| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 2216000000167 |
| Дугаар | 2023/ДШМ/05 |
| Огноо | 2023-02-07 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Ц.Б |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2023/ДШМ/05
Я.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Б.А, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Ц.Б,
Хохирогч Б.О, Г.М, иргэний хариуцагч Д.Б нарын өмгөөлөгч Ж.Э /цахимаар/,
Хохирогч Г.М,
Иргэний хариуцагч Д.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д,
Шүүгдэгч Я.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нарыг оролцуулан
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М-ын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/155 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д-ийн гаргасан гомдлоор шүүгдэгч Я.Г холбогдох 2216000000167 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А овогт Я.Г нь Монгол Улсын иргэн, халх, 19 ... оны ... дугаар сарын ... -ний өдөр Говь-Алтай аймгийн ........ сумд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ......... сумын ............ багийн ......... - ... тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ДА..................... регистрийн дугаартай,
Я.Г-ий 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн ............ сумын ............. багийн нутаг дэвсгэрт ... - ... ГАА улсын дугаартай Тоёота пробокс загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлд “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.14 дүгээр зүйлд заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчсөний улмаас иргэн Б.Б хашаа, Д.Б-ийн эзэмшлийн гэрийг ар талаас нь мөргөж, улмаар хашаан дотор гэрийн ар хэсэгт майхан дотор тоглож байсан насанд хүрээгүй Б.Ц, Б.Т нарыг мөргөсний улмаас Б.Ц нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас барсан, насанд хүрээгүй хохирогч Б.Т-гийн эрүүл мэндэд дагз ясны шугаман хугарал, баруун дунд чөмөгний далд хугарал, бүсэлхийн ар хэсэг, зүүн суга, зулайд шарх бүхий хүнд хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Я.Г-ийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол тайлбартаа: Я.Г-ийн өмгөөлөгч Ж.Д миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/155 дугаар шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс Я.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус зүйл ангид зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Я.Г-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Хохирогч нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, урьд ял шийтгэгдэж байгаагүй. Я.Г-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж хохирол учируулсан гэмт хэрэгт холбогдсон. Я.Г-ийн хувьд өндөр настай, эрүүл мэндийн хувьд даралт тогтворгүй тархи толгойны өвчтэй, хоригдсоноос хойш даралт бууж ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г-ийн хувийн байдал эрүүл мэндийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэргийг харгалзан үзэж ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял ногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Я.Г нь согтуурсан үедээ, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн ........... сумын .......... багийн нутаг дэвсгэрт ... - ... ГАА улсын дугаартай Тоёота пробокс загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон ухрах үйлдэл хийх явцдаа иргэний нэхэмжлэгч Б.Б, Д.Н, Ө.А нарын хашаа, иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн эзэмшлийн гэр, майхныг мөргөж, майхан дотор байсан Б.Ц, Б.Т нарыг мөргөж Б.Ц-ийн биед гавал тархины ил гэмтэл учирч амь нас нь хохирсон, Б.Т-гийн эрүүл мэндэд дагз ясны шугаман хугарал, баруун дунд чөмөгний далд хугарал, бүсэлхийн ар хэсэг, зүүн суга, зулайд шарх бүхий хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Б-т 4,140,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ө.А-д 112,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.Н-д 67,200 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан байна.
Энэ үйл баримт нь:
Гэрч Б.Э-ын: “2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17 цагийн үед Б.Б хашаанд байхад цагаан өнгийн пробокс маркийн машин ухарч, хашааг дайрч орж ирээд хашаанд байсан Б гэдэг хүний гэрийг хойноос нь мөргөж зогссон бөгөөд П миний дүүг дайраад алчихлаа гээд талийгаач Б.Ц-ийг тэвэрсэн зогсож байсан. Машиныг унтрааж түлхүүрийг нь сугалж аваад харахад гэрийн хойд талд байсан Б.Б 5 настай хүүхэд Т доошоо харсан, толгойноос нь цус гарсан доошоо хараад хэвтэж байсан. Мөргөсөн машин дотор Г гэдэг хүн ганцаараа согтуу, архи уучихсан юм шиг харагдсан. Миний хроп гацчихлаа гэж хэлж байсан” тухай мэдүүлэг (1 хх 106),
Гэрч Г.П-ийн: “2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17 цагийн үед Б.Б хашаанд байхад нь цагаан өнгийн пробокс маркийн машин ухарч орж ирээд мөргөсөн байсан. П хүүхэд гээд майхан руу гүйж очоод нэг эмэгтэй хүүхэд тэвэрч гарч ирэхэд толгойн орой хэсэг нь аяганы хэмжээтэй хагарсан харагдсан. П хүүхдийг ээждээ өгөхөд майханд дахин нэг хүүхэд уйлах чимээ гарсан. Эмч дуудахаар явсан тул тэр хүүхэд нь ямар гэмтэлтэй байсныг мэдэхгүй.” тухай мэдүүлэг (1 хх 108),
Гэрч Ц.Э, Н.Н нарын: “2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17 цаг 14 минутын үед дуудлагын дагуу осол болсон газарт очиход машин мөргөсөн гэрийн зүүн талд ээж нь тэвэрсэн байсан хүүхдийг үзэхэд толгойноос нь цус гойжсон, толгойг нь алчуураар боосон хүүхэн хараа нь өргөссөн, судасны цохилт үл мэдэг тэмтрэгдэж байсан, нүүрний тэгш хэм алдагдсан, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх боломжгүй байсан. Нөгөө хүүхэд нь ухаантай, амин үзүүлэлт хэвийн, толгойн хэсэг язарсан, нуруу хэсэгт зүсэгдсэн зовиураа өөрөө хэлээд уйлж байсан бөгөөд хүүхдүүдийг эмнэлэг рүү тээвэрлэж авч ирж нарийвчилсан үзлэг хийхэд талийгаач болсон хүүхдэд гавал яс бяцарсан, орой хэсгээр тархи гоожсон, духны яс бяцарч зөрсөн байдалтай, хүчилтөрөгч өгч, зүрх дэмжих тариа хийсэн боловч үр дүн өгөөгүй зүрх зогссон байсан. Нөгөө хүүхдийн толгойн хэсэгт язралт, нуруу хэсэгт зүсэгдсэн шарх, зүүн талын суганы нимгэн хэсэг урагдсан, нуруу хэсэгт хөхөрсөн, нүүр хэсэгт зулгарсан байсан. Нэгдсэн эмнэлэг рүү ярьж зөвлөгөө авч эмчилгээ хийсэн. Нэгдсэн эмнэлгийн эмч нар 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө 05 цагийн үед ирж, өглөө унтуулгатай шарх цэгцэлж, 15 цагийн үед аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авч явсан тухай” мэдүүлгүүд (1 хх 88, 104),
Хохирогч Д.О-ын: “2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажил дээр байж байгаад осол болсон гэх газарт очиход талийгаач цустайгаа холилдсон байдалтай эмээ нь тэвэрчихсэн байсан удалгүй эмнэлгийн машин ирж эмнэлэг рүү авч яваад эм тариа хийгээд байхгүй болчихлоо гэж хэлсэн. Ямар нэг хууч өвчингүй, эрүүл, сэргэлэн цовоо хүүхэд байсан. Хүүхдээ алдсандаа маш их гомдолтой байна. Хүний амийг юугаар ч үнэлэх боломжгүй. Манай 11 настай хүүхэд тэр явдлыг нүдээрээ харсан учраас сэтгэл санаа нь хүнд байна. Би өөрөө эрүүл мэндийн хувьд асуудалтай 3 сар ажлаа хийгээгүй. Манай гэр бүлд маш хүнд гарз хохирол учирсан гэсэн мэдүүлэг (1 хх 52, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл),
Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Д-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн: “Талийгаач Б.Ц-ийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр гавал тархины ил гэмтэл, тархины зулайн заадас болон орой хэсгийн олон хэсэг болсон сэлтэрсэн хугарал, суурийн арын хонхрын дагз хэсгийн шугаман хугарал, тархины эдийн няцрал, гоожилт, хуйханд шарх, дух, доод эрүү, баруун шанаанд зулгаралт, гэмтэл тогтоогдсон. Талийгаачийн үхэлд хүргэсэн шалтгаан нь гавал тархины ил гэмтэл байна. Талийгаач Б.Ц нь амьдрах боломжгүй гавал тархины гэмтлийн улмаас нас барсан талаарх дүгнэлт (1 хх 130-132),
Хохирогч Г.М-ий: “2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн үед жижүүрт гарч байгаад хүүхдээ машинд дайруулсныг сонсоод осол болсон газар очиход хүү Т нь Б-ийн гэрт орон дээр нь хэвтэж байсан ба эмнэлэг рүү авч явж эмнэлгийн тусламж үзүүлсэн. Толгой нь хагарсан, зүүн суганы арьс хууларсан, ууц нь зүсэгдсэн, баруун хөл нь хугарсан байсан. Хөл дээрээ алхаж чадах, чадахгүйг нь мэдэхгүй байна. Байнгын асаргаатай, эмнэлгийн хяналтад байгаа.
Хүүхдийн хөл шарх эдгээгүй. Хөл дээрээ бослоо гэхэд тархи толгойд нь ямар өөрчлөлт гарахыг мэдэхгүй. Ямар нэгэн гэмтэл илэрвэл Я.Г-ий гэр бүл, ах дүү, хамаатан садангаас нэхэмжилнэ гэж бодож байгаа. 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөг шилжүүлж, нийт 7,000,000 төгрөг өгсөн тухай” мэдүүлэг (1 хх 65, шүүх хуралдааны тэмдэглэл),
Хохирогч Б.Б: “2022 оны 08 дугаар сарын 31-ний 17 цагийн үед дэлгүүр ороод буцаж яваад эхнэртэйгээ тааралдахад Г ах машинтайгаа ухарч орж ирээд хашаан дотор тоглож байсан хоёр хүүхдийг мөргөсөн байна гээд эмнэлэг рүү авч явсан ба эмнэлэгт очиход Ц-ийг найдваргүй, өнгөрсөн байна гэж хэлсэн. Харин Т-ийн зүүн суга нурууг оёж, баруун хөлийг гипсдэж, аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авч ирсэн. Хүүхэддээ эмчилгээ сувилгааг нь сайн хийлгэж, эрүүл болгож авах шаардлагатай байгаа тухай мэдүүлэг (1 хх 60),
Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Д-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн: “Б.Ц-ийн биед дагз ясны шугаман хугарал, баруун хөлийн дунд чөмөгний далд хугарал, бүсэлхийн ар хэсэг, зүүн суга, зулайд шарх гэмтэл учирсан нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарах тухай дүгнэлт (1 хх 123-124),
Иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн: “2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 23 цагийн үед хөдөөнөөс дуудагдаж ирэхэд зээ О нь хүүхэд өнгөрсөн, хашаандаа очиход гэрийг нь хойноос нь машинаар мөргөсөн, гэрийн хана, унь, хаалга, тооно, багана эвдэрсэн, гэрийн дотор тавилгануудаас хувцасны шкаф, шүүгээ, буйдан ор, мөлхөө тавилга, зургийн жааз эвдэрсэн, шалны хулдаас, цагаан бүрээс, гялгар цаас урагдсан, аяга, таваг хагарсан байсан тухай” мэдүүлэг (1 хх 92),
Д.Б-ийн эзэмшлийн гэр, тавилга, эд зүйлд учирсан хохирлыг 4,140,000 төгрөгөөр, хашаа, майхны хохирлыг 170,000 төгрөгөөр тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ий 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 4615, 4068 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд (1 хх 160-163),
Иргэний нэхэмжлэгч Ө.А-ийн: “2022 оны 08 дугаар сарын 31-ний орой Алтай сумын Баян-Овоо баг, Мянганы хорооллын 4- ... тоотод гэртээ байж байгаад чанга дуу чимээнээр гарч харахад цагаан өнгийн Пробокс маркийн машин арынх нь хашааг болон өөрийнх нь хашааг, урд гудамны хашааг хойноос нь нэвт дайраад урд хашаан дотор нь байсан гэрийг мөргөөд зогссон байсан. Хашааны банзанд үнэлгээ хийлгэхгүй, гомдол саналгүй тухай мэдүүлэг (1 хх 77-79, 96),
Ө.А-ийн эзэмшлийн хашааны хохирлын үнэлгээг 112,000 төгрөгөөр тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ы 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 4066 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 хх 172-174),
Иргэний нэхэмжлэгч Д.Н: “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай мэдүүлэг (1 хх 73-74),
Д.Н эзэмшлийн хашааны хохирлын үнэлгээг 67,200 төгрөгөөр тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ы 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 4067 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 хх 184-186),
Гэрч Д.С, Д.Ж, Н.Б нарын: “Г хашааны хойноос машинтай орж ирээд хүүхдүүдийг дайрсан талаар сонссон бөгөөд пробокс маркийн машин хашааны хойд талаас хашаа, гэрийг дайрч зогссон байдалтай байсан тухай мэдүүлгүүд (1 хх 90, 102, 110-111),
Я.Г-ий биеэс авсан цусанд шүүх химийн шинжилгээ хийхэд 1.1 промилл спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарах тухай Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Д-ийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 97 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, эдгээр нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоосон байна.
Мөн тогтоогдсон үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгч Я.Г нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Я.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тухай шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон буюу хатуу тогтоосон хэм хэмжээ биш, харин шүүгч өөрийн үндэслэл бүхий дотоод итгэл, үнэмшилд тулгуурлаж хэрэглэж болох шүүхийн эрх хэмжээнд хамаарах зохицуулалт юм.
Тиймээс анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.
Шүүгдэгч Я.Г-ий Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн шүүх хуралдаанаас хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон нийт 57 /тавин долоо/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.
Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж, иргэний нэхэмжлэгчдын нэхэмжлэлийн зарим хэсгийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэмжээгээр эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулсан байгааг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Я.Г холбогдох 2216000000167 дугаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/155 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Я.Г-ий анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш буюу 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хойш цагдан хоригдсон хугацааны нэг хоногийг нь хорих ялын нэг хоногоор тооцож, нийт цагдан хоригдсон 57 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Шүүгдэгч Я.Г нь 7.145.200 төгрөгийн хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.Б
ШҮҮГЧИД Б.А
Ч.Э