| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0002/Э |
| Дугаар | 00002 |
| Огноо | 2017-12-27 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Ж.Д |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 00002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч П.Шижиртуяа,
хохирогч Ж.*******э,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,
шүүгдэгч Г.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Галдангийн Баярсайханд холбогдох 163/2018/0002/Э индекстэй, эрүүгийн 1715001920090 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Өөлд овогт Г. Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Бнь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Барилгачидын хорооны 1-19 тоотод өөрийн хүү, 1 сартай Б.*******гийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бөгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээж, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.*******ийн өгсөн: Гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийн талаар гаргах гомдол санал болон нэхэмжлэл зүйл байхгүй. Иргэний нэхэмжлэл гаргахгүй, бид эвлэрсэн гэх мэдүүлэг,
1715001920090 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:
Хохирогч Ж.*******ийн өгсөн: Манайх 3 хүүхэдтэй бөгөөд манай том хүү цэрэгт явсан, дунд охин сургуульд сурдаг, бага хүү маань ******* байсан юм. Талийгаач ******* ямар нэг өвчин эмгэггүй, эрүүл саруул хүүхэд байсан. Нөхөр бид хоёр хариуцлагагүй байдал гаргаж, архи согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн үедээ болгоомжгүй байдлаар хүүгийнхээ амь насыг хохироосон. Надад ямар нэг санал гомдол байхгүй, санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг /хх-15 тал/,
Шүүгдэгч Г.Б гэрчээр өгсөн: Манай бага хүү Б.******* нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрсөн. Төрөхдөө ямар нэгэн өвчин эмгэггүй, эрүүл саруул төрсөн ба өнөөдрийг хүртэл хэвийн бойжиж байсан. 2017 оны 10 дугаар сарын 25-ны орой манай бага хүү ******* ээж *******э, эгч *******ийн нарын хамт гэрийн баруун талын орон дээр 23 цагийн үед унтсан. Шөнө 04 цагийн үед би эхнэрийн өвөрт орж унтаад 2017 оны 10 дугаар сарын 26-ны өглөө 07 цагийн үед босож гал түлчихээд охин *******ийг сургуульд нь явуулсан. Тухайн үед манай эхнэр босоогүй орондоо хүүгийн хамт унтаж байсан. Намайг өглөө 07 цагийн үед сэрэхэд манай хүү ******* нүцгэн унтаж байсан бөгөөд би гэдсэн дээрээ аваад хэвтэж байхад миний гэдсэн дээр баахаар нь би цэвэрлээд ээжийнх хажууд хэвтүүлсэн. Тэр үед манай эхнэр унтаж байсан. Би охиндоо хоол цай хийж өгч сургуульд нь явуулчихаад байж байхад манай эхнэр сэрээд гэнэт муухай хашгирахаар нь юу болсон бэ гэхэд манай хүү ******* амьсгалахгүй байсан. Тэгээд түргэн тусламж дуудахад эмч ирээд хүү *******г нас барсан байна гэсэн. Хүү маань дандаа задгай унтдаг, түргэн ирсэний дараа эхнэр өлгийдсөн юм. Манай хүүд ямар нэгэн архаг хууч өвчин байгаагүй. Төрсөн цагаас эхлэн эмнэлэгт 3 удаа үзүүлсэн. Хамгийн сүүлд 2017 оны 10 сарын эхээр нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмчид үзүүлээд, нүднээс нь нуух гойжоод байхаар нь нүдний эмчид үзүүлсэн өөр эмчид үзүүлээгүй. Тухайн үед намайг сэрсэнээс хойш манай эхнэр хүүгээ хөхүүлээгүй гэх мэдүүлэг /хх-16-17 тал/,
Гэрч Т.*******гын өгсөн: Би *******этэй найзууд бөгөөд нэг хороонд амьдардаг болохоор сайн мэднэ. 2017 оны 10 дугаар сарын 25-ны орой 22 цаг өнгөрч байхад *******э над руу залгаад хурдан хүрээд ирээч гэхээр нь яасан юм болоо гээд очсон чинь Баярсайхан, Мэндээ ах, *******э гурав нэг шил 0.5 литрийн архи уугаад бараг дуусч байсан. Баярсайхан, Мэндээ ах 2 нилээн согтсон байсан. Тэгээд бид нар 0.5 литрийн 1 шил архи авч хувааж уусан. Бсогтоод агсрах гээд байснаа орон дээрээ унтаад үлдсэн. Мэндээ ах хоймор хэсэгт газраар унтаад өгсөн. Би *******этэй юм ярьж сууж байгаад галыг нь түлж өгчихөөд нялх хүүхдийг нь өлгийндөө шээсэн байхаар нь хуурайлаад ээжид нь өгч хөхүүлж бүүвэйлээд баруун орон дээр нь унтуулаад гарсан. *******э намайг очиход орондоо ороод хэвтэж байсан бөгөөд намайг явах гэхэд *******э эгээ ааваас айгаад байна гэж байсан. Тэгээд би найз нь явлаа гээд *******ийг орон дээр нь хэвтүүлээд *******э нэг их согтоогүй гайгүй байсан. Намайг гарахад *******э хаалгаа түгжээд орондоо орсон байх. Намайг тэднийхээс гарахад нэлээн орой болсон, 03 цаг өнгөрч байсан. Би гэртээ хариад унтсан, согтоогүй байсан. Би цагдаа дээр дуудагдаж ирээд болсон асуудлын талаар сонслоо. *******э надад хэлэхдээ манай нялх хүүхэд өнгөрчихлөө гэж хэлсэн яг юу болсон талаар хэлээгүй. Би нялх хүүхдийг нь өлгийний зузаан даавуунд нь өлгийдөөд гарсан. Хүүхэд нь толгойдоо малгайтай, дээгүүрээ нимгэн цамц өмссөн байсан. Намайг байхад өлгийндөө шээсэн байсан болохоор нь өлгийг нь зуухны тэнд хатаагаад даавуунд нь өлгийдөөд гурван бүсээр бүсэлж уяад гарсан. Буухаараа нэлээн агсан бөгөөд янз бүрийн ааш зан их гаргадаг ер нь байнга шахуу уудаг хүн байгаа юм гэх мэдүүлэг /хх-н 20 тал/,
Насанд хүрээгүй гэрч О.*******ийн өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 25-ны орой би гэртээ баруун талынхаа орыг засаад унтсан бөгөөд намайг унтахаас өмнө аав согтуу гэртээ орж ирсэн. Мэндээ гэдэг аавын эгчийн нөхөр аавыг гэрт хүргэж ирсэн. Тэгээд Солонгоо эгчийг дууд гээд ээж Солонгоо эгчийг дуудаад тэд нар архи уугаад байсан. Би унтсан, ээж миний хажуугаар ор руу орж ирээд унтсан. Мэндээ ах, аав хоёр нөгөө галын орон дээр унтсан, Солонгоо эгч харилаа гээд яваад өгсөн. Тэгээд би унтаж байсан чинь Билгүүдэй уйлаад байхаар нь би босоод орон дээрээ тэврээд сууж байгаад ээжийг мөөмөө өг гээд ээжид өгсөн чинь ээж сэрээд мөөмөө өгөх гээд өгч чадахгүй, дүүгийн хүзүү болон нүүр рүү мөөмөө өгөөд байсан ээж нилээн согтуу байсан. Тэгээд аав миний хажуугаар орон дээр гарч ирээд хувцастайгаа унтсан. Би буугаад газраар хоймор хэсэгт ээжийн халаадыг нөмрөөд унтсан. Намайг унтахад манай дүү уйлж байсан бөгөөд би халаадаа нөмрөөд нүдээ аниад хэвтэж байгаад нэг нүдээ нээгээд харсан чинь манай дүү уйлахаа больж аав дүүг гэдсэн дээрээ тавьж байгаа харагдсан. Тэгээд би унтаад өгсөн. Цаг 05 цаг 30 минут болж байсан. Би хэсэг унтаж байгаад босоод өөрөө хичээлийнхээ хувцасыг өмсөөд байж байхад аав босч ирээд гал түлээд Мэндээ ахыг өнөөдөр хогонд явна шүү гээд ярьж байсан. Би ус буцалгагчинд ус буцалгаж уугаад 08 цаг гээд ******* ахынд очоод тэдний хүүхэдтэй хамт автобусандаа суух гээд байж байтал агаа араас даллаад намайг дуудсан. Тэгээд би ******* ахтай хамт гэртээ очиход манай ээж босчихсон уйлаад сууж байсан. Дүүг өлгийдөөд орон дээр хэвтүүлсэн нүүр нь хөхөрсөн байсан. Тэгээд эмч нар ирээд үзсэн. Аав дүүг гэдсэн дээрээ тавихад манай дүү хөдлөхгүй дуугарахгүй байсан, баасан талаар нь хараагүй, бас дүүгийн бие нь хөхөрсөн байсан. Хичээлдээ гарахад манай ээж дүү хоёр унтаж байсан. Ээж цаашаа хараад хэвтчихсэн, дүү дээшээ хараад ээжээс жаахан зайтай хэвтэж байсан. Дүү цээж хэсэгтээ цамцтай, цамц нь хоёр тийшээгээ ангайсан доогуураа шалдан байсан гэх мэдүүлэг /хх-21 тал/,
Гэрч О.*******гийн өгсөн: Би *******ий төрсөн дүү нь бөгөөд манайх тэднийхтэй ойрхон байдаг. 2017 оны 10-р сарын 26-ны өглөө 08 цаг болж байхад *******э манайд орж ирээд үсээ самнуулаад манай охинтой хамт 08 цаг 10 минутанд хичээлдээ гарсан. Тэгээд удаагүй *******э эгч над руу залгаад сандарсан байдалтай хүрээд ирээч гэхээр нь би Бахынд очиход *******э эгч хүүхдээ тэврээд орон дээрээ уйлаад сууж байсан, ах хажууд нь сууж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад хүүхэд өнгөрчихсөн байна гэхээр нь би түргэн тусламж дуудчихаад гэртээ харьж хувцасаа солиод *******э автобусанд суугаагүй байхаар нь дуудаад хамт эргээд тэднийд очсон. Тэгээд удалгүй түргэн тусламжийн эмч ирсэн. Нэг эрэгтэй эмч ирж үзээд амьсгал хураасан байна гэж хэлээд явсан. Тэгээд би цагдаа руу мэдэгдэж хэлсэн юм. Би талийгаачийг яагаад нас барсан талаар мэдэх зүйл алга байна. Юу болсон талаар асуухаар надад манай нөхөр дарчихлаа, энэ дарчихлаа гээд нөхөр рүүгээ уурлаад байсан. Өөр зүйл яриагүй, нэлээн сандарсан шинжтэй байсан. Бах архи байнга шахуу уудаг. Архи уухаараа ааш зан муутай, агсан согтуу их тавьдаг хүн. Талийгаач хүүдээ сайн л ханддаг юм шиг байсан, ямар нэг асуудап гаргаж байгаагүй байхаа. *******э эгч архи уугаад байдаггүй. Бид нар эхээс тавуулаа бөгөөд *******э эгч айлын 3 дахь хүүхэд байгаа юм. Бахтай хамт амьдраад 10 гаран жил бопж байгаа, Бах өөр нэг хүүхэдтэй бөгөөд тэр банди нь энэ жил цэрэгт явсан байгаа. Б ахтай хамт амьдраад *******э гарсан юм. Талийгаач хүүхэд нь төрөөд сар гаран болж байсан байх. Би өчигдөр ажлаа тараад харих замдаа тэднийхээр ороод гарсан бөгөөд 20 цаг өнгөрч байсан байх. Намайг ороход Бах Мэндээ гэдэг ахтайгаа нэг шил 0.5 литрийн Алтантүрүү гэдэг архи уугаад сууж байсан бөгөөд нэлээн согтсон байсан. Мэндээ ах арай гайгүй, нэг их согтоогүй байгаа харагдсан. Тэгээд би нэг их юм яриагүй хажуу айл руу чинь орох гэсэн юм гэж хэлээд удалгүй гараад явсан. *******э уугаагүй шинжтэй сууж байсан. Талийгаач хүү ямар нэг өвчин эмгэггүй зүгээр л хүүхэд байсан байх. Би тэднийхээр байнга ороод байж чаддаггүй гэх мэдүүлэг /хх-22 тал/,
Гэрч Э.*******ын өгсөн: Тухайн өглөө би ээлжнээс буух гэж байсан бөгөөд өглөө 08 цагийн үед Булган сумын төв 4-р багийн Барилгачдын хорооны 1-19 тоотод нярай хүүхэд нас барсан гэдэг дуудлага ирэхээр нь манайд ажилладаг ******* гэдэг сувилагчийн таньдаг хүн гэхээр нь ******* эгчтэй хамт дуудлаганд очсон юм. Намайг очиход монгол гэрт баруун орон дээр өлгийтэй хүүхэд байсан бөгөөд тухайн хүүхдийн өлгийг задалж үзэхэд амьсгал зүрх судас зогссон байдалтай байсан. Бие нь нэг их хөрөөгүй, хэвийн темпратураас хүйтэн болсон байсан. Тэгээд юу болсон талаар асуухад сайн мэдэхгүй байна гээд аав нь согтуу, ээж нь нөхөртэйгөө маргалдаад байсан. Тэгээд ямар нэг эмчилгээ хийх боломжгүй учир цагдаад мэдэгд гэж хэлээд явсан. Байгаа байдлыг нь харахад хоорондоо нэлээн маргалдаад байсан унтаж байхдаа дарсан уу, эсвэл эх нь хөхөөрөө дарсан байхыг үгүйсгэхгүй, үхлийн шалтгааныг би хэлэх боломжгүй байна. Урьд өмнө талийгаач хүүгийн талаар миний мэдэхийн ямар нэг дуудлага мэдээлэл ирүүлж байгаагүй. Намайг очиход талийгаач хүүгийн биеийн гадна ямар нэг хөхөрсөн зүйл харагдаагүй гүрээний судас болон чагнуур тавьж үзэхэд нас барсан байсан. Миний бодлоор ээж, аав хоёрынх нь аль нэг нь дарж амьсгалыг нь битүүлсэн гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-25 тал/,
Гэрч Э.*******ын өгсөн: Манай багийн иргэн *******э гэдэг хүн 2017 оны 1 сараас хойш нэг сартай байх үеэс нь эмчийн хяналтанд авдаг юм. Эмчийн хяналтаа би өөрөө тавьдаг ба миний хяналтанд 09 сар хүртэл авсан. 2017 оны 09-р сарын 16-ны өдөр амаржиж байсан санагдаж байна. Хяналтанд байх хугацаандаа ямар нэг асуудал гарч байгаагүй хүүхэд эрүүл төрсөн. Төрсөн цагаас нь хойш хүүхдийг хянадаг бөгөөд хяналтанд байх хугацаандаа ямар нэг асуудал гарч байгаагүй хүүхэд эрүүл өсөж бойжиж байсан. Талийгаач хүүг 10-р сарын 09-ний өдөр хяналтаар үзэж байхад ямар нэг өвчин эмгэггүй, эрүүл байсан. Би ар гэрийн талаар сайн мэдэхгүй, хүмүүсээс сонсоод байхад аав, ээж нь архи дарс жоохон уудаг гэж ярих юм байна лээ. Хүүгийн нас барсан талаар тухайн үед нь мэдээгүй байж байгаад ээж нь ирээд нас барсаны гэрчилгээ авахад нь мэдсэн. Нас барсанаас нь хойш 3-4 хоногийн дараа ирж авч байсан, тэгэхэд ээжээс нь яагаад нас барсан талаар асуухад ямар нэг өвчин эмгэг байгаагүй бид нар өөрснөө л ийм асуудалд хүргэлээ гээд юу болсон талаар дэлгэрэнгүй ярихгүй байсан. Тэгээд би гэртээ нас барсан болохоор задлан шинжилгээний хариу гарсан цагт гэрчилгээ олгодог болохоор гэрчилгээг нь бичиж өгөөгүй явуулсан гэх мэдүүлэг /хх-26 тал/,
Гэрч Г.*******ийн өгсөн: Би Б төрсөн эгч нь бөгөөд би тухайн өдөр ажил дээрээ ажиллаж байсан. ******* гэдэг залуу над руу залгаад Б хүүхэд нь өнгөрсөн байна гэж хэлэхээр нь би дуудлагын ******* гэдэг эмчтэй хамт өглөө 08 цаг өнгөрч байхад дуудлагаар очсон. Намайг очиход *******э нярай хүүхдээ өлгийдөөд орон дээрээ хэвтүүлсэн байсан тэгээд дуудлагын эмч чагнуур тавьж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Би зүрхэн тус газар нь массаж хийж үзээд сэрээгүй амьсгал хураасан, бие нь жаахан хөрсөн байдалтай байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад *******э надад хэлэхдээ би өөрөө тэвэрч унтсан тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би эмчтэй хамт яваад өгсөн. Надад яагаад нас барсан талаар сайн мэдэх зүйл алга байна. Тухайн орой Баярсайхан, *******э нар архи ууцгаасан юм шиг байсан. Намайг очиход ******* тэднийд байсан өөр хүн байгаагүй. Бархи уучихдаг архи уухаараа агсан согтуу тавьдаг гэж яриад байдаг, би өөрөө харж байгаагүй. Хүүхдийн хувьд ямар нэг өвчин эмгэггүй, эрүүл саруул хүүхэд байсан. Бхүүхэддээ маш сайн, ямар нэг асуудал гаргаж байгаагүй. Яагаад нас барсан талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-27 тал/,
Гэрч Г.*******ы өгсөн: 2017 оны 10-р сарын 25-ны орой Бнад руу 20 цагийн үед залгаад 6-р хороонд хүрээд ир гээд байхаар нь яваад очтол зам дээр нэлээн халамцуу зогсож байсан. Тэгээд миний машинд суугаад би гэрт нь хүргэж өгсөн. Гэрт нь ороход *******э, Солонго нар нэг шил 0.5 литрийн ерөөл нэртэй архи задлаад нэлээн уусан байсан. Бгэртээ ирэхдээ нэг шил архитай очсон. Тэгээд тэднийд ороод бид нар тэр хоёрын ууж байсан болон Б авч очсон хоёр шил архийг уусан. Бид хоёрыг очиход 21 цаг өнгөрч байсан байх жаахан орой болсон байсан. Тэгээд бид 4 архиа бүгд адилхан уусан Бурьд нь уусан байсан болохоор амархан муудаад тасраад унтаад өгсөн. Тэгэхэд 23 цаг л болж байсан. Бид 3 архиа ууж дуусгаад 00 цаг өнгөрсөн байсан байхаа, нэлээн орой болтол юм яриад л суусан. Би нэлээн согтоод бараг тасарсан байх газраар унтаад өгсөн. Намайг унтахад Солонго, *******э хоёр суугаад үлдсэн. Солонго, *******э хоёр намайг бодоход арай гайгүй согтсон байх шиг байсан, бид 3 ер нь адилхан хэмжээтэй уусан. Би өглөөгүүр 06 цагийн үед сэрэхэд Солонго явчихсан, *******э баруун орон дээрээ наашаа харсан байдалтай хувцастайгаа хэвтэж байсан, Бнамайг босоход талийгаач хүүгээ гэдсэн дээрээ тэврээд манай хүү чинь ийм том болчихсон шүүдээ гэж хэлээд тэврээд байсан, би нэг их тоогоогүй яамайдаа гэж хэлээд хүнд юм ачиж өгөх ёстой байсан тэрийгээ ачиж өгнө гээд хөдөө яваад өгсөн юм. Тэгээд удаагүй байж байтал Б над руу залгаад манай хүү өнгөрсөн байна гэхээр нь би яагаад вэ гээд гайхаад би хөдөө байсан болохоор очиж чадаагүй. Орой нь хөдөөнөөс ирээд гэрт нь очиход Баярсайхан, *******э хоёр уйлсан нилээн хүнд байдалтай байсан. Юу болсон талаар санаа зовоод асуугаагүй. Намайг урьд орой нь очиход Солонго, болон Б 3 дугаар ангийн охин нь байсан. Намайг очоод удаагүй баруун орон дээр талийгаач хүүтэйгээ хамт унтаад өгсөн, намайг очиход талийгаач хүү нь баруун орон дээр байсан бөгөөд намайг байх хугацаанд уйлаагүй ээж нь нэг хөхүүлж байсан санагдаж байна. Хүүхэд нь задгай, дээгүүрээ нимгэн цамцтай байсан санагдаж байна. Бие нь өвдөөгүй зүгээр байх шиг байсан, ямар нэг өвдсөн зүйл мэдэгдээгүй. Намайг өглөө босоход *******э босчихсон галаа түлнэ гээд байж байсан удалгүй Ббосч ирээд хүүгээ орон дээр хэвтүүлээд галаа түлээд охиноо хичээлд нь явуулна гээд үлдсэн. Би Амин-эрдэнийг хаана унтаж хоносон гэдгийг нь мэдэхгүй ямар ч байсан намайг унтахад орон дээр унтсан өглөө босоход босчихсон байсан. Намайг босоход Бгэдсэн дээрээ хүүгээ тэврээд хэвтэж байсан миний санаж байгаагаар хүүхэд нь хөдлөөд байсан санагдаад байгаа юм. Шөнө хүүхэд уйлсан ээж нь хөхүүлсэн талаар мэдэх зүйл алга байна. Хүүг яагаад нас барсан талаар мэдэх зүйл алга байна. Би тэр талаар сонирхож асуугаагүй гэх мэдүүлэг /хх-28-29 тал/,
Шүүгдэгч Г.аар өгсөн: Би Булган аймгийн Булган сумын 4-р багийн нутаг Барилгын хорооны 1-19 тоотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг юм. 2017 оны 10-р сарын 25-ны өдөр эхнэр *******э, найз *******го, манай хүргэн ах ******* нарын хамт 1 шил 0.5 литрийн, 1 шил 0.75 литрийн архийг хувааж уучихаад 23 цагийн үед би түрүүлээд зүүн орон дээрээ унтсан. Манай эхнэр баруун орон дээрээ унтсан байсан. Би шөнө 03 цагийн үед сэрээд эхнэрийн унтаж байсан баруун орон дээр очоод эхнэрийн хажуугаар орж унтсан, тэгэхэд манай бага хүү эхнэрийн хажууд унтаж байгаад уйлаад байхаар нь аргадаж тэврээд дуугүй болгосон. Тэгээд эхнэрийн хажуугаар бага хүүгээ тэврээд зүүн гараа дэрлүүлээд цээжиндээ наагаад хэвтээд унтсан. Тэгээд өглөө 06 цагийн үед босч гал түлж цай чанасан, тэгэхэд манай эхнэр орон дээрээ унтаж байгаад гэнэт орилоод хүү амьсгалахгүй байна өнгөрсөн байна гээд хашгираад босоод ирсэн. Тэгэхээр нь би хүүгээ очоод үзсэн чинь нас барсан байдалтай амьсгалахгүй байсан. Тэгэхээр нь түргэн тусламж болон цагдаа дуудсан. Манай талийгаач хүүд ямар нэг хууч өвчин байхгүй эрүүл саруул байсан. Төрөөд 1 сар 13 хонож байсан юм. Тухайн үед би эхнэрийнхээ хажуугаар орой орж унтаад хүүгээ цээжиндээ наагаад унтахдаа амьсгалыг нь боогдуулсан юм шиг байгаа юм. Шөнө босоод эхнэрийнхээ өвөрт орох үед миний архи гарсан байсан, болж байгаа үйл явдлыг сайн санаж байгаа. Манай эхнэр нэлээн согтсон байсан. Би өөрийн хүү *******гийн амь насыг болгоомжгүй хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Манай эхнэр хүүгээ хөхүүлсэн асуудал байхгүй, нам унтаад хүүгээ уйлж байхад сэрэхгүй байсан. Манай хүү шөнө уйлаад байхаар нь би эхнэрийнхээ өвөрт орж хүүгээ аргадаж чимээгүй болгоод тэврээд хэвтсэн юм. Би өөрийнхөө үйлдлийг сайн мэдэж байгаа. Энэхүү болгоомжгүй асуудал нь миний буруутай үйлдлээс болж үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-28-29 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 72 тоот:
1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээгээр гэмтэл тогтоогдсонгүй.
2. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй.
3. Талийгаач нь амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ гэх дүгнэлт /хх 37-38 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 1-2 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-6 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-10 тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хэрэгт тусгах тухай тогтоол /хх-11 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46-47 тал/, талийгаачийн биед үзлэг хийсэн баримт /хх-52-58 тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-59-60 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар 2017 оны 10 дугаар сарын 25-ны орой Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багт өөрийн гэртээ Г.Б, Ж.*******э нар нь ах дүү, найз нөхдийн хүрээнд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд 2017 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 03 цагийн үед унтаж амарцгаасан байх ба шөнө нэг сартай хүү Б.*******г уйлахад ээж Ж.*******э нь сэрээгүйн улмаас хүүгийн аав Г.Б нь босож ээжийнхээ хажуугаар унтаж байсан хүүг цээжиндээ нааж, зүүн гараа дэрлүүлж хэвтэхдээ түүнийг дарж амьсгалын цочмог дутагдалд оруулж, амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар хохирогч Ж.*******э, насанд хүрээгүй гэрч О.*******э болон гэрч О.*******, Э.*******, Э.*******, Г.*******, Г.******* нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээгээр түүний биед гэмтэл тогтоогдсонгүй, амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ гэх талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 72 тоот дүгнэлт, талийгаач Өөлд овогт Б *******гийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Г.Б дээрхи үйлдэл нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийн эсрэг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бнь өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хүүгийн амь насыг хохироосон гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Б гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон хэдий ч хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгч Г.Баярсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Б г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон согтууруулах ундаа хэрэглэдэг зан үйлээ засах, түүнийг хэрэглэхийг хязгаарласан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Өөлд овогт Г .Бг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Б г хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, түүнд албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3, 4-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.Б д согтууруулах ундаа хэрэглэдэг зан үйлээ засах, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж, хоёр жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД