Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 221/2018/0011/З |
Дугаар | 0441 |
Огноо | 2018-11-07 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 0441
ИЗНН-ын нэхэмжлэлтэй,
Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Д.Мөнхтуяа,
Шүүгчид: Л.Атарцэцэг
Х.Батсүрэн,
П.Соёл-Эрдэнэ,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Ц.Ундрал.
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож, ИЗНН-аас Монгол улсын Их хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд дангаар оролцохоор бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн ИЗНН-ыг бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах”,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/ШШ2018/0010 дугаар шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Ц.Ц,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/ШШ2018/0010 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ИЗНН-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 22 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх “ИЗНН-аас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд дангаар оролцохоор бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн ИЗНН-ыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Давж заалдах журмаар гаргасан гомдол
2. Хариуцагчаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ИЗНН-ын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч тус шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/ШШ2018/0010 дугаар шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
3. Шүүх Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай ИЗНН-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “2005 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26.3.6 дахь заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр тогтоолоор Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэж байжээ. Гэтэл 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 60.5 дахь хэсэгт өмнөх хуулийн заалтыг агуулгын хувьд дахин сэргээн баталсан байна. Сонгуулийн ерөнхий хороо энэ заалтыг баримтлан маргаан бүхий 22 дугаар тогтоолыг гаргасан нь буруу” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь
4. 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5-д “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй” гэж заасан нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Иймд Сонгуулийн ерөнхий хороо нь Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д заасан хууль дээдлэх зарчмыг баримтлан, хуулийн хэрэгжилтийг хангаж 2018 оны 22 дугаар тогтоолыг гаргасан.
5. Гэтэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг даган мөрдөж, хэрэгжилтийг нь хангасан Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг шүүх дээрх үндэслэлээр хүчингүйд тооцсоныг зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын олон улсын гэрээ нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй байна гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн үзвэл тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана.”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж шүүх үзвэл тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, уг хууль, Монгол Улсын олон улсын гэрээний талаарх саналаа Улсын Дээд шүүхэд гаргана.
7. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3-т “Цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн өргөдөл, мэдээлэл, хүсэлтээр үүсгэн явуулна. Хэрэв эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль болон бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээвэл Цэцийн аль нэг гишүүний санаачилгаар Цэц хяналтын журмаар хянан шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилсан байна.
8. Шүүх шийдвэрийнхээ үндэслэлд Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон 2005 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн /хүчингүй болсон/ хуулийн 26.3.6 дахь заалтыг агуулгын хувьд дахин сэргээн баталсан байна гэж дүгнэсэн мөртлөө Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д заасныг хэрэглэхгүйгээр хэргийг шийдвэрлэж, Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 22 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.
9. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/ШШ2018/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Давж заалдах шатны шүүх тусгай журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
11. Нэхэмжлэгч ИЗНН нь “Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож, ИЗННаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд дангаар оролцохоор бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн ИЗНН-ыг бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Сонгуулийн ерөнхий хороо нь 22 дугаар тогтоолыг гаргахдаа Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг зөрчсөн гэж маргажээ.
12. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, хариуцагч Сонгуулийн ерөнхий хороо нь Сонгуулийн тухай хууль /2015 оны/-ийн 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.5 дахь заалтуудыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар тогтоолоор ИЗНН-ыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байх ба хариуцагчаас “...ИЗНН нь Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцсон сонгуулийн тайлангаа хуульд заасан хугацаанд тус хороонд ирүүлээгүй учир тус намыг бүртгэхээс татгалзсан нь хууль зөрчөөгүй” гэсэн тайлбарыг гаргасан байна.
13. 2005 онд батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6-д “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэж заасныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9/ дэх заалтын “...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, мөн зүйлийн 10/ дахь заалтын “...Аль нэгэн нам, ...гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно...” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэн, хүчингүй болгожээ.
14. Харин Сонгуулийн тухай хууль /2015 оны/-ийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Нам, эвсэл нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй”, 60 дугаар зүйлийн 60.5-д “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй” гэж тус тус заасан бөгөөд энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь заалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа, уг заалтыг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гараагүй болох нь тогтоогдсон байна.
15. Гэтэл давж заалдах шатны шүүх “...Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт ...өмнөх хуулийн заалт /Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6/-ыг агуулгын хувьд дахин сэргээн баталсан байна. Хуулийн энэхүү заалтыг баримтлан Сонгуулийн ерөнхий хороо маргаан бүхий 22 дугаар тогтоолыг гаргасан нь буруу. Учир нь Сонгуулийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т ... эрх зүйн эх сурвалжийг заажээ. Дээд эрэмбийн буюу илүү хүчин чадал бүхий эрх зүйн эх сурвалж нь энэ тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль байна. Иргэд сонгуульд оролцох санал өгөх, нэр дэвших гэдэг нь Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж буй баталгаа болж буй бөгөөд энэ тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо иргэдийн эрхээ тэгш, жигд, хэрэгжүүлэх баталгаа болж, эрхийн эдлэх зохион байгуулагчийн үүрэг гүйцэтгэх юм. Хэрвээ Сонгуулийн ерөнхий хороо энэ үүднээсээ асуудалд хандсан бол 22 дугаар тогтоолыг гаргахгүй, харин ИЗНН-ыг бүртгэсэн шийдвэр гаргах боломжтой байжээ” гэх мэтээр хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасантай нийцэхгүй байна.
16. Учир нь, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д “Цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьж түүнийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэнэ”, ...3-т “Цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн өргөдөл, мэдээлэл, хүсэлтээр үүсгэн явуулна. Хэрэв эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль болон бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээвэл Цэцийн аль нэг гишүүний санаачилгаар Цэц хяналтын журмаар хянан шийдвэрлэж болно” гэж, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль... Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй байна гэж шүүх, шүүх бүрэлдэхүүн үзвэл тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана” гэж тус тус заажээ.
17. Энэ тохиолдолд, шүүх тухайн маргаанд хэрэглэх хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, энэ талаарх саналаа Улсын дээд шүүхэд гаргах, эсхүл Сонгуулийн тухай хуулийн дээрх, хүчин төгөлдөр зүйл, заалтыг тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэх байтал давж заалдах шатны шүүх нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанаас хальж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зүйл, заалтыг Үндсэн хууль зөрчсөн мэтээр буруу дүгнэж хэргийг шийдвэрлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.
18. Мөн, хяналтын шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн маргаанд хэрэглэх Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь заалт нь Үндсэн хуулийн маргаан үүсгэсэн гэсэн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгээгүй, түүнчлэн давж заалдах шатны шүүхийн хэргийг хянан шийдвэрлэхдээ гаргасан эдгээр алдааг хяналтын шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/ШШ2018/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА