирсан тохиолдолд хохирлыг сумын комисс тухайн таримал ургамал тариалсан эзэн, тарианд орсон мал, тэжээвэр амьтны эздийг байлцуулан тогтоож баталгаажуулна гэж заажээ.
Дээрх хавсралтад заасанчлан хохирол тогтоох сумын комисс тарианд орсон мал, тэжээвэр амьтны эздийг байлцуулахгүйгээр хохирлыг тогтоосонд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй ч шийдвэрт дурдах нь зүйтэй.
Дээрх журмын 4 дэх хэсгийн 4.3 дахь хэсэгт Таримал ургамал тариаланч таримал ургамал бүхий талбайд мал орж хохирол учруулсан бол орсон малын тоо, зүс, ээмэг, тамга, малын мөр, таримал ургамлыг сүйтгэсэн байдлыг фото зураг, видео камераар баталгаажуулан баримтжуулна гэж заасан үүргийг биелүүлээгүй байна.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд:
6.1.мал бэлчээсэн;
6.2.оторлосон;
6.3.бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байлгасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус хуульчилсан.
Нэхэмжлэгч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар хуулийн дээрх заалтыг зөрчсөн талаар Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хандаж зөрчлийн хэргийг шалган шийдвэрлүүлсний эцэст гэм хорын хохирлыг иргэний журмаар гаргуулах боломжтой байжээ. Зөрчил шалган шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул дээрх зөрчлийн талаар байгаль орчны хяналтын улсын байцаагчид хандаж шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдаж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан хариуцагч А.**холбогдох гэм хорын хохиролд 1,200,000 төгрөг гаргуулах тухай Ч.**нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардаж авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор **аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА
ШҮҮГЧИД Г.САРАНТУЯА
Г.ДЭЛГЭРСАЙХАН