Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2016/00884

 

 

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2016/00884

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ш.Х-гийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Ш.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Х шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1978 онд Мөрөн 1 дүгээр 10-н жилийн сургуулийг төгсөөд ар, гэрийн гачигдлын улмаас улсын сургуульд явж чадаагүй ба тухайн үед багш дутагдалтай байсан тул Г сумын Зүрх багийн бага сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэр дээр ажиллаж байсан жилээ нэмэгдүүлэх шаардлагатай байсан тул шүүхэд хандсан юм.

Иймд намайг Х аймгийн Г сумны Зүрх бригадын бага сургуульд 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан жиийг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Ш.Х нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Г сумын Зүрх бригадын бага сургуульд 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Х аймгийн Г сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 81 дугаартай ....тус сумын 8-н жилийн сургуулийн багш Ш.Х нь 1978 оны 9 дүгээр сараас 1979 оны 12 дугаар сар дуустал Зүрх багийн бага сургуульд ажиллаж байсан. Ажилд орсон, гарсан тушаал байхгүй болно.... гэх тодорхойлолт,

Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Г сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хөдөлмөрийн хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,

Гэрч Г.В: ....Ш.Х нь 1978 оны 9 дүгээр сараас Х аймгийн Г сумын Зүрх багийн бага сургуульд багшаар ажиллаж байсан. 1979 оныг дуустал ажиллаж байгаад Г сумын сургууль руу шилжиж ирж байсан юм..... гэх мэдүүлэг,

Гэрч С.П: ....Ш.Х нь 1978 оны намраас Х аймгийн Г сумын Зүрх багийн бага сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан. 1979 оныг дустал ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш.Б Х аймгийн Г сумын Зүрх бригадын бага сургуульд 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдөрө хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Х н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ