Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 01861

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/01861

 

 

Л.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01762 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Гийн хариуцагч “Х.Х.Б” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн тухай иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Г, түүний өмгөөлөгч Б.Солонго, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Анхбаяр, Х.Арманбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Х.Бинд 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 13 жилийн турш хоёргүй сэтгэлээр хандаж, ямар нэг алдаа дутагдал гаргалгүй, хичээж ажиллаж байсан. Гэтэл Х.Х.Бны гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б-20/144 дүгээр тушаалаар Л.Г намайг “гүйцэтгэх удирдлага, газар нэгжийн удирдах ажилтны 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр болон 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрүүдэд өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас халсан. 2020.01.03-2020.01.30-ны өдрийн хооронд ээлжийн амралт авах тухай хүсэлтийг банкны JIRA программд үүсгэсний дагуу 2020.01.03-ны өдөр ээлжийн амралтын нөхөн олговор болох 1 691 862 төгрөгийг олгож, ээлжийн амралтаа авсан. Хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргах болсон нь салбарын захирал Г.Мөнх-Оргилын удирдах ажилтнуудад буруу ойлголт төрүүлж, гадуурхаж байсантай шууд холбоотой гэж үзэж байна. Г.Мөнх-Оргил гэх хүн 2018 оны 12 дугаар сард миний ажиллаж байсан салбарын захирлаар томилогдож ирснээсээ хойш байнга дарамталж, гадуурхаж, ажил хийх боломжгүй байдалд оруулдаг байсан. Тус салбарт ажилладаг 4 зээлийн ажилтнуудаас 2 зээлийн ажилтанд онцолж хугацаатай үүрэг даалгавар өгдөг, тэгээд үүрэг даалгаврын биелэлт шалгах болохоор зөвхөн надаас шаардаж, дарга нараар шүүмжлүүлж, загнуулдаг, ажилтнуудын дунд болон харилцагчийн дэргэд шүүмжилж, ажлаа хийж чадахгүй байгаа мэтээр бусдад ойлгуулдаг. Мөн ажил үүрэг хуваарилахдаа надад ямар ч зах зээлгүй Шувуун фабрик, Био комбинат, Морингийн даваа зэрэг газруудаас зээлдэгч олж, зээл олгох хариуцлага ноогдуулж бусад данс хариуцсан ажилтнуудад Яармаг, Хүннү молл зэрэг зах зээл хөгжсөн газруудыг хуваарилж намайг хавчин гадуурхсан үйлдэл байнга гаргаж байснаар барахгүй ээлжийн амралтыг бүтэн олгодоггүй байсан. 2019 оны ээлжийн амралтыг 2019 оны 3 дугаар сард 4 хоног, 8 дугаар сард 11 хоног, 9 сард 5 хоног гэх мэтээр ажлын зайлшгүй шаардлага байхгүй байхад санаатайгаар тасалж өгсөн, мөн амралтын дундуур буюу 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хөдөө явж байхад “хурал хийнэ заавал ир" гэж дуудсаны дагуу ирэхэд товлосон өдөр хурал хийгээгүй. Иймд Х.Х.Бны Буянт-Ухаа салбарын данс хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б-20/144 тоот тушаалаар нэхэмжлэгч Л.Гийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд уг тушаал нь холбогдох хууль тогтоомж болоод Худалдаа, хөгжлийн банкны дотоодод мөрдөгдөх заавар, журамд нийцсэн. Тодруулбал, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, “Худалдаа, хөгжлийн банкны Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.3 дахь заалтад тус тус заасны дагуу “Х.Х.Б” нь ажилтны гаргасан ноцтой зөрчлүүдэд ажлаас халах тухай сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь хууль эрх зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч Л.Г Гүйцэтгэх удирдлага, газар, хэлтэс, нэгжийн удирдах ажилтны өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн Л.Гийн үйлдэл нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд шууд хамаарахаар байна. Тодруулбал, Л.Гийн 2014 оноос 2018 оныг хүртэлх ажлыг нь дүгнэж, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хугацаатай үүрэг даалгаврыг тус банкны гүйцэтгэх удирдлага, салбарын удирдлагын газрын удирдлагаас өгсөн бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үүрэг, даалгаврын биелэлтийг хянахад 72.5%-тай буюу хангалтгүй гэж дүгнэсэн. Ийнхүү хугацаатай үүрэг, даалгавар хангалтгүй байсан учраас гүйцэтгэх удирдлага, холбогдох газрын удирдлагаас дахин хугацаатай үүрэг, даалгаврыг өгч, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр уг үүрэг, даалгаврын биелэлтийг хянахад 53,7%-тай байсан. Л.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаан, нөхцөлгүйгээр ажлын 4 (дөрөв) өдөр ажлаа тасалсан учраас Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд шууд хамаарч байна. Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "2020 оны 01 дүгээр сарын 03-аас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хооронд ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халсан гэж дурджээ. Л.Г нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаан дахь өөрт ноогдох ээлжийн амралтыг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд хэсэгчлэн эдэлсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажилдаа эргэн орсон тул түүнийг ээлжийн амралттай байхад ажлаас халсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Л.Г нь ээлжийн амралтаа хэсэгчлэн авахаар, тухайлбал ээлжийн амралтын эдлээгүй үлдсэн хоногийг дараа нь биеэр эдлэхээр 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн ажилдаа эргэж орсон болно. Харин Л.Г нь биеэр эдлэх үлдсэн ээлжийн амралтыг дахин авахаар бол тус банкны Захиргаа, хүний нөөцийн газарт хүсэлт гаргах, ээлжийн амралт авахтай холбоотойгоор ажил хүлээлцэх акт үйлдэх ёстой боловч хүсэлт болон ажил хүлээлцсэн акт байхгүй. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан үйлдэл нь түүний цагийн бүртгэл, ээлжийн амралт олгох хуудсаар давхар нотлогддог. Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр Л.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Гийг хариуцагч Х.Х.Б ХХК-ийн Буянт-Ухаа салбарын данс хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Х.Х.Б ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 14 376 340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Гт олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг хуульд заасан журмын дагуу нөхөн төлж, түүний дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Х.Х.Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид /70 200 + 229 832/ нийт 300 032 /гурван зуун мянга гучин хоёр/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр няцааж байна. Шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн. Х.Х.Бны Буянт-Ухаа салбарын данс хариуцсан ажилтны үзүүлэлт бусад салбар, нэгжийн үзүүлэлтээс доогуур байсан учраас тус банкны гүйцэтгэх захирлын орлогч, салбарын удирдлагын газрын захирлын түр орлогч гүйцэтгэгчээс Буянт-Ухаа салбарын данс хариуцсан ажил, албан тушаалтай байсан нэхэмжлэгч Л.Гт 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн. Л.Г уг даалгавартай танилцаж, хүлээн авсан бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр биелэлтийг хянахад 72,5 хувьтай буюу хангалтгүй гэж дүгнэж, уг дүгнэлтийг Л.Г 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч танилцаад, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Улмаар дахин үүрэг даалгавар өгч 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр уг үүрэг даалгаврыг биелэлтийг хянахад 53,7 хувийн гүйцэтгэлтэй хангалтгүй гэж дүгнэгдсэн. Уг дүгнэлттэй Л.Г танилцсан болох нь хавтаст хэргийн 34-36 талд нотлох баримтаар авагдсан. Шүүхээс хариуцагч хоёр удаагийн хугацаатай үүрэг, даалгаврыг хэзээ, хэрхэн ямар тусгайлсан дүрэм, журмыг баримтлан өгсөн болон дүгнэсэн тухай хариуцагч нотлоогүй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Худалдаа, хөгжлийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.2, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.1.3, Л.Гийн ажлын байрны тодорхойлолтын 4.73, 4.85 дахь хэсэгт тус тус зааснаар үгүйсгэгдэж байна. Шүүхээс нэхэмжлэгчид өгөгдсөн уг хугацаатай үүрэг, даалгаврыг өгсөн болон дүгнэсэн тухай хуралдааны тэмдэглэл хариуцагчаас гаргаж нотлоогүй гэж дурдсан. Нэхэмжлэгч Л.Гт өгөгдсөн болон биелэлтийг хянасан тухай хугацаатай үүрэг, даалгаврын тайлбар, нарийвчилсан тоон мэдээлэл уг хугацаатай үүрэг, даалгавар дотор байсаар байтал хэрэгт ач холбогдолгүй хурлын тэмдэглэлийг үйлдсэн байх ёстой гэж хариуцагчаас үйлдээгүй баримтыг шаардсан нь үндэслэлгүй. “Х.Х.Б” ХХК-аас хурлын тэмдэглэл гардаггүй бөгөөд зөвхөн шийдвэр гардаг. Шүүхээс нотлох баримтыг зөв үнэлж, дүгнэж чадаагүй. Л.Г нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул ажлаас чөлөөлсөн. Хавтаст хэргийн 85 дугаар талд нэхэмжлэгч Л.Г 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус банкны Захиргаа, хүний нөөцийн газарт Жира системээр ээлжийн амралт хүссэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал нийт ажлын 6 хоногоор хэсэгчлэн эдэлж, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажилдаа ирэх ёстой байсан. Хавтаст хэргийн 37, 38, 39, 85, 132 талуудад нотлох баримтаар авагдсан. Энэ талаар 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 15 дугаар талд даргалагчаас “2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд ажлаа хийсэн үү” гэхэд нэхэмжлэгчээс “ажлаа хийсэн” гэж хариулсан. Хавтаст хэргийн 132 дугаар талд авагдсан баримтаар Л.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хугацаанд ажиллаж байсан болох нь тогтоогддог. Хэрвээ нэхэмжлэгч ээлжийн амралт эдлэх гэж байсан бол Жира системээр хүсэлт ирүүлэх ёстой байсан бөгөөд ажил хүлээлцсэн акт үйлдэлгүй ажлаа дур мэдэн орхин явсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондын хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч “Х.Х.Б” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14 376 450 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Л.Г нь “Х.Х.Б” ХХК-д 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс Төв салбарт лавлагааны ажилтнаар, мөн оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 811 дүгээр салбарт үндсэн ажилтнаар, 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс Буянт-Ухаа салбарт банкны ажилтнаар, мөн 11 дүгээр сарын 22-ны өдрөөс тус салбарын данс хариуцсан ажилтнаар тус тус ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б-20/144 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, “Х.Х.Б” ХХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.10.6, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.3, 8.2, хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.3-т тус тус заасан үндэслэлээр үүрэгт ажлаас  чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон. /хх 4, 138-131/

Ажил олгогч нь дээрх тушаалын үндэслэлээ “... Л.Г нь гүйцэтгэх удирдлага, газар, нэгжийн удирдах ажилтнаас 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр болон 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрүүдэд өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ноцтой зөрчил гаргасан” гэж тайлбарлажээ.

Зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх ба уг харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцэхгүй, ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Талууд хөдөлмөрийн гэрээний 10.2.1-д “гүйцэтгэх удирдлага болон газар, хэлтэс, нэгжийн удирдах ажилтны өгсөн хугацаатай үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн, хугацаатай өгсөн үүргийг хугацаанд нь биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн”, 10.2.7-д “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан... “ гэх зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцжээ.

Хэргийн 34-36 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд ажил олгогчоос 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр болон 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрүүдэд ажилтанд өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар дүгнэхэд 72.5%, мөн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дүгнэхэд 53.7% байгааг баталгаажуулсан баримт байхад анхан шатны шүүх энэ талаар тэмдэглэл хэрэгт авагдаагүй, баримтгүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

 Ажил олгогч нь ажилтанд өгсөн үүрэг даалгаврыг огт биелүүлээгүй гэж үзээгүй бөгөөд хэдэн хувь биелэгдээгүй тохиолдолд хангалтгүй гэж үзэх, улмаар энэ нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох талаар баримт хэрэгт авагдаагүй.

Хариуцагч “Х.Х.Б” ХХК нь ажилтан Л.Гт хугацаатай үүрэг даалгаврыг өгөхдөө ямар журмыг баримталсан, хэрхэн үнэлж, дүгнэх журамтай болох талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, тухайн байгууллагын нийт ажилтан, албан хаагчдад хугацаатай үүрэг даалгавар өгсөн эсэх нь тодорхойгүй, зөвхөн ажилтан Л.Гт хугацаатай үүрэг даалгавар өгөх болсон учир шалтгаан тодорхой бус байх бөгөөд, нэхэмжлэгчийн “...надад зориулж, ялгаварлан гадуурхаж тухайн үүрэг даалгавар өгсөн...” гэх тайлбарыг үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцээгүй гэж үзнэ.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт “Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдлэж болно” гэж заасан бөгөөд хэргийн баримтаар нэхэмжлэгч Л.Г ээлжийн амралтаа хэсэгчлэн эдлэх хүсэлтийг гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин ч ээлжийн амралтаа бүрэн эдлэх хүсэлт гаргаж байжээ./хх85/   Тодруулбал, нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралттай байсан боловч, ажил олгогчийн дуудсанаар 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажилдаа хүрэлцэн ирж,  01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан боловч ээлжийн амралтаа 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс үргэлжлүүлэн эдэлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т зааснаар ээлжийн амралттай байсан гэж үзэх үндэслэлтэй. /хх 37-38, 43-46/ Хэргийн баримтуудаар нэхэмжлэгчийг шалтгаангүйгээр ажил тасалсан гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй болно.

Нөгөө талаар хариуцагч тал “ажилтан ээлжийн амралтаа хэсэгчлэн амрах болон үргэлжлүүлэн эдлэх тохиолдолд дахин хүсэлтээ байгуулагад өгч зөвшөөрөл авч байж явах журамтай гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх журам хэрэгт авагдаагүй байна.

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд ажилтныг хөдөлмөрийн гэрээний 10.2.1, 10.2.7-д заасан   “хугацаатай үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн” “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан” гэх хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчлүүдийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд, Б.Ганхуягийг “Х.Х.Б” ХХК-ийн Буянт-Ухаа салбарын данс хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн.

Шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон учир Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан "дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар тооцож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14 376 340 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ. /хх-15/

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01762 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300 032 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

                                                           

                                        ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Б.НАРМАНДАХ