| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2018/0010/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/12 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/12
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-д холбогдох эрүүгийн 1817000030004 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, худгийн машинч мэргэжилтэй, Гашуун-Сухайт боомт дээр хувь хүний автомашин барьдаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 11 дүгээр байр 4 дүгээр орц .......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Г.М /РД:............./
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.М нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн орчим Сүмбэр сумын 3 дугаар баг, 11-51 тоотод хадам ээж А.Д-тай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Г.М нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 02 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байр 4 дүгээр орц 52 тоотод хадам ээж А.Д-тай маргалдан улмаар түүнийг өмсөж байсан майкаар нь боогоод газар унагааж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
2017 оны 12 дугаар сарын 26-ны орой эхнэр Н-тэй дэлгүүр ороод нэг шил архи, нэг пиво аваад М гэдэг найзынхаа гэрт очиж уусан. Тэгээд архи ууж дуусаад гэр лүүгээ явсан. М гэдэг найзынхаа гэрээс гарахдаа би согтсон байсан. Тэгээд гэртээ орж ирээд эхнэр, хадам ээжтэйгээ муудсан байсан. Би тасарсан байсан учраас нэг сэрэхэд эрүүжүүлэх байранд сэрсэн гэв.
1.2. Хохирогч А.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2017 оны 12 дугаар сарын 26-ны орой 17 цагийн орчим хүргэн М халамцуу орж ирээд байж байхад харанхуй болсон хойно манай охин Н хүргэн М нар нэг пиво аваад найзындаа очихоор гарсан. Тухайн үед би орондоо ороод хэвтэж байсан. Тэгээд намайг унтаж байхад охин Н, хүргэн М нар хаалга дуугаргаж орж ирээд унтлагын өрөөндөө хувцасаа тайлаад хэвтэж байгаа бололтой байсан. Тэгтэл тун удалгүй хүүхэд орилох чимээ гарах шиг болохоор нь би босоод М, Н хоёрын унтаж байсан өрөөний хаалгыг онгойлгоод орсон чиь М, Н нар хоорондоо барилцаад зогсож байхаар нь би М-г ор луу нь түлхсэн чинь орон дээрээ суусан. Тэгэхээр нь би та нар харанхуй шөнө болсон хойно яагаад шуугиад муудалцаад байдаг юм гэсэн чинь М өөрийнхөө гутлыг над руу зайл гэж хэлээд шидсэн ба гутал нь миний зүүн тохойнд оносон. Тэгээд би эргэж гараад өөрийнхөө өрөө рүү орох гээд коридорт явж байтал М араас ирээд миний хоолойг өмсөж байсан майкаар боогоод татаж газар унагаасан ба би унахдаа коридорт байдаг гутлын модон тавиурыг толгойгоорооо цохиж унасан. Тэгтэл М дээрээс дарсан ба би орилсон чинь манай охин Н гарч ирээд нөхөр М-г татаж босгоод өрөө лүүгээ орсон. Тэгэхээр нь би охин Я лүү залгаад цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа орж ирээд М-г аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/
1.3. Гэрч Г.Я мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
2017 оны 12-р сарын 27-ны шөнө унтаж байхад миний утас дуугараад авахад ээж Д аллаа хурдан цагдаа дууд гэхээр нь би юу болсон талаар асуугаагүй цагдаа дуудчихаад ирээд ээж рүү залгасан чинь ээж утсаа аваагүй. Тэгээд би Н-йн утас руу залгасан чинь М ээжийг зодсон гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/
1.4. Гэрч Г.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
2017 оны 12 дугаар сарын 26-ны өглөө нөхөр М гэрээсээ гарч яваад 17 цагийн үед халамцуу орж ирсэн. Тэгээд нөхөр М-тэй 20-21 цагийн үед гэрээсээ гараад 10 дугаар байранд З-ийн гэрт очсон. Тэднийд эхнэр М нь байсан ба бид гурав 1 шил архи, 1 том пиво уучихаад нөхөр бид 2 гэртээ шөнийн 01 цагийн үед орж ирсэн. Тэгээд нөхөр бид 2 унтахаар орондоо ороод байж байтал намайг хэл амаар доромжлоод хэрүүл хийж байгаад гэнэт намайг үснээс зулгаагаад гараараа нэг удаа толгой руу цохисон. Тэгээд би орилоод боссон чинь охин А сэрээд жижиг өрөөнд унтаж байсан ээж Д-г дуудсан. Тэгээд ээж нөхөр бид 2-н унтаж байсан өрөөд орж ирээд дандаа хэрүүл маргаан хийж байх юм унтаж амарч болдоггүй юмуу гэсэн чинь манай нөхөр М босож ирээд дандаа миний амьдралд гай болдог гээд өөрийнхөө гутлыг аваад ээж рүү зүүн гарын тохойнд нь цохисон. Тэгээд ээж өрөөнөөс гарсан ба М араас нь гарсан. Тэгээд би босоод хувцасаа өмсөж байсан чинь ээж коридорт орилоод байхаар нь би гараад ирсэн чинь М ээжийн дээрээс нь дараад хоолойг нь боосон байсан. Тэгэхээр нь би араас нь татаж салгасан ба ээж Я эгч рүү хэлээд Я эгч цагдаа дуудсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд Мижидсүрэнг аваад явсан. Манай ээжийн зүүн гарын тохой хөхөрсөн, эрүүний доод талд хавдаж хөхөрсөн, зүүн гарын сарвууны ар тал хөхөрсөн байсан. Тархи нь хөдөлсөн байсан. Би М-г ээжийн толгой руу цохиж байхыг хараагүй, ээж надад хэлэхдээ М толгой руу гараараа цохиод тархи хөдөлгөсөн гэж хэлсэн. Би нөхөртэйгээ суугаад 11 жил амьдарч байна, гэр бүлийн баталгаатай, 8-10 насны 2 охинтой. Манай нөхөр архи уухаараа муухай ааш авиртай, намайг ямар ч шалтгаангүйгээр хардаж хэл амаар доромжилдог... гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18 дугаар хуудас/
1.5. Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Тэр өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 22 цаг өнгөрч байхад Н, М нар манай гэрт ирсэн. Орж ирэхдээ 1 шил архи, 1 том пивотой орж ирсэн. Тэгээд бид гурав тэр архи пивийг уугаад тэр 2 манай гэрээс гараад явсан. Бид гурав архи пиво уухад тэр хоёр хоорондоо маргалдаж муудалцаагүй зүгээр гараад явцгаасан... гэх мэдүүлэг. /хх-ийн 22 дугаар хуудас/
1.6. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаартай дүгнэлтэд:
- А.Д-ийн биед тархи доргилт, баруун бугалга, сарвууны ар хэсэгт цус хуралт, эрүүнд зулгаралт, баруун шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтооглоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 31 дүгээр хуудас/
1.7. Шинжээч Б.Сэргэлэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
А.Д-д учирсан гэмтлийн тархи доргилт, баруун бугалаганд 7х3,5 см хэмжээтэй үүссэн цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Сарвууны ар хэсэгт цус хуралт, эрүүнд зулгаралт, баруун шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх мэдүүлэг /хх-н 36 дугаар хуудас/
1.8. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэхдээ “яллагдагч Г.М нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн орчим Сүмбэр сумын 3 дугаар баг, 11-51 тоотод хадам ээж А.Д-тай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх боловч хавтаст хэргийн 38 дугаар хуудсанд авагдсан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 3108 дугаартай тодорхойлолтонд шүүгдэгч Г.М-г ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт 11-4-52 тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон, мөн хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Г.М-ийн иргэний үнэмлэхний лавлагаагаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг 11-р байрны 52 тоотод оршин суудаг, хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд авагдсан хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтэд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг 11-р байрны 52 тоотод үзлэг хийсэн байна. Өөрөөр хэлбэл дээрх нотлох баримтуудаар уг гэмт хэрэг нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг 11-р байрны 52 тоотод үйлдэгдсэн болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Г.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:
2.1. Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Би М-г бага наснаас нь мэднэ, багадаа хүний үгнээс гардаггүй, сурлагадаа гайгүй хүүхэд байсан. Хүн чанар сайтай, ажилдаа сайн, хүнтэй нийтэч харьцаатай, тамхи татдаг, архи хааяа уудаг. Архи уухаараа ямар нэгэн ааш зан гаргаад байдаггүй. Хүний үгнээс гарахгүй унтаад өгдөг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/
2.2. Гэрч Д.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
М-г би багаас нь өсгөсөн. Багадаа цэцэрлэгээр хүмүүжиж байгаад сургуульд ороод надаас хөндийрсөн. Багадаа хөөрхөн ааштай, ямар нэгэн ааш зан гаргаад байдаггүй, байнга инээж явдаг хүүхэд байсан. М элдэв бусын зан ааш гаргаад байдаггүй, төмөр замын цахилгаан станцад ажиллаж байгаад ажлаасаа гараад хөдөө мал дээр байж байгаад өнгөрдөг намраас Өмнөговь аймагт том машин барина гээд явсан. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр хүүхэд нь М-г ингэлээ тэглээ гэж юм яриад байдаггүй, хадам ээжтэйгээ ямар харьцаатайг нь сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг. /хх-ийн 21 дугаар хуудас/
2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/
2.4. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, /хх-ийн 47-51 дүгээр хуудас/
2.5. Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, М.А, М.М нарын төрсний гэрчилгээний хуулбар,
Шүүгдэгч Г.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Иймд шүүгдэгч Г.М-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан түүнд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зөв гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ