| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0001/Э |
| Дугаар | 00001 |
| Огноо | 2017-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 00001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын нрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,
шүүгдэгч М.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Намнан овогт Маналжавын Мөнхнасанд холбогдох 163/2018/0001/Э индекстэй, эрүүгийн 1715001090085 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Хутаг-Өндөр суманд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Намнан овогт М. М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Мнь 2017 оны 8 дугаар сарын сарын 25-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт эхнэр Д.*******г биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
1715001090085 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:
Хохирогч Д.*******гийн өгсөн: Би он сар өдрөө сайн мэдэхгүй байна. Манай нөхөр согтуу ирээд намайг гар хөлөөрөө цохиж зодсон. Ямар шалтгаанаар зодсоныг нь мэдэхгүй байна. Одоо толгой өвдөж бие хөхөрсөн” гэх мэдүүлэг /хх-12-15 тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Баасанхүүгийн өгсөн: Д.******* нь манай том охин бөгөөд 1974 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн төвд төрсөн. Би 1978 онд Хөвсгөл аймгаас Булган аймгийн Хутаг-Өндөр суманд шилжиж ирэхдээ том охин Д.*******гийн хамт ирсэн. Охин маань цэцэрлэг сургуулиар сураагүй, миний гар дээр өсөж бойжсон. Охин маань 15 настай байхдаа 1989 онд том хүү Т.Мөнхжаргалыг төрүүлээд хүүхдийг нь миний төрсөн эгч үрчилж авсан юм. Түүнээс хойш охин ******* нь өвгөн бид хоёртой хамт амьдарч байгаад 2006 онд Хутаг-Өндөр сумын харьяат Маналжавын Мгэдэг залуутай албан ёсны гэр бүл болсон. Одоо тэднийх ам бүл дөрвүүлээ амьдардаг. Том охин М.Гэрэлцэцэг нь 2008 онд, хүү М.Мөнхсайхан нь 2011 онд төрсөн. Хүргэн М.Мнь өөрийн гэсэн хэдэн цөөхөн малтай байж байгаад дуусгасан одоогоор эрхэлсэн ажилгүй. Охин Д.******* ажил эрхлэх чадваргүй халамжийн мөнгөөр амь зуудаг. Д.*******гийн сонсголгүй нь олдмол байгаа юм. Эхээс төрөөд 4 нас хүртлээ эрүүл хүүхэд байж байгаад уушиг нь устаад Улаанбаатар хотод очиж хагалгаа хийлгэж өрөөсөн уушгаа авахуулсан. Тэгэж байгаад аажмаар юм сонсох нь муудсаар сүүлдээ бүр таг болсон. Бас 4 нас хүрсэн үедээ ааваа, ээжээ гэж хэлдэг байж байгаад мөн л хагалгааны дараагаас ердөө үг хэлж ярихаа бүр больсон. Би бодохдоо уушгандаа хэрэглэсэн эм тарианаас болсон байх гэж боддог юм. Хөвсгөлд амьдарч байсан миний төрсөн эгч Ш.Бямбаа нь 2011 онд нас барсан бөгөөд амьд сэрүүн байхдаа эмнэлгээр охиныг маань их дагуулж явж үзүүлж харуулсан боловч эм тарианы хордлого гэж хэлдэг байсан гэсэн. Охин маань цэцэрлэг сургуулиар огт сураагүй. Бичиг үсэг, дохионы хэл юу ч мэдэхгүй. Охин маань надтай илүү хурдан ойлголцдог. Өөр ямар ч хүнтэй ойлголцохгүй. Би охинтойгоо зарим зүйлийг дохио зангаагаар, заримыг нь би аажуухан хэлж ярихаар ойлгоод байдаг юм гэх мэдүүлэг /хх-14-15 тал/,
Гэрч Ө.*******гийн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд нөхөртэйгээ хамт гэртээ байж байхад ******* орж ирээд нөхөр маань намайг зодоод байна та түргэн дуудаад өгөөч гэж яарсан байдалтай орж ирсэн. Тэгээд түргэн дуудаж үзүүлсэн гэх мэдүүлэг /хх-17-18 тал/,
Гэрч О.*******гийн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд нөхөртэйгээ хамт гэртээ байж байхад ******* 2 хүүхдээ дагуулж орж ирээд нөхөр маань намайг зодох гээд байна гэсэн яарсан байдалтай орж ирсэн. Удалгүй түүний нөхөр нь архи уучихсан, ууртай орж ирээд “чи хоолоо хийсэнгүй” гэж хэлээд эхнэрээ дагуулаад гарсан. Манай гэрээс гарах үедээ Мнь гэрийн гадаа байсан мод аваад нуруу руу нь ...2-3 удаа цохьсон, тэгээд хашаанаас чирээд аваад гарсан. Би хоёр хүүхдийг нь хараад хоцорсон... гэх мэдүүлэг /хх-18-19 тал/,
Гэрч Р.*******гийн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд хүнд зодуулсан хүн ирлээ гэсэн дуудлага ирэхээр нь очиход ******* байсан. Түүнийг үзэхэд амьсгал гүнзгий авч, баруун гар, дал, цээжээ хөдөлгөж чадахгүй байсан ба ил харагдах баруун дал, мөр, хүзүү, баруун талын хавирга, 2 гуя, толгой нь цохигдож хөхөрч няцарсан гэмтэлтэй, хүзүүний хөшингөтэй, хэвлийн эмзэглэлтэй байсан. ******* надад “нөхөр өмсөж явсан гутлаараа дэвсэж, газраар чирч зодсон” гэж хэлсэн. ******* нь төрөлхийн хэлгүй, дүлий групт байдаг хүн байгаа юм. Түүний нөхөр Мнь *******г өмнө нь бас зодож эмнэлэгт хэд хэдэн удаа ирж байсан... гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,
Гэрч Х.*******гийн өгсөн: Мнь манай том охин *******гийн нөхөр байгаа юм. Энэ хоёр маань 2005 онд гэр бүл болж хамт амьдраад 12 жил болж байна. Энэ хоёрын дундаас том охин М.Гэрэлцэцэг, бага хүү М.Мөнхсайхан нар төрсөн. Мер нь охиныг маань байнга зодож дарамталдаг, гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлддэг залуу байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд 2017 оны 8 сарын 25-ны өдөр *******г зодсон байсан. Тэгээд *******гийн биед гэмтэл учруулсан байсан. Би тухайн үед хөдөө мал дээрээ байсан. Би охин *******г нөхөр Мөнхнасанд зодуулсан бие нь муу байгаа талаар сонсоод хөдөөнөөс малаа орхиод шууд сумын эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр ирэхэд охин ******* нь ухаан алдсан байдалтай, хамарнаас нь цус гарсан, орон дээр хэвтэж байсан. Тэгээд Булган аймаг руу авч явсан. М.Мнь архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг, ажил хийдэггүй, зан байдлын хувьд тогтворгүй ааштай, хурдан уурладаг, хүүхдүүдээ байнга загнаж дарамталдаг залуу байгаа юм. Эхнэр *******гаа байнга зодож дарамталж, биед нь гэмтэл учруулж байдаг. Өмнө нь өөрийнхөө тэлээгээр биеийг нь хар хөх болтол нь ороолгож байсан. Мөн зодож баруун далыг нь хугалж гэмтээж байсан. Ер нь маш их зодож биеийг нь гэмтээж, сэтгэл санааны маш их дарамтанд байлгадаг гэх мэдүүлэг /хх-22-23 тал/,
Гэрч Д.*******гийн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд гэртээ байж байхад тус сумын иргэн *******, М2 манай гудамжинд маргалдаж, орилж хашгирч байгаад явсан. Би 50 метр орчмын зайнаас харсан учраас Мөнхнасанг архи хэрэглэсэн байсныг мэдэхгүй. 2013-2014 онд Мнь эхнэр *******гаа танихгүй хүнд хүчиндүүлчихлээ гэж хэлээд авчирч үзүүлж байсан. Тухайн үед үзэхэд ямар нэг хүчиндүүлсэн гэх ул мөр байгаагүй. Дараа нь сонсоход Мнь эхнэрээ өөрөө зодчихоод авчирсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-24-25 тал/,
Насанд хүрээгүй гэрч М.Гэрэлцэцэгийн өгсөн: Аав, ээж хоёр урьд нь зодоон хийдэг байсан. 2017 оны 9 сард зодолдсоноос хойш дахиж маргаагүй. Аав дүү бид хоёртой байхаараа хөгжилтэй байдаг. Харин хааяа намайг дэлгүүрээс юм аваад ирэхэд надад тамхи авсангүй гэж загнадаг. Биднийг зоддоггүй гэх мэдүүлэг /хх-26-27 тал/,
Гэрч Д.*******гийн өгсөн: Би 2001 онд Архангай аймгийн Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр, 2006 онд МУБИС-ийн КТМС-ийн мэдээлэл зүйч багш мэргэжлээр төгссөн. 2007 онд Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дохионы хэлний сургагч багш мэргэжлээр тус тус төгсөж, 2010 оноос эхлэн Орхон аймгийн 7 дугаар сургуульд дохионы хэлний бэгшаар ажиллаж байна. Энэ хэргийн хохирогч Д.******* нь багасаа сургуульд сураагүй, тусгай сургуульд сурч дохионы хэл сураагүй болохоор ойлцолцох боломжгүй байна. Дохионы хэлний багшаас илүү гэр бүлийн гишүүдтэйгээ амны хайрцагаар сайн ойлголцдог юм байна. Би бол амны хайрцагийг нь сайн ойлгохгүй юм гэх мэдүүлэг /хх-29 тал/,
Шинжээч Б.Мөнх-Оюуны өгсөн: Хохирогч Д.*******гийн бид учирсан гэмтлүүдээс тархи доргилт нь дангаараа хөнгөн гэмтэлд хамаарна. Баруун дал, гуянд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байна. Уг гэмтэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд хохирогчийн амь насанд аюулгүй гэх мэдүүлэг /хх-36-37 тал/,
Шүүгдэгч М.Мн яллагдагчаар байцаагдаж өгсөн: Би *******тай 2006 онд гэр бүл болж бидний дундаас том охин М.Гэрэлцэцэг, бага хүү М.Мөнхсайхан нар төрсөн. Бид Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хүний мал маллаж амьдардаг. 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр манай найз хуримаа хийгээд тэнд очиж нилээн шахуулаад согтсон. Тэгээд гэртээ харихад хажуу айлын зурагт нь гарахгүй байна гэхээр нь өөрийгхөө хүлээн авагчийг аваад залгаж өгөх гээд явсан хойгуур эхнэр ******* охиноор маань дамжуулаад “хүлээн авагчийг зарж архи уух гэлээ” гэж уурлаж утсаар яриулсан. Тэгээд гэртээ ирэхэд байхгүй байхаар нь хайгаад явж байтал гудамжинд тааралдахаар нь би баруун гараараа зүүн шанаанд нь 2 удаа алгадаж, нарийн саваагаар 2 удаа нуруу руу нь ороолгосон. Тэгээд гэртээ харихад ******* над руу дайраад байснаа зүрх нь өвдөөд гараад явсан. Дахиж би зодож цохиогүй гэх мэдүүлэг /хх-48 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 265 тоот:
1. Д.*******гийн биед тархи доргилт, баруун дал, гуянд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-31 тал/,
Хохирогч Д.*******гийн сэтгэцийн байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт:
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч М.Мнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 8 дугаар сарын сарын 25-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт төрөлхийн хэлгүй дүлий, оюун ухааны хомсдлын хүндэвтэр хэлбэрийн өвчтэй, эхнэр Д.*******г “хүлээн авагчийг зарж архи уух гэлээ гэж уурлалаа” гэх шалтгаанаар зодож, түүний биед тархи доргилт, баруун дал, гуянд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзвэл хэрэг бүртгэлтийн шатанд хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар хохирогч Д.******* болон түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Баасанхүүгийн гэрчээр өгсөн мэдүүлгүүд, гэрч Ө.*******, О.*******, Р.*******г, Х.*******, Д.*******, М.Гэрэлцэцэг, Д.*******, Б.Мөнх-Оюун нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 265 дугаартай дүгнэлт, Д.******* нь төрөлхийн оюун ухааны хомсдол хүндэвтэр хэлбэртэй, төрөлхийн хэлгүй дүлий өвчтэй болно гэх Д.*******гийн сэтгэцийн байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч М.Мн гэр бүлийн хамаарал бүхий төрөлхийн хэлгүй, дүлий, төрөлхийн оюун ухааны хомсдол хүндэвтэр хэлбэрийн өвчтэй эхнэр Д.*******г биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж бие, эрх чөлөөнд нь халдаж цохиж зодсон үйлдэл нь хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг хангасан байх төдийгүй энэ гэмт хэргийг “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж”, мөн гэр бүлийн хамаарал бүхий хүнд сэтгэл санааны болон бие махбодийн хэлбэрийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулсан байна.
Иймд шүүгдэгч М.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Д.******* болон түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Баасанхүү нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.
Шүүгдэгч М.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч М.Мнь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Намнан овогт М. Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.Мөнхнасанг 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Мнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч М.Мнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мөнхнасанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД