Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/13

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас яллагдагч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1717000720041 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг,  .......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Б.Б /РД:.............../

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн орчим Сүмбэр сумын 3 дугаар баг 3 дугаар байрны 3-2-32 тоот гэртээ эхнэр Б.Ам-г бусадтай хардаж маргалдан түүнийг үсдэж газар унагаан гараараа зүүн баруун гуянд нь цохиж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 3 дугаар байрны 2 дугаар орц 31 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.А-г бусадтай хардаж маргалдан түүнийг үсдэж газар унагаан гараараа зүүн баруун гуянд нь цохиж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

...Би 2017 оны 11-р сарын 08-ны өдөр 13 цагийн орчим эхнэр А-ийн хамт гэртээ байж байгаад 2017 оны 11-р сарын 02-ны өдөр эхнэрээсээ хаагуур явсан бэ гэж асуусан чинь эхнэр А өөдөөс уурлаад байсан. Тэгээд түүнээс болж маргалдаад А-ийн зүүн гуя руу нь баруун гараараа хоёр удаа цохьсон. Тэгээд миний өөдөөс А орилж чарлаад ах Анхбаярыг утсаар дуудсан. Тэгээд ах Анхбаяр нь гэрт ирээд А-г авч явсан. Тэгтэл цагдаа ирээд намайг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

1.2. Хохирогч Б.Амөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...2017 оны 11-р сарын 08-ны өдөр манай нөхөр Б.Б хувийн шалтгаанаас болж хэрүүл хийж намайг буйдан дээр сууж байхад Б газар чирч унагаагаад гараараа зүүн гуя руу нэг удаа цохисон. Мөн баруун гуя руу нэг удаа цохьсон. Тэгээд миний үснээс зулгаагаад байхаар нь би ах Анхбаяр луу утсаар яриад намайг ирээд аваач Б намайг зодоод байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй ах Анхбаяр ирээд цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 97 дугаар хуудас/

 

1.3. Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...2017 оны 11-р сарын 08-ны өдөр 15 цагийн орчим дүү А рүү утсаар залгасан чинь өөдөөс А Б намайг зодоод байна та хүрээд ир гээд уйлаад ярьсан. Тэгээд би гэрт нь очиход А уйлсан байдалтай байж байсан. Би юу болсон талаар асуусан чинь Б намайг зодсон гээд зүүн хөлөө үзүүлсэн ба би үзэхэд зүүн гуя нь хөхөрсөн байсан. Тэгээд би А-г авч яваад цагдаа дээр ирж мэдэгдээд шүүх эмчид Амартүвшинг үзүүлсэн... Б урьд нь А-г зодож байсан. 2015 онд А-г зодож эгэмийг нь гэмтээж байсан. Би А-тэй хамт эмнэлэг орж үзүүлж байсан. Б А нар муудалцаж байгаад Б А-г аваад шидсэн гэж байсан. Тэр өдөр 2017 оны 11-р сарын 08-ны өдөр намайг Б-ийн гэрт очиход А Б нар хоорондоо хэрэлдэж байхад А Б намайг урьд нь зодож хоолой боож байсан гэж ярьж байсан. Түүнээс би урьд нь Батбилэгийг Амартүвшинг зодож байхад нь хажууд нь байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 98 дугаар хуудас/

 

1.4. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 406 дугаартай дүгнэлтэд: 

- Б.А- ийн биед тархи доргилт, хүзүүнд улайлт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, зүүн гуя болон баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 23 дугаар хуудас/

 

1.5. Шинжээч эмч Б.Сэргэлэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Б.А-д учирсан тархи доргилт нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гуя болон баруун гуянд үүссэн цус хуралт нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний улайлт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Би А-г 2017 оны 11-р сарын 08-ны өдөр үзэхэд толгой өвдөж, хөл гараар хөндүүрлэж өвдөж байсан. Тархи доргилт болон зүүн баруун гуянд үүссэн гэмтэл нь 2017 оны 11-р сарын 08-ны өдөр үүссэн байх боломжтой. 2017 оны 11-р сарын 08-ны өдөр үзэхэд цус хуралтуудын зах ирмэг нь тод, цус хуралтын өнгө нь хүрэн ягаан өнгөөр тод үүссэн байсан. Зүүн шуунд үүссэн зөөлөн эдийн няцралыг тэмтэрч үзэхэд эмзэглэл ихтэй гар хүрч болохгүй байсан нь шинэ гэмтэл гэх шалтгаан болно. Баруун зүүн гуянд үүссэн цус хуралт гэмтэл нь 2017 оны 11-р сарын 08-ны өдөр үүссэн байх боломжтой юм. 2017 оны 11-р сарын 02-ны өдөр үүсгэгдсэн бол захаас бүдгэрч, жигдэрч арилж буй бор өнгийн цус хуралт байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 99 дүгээр хуудас/

 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;” гэж заасныг ойлгоно гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Б.Бг нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн орчим Сүмбэр сумын 3 дугаар баг 3 дугаар байрны 2 дугаар орц 31 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.А-г бусадтай хардаж маргалдан түүнийг үсдэж газар унагаан гараараа зүүн баруун гуянд нь цохиж зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгтэй тохирч байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх шинжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг иш татаж заасан бөгөөд уг зүйлийн 2.8 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэргийг үйлдсэн талаар зохицуулж хуульчилсан байна.

 

 Говьсүмбэр аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэхдээ “яллагдагч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн орчим Сүмбэр сумын 3 дугаар баг 3 дугаар байрны 3-2-32 тоот гэртээ эхнэр Б.А-г бусадтай хардаж маргалдан түүнийг үсдэж газар унагаан гараараа зүүн баруун гуянд нь цохиж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэх боловч хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд авагдсан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2873 дугаартай тодорхойлолтонд шүүгдэгч Б.Б-ийг ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хонхор 3-р байр 2-31 тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон, мөн хавтаст хэргийн 44 дүгээр хуудсанд авагдсан Говьсүмбэр аймаг улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 11 сарын 29-ны өдрийн 406/2170 дугаартай албан бичигт шүүгдэгч Б.Б-ийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг 3-р байр 2 дугаар орцны 31 тоот орон сууц өмчилдөг болохыг тодорхойлсон, хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.- ийн иргэний үнэмлэхний лавлагаагаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг 3-р байрны 31 тоотод оршин суудаг болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл дээрх нотлох баримтуудаар уг гэмт хэрэг нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 3 дугаар байрны 2 дугаар орц 31 тоотод үйлдэгдсэн болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Б нь манай хоёр дахь эрэгтэй дүү байгаа юм. Багадаа 4 дүгээр цэцэрлэгээр хүмүүжиж арван жилийн 1 дүгээр сургуулийг 10 дугаар анги төгсөөд УБ дээд сургуулийн нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Сургууль төгсөөд Чойр кашимер ХХК-д эрхлэгч хийж байсан. Ноосны үйлдвэрт нягтлан бодогч хийж байсан. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Сургуульд байхдаа сайн сурдаг, урлаг спортын авъяастай хүүхэд байсан. Нийгмийн идэвхи сайтай, ямар нэгэн ааш зан гаргаад байдаггүй. Архи тамхи байнга хэрэглээд байдаггүй. Найз нөхдийн хүрээнд хаяа архи хэрэглэдэг... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

 

2.2. Гэрч Ш.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Манай хүү Б нь 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Багадаа Сүмбэр сумын 1-р цэцэрлэгт хүмүүжиж байгаад Сүмбэр сумын 1 дүгээр арван жилийн сургуульд орж 10 дугаар анги төгссөн. Тэгээд Улаанбаатар хотод Эрдэм дээд сургуульд орж нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Сургууль төгсөж ирээд Баянтал сумын ноосны үйлдвэрт нягтлан бодогч, Чойр кашимерт гүйцэтгэх захирал хийж байгаад УБ хотод өндөгний үйлдвэрт техникч хийж байсан. Одоогоор ажилгүй байгаа. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 4, 2 настай, 6-н сартай гурван хүүхэдтэй. Сургуульд байхдаа сайн сурдаг. Сагсан бөмбөгөөр хичээллэдэг. Бүжгийн хамтлаг байгуулж бүжиглэдэг байсан. Хүнд тусархуу, цагаахан, янз бүрийн ааш зан гаргаад байдаггүй. Олны дунд хэрүүл хийгээд байдаггүй. Найз нөхөддөө нэр хүнд сайтай. Архи тамхи хэрэглээд байдаггүй. Найз нөхдийн хүрээнд хаяа нэг архи хэрэглэдэг. Архи уухаараа ямар нэгэн ааш зан гаргаад байдаггүй. Ирээд шууд унтчихдаг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

2.3. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Б бид хоёр арван жилд хамт нэг ангид байсан. 10 жилийн сургуулиас эхлэж нөхөрлөсөн. Б 10 жилд байхдаа дундаж сурлагатай, анги хамт олны дунд нэр хүнд сайтай манлайлагч удирдагч шинжтэй, спортоор хичээллэдэг, бүжиг бүжиглэдэг байсан. Зан байдлын хувьд ер нь нээх даруухан бол биш хүмүүсээс шалтгаалж зангийг нь тааруулж харьцдаг хүн байгаа юм. Юманд гайгүй хүлээцтэй ханддаг... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

2.4. Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 6 дугаар хуудас/

 

2.5. Гэр бүлийн хүчирхийлэлийг нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 37 дугаар хуудас/

2.6. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 42 дугаар хуудас/

 

2.7. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/

 

2.8. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 48-51 дүгээр хуудас/

 

2.9. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 102-104 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд “би хотод ажил хөдөлмөр эрхэлж гэр орноо тэжээдэг. Надад торгох ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь: шүүгдэгч Б.Б нь хувийн байдлын хувьд урьд нь хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, мөн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүхээс торгох ял оногдуулах боломжгүй байна гэж шүүх үзлээ.

  

Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2  дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ