Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 013/2016/01110/и |
Дугаар | 001/ХТ2017/01110 |
Огноо | 2016-10-27 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2017/01110
З.Энхбаярын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2016/00206 дугаар шийдвэр,
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаар магадлалтай,
З.Энхбаярын нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох
Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгч Б.Энхтуяагийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие 2002 оноос эхлэн Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуульд 14 жил тасралтгүй ажиллахдаа 2 жил нийгмийн ажилтан, 6 жил сургалтын менежер, 6 жил захирлын албан тушаалд ажиллаж байсан. 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр аймгийн Засаг даргын Б/07 тоот захирамжаар намайг ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/08 тоот захирамжаар Б.Энхтуяаг тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, ажил хүлээлцэх үед аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Б.Ундрах, Б.Энхтуяа бид 3 намайг сургуулийн нийгмийн ажилтнаар томилон ажиллуулах талаар харилцан ярилцаж тохиролцсон юм. Гэтэл захирал Б.Энхтуяа нь тохиролцсоноороо намайг нийгмийн ажилтны ажилд цалин хөлс хүрэхгүй байна гэсэн шалтгаанаар томилолгүй байрны багшаар ажиллуулсан боловч 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/05 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна. Иймд Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгч Б.Энхтуяагийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэгч З.Энхбаярын томилогдсон нийгмийн ажилтны орон тоо батлагдсан орон тооноосоо хэтэрсэн нь шалгалтын явцад илэрсэн. Мөн аймгийн Засаг даргын захирамж болон хамт олны хурлын шийдвэрийн дагуу орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлөгдсөн. Мөн З.Энхбаярыг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дотуур байрны багшийн ажилд томилсон боловч энэ ажлыг хийхгүй гэсэн шалтгаанаар 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилдаа ирээгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2016/00206 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар З.Энхбаярыг Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 1 977 371 төгрөгийг Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулан З.Энхбаярт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар З.Энхбаярт олгох олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг суутган төлж, тэдгээр дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуульд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Ховд аймгийн Төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 46 587 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаар магадлалаар Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2016/00206 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ томилсугай” гэснийг “тогтоосугай” гэж, 2 дахь заалтын “1.977.371 төгрөгийг” гэснийг “2.572.998 төгрөгийг” гэж, 3 дахь заалтын “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн” гэж, 4 дэх заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч З.Энхбаярт буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгээс 126.317 (56117+70200) төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “3.Энхбаярын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийнхээ дагуу Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 05-ны өдрийн 153/ШШ2016/00206 дугаар шийдвэр, 2016 оны 07 сарын 28-ны өдрийн 88 дугаар магадлалыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна. Хуулийг буруу хэрэглэж тайлбарласан талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн заалт, мөн хуулийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй, хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтыг харьцуулан дүгнээгүй атлаа, хэт нэг талыг барьж, нэхэмжлэгч талын баримтуудыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Мөн захирал Б.Энхтуяа нь Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийт ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ болоод ажлын байрны тодорхойлолтуудыг хийсэн. Анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө Ховд аймгийн Боловсрол соёлын газар болон Хууль зүйн хэлтэс, Төрийн сангийн шалгалтын шаардлагыг, мөн илүүдэл орон тоон дээр нэхэмжлэгч 3.Энхбаярыг ажиллуулж байсан талаарх баримтыг шинээр гаргаж өгөх нотлох баримтаар гаргаж өгсөн байхад шүүх үнэлэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Ажил олгогч байгууллагын орон тоо хэтэрсэн, Ховд аймгийн Засаг даргын захирамж гарсан, хамт олны хурлаар хэлэлцэн нэхэмжлэгч З.Энхбаярыг ажлаас чөлөөлсөн байхад нотлох баримтыг үгүйсгэсэн байна. Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/05 тоот “Дотуур байрны багш З.Энхбаярыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгосон шийдвэр, магадлал нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.
Нэхэмжлэгч З.Энхбаяр нь Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “ ... Ховд аймгийн Боловсрол Соёлын газар, Хууль зүйн хэлтсийн дарга, Төрийн сангийн дарга нар шалгалтаар ирээд хурал дээр манай сургуулийн дотуур байрны багш, үйлчлэгч, бага ангийн багш гэсэн 3 орон тоо илүү байгаа учраас цэгцэлж хас гэсэн шаардлага тавьсан. Шалгалтын мөрөөр Аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/67 дугаар захирамжаар хяналт шалгалтаар илэрсэн шаардлагуудыг арилгаж 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхийг үүрэг болгосон учраас З.Энхбаярыг ажлаас халсан” гэж маргажээ.
Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дахь заалтыг баримтлан тус сургуулийн 2016 оны батлагдсан орон тоо хэтэрсэн гэх үндэслэлээр 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр З.Энхбаярыг дотуур байрны багшийн ажлаас чөлөөлсөн тухай баримт хэрэгт авагдсан байна.
Хариуцагч буюу ажил олгогчоос нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж гаргасан “орон тоо хэтэрсэн” гэх тайлбарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тооны цомхотгол нь байгууллага татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлэх гэсэн ялгаатай үндэслэлийн алинд нь хамаарч байгааг тодорхойлохын тулд “...Мянгад сумын ерөнхий боловсролын сургуулийн 2016 оны батлагдсан орон тоонд хэдэн багш, хэдэн ажилтан байсан, үүнээс байрны багшийн орон тоо хэд байсан талаар хэрэгт нотлох баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн тус сургуулийн байрны багшийн орон тоо хасагдсан эсхүл цөөрүүлсэн эсэх нь ойлгомжгүй” гэж анхан шатны шүүх дүгнэж, З.Энхбаярыг тус сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн ба шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хуулийн нэрийг буруу хэрэглэсэн, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, ажилтанд олгох нөхөх олговрыг буруу тооцсон, техникийн зарим алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН