Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/261

 

 

 

 

  2023        3        07                                2023/ДШМ/261

            

    Я.Б-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор В.Батдэлгэр,

хохирогч Ө.А, насанд хүрээгүй хохирогч Г.А нарын хууль ёсны төлөөлөгч Д.Ө-ын өмгөөлөгч Х.Даваахүү,

шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч С.Батсайхан,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/790 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ө.А, Г.А нарын хууль ёсны төлөөлөгч Д.Ө-ын өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Я.Б-д холбогдох эрүүгийн 2203003110365 дугаар хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

............. овгийн ...........-ын Б, 20.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .................. төрсөн, .. настай, э..эгтэй, .............. боловсролтой, ............. дугаар дамжааны оюутан, ам бүл .., .......... нарын хамт ........ аймгийн ....... сумын .. дугаар баг, ............. оршин суух бүртгэлтэй боловч ............. дүүргийн .. дугаар хороо, .. байрны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............................./.

Шүүгдэгч Я.Б нь 2022 оны 6 дугаар сарын 05-ны шөнө 01 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Наадам центр”-ийн замд “Toyota Prius” маркийн ..-..УАН тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралт: 5.3-т заасан гэрэл... бүдэг асдаг болсон.”, 3.7-д “Жолооч дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ө.А, Г.А нарыг мөргөж, Ө.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Г.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Я.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Я.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Я.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-г оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Я.Б-д мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Я.Б-д тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Я.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тогтоол шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, шүүгдэгч Я.Б нь хохирогч нарын эмчилгээний зардалд 2.788.428 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлйн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-гээс 1.610.250 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.070.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ө.А, насанд хүрээгүй хохирогч Г.А нарын хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас Ө.А, Г.А нарын эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын шүүгдэгч Я.Б-гээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт Я.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч Я.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Ө.А, насанд хүрээгүй хохирогч Г.А нарын хууль ёсны төлөөлөгч Д.Ө-ын өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/790 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч Я.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасныг зөрчиж бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явсан, 3.7-д заасан жолоодох эрхгүй, 12.2-д заасан хурдыг сонгож яваагүй /харанхуй үед/, мөн 12.3-д заасан аюул саад тулгарсан үед зогсоох арга хэмжээ аваагүйгээс хохирогчид хүнд зэргийн хохирол учруулж одоогоор биеийн байдал нь осол болсноос эдгэрэл авахгүй улам байдал нь хүндэрч байна. Хохирлын баримтад дурьдсан 3.680.250 төгрөгөөс 2.070.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Шүүх Я.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2 жилийн хугацаагаар тэнссэн нь бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гэж үзэж байна. Хохирол бүрэн төлж, хор уршиг арилгаагүй, хохирлоо төлөхөө илэрхийлээгүй.

Иргэний нэхэмжлэлтэй холбоотой нийт 3.680.250 төгрөгийн нэхэмжлэлийг тухайн үед анхан шатны шүүхэд гаргасан. Анхан шатны шүүх 1.610.000 төгрөгийг гаргуулж, 2.070.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн гэм буруугийн хурлаар хохирлын хэмжээг 1.610.050 төгрөгийг гаргуулахаар заасан. 5 хоногийн завсарлага авахгүйгээр шууд хэргийг хэлэлцүүлсэн байдаг. Хэдий хохирогчийн буруутай үйлдэл байгаа ч хэт өндөр хувиар хохирлыг хассан. Давж заалдах гомдол гаргасны дараагаар шүүгдэгч Я.Б-гээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан 1.610.050 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Анхан шатны шүүхээс 2.070.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон үнийн дүнг тодорхой хэмжээгээр гаргаж өгнө үү. Я.Б-д оногдуулах ял шийтгэлийн гомдлоосоо татгалзаж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд Я.Б-д оногдуулсан тэнсэн харгалзах ялыг үндэслэлтэй гэж үзэж байна. Цаашид гарах хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг заасан учраас өөр гомдол, санал байхгүй гэж үзсэн. ...” гэв.

Шүүгдэгч Я.Б-гийн өмгөөлөгч С.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Давж заалдах гомдлын хувьд эрүүгийн хэргийг шалгагдаж байх явцад өмгөөлөгчийн хувьд гарсан зардлуудыг бүгдийг нь гаргуулж, анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө бүх зардал, хохирлыг төлсөн. Яллах дүгнэлтэд ч төлөх төлбөр байхгүй болохыг дурдсан. Мөн хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Учир нь, шүүгдэгч Я.Б нь хөдөөнөөс ирсэн, Улаанбаатар хотыг сайн мэдэхгүй байсан. Я.Б нь жолооны курст явж байсан юм байна лээ. Тэгээд эгчийнхээ машиныг гуйж яваад асуудалд орсон нөхцөл байдал байгаа. Хохирогч болон шүүгдэгч талуудын хувьд Замын хөдөлгөөний дүрэмд заасан дүрмийг зөрчсөн байдаг. Анхан шатны шүүхээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг судалж үзэн дүгнэхдээ “...зарим нэг баримтууд давхацсан байна. Нотлох баримтын шаардлага хангаж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй...” гэж 1.610.000 төгрөгийг хохирол гаргуулахаар заасан. Давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө өмгөөлөгчийн зүгээс Я.Б-д “...Анхан шатны шүүхээс тогтоосон 1.610.000 төгрөгийг төлөх ёстой...” гэдгийг тайлбарласан. Хохирлыг төлөхдөө бүр илүү төлсөн байгаа. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг төлсөн баримт байгаа. ...” гэв.

Прокурор В.Батдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий гарсан гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Учир нь, анхан шатны шүүхийн шатанд 3.680.250 төгрөгийн нэмэмжлэл яригдсан. Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан тухайн нэхэмжилсэн баримтуудаас хохирогчийн болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн байна гэж үзэн 2.070.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн 2.070.000 төгрөгийн баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Өмгөөлөгч Х.Даваахүүгээс ямар баримтыг үндэслэн 1.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн нь ойлгомжгүй байна. Нэгэнт анхан шатны шүүх хохиролтой холбоотой асуудлыг нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх эрх хэмжээтэй учраас прокурорын зүгээс ямар нэгэн байдлаар татгалзах зүйл байхгүй. ...” гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Я.Б нь 2022 оны 6 дугаар сарын 05-ны шөнө 01 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Наадам центр”-ийн замд “Toyota Prius” маркийн ..-..УАН тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралт: 5.3-т заасан гэрэл... бүдэг асдаг болсон.”, 3.7-д “Жолооч дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ө.А, Г.Анарыг мөргөж, Ө.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Г.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:

Хохирогч Ө.А-ийн “... 2022 оны 6 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө “Төв цэнгэлдэх” дээр болсон тоглолт тараад 01 цаг 30 минутын үед дүү А-гийн хамт төв замаар зүүнээсээ баруун тийш замын хоёр тал руу сайн харж байгаад хойшоо явдаг буюу эхний урсгал руу гараад замын голын үргэлжилсэн цагаан шугаман дээр очиж зогссон. Тэгээд чигээрээ явах гэж байтал урдаас нэг машин ирээд мөргөсөн. Би мөргүүлж газарт унаад босох гэтэл босож чадахгүй байсан. Тэр үед нэг эгч ирээд “би эмнэлгийн хүн байна, босож болохгүй гээд надад анхны тусламж үзүүлсэн. Би ерөөсөө босож чадаагүй дүүгээ хаана байгааг харж чадаагүй 20 орчим минутын дараа түргэн ирж үзээд дүү бид хоёрыг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд би шууд хэвтээд 7 хоногийн дараа гараад одоог хүртэл гэртээ хэвтэж байна. ...” /хх 20-21/,

насанд хүрээгүй хохирогч А.А-гийн “... 2022 оны 6 дугаар сарын 04-ний орой би эгч Анударийн хамт төв цэнгэлдэх дээр “Зуны зугаа” нэртэй тоглолт үзчихээд шөнийн 01 цаг өнгөрч байхад аавын буулгасан газар руу явсан. Тухайн үед зам гарахаас өмнө манай эгч А надаас энэ гарц мөн үү гэж асуусан. Тэр орчим хүмүүс зам гараад байхаар нь гарц мөн юм шиг байна гэж би эгчдээ хэлсэн. Тэгээд замаар эхний урсгалаар гараад замын талд зогстол эгч А намайг хойш нь түлхэх шиг болтол урдаас 1 машин аймар хурдтай ирээд мөргөсөн. Би мөргүүлээд газарт унаад босох гэтэл босож чадахгүй байсан. Тэр үед нэг ах, эгч хоёр ирээд намайг босгосон. Тэр үед А дээр 1 эгч очсон байсан ба хажууд нь очтол “чи бас мөргүүлсэн юм уу” гээд байсан. Би эгчийнхээ утсыг аваад аав руу залгаад бид хоёр мөргүүлчихлээ гэж хэлээд дуудсан. Бид хоёрыг мөргөсөн машин цагаан өнгийн “Toyota Prius 20” маркийн машин байсан. Түргэн ирээд эгч бид хоёрыг аваад явсан. Эмнэлэг дээр очоод эгч хэвтээд, би гэртээ ирсэн. ...” /хх 23-25/,

гэрч О.Г-ийн “... 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүүхдүүдээ авахаар анх буулгасан газраа хүлээж байтал манай охин Г.А “бид хоёр Наадам төвийн харалдаа баруун талд автомашинд мөргүүлчихлээ” гэж хэлэхээр нь хойшоо зам дагаад гүйгээд очиход том охин Ө.А дээшээ хараад зам дээр хэвтэж байсан. Хажууд нь бага охин Г.А нэг хөлөө унжуулаад газар тохойлдоод хагас хэвтээ байдалтай байж байсан. Тэр үед надтай зэрэгцээд түргэний машин ирж таарсан. Хоёр хүүхдээ Гэмтлийн эмнэлэг рүү явуулаад, ослын газарт замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж үзлэг хэмжилт хийсний дараа би Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Осол гаргасан машин нь “Toyota Prius 20” маркийн, цагаан өнгийн машин байсан. Жолооч гэх залуу найзтайгаа явж байсан. ...” /хх 140/,

гэрч Б.Б-ийн “... 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ... утсаар яриад урагш зам руу хартал гэнэт хоёр явган зорчигч зүүнээс баруун чиглэлтэй гараад ирсэн. Нүд ирмэхийн зуур Я.Б тэр хоёр явган зорчигчийг мөргөчихсөн. Тэгээд тэр даруй машинаа зогсоогоод түргэн тусламж дуудсан. ...” /хх 79-80/,

иргэний хариуцагч Я.Н-ийн “...Я.Б нь миний төрсөн дүү учир би хохирлоос хамт төлөлцөнө. Би машинаа гэрийнхээ гадаа үлдээгээд явсан байсан. Тэр өдөр Я.Б “ээжид хүн тосоод ирнэ” гэж хэлээд гарсан байсан. Я.Б залгаад “ойрхон ачаа авчихаад ирье” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд “машин аваад яв, түлхүүр нь гэрт байгаа” гэж хэлсэн. Би дүүгээ жолоодох эрхгүйг мэдсээр байж машинаа өгч явуулсан нь миний буруу, би уг үйлдэлдээ арга хэмжээ авахуулахад татгалзах зүйлгүй. ...” /хх 71-72/,

иргэний нэхэмжлэгч Я.Н-ийн “...2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 01 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаас хороо, Энхтайваны гүүрний урд замд “Тоёота Приус 20” маркийн, ..-..УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Я.Б нь явган зорчигч Ө.А, Г.А нарыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэргийг мэдэж байгаа. Тэр орой манай дүү Я.Б над руу залгаад осол болсон талаар хэлсэн. Би гэрээсээ гараад Гэмтлийн эмнэлэг дээр очиход мөргүүлсэн хоёр эмэгтэйн нэг нь гэр рүүгээ явсан байсан. Харин А нь зураг авахуулаад хэвтэж байсан. Ослын улмаас миний эзэмшлийн машинд учирсан хохирлыг би төрсөн дүүгээсээ нэхэмжлэхгүй. ...” /хх 74-75/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 8289 дугаар “... Ө.А-ийн биед ууцны 1.2-р нугаламуудын ууц сүүжний үе дайрсан хугарал, умдаг ясны дээд салааны хугарал, дух, зүүн зулайд зулгаралт, баруун шилбэ, зүүн өвдөгний ар хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх нь шинэ гэмтэл байна. ...” /хх 101-102/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 8397 дугаар “... Г.А-гийн биед зулайн хуйх, баруун өвдөг, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт, нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн ташаа, баруун гуя, баруун шилбэ, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлтүүд /хх 97-98/,

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 999358 дугаар “... “Тоёота Приус 20” маркийн, ..-..УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, утаа зэрэг үзүүлэлтээр тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна... Урд салхины шил хагарч бяцарсан, урд гупер хагархай, копуд зүүн хэсгээрээ хунирсан, хойд гупер хагархай, зүүн хойд гэрлийн бүрхүүл хагарсан, гэрлийн хүч тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй, шүүлтүүр /катализатор/ байхгүй, зогсоолын тоормос зогсохгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй... Уг тээврийн хэрэгслийн гэрлийг үзлэгийн төвийн тоног төхөөрөмж дээр шалгахад тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. Энэ эвдрэл гэмтэл нь осол хэрэгт нөлөөлөхөөр бол үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлж болох. Урд салхины шил хагарч бяцарсан, копуд зүүн хэсгээрээ хунирсан зэрэг нь дээрх зам тээврийн осол болох үед үүссэн гэмтэл байж болох эвдрэл, гэмтэл нь ашиглалтын үед үүссэн гэмтэл. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 87-90/,

“Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний “...нийт 815.000 төгрөг...” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх 95-96/,

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн компьютер томографын дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх 47-48/,

Лазер мед эмнэлгийн компьютер томографын шинжилгээ /хх 49- 60/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Соронзон резонанст томографи /хх 109-112/ болон шүүгдэгч Я.Б-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Я.Б-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.  

Шүүх шүүгдэгч Я.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар Я.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Хохирогч Ө.А, насанд хүрээгүй хохирогч Г.А нарын хууль ёсны төлөөлөгч Д.Ө-ын өмгөөлөгч Х.Даваахүүгээс “...Анхан шатны шүүх хохирлын баримтад дурдсан 3.680.250 төгрөгөөс 2.070.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд уг төлбөрөөс 1.000.000 төгрөгийг Я.Б-гээс гаргуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.  

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан баритуудыг үзэхэд шүүгдэгч Я.Б нь хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилсэн 2.788.428 төгрөгийг төлж барагдуулсан байх ба мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хохирогч нарт 1.800.000 төгрөг төлсөн болох нь давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ө.А, насанд хүрээгүй хохирогч Г.А нарын хууль ёсны төлөөлөгч Д.Ө-ын өмгөөлөгч Х.Даваахүү, шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч С.Батсайхан нарын тайлбаруудаар тус тус тогтоогдож байна.

Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгээс анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон хохиролд нэхэмжилсэн 2.070.000 төгрөгийг гаргуулахаар давж заалдах гомдол гаргасан хэдий ч уг төлбөрөөс “ядаж 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан хэдий ч уг тайлбараа баримтаар үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Түүнчлэн хохирогч Ө.А, насанд хүрээгүй хохирогч Г.А нар нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Я.Б-гээс нэхэмжлэх эрх нь нээлттэй тул хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.

 Иймд хохирогч Ө.А, насанд хүрээгүй хохирогч Г.А нарын хууль ёсны төлөөлөгч Д.Ө-ын өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/790 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч нарын өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

               ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ