Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/260

 

 

 

 

 

 

   2023          3            07                                             2023/ДШМ/260

 

             Б.А-д холбогдох эрүүгийн

            хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/1552 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.А-д холбогдох эрүүгийн 2203005310535 дугаар хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

............. овгийн ................-гийн А, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ................... төрсөн, .. настай, э..эгтэй, ....... боловсролтой, ............ мэргэжилтэй, .................... ажилтай, ам бүл .., -ийн хамт, ............... дүүргийн .. дугаар хороо, ................. дугаар байр, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................/.

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 9 дүгээр сарын 06-ны шөнө 01 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны давааны замд “Kia K-5” маркийн ..-..УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  3.7, 12.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөнөөс зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд явж “FAW CA4220” маркийн ..-.. ДГН улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, өөрийн тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Б.Б, Я.Ж, Я.Ч нарын амь насыг хохироож, насанд хүрээгүй хохирогч А.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-гийн цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.А-гийн жолоочийн B ангиллын 1037924 дугаар үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-ны “Байрны зээлийн үлдэгдэл 49.000.000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Б.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А гаргасан давж заалдах гомдолдоо: “...Б.А миний бие Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

Санамсар, болгоомжгүй гэнэтийн байдал, гэнэтийн ослоос болж хайрт ээж, ах, эгч нараа алдсанд туйлын ихээр харамсаж байна. Талийгаач ахын гэр бүлд болон өөрийн гэр бүлд туслаж дэмжиж явах чинь хүсэлтэй байна. Б.А би анх удаа зам тээврийн осол гаргасан гэмт хэрэгт холбогдсон ба болсон үйл явдалд маш их харамсаж байна.

Миний бие эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байгаа талаар шүүхийн шийтгэх тогтоолд бичигдсэн байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...: Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Уг зам тээврийн ослын улмаас 3 хүний амь нас хохирсон. Анхан шатны шүүхээс Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, хорих ялын хамгийн бага ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Иймд Б.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Б.А нь 2022 оны 9 дүгээр сарын 06-ны шөнө 01 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны давааны замд “Kia K-5” маркийн ..-..УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  3.7, 12.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөнөөс зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд явж байсан “FAW CA4220” маркийн ..-.. ДГН улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, өөрийн тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Б.Б, Я.Ж, Я.Ч нарын амь нас хохирсон, насанд хүрээгүй хохирогч А.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /1 хх 3/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-4-11/,

хохирогч Б.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ны “...Би 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гарсан ослын талаар мэдэхгүй. Осол гарахын өмнөх өдөр манай нөхөр, ээж Ж, нагац эгч нарын хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу бэр гуйхаар явцгаасан. Урд өдөр нь 16 цагийн үед утсаар ярихад гарах болоогүй байна гэсэн, түүнээс хойш утсаа огт аваагүй. Гэмтэл дээр ирчихсэн байсан. 2 хоног ухаан орсон боловч нас барсан. Бид 2015 онд гэр бүл болсон, 4 хүүхэдтэй. 4 дэх хүүхэд маань төрөөд 1 сар хүрээгүй байна. ...Манай орон сууц талийгаачийн нэр дээр бөгөөд 2015 онд 8%-ийн зээлээр авсан. 49.000.000 төгрөг үлдсэн. Талийгаач сардаа 1.200.000-1.800.000 төгрөгийн орлоготой байсан. Би хүүхдээ хараад ажил хийх боломжгүй байгаа тул бүх тооцоог гаргаж өгч нэхэмжилнэ. Би маш их гомдолтой байна. Миний 4 хүүхэд өнчирч үлдсэн. Банкны зээлийн үлдэгдлийг төлүүлнэ. ...” гэх мэдүүлэг /1 хх 35/,

2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 12262 дугаар Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Б.Б-ийн биед дух, баруун чамархай, суурь ясны их, бага далавч, хоёр нүдний ухархай, баруун хоншоор, хамар, хамрын таславчийн цөмөрч үргэлжилсэн нийлмэл хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, баруун 4, 5, 6-р хавирганы зөрүүтэй далд хугарал, баруун уушгины эдийн няцрал, цээжний баруун хөндий дэх хий, шингэн хуралдалт, хоёр дээд, доод зовхи, хамрын нуруу, хоншоорт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуу, сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 102-104/,

2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2478 дугаар Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Цогцост хийсэн шинжилгээгээр дух ясны зулай, суурь яс руу үргэлжилсэн, ухархайн дотор хана, хамар яс, баруун хоншоор яс хамарсан нийлмэл цөмөрсөн ил хугарал, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн цусархаг няцрал, их тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальсны доорх тархмал цус харвалт, хатуу хальсны доорх цусан хурааг авч тархи дарагдлаас чөлөөлөх хугарал засах мэс заслын дараах байдал, өвчүү яс, хоёр талын олон хавирганы хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь авто ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь тархины ил гэмтлийн улмаас халдвар авч тархины бүрхүүл хальсны идээт үрэвслээр хүндэрч нас баржээ. Талийгаач нь 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 00 цаг 49 минутад нас баржээ. Талийгаач нь 4-р бүлгийн цустай байна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хх 107-110/,

хохирлын баримтууд /1 хх 41-47/,

хохирогч Я.Ж-ын хууль ёсны төлөөлөгч Б.Б-гийн “...“Би төрсөн охин нь бөгөөд осол гарах үед манай төрсөн ах Б.Б хамт явсан. Бид эхээс хоёулаа, ах маань бас гэмтсэн. Ээжийн буяны ажлын зардлыг одоогоор хөтлөөд явж байгаа, дараа нь гаргаж өгнө. Манай ээж болон А-гийн ээж Ч нар нь төрсөн эгч, дүү нар юм. Талийгаач нарын зарим буяны ажлын зүйлсийг хамтад нь хийсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Буяны ажлыг бүгд зохион байгуулсан. Гомдол саналгүй, нэгэнт осол болоод өнгөрсөн, бид багаасаа хамт өсөж, ойр дотно байсан учир дүү А-д гомдолгүй гэж гэр бүлийн зүгээс үзэж байгаа. ...” гэх мэдүүлэг /1 хх 50/,

2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2375 дугаар Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Талийгаач Я.Ж-ын цогцост гавал тархины битүү гэмтэл, гавал болон нүүрний ясны хэлтэрхий үүсгэсэн хугарал, хатуу хальсны урагдал, тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун хөмсөг, дээд уруулд шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, зам тээврийн ослын үед, ямар ч байрлалд үүсэх боломжтой. Гавал тархины битүү гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 05 цагт цогцсын гадна үзлэг хийхэд талийгаач нь нас бараад 3-5 цаг орчим болсон байжээ. Талийгаач нь дөрөвдүгээр бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хх 128-131/,

хохирогч Я.Ч-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-гийн “...Би төрсөн хүү нь бөгөөд осол гарах үед манай төрсөн ах Б.А автомашиныг жолоодож явсан. Надад нэхэмжлэх зүил байхгүй. Буяны ажлыг бүгд зохион байгуулсан. Буяны ажлын цөөхөн баримт байгаа...” гэх мэдүүлэг /1 хх  54/,

2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2372 дугаар Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Талийгаачийн биед дух, зулай, баруун, зүүн чамархай, дагз, гавлын суурийн яснууд, хацар, баруун, зүүн ухархай, эрүү, самалдаг, хоншоорын хөндийн яснуудын олон тооны сэлтэрхийд хугарал, дух, баруун, зүүн чамархайн дэлбэн, бага тархи, уртавтар тархи, тархины гүүр, өнчин тархи, хэл уг хэсгээрээ тасралт, ховч яс хугарал, хүзүүний 1, 2, 3-р нугалмын бяцарсан хугарал, нугас тасралт, нүүрний хэсгийн хамарсан ил шарх, элэгний 3-р сегментэд няцрал, баруун 3, 4, 5-р хувирганы хугарал, цээж, баруун мөр, баруун шуу, сарвуу, зүүн шуунд зулгаралтай, зүүн шуунд ил шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтлүүд байна. Талийгаачийн биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархи, хүзүүний гэмтлийн улмаас нас барсан байна. Талийгаач нь нас бараад 3-5 цаг болсон байна. Талийгаач нь хоёрдугаар бүлгийн цустай байжээ. Талийгаачийн цусанд 1,8 промилли, ходоодны шингэн 4,8 промилли спиртийн агууламж илэрсэн ба нас барах үедээ дунд зэргийн согтолттой байна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хх 116-119/,

иргэний нэхэмжлэгч насанд хүрээгүй А.Т-ийн хууль ёсны төлөөлөгч С.Мандхайн “...Тухайн осол гарах үед манай нөхөр А автомашиныг жолоодон явсан бөгөөд түүний ээж, эгч, хамаатны Бат-Энх нар хамт явж байсан. ...А 9 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймагт бэр гуйх зорилгоор ах, дүү нарын хамт явсан. Тухайн унаж явсан автомашин өөрийнх нь машин. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. ...” /1 хх 58/,

иргэний нэхэмжлэгч Л.Г-гийн “...Би 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Зүүнхараагаас өөрийн нэр дээр бүртгэлтэй, ..-.. ДГН улсын дугаартай “Бенз” маркийн автомашиныг жолоодоод Улаанбаатар руу чиргүүл, ачаан дээрээ нийт 30 тонн төмс ачаад өглөө 09 цагт хөдөлсөн. 01 цаг 40 минутын орчимд Баруун туруу даваад уруудаад пост орохоос наана 2 орчим км зайд явж байхад миний машины зүүн талаар нэг жижиг автомашин орж ирээд гэрлээрээ дохиод сигналь дараад байхаар нь би ачсан төмс унасан уу, дугуйн наклад халчихсан юм болов уу гэж бодож өөрийнхөө явж байсан эгнээнд автомашинаа зогсоогоод буугаад харахад миний машины чиргүүлний зүүн хойд хэсэг рүү Kia К-5 маркын ..-..УНЦ улсын дугаартай, цагаан өнгийн автомашин мөргөчихсөн байсан. Тэгэхэд нөгөө гэрлээр дохиод байсан машины жолооч араас чинь машин орчихлоо гэж хэлсэн. Тэгээд сандралдаад нөгөө машины жолооч талын хаалгыг онгойлгоход жолооч нь 30-35 орчим насны залуу орилоод сууж байсан. Тэр залууг би дүү нь гэх залуутай хамжаад буулгасан. Зорчигч талын суудал дээр нэг жоохон хүүхэд уйлаад байхаар нь мөн буулгасан. Тэр суудалд нэг эмэгтэй хүн суучихсан хөдлөхгүй байсан. Арын хаалгыг онгойлгоход 2 хүн сууж байсан. Нэг эмэгтэйн нүүр хэсэг нь нилэнхүйдээ цус болж хавдсан байсан тэр эмэгтэйг буулгаад замын хажууд хэвтүүлсэн, нөгөө эрэгтэй нь унтаж байсан. Тэр хүнийг буулгах гэхэд хөл нь гацчихсан байсан болохоор хаалгыг эвдэж байхад Онцгой байдлын алба хаагчид ирээд тэр хүнийг гаргасан. Онцгой байдлын алба хаагчдын дараагаар 2 орчим минутын дараа замын цагдаагийн бүрэлдэхүүн ирээд ослын газарт үзлэг хэмжилт хийсэн, мөн намайг драгер багаж үлээлгэхэд 0.00 гарч байсан. Миний чиргүүлийг мөргөсөн машиныг би мэдэлгүй 150-200 орчим метр газар явчихсан юм байна. Би тэр машиныг чиргүүл мөргөснийг огт мэдээгүй. Чиргүүлний арын гэрэл, татлага чангалагч эвдэрсэн байна лээ, уг эвдрэл хохиролд үнэлгээ хийлгэх шаардлагагүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрөө автомашинд учирсан хохирлоо хариуцаад засвар хийнэ, их мөнгө орох эвдрэл байхгүй. ...” /1 хх 62/,

гэрч Б.Ө-гийн “...2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр бэр гуйх найр эхэлсэн, 11 цаг 40 минутаас 16 цаг 30 минутын хооронд болж дууссан. Ирсэн зочид 17 цаг өнгөрөөд буцах болсон. Миний жолоодож явсан автомашинтай нийт 3 машин Улаанбаатар руу гарсан. Нөгөө нэг машиныг жолоодож явсан хүн нь А гээд Энхтүвшингийн ах нь байсан. Кiа К-5 маркийн автомашинаа жолоодоод төрсөн ээжийгээ, хамаатны ах эгч нар, өөрийнхөө хүүхдээ суулгаад явсан. ...Хуучин 22-ын товчооны ойролцоо явж байхад эхнэр Март, дүү Эрдэнэпүрэвтэй ярихад “Та нар хаана явж байна, бид нар араас чинь явж байна” гээд салгасан. Удаагүй 5 минут болоогүй байхад эхнэрийн дүү Эрдэнэпүрэв залгаад осол аваар гарчихлаа гээд орилоод байсан. Тухайн үед 01 цаг 53 минут болж байсан. Эхнэр дүүтэйгээ ярьсан цаг нь тийм байна лээ. Осол хаана болсон талаар асуухад 61-ийн гарамаас уруудаад Эмээлт явах замд гэж хэлсэн. Ингээд осол болсон газрыг олохгүй нилээн явсан, тэгээд гар утсан дээрээ локайшин ашиглаж байж олоод очиход 52-ын даваанаас уруудаад явах замд осол болсон байсан. Очиход А ахын жолоодож явсан Kia К-5 маркийн автомашин том чиргүүлтэй шаланзны араас мөргөөд зогсчихсон, машины урд хэсэг чихэгдсэн байдалтай байсан. Онцгой байдал, цагдаа, эмнэлгийн машин ирсэн байсан. Агийн хувцас цус болсон, ах нь гэх хүний биеийн байдал хүнд байсан. Kia К-5 маркийн машинд нэг хүнийг юмаар бүтээчихсэн, нэг нь хавчуулагдсан байдалтай Онцгой байдлын алба хаагчид гаргах гэж байсан. Автомашины хөдөлгөөн сийрэг, харанхуй, эсрэг урсгалд явж байгаа машины гэрэл их хурц, цаг агаарын байдал хэвийн, цас бороо ороогүй байсан. ...” /1 хх 72-73/,

гэрч С.М-ын “...найр 17-18 цагийн орчимд дуусаад, Kia К-5, Тоёота приус маркийн автомашинтай хүмүүс 18 цаг 30 минутын орчимд Улаанбаатар хот руу хөдөлсөн. Жолоо барьж байсан хүмүүс огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. ...Төмөр замын призер өнгөрөөд  явж байхад дүү Э залгаад “Та хэд хаана явж байгаа юм, бид нарыг өнгөрөөд явчихсан юм уу” гээд асуусан. “Призер гараад явж байна” гэхэд “бид нар та хэдийн хойно яваа юм байна” гэж хэлсэн. Утсаа салгаад 5 орчим минут болж байхад дүү ахиад залгаад “ах А осол аваар хийчихсэн байна, түргэн дуудаарай” гэж хэлсэн. Хаана явааг нь асуухад мэдэхгүй байна гэж хэлсэн. Би 103 дугаарын утас руу дуудлага өгөхөд 61-ийн гарамтай ойрхон юм бол Жаргалантын түргэнийг дуудчих, арай хурдан очно гээд 98-тай дугаар өгсөн. Нөгөө дугаар руу нь залгахад холбогдох боломжгүй байсан тул ахиад 103 дугаар руу залгаад ослын талаар хэлсээр байгаад дуудлага өгсөн. ...61-ийн гарамаас Эмээлт рүү урууддаг замд байна гэж хэлсэн. Ослын газарт ирэхэд Онцгой байдлын машин, цагдаа нар ирчихсэн. А-гийн жолоодож явсан Kia К-5 маркийн автомашин том чиргүүлтэй машины араас мөргөөд зогссон байсан. ...” /1 хх 76-77/,

гэрч Б.Э-гийн “...Шөнө 01 цаг 45 минутын орчим манай ах А 361 дүгээр гарамын пост дөхөөд миний ард явж байснаа намайг гүйцэж түрүүлээд урд гараад явсан. Хэсэг яваад нэг даваа өгсдөг хэсэгт би ахынхаа ард явж байгаад хэсэг газарт хоцорчихсон. Би давааг уруудаад явж байтал зам дээр баахан хагарсан шил, машины буфер зэрэг байсан. Би “Энд юу боловоо” гээд жаахан хурдаа нэмсэн. Уруудаад явж байсан том машины араас манай ах машинтайгаа мөргөөд уг машины ар талд наалдаад чирэгдээд яваад байсан. Би машинтайгаа хажуугаар нь гүйцэж ороод сигналдаад гэрлээрээ дохиод урагшаагаа чигээрээ яваад уг том машины урд талд гараад ослын гэрлээ асаагаад зогссон. Би буугаад ахынхаа машин дээр гүйж очоод харчихаад буцаж өөрийнхөө машин дээр очоод машинаа хөдөлгөөд ахын машины ард талд очоод татлага гаргаж ирээд араас нь татаж салгах гэж үзсэн боловч хөдлөөгүй. Би ахынхаа машины жолооч талын арын хаалганы цонхыг цохиж хагалаад хаалгыг онгойлготол ахын хүү 2 настай Т уйлсан байдалтай байхаар нь аваад, ахынхаа хаалгыг онгойлгох гээд чадахгүй цонхыг нь цохиод хагалах гэтэл чадаагүй. Гэтэл ах А тэр үед өөрөө хаалгаа онгойлгоод гараад ирсэн. Манай ах гарч ирээд сандраад “энэ чинь юу болчихвоо” гээд байсан. Ахын машины ард сууж явсан Ж эгчийг арын суудлаас өргөөд гаргаж ирээд замын хажууд тавьсан. Ж эгчийн судас нь цохилохгүй байхаар нь машинаасаа нэг бүтээлэг гаргаж ирээд хүн харчих байх гээд бүтээсэн. Нөгөө талын хаалгыг онгойлгох гээд том машины жолооч болон тэнд явж байсан нэг Соната-6 машины жолооч ахтай хамт уг хаалгыг эвдээд Б-ийг гаргах гэж үзээд чадахгүй байж байтал Онцгой байдлын хүмүүс ирсэн. Би тэр үед ахын машины урд талын сандал руу хартал манай ээж Ч хөдлөхгүй аймар цус болсон байсан. Онцгой байдлын албан хаагч нар Б-г гаргаад эмнэлэгт өгөөд явуулсан. ...” гэсэн мэдүүлгүүд /1 хх 80-81/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1124 дүгээр магадлагааны “Кiа К-5” маркийн ..-..УНЦ дугаартай автомашины жолооч Б.А нь Замын хөдөлгөөний дүрмийн “3.7-д Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” 12.2-т Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2. Иргэний нэхэмжлэгч, “РАW СА4220” маркийн ..-.. ДГН дугаартай автомашины жолооч Л.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...” дүгнэлт /1 хх 187-188/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.А-г “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.А-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хоёр, түүнээс олон хүний амь насыг хохирсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад  зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгч Б.А-гийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Б.А-гийн “...Анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. 

Учир нь, уг гэмт хэргийн улмаас 3 хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан хорих ялаас хамгийн бага хэмжээний хорих ялыг оногдуулсан байна.

Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/1552 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.А-гийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 77 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/1552 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-гийн цагдан хоригдсон 77 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                       ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ЗОРИГ