Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/06

 

 

С.С-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Л.Н, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Б,

Шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Д.А, Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.М-ийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/144 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.С болон түүний өмгөөлөгч Д.А, Б.О нарын гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүхэд С.С-т холбогдох 2216000640043 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогтой С.С нь Монгол Улсын иргэн, халх, 19 ... оны ... дугаар сарын ... -ны өдөр төрсөн, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 41 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ............. сумын ........... ажилтай, Говь-Алтай аймгийн ........... сумын ............ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ДП............... регистрийн дугаартай.

 

Нэг: Прокурорын яллах дүгнэлт агуулга.

 

Шүүгдэгч С.С-ыг прокуророос Говь-Алтай аймгийн .......... сумын ........... ажиллаж байхдаа албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан хэлтрүүлэх”,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”,

Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.11 дэх хэсэгт заасан “Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлж “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерийг шалгаруулахад шалгуур үзүүлэлтүүдийг тендерийн баримт бичигт заасан журмын дагуу ашиглана” гэснийг тус тус зөрчиж, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/48 дугаартай захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Говь-Алтай аймгийн Шарга сумын Эрүүл мэндийн төвд шатахуун нийлүүлэх нийлүүлэгчээр “Шарга МТ” ШТС-ыг шалгаруулж, уг компанитай гэрээ байгуулах талаар зөвлөмж хүргүүлсэн байхад 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/93 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж гаргасан, улмаар уг захирамжийг үндэслэн “Засаг даргын Тамгын газрын тээвэр шатахуун”, “Эрүүл мэндийн төвийн тээвэр шатахуун” нийлүүлэх ажлуудыг “Мон-Суль” ХХК-тай худалдан авах гэрээ байгуулж, уг компанид давуу байдал бий болгосон гэмт хэрэгт буруутгаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хоёр. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.С мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С оногдуулсан нэмэгдэл ял болох нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Гурав. Давж заалдах гомдлын агуулга.

3.1 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа: С.С прокуророос Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлж, анхан шатны шүүхээс тухайн зүйл ангиар гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэж үзсэн нь хуулийн үндэслэлгүй. Учир нь: Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгохоор тайлбарласан. С.С-ын тухайд хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө албаны эрх мэдлээ ашиглаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Төсвийг хэмнэх зорилгоор Ж.Г-тай гэрээ байгуулах эрх олгохгүй талаар ярилцсан байдаг. Түүнчлэн С.С нь Ж.Г-ыг тендерт шалгарсан талаар 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ж.Г Тендерт шалгарсан талаар мэдэгдэх хуудсыг авч орж ирснээр мэддэг. Зүй нь Тендерт шалгарсан талаар мэдэгдэх хуудсыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар захиалагч /С.С/ Ж.Г өгөх ёстой байсан. Гэтэл Тендер шалгаруулах үнэлгээний хорооноос 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэх хуудсыг Ж.Г хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Энэхүү нөхцөл байдлаас болоод хуулийн зүйл заалт зөрчигдөж засагдах боломжгүй болсон байдаг. 1-рт тендер нээснээс хойш хуульд заасан хугацаанд гэрээ байгуулах боломжгүй болсон. 2-рт Ж.Г тендерт шалгарсан нь төрийн төсөвт хохиролтой байсан. Учир нь 2021 оны 03 дугаар сарын 01-нд таньтай гэрээ байгуулах боломжгүй гэсэн хариуг С.С Ж.Г өгсөн байдаг. Ж.Г гомдол гаргана гэж хэлээд явсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт ...хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 5 өдрийн дотор гаргахаар хуульчилсан бөгөөд Ж.Г-ын зүгээс гомдол гаргасан боловч хуулийн хугацаанд гаргаагүй гэдэг үндэслэлээр гомдлыг Сангийн яамнаас хүлээж аваагүй байдаг. Улмаар шүүхэд ч гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Дээрх асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар огт шалгаагүй нь тухайн үйлдлийн талаарх бодит байдлыг тогтоогоогүй атлаа гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй.С.С нь тендерт шалгарсан иргэнтэй гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь 1-рт төрийн эрх ашгийн төлөө 2-рт гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах боломжгүй. Гомдол гарснаар шийдвэр гаргах эрхгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогддог.

С.С-ын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас төрд хохирол учраагүй бөгөөд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилсан. Иймээс С.С оногдуулсан Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/144 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

3.2 Шүүгдэгч С.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол тайлбартаа: Миний бие С.С нь 2021 оны 01 дүгээр сард Шарга сумын Эрүүл мэндийн төв, Засаг даргын Тамгын газарт шатахуун нийлүүлэгчийг шалгаруулах тендерийн хороо байгуулсан. Намайг Засаг даргын ажил авахаас өмнө Шарга сумын бүх төрийн байгууллагууд Шарга сумаас урд зүгт 6 км-ийн зайд байрлах иргэн Х.Г-ын түрээслэн ажиллуулдаг гэх “Магнай трейд” компаний шатахуун түгээх станцаас бензин авдаг байсан ба уг шатахуун түгээх станц нь Шарга сумын төвөөс ирж очихын 12 километрийн зайтай байрладаг.

Ингээд Шарга сумын тендерийн хороо нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хуралдан шийдвэр гаргасан байсан ба уг шийдвэр надад ирээгүй шууд иргэн Х.Г-д хүргэгдсэн байсныг би 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр миний ажлын өрөөнд Х.Г нь барьж орж ирэх үед мэдсэн.

Уг нь бол хуулиараа үнэлгээний хорооны шийдвэртэй тухайн тендерийн захиалагч эхэлж танилцан гарын үсэг зурж баталгаажуулан тендерт оролцогч нарт нэгэн зэрэг хүргэх ёстой боловч үнэлгээний хорооны ажилтан захиалагч надад танилцуулалгүйгээр шууд тендэрт оролцогч нарт гардуулан өгсөн байсан.

Би 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Х.Г-ыг тухайн бичиг баримтыг бариад орж ирэхэд үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Ггаас Х.Г-ын хажууд яагаад надад танилцуулалгүй шууд Х.Г-д өгчихөж байгаа юм бэ гэж асуухад Х.Г орж ирээд загнаад байхаар нь өгсөн гэж тухайн үед хариулж байсан.

 

1-рт: Би 2022 оны 03 дугаар сард аймгийн Худалдан авах ажиллагааны хэлтсээс Үнэлгээний хорооны шийдвэрийн талаар тодруулахад "Мон Суль ХХК”-ийг үнийн саналаа ирүүлээгүй гээд тус компанийг нь тендерт ялагдуулсан байсан ба тэр компани нь үнийн саналаа зах зээлийн үнээр нийлүүлнэ гээд ирүүлсэн байсныг үнэлгээний хороо огт ирүүлээгүй мэтээр хуралдсан байсан.

2-рт: Монгол Улсын Сангийн яамнаас иргэн Х.Г нь гомдол гаргасан талаар асууж тодруулахад ямар нэгэн гомдол ирээгүй байна гэсэн. Сүүлд нь 2022 оны 03 дугаар сарын дундуур гомдол гаргасныг хүлээж аваагүй гэсэн бичиг ирсэн.

3-рт: Мөн миний хувьд тухайн үнэлгээний хороо нь хамгийн хямд, ашигтай, хэмнэлттэй, үр дүнтэй байдлыг хянан үзэж тендэр шалгаруулах ёстой байтал уг журмыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь тус хоёр шатахуун түгээх станц нь үнийн хувьд ижил байдаг, мөн бензин авахын тулд түргэн шуурхай авах боломж, мөн бензин авах тухай бүртээ 12 километр газар үр ашиггүй төсвийн хөрөнгө үрэгдэж байгаа зэрэг байдлыг харахгүйгээр Х.Г-ыг шалгаруулсан зэргээс  Үнэлгээний хороо нь үндэслэлгүй шийдвэр гаргасан байна гэж үзэж байсан. Мөн тухайн тендэрийн хүчинтэй байх хугацаа дуусчихсан учраас би ямар нэгэн шийдвэр огт гаргаагүй юм.

Миний хувьд “Мон суль” ХХК-тай шатахуун нийлүүлэх гэрээ байгуулсан нь сумын Эрүүл мэндийн төв иргэдийн амь насанд аюулт өвчинтэй тэмцэх үүрэгтэй бөгөөд цаг хугацаатай уралдан ажилладаг байгууллага. Иймд Шарга сумаас ирж очих 12 километрийн газраас шатахуунаа авах нь хамгийн багадаа 30-аас 40 минут болдог энэ нь аюулт өвчинтэй тэмцэж байгаа иргэдийн хувьд цаг хугацаа алдах, цаашилбал хүний амь нас эрсдэх аюултай юм гэж үзсэн. /Магадгүй энэ шийдвэр нь хүний амь нас аварсан байхыг үгүйсгэхгүй/.

Мөн миний хувьд энэ шийдвэр нь төсвийн мөнгийг хэмнэсэн шийдвэр юм. Үүнд Зөвхөн Шарга сумын Эрүүл мэндийн төвөөс 2021 оны эхний 4 сард 125 удаа бензин авсан байдаг. Үүнийг бүтэн жилийн хугацаанд үржүүлбэл хамгийн багадаа 375 удаа авна гэж тооцоолбол 4500 километрийг зөвхөн бензин авахад зарцуулан үр ашиггүй төсөв зарцуулж байна гэж үзэж байна. Энэ нь 800 гаруй литр бензин түлш болж байгаа юм. Үүн дээр сумын Засаг даргын Тамгын газрын бензин түлш нэмэгдэхэд жилд 1200-аас доошгүй литр бензин түлшний хэмнэлт хийж ажилласан байгаа. Миний хувьд хэмнэлт хийж байгааг тухайн үед аймгийн дотоод хяналт санхүү аудитын хэлтсээс шалгаж хэмнэлт хийсэн байна гэж тогтоосон байдаг. Иймд С.С надад ял оногдуулсан Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/144 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

 

3.3 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол тайлбартаа: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас С.С-ыг Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.11 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/48 дугаартай захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Говь-Алтай аймгийн Шарга сумын Эрүүл мэндийн төвд шатахуун нийлүүлэх нийлүүлэгчээр “Шарга Магнай трейд” шатахуун түгээх станцыг шалгаруулж, уг компанитай гэрээ байгуулах талаар зөвлөмж хүргүүлсэн байхад 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/93 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж гаргасан, улмаар уг захирамжийг үндэслэн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвийн тээвэр шатахуун нийлүүлэх ажлуудыг “Мон суль” ХХК-тай худалдан авах гэрээ байгуулж, уг компанид давуу байдал бий болгосон гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэнийг шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг огт хангаагүй бөгөөд хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэсэн. Учир нь:

1-рт: С.С-ын холбогдсон гэх хэргийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэг гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон гэж үзэж байна.

Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийн нийтлэг үндсэн шинж нь “Албаны эрх ашгийн эсрэг өөртөө болон бусдад ашигтай, давуу байдал бий болгохоор хийсэн тодорхой үйлдэл, эс үйлдэхүй” байх ёстой бөгөөд С.С-ын хийсэн үйлдэлд төрийн нийтийн албан тушаал болон төрийн үйл ажиллагаа, ашиг сонирхол, эрх ашгийн эсрэг хийсэн ямар нэгэн хууль бус үйлдэл байхгүй, харин ч төрийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй, алдагдалгүй, хэмнэлттэй явуулах  төрийн үйл ажиллагааны хэмнэлтийн тулгуур зарчмыг баримтлан албан үүргээ шударгаар гүйцэтгэсэн нөхцөл байдал харагдаж байгаа.

Хэдийгээр Шарга сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвд шатахуун нийлүүлэх тендэрийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдаж үнэлгээний хорооны гишүүд “Шарга МТ” ШТС-тай гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлтийг гаргасан гэх нөхцөл байдал харагдаж байгаа боловч Засаг дарга С.С Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг заасан дүгнэлтийг хүлээн авснаас хойш мөн хуулийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу ажлын 6 хоногийн дотор тендэр хүчинтэй байх хугацаанд шалгарсан иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулах ёстой. Гэвч үнэлгээний хорооноос 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн үнэлгээний хорооны дүгнэлтийг Засаг дарга С.С огт мэдэгдээгүй бөгөөд тус дүгнэлт, мэдэгдлийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Шарга МТ” ШТС-ын эзэн Х.Г-аас мэдэж байгаа үйл баримт хэргийн нөхцөл байдлаар тогтоогдож байгаа.

Өөрөөр хэлбэл тендэрийн хүчинтэй хугацаа болон гэрээ байгуулах эрх олгогдсон хугацаа дуусчихсан, хүчингүй болсон хойно Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүлээн авсан байхад түүнийг албаны эрх ашиг, бүрэн эрхээ урвуулан ашигласан гэж үзэх боломжгүй юм.

 

Мөн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр иргэн Х.Г нь С.С-тай уулзаж түүний шийдвэр гаргаагүй үйлдэлд нь гомдол гаргана хэмээн өрөөнөөс нь гарсан гэж мэдүүлсэн тул С.С нь тус гомдлыг шийдвэрлэх хүртэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй юм.

 

Иргэн Х.Г нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55, 56 дугаар зүйлд заасны дагуу гомдлоо дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан. Гэвч ийм ажиллагаа хийгдээгүй. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх огт анхаарч үзээгүй байна.

2-рт: Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах босго үнэ буюу доод үнийг шинэчлэн 20.0 сая болгон нэмэгдүүлсэн бөгөөд иргэн Х.Г-ын гаргасан гомдлын дагуу дээд шатны байгууллага албан тушаалтнаас ямар нэгэн шийдвэр ирээгүй учир Засаг дарга С.С нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 “...үр ашигтай, хэмнэлттэй...байх...” зарчмын хүрээнд “Мон суль” ХХК-тай шатахуун худалдан авах гэрээг байгуулсан.

Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар Төсвийн хэмнэлтийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол гарсан байсан бөгөөд тус тогтоолын 1.1-д “...батлагдсан төсөвт зардлын дүнд 10-аас доошгүй хувийн хэмнэлтийг гаргахаар тооцож хуваарилалт хийхийг бүх шатны төсөв захирагч нарт даалгасан байсан тул С.С нь төсвийн хөрөнгийг хууль болоод Засгийн газрын тогтоол, эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн цаг хугацаа, төсөв, хөрөнгө мөнгийг үр ашигтай, хэмнэлттэй байлгах зарчмын хүрээнд “Мон суль” ХХК-иас шатахуун худалдан авах гэрээг байгуулсан.

Үүнийг хууль хяналтын байгууллага нь гэмт хэрэг гэж үзэн нийтийн албан тушаалтан болгоныг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан ял шийтгэж байгаа нь төрийн үйл ажиллагаа тасралтгүй, хурдан шуурхай байх, цаашлаад төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж болох томоохон дутагдал болоод байна.

 

3-рт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг...” тодорхой заахаар хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхээс өмгөөлөгч миний гаргасан цагаатгах саналыг няцаасан ямар нэгэн тодорхой үндэслэлийг шийдвэртээ огт тусгаагүй бөгөөд энэ нь тус шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй нөхцөл байдлыг нотлон харуулж байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл С.С-ын хийсэн үйлдлүүд нь төрийн эрх ашгийн төлөө, төсвийн хөрөнгийг хэмнэсэн, цаашлаад хүний амь нас, цаг хугацаа, ард түмнийхээ төлөө хийсэн шударга, хууль ёсны шийдвэр үйлдэл байх тул түүнийг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн яллаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/144 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.С-ыг цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч С.С-ын хувьд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаартай захирамжаар үнэлгээний хорооны байгуулан, үнэлгээний хорооны 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Говь-Алтай аймгийн Шарга сумын Эрүүл мэндийн төв, Засаг даргын Тамгын газрын шатахуун нийлүүлэгчээр Шарга МТ шатахуун түгээх станцыг шалгаруулж уг компанитай гэрээ байгуулах талаар зөвлөмж хүргүүлсэн байхад 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/93 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай захирамж гарган улмаар уг захирамжийг үндэслэн Шарга сумын Эрүүл мэндийн төвийн тээвэр шатахуун, Засаг даргын Тамгын газрын тээвэр шатахуун нийлүүлэх ажлуудыг Монсуль ХХК-тай худалдан авах гэрээ байгуулж уг компанид давуу байдал бий болгосон нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдлоо гэж үзэж байгаа. Тухайн тендерийн үнэлгээний хороог Засаг дарга өөрөө захирамжаараа байгуулсан байдаг. Тендерийн үнэлгээний хороо 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тендерийг хуульд заасан журмын дагуу явуулж дүнг гаргаж Засаг даргад хүргэж мөн тендерт оролцсон хоёр компанийн удирдлагуудад мэдэгдэл хүргүүлж ажилласан байдаг. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах доод босго үнэ 10,000,000 төгрөг байсан. 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Засгийн газрын 124 дугаартай тогтоолоор босго үнийг 20,000,000 төгрөг болгож баталж өгсөнтэй холбоотой Засаг даргын зүгээс 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 93 дугаартай захирамж гаргаж Монсуль ХХК-тай буюу тухайн тендерт шалгараагүй компанитай бензин, шатах тослох материал худалдан авах гэрээ байгуулах гэдэг байдлаар захирамж гаргаж гэрээ байгуулсан байдаг. Энэ нь тендерийн хорооноос гаргасан зөвлөмжийг Засаг дарга хэрэгжүүлэх ёстой байтал 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш эс үйлдэхүйгээр хандаж босго үнэ шинэчлэн тогтоосонтой холбоотой гэрээ байгуулж бусдад давуу байдал бий болгосон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэсэн нөхцөл байдлыг яриад байдаг. Энэ гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул хэлбэрийн төдий агуулсан гэдэг нөхцөл байдлыг энэ гэмт хэрэг дээр яригдахгүй гэв.

 

                                                  ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

   Дөрөв: Хэргийн үйл баримтын талаар:

 

   Шүүгдэгч С.С нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/08 дугаар Засаг даргын захирамжаар буюу өөрийнх нь захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн  хуралдаанаараа Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвд шатахуун нийлүүлэх тендер шалгаруулалтанд “Шарга МТ” ШТС-ын тендерийг “хамгийн сайн” гэж үнэлж, улмаар уг компанитай гэрээ байгуулах талаар зөвлөмж гаргаж хүргүүлсэн байхад “Шарга МТ” ШТС-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргалгүй байсаар 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/93 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж гаргаж, уг захирамжийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон Эрүүл мэндийн төвийн дарга нар нь “Мон-Суль” ХХК-тай шатахуун нийлүүлэх гэрээ байгуулсан байна.

 

Энэ үйл баримт нь    Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг дарга С.С-ын  “сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвд шатахуун нийлүүлэх тендер шалгаруулах үнэлгээний хороог дарга Э.Л, гишүүн Н.Н, нарийн бичгийн дарга Н.Г нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан” тухай 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/08 дугаар захирамж (2 хх 137),

Говь-Алтай аймгийн Шарга сумын үнэлгээний хорооны 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвд шатахуун нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах хуралдаанаас: “Тендерт хоёр оролцогч оролцсоноос Шарга МТ-ийн салбар Х.Г нь Засаг даргын Тамгын газарт 5,630,000 төгрөг, Эрүүл мэндийн төвд 10,882,305 төгрөгөөр тус тус шатахуун нийлүүлэх үнийн санал ирүүлснийг зарлаж, “Мон-суль” ХХК тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагыг хангаагүй тул тендерээс татгалзаж, сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвд тээвэр шатахууны материал нийлүүлэх ажлыг “Шарга МТ”-ийн салбар Х.Гаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн” тухай хурлын тэмдэглэл (1 хх 110-111),

Говь-Алтай аймгийн Шарга сумын үнэлгээний хорооны 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн: “Шарга сумын Эрүүл мэндийн төвд шатахуун нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад “МТ шатахуун түгээх станц Х.Г-ын ирүүлсэн тендер нь “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тул “Шарга МТ” ШТС Х.Г-тай 10,882,305 төгрөгөөр дээрх барааг нийлүүлэхээр гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөмж болгосон тухай” тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт /1 хх 113-115/,

Үнэлгээний хорооны дарга, гишүүд, нарийн бичгийн дарга нарын хамтран гаргасан 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн: “Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвд шатахууны материал нийлүүлэх тендерт ирүүлсэн санал нь “Хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тул мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулахыг “Шарга МТ” ШТС-ийн Х.Г-д мэдэгдсэн” тухай мэдэгдэл, /1 хх 112/,

Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг дарга С.С-ын “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн: “Засаг даргын Тамгын газрын тээвэр шатахуун”, “Эрүүл мэндийн төвийн тээвэр шатахуун” нийлүүлэх ажлуудыг “Мон-Суль” ХХК-тай шууд худалдан авах гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Р.О/, Эрүүл мэндийн төв /Б.Б/ нарт тус тус зөвшөөрсөн” тухай А/93 дугаартай захирамж /2 хх 73/,

Монгол Улсын Сангийн яам улсын байцаагчийн 2021.11.30-ны өдрийн 21-04/10/29 дугаартай “Шарга сумын Засаг дарга С.С нь Шарга сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/08 дугаар захирамжаар байгуулсан сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвд шатахуун нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг харгалзан үзэлгүйгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/93 дугаар захирамж гарган “Мон-Суль" ХХК-тай шууд худалдан авах гэрээ байгуулж, байгууллагын хэрэгцээт шатахуун худалдан авахыг ЗДТГ-ын дарга Р.О, Эрүүл мэндийн төвийн дарга Б.Б нарт зөвшөөрч, гэрээний хэрэгжилтийг хангуулж ажиллахыг үүрэг болгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ гэсэн заалтыг зөрчсөн тухай албан шаардлага /1 хх 174-177/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О-ийн: “Шарга сумын Эрүүл мэндийн төвийн 2021 оны тээвэр шатахууны төсөв нь 11,282,300 төгрөг байсан. Тендерийн техникийн тодорхойлолтод 11,282,305 төгрөгөөр бичигдсэн байгаа. Засаг даргын захирамжаар үнэлгээний хороо байгуулагдаж уг мөнгөн дүнгээр тендер зарлагдсан. Уг тендерт Х.Г эзэнтэй “Шарга МТ” шатахуун түгээх станц шалгарсан байсан боловч Үнэлгээний хорооноос гаргасан Шарга МТ шатахуун түгээх станцтай гэрээ байгуулах зөвлөмжийг Засаг дарга С.С нь хүлээн авч гэрээ байгуулах эрхийг Эрүүл мэндийн төвийн даргад олгохгүй явсаар байгаад 2022 оны 06 дугаар сард Засгийн газраас босго үнэ шинэчлэн  тогтоох тогтоол гарсны дагуу С.С дарга шууд гэрээ байгуулах эрхтэй болсон. Тэгээд С.С дарга “Мон-Суль” ШТС-тай шууд гэрээ байгуулах эрхийг Эрүүл мэндийн төвийн дарга Б-т олгосон. Ингээд “Мон-Суль” шатахуун түгээх станцтай 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шатахуун худалдан авах гэрээ байгуулагдаж байсан. Мон-Суль ХХК-тай байгуулсан гэрээн дээр бол шатахуун худалдах, худалдан авах нийт үнийн дүн бичигдээгүй зөвхөн литр, хэмжээг оруулж өгсөн. 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Мон-Суль ХХК-ний данс руу нийт 13 удаагийн гүйлгээгээр 11,297,670 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 6,393,150 төгрөгийн шатахууныг хуучин гэрээтэй байсан “Шарга МТ” шатахуун түгээх станцаас авч байсан ба  түүнээс хойш 2021 оны 12 дугаар сарыг дуустал “Мон-Суль” ХХК-аас 7,417,950 төгрөгийн шатахуун авсан. 2021 оны 09 дүгээр сар, 10 саруудад шатахуун, тээврийн зардал дээр ковидтой холбоотойгоор аймгийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс нэмэлт шатахууны зардал олгосон юм. Тэр нэмэлтээр тавигдсан шатахууны зардлыг үндсэн гэрээний дагуу шатахуун худалдан авах зардалтай хамт “Мон-Суль” ХХК руу шилжүүлж байсан. Тэгэхээр 11,297,670 төгрөг болж байгаа” тухай мэдүүлэг /2 хх 23-26, 52-53/,

   Хохирогч Б.Ө-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “Шарга сумын Засаг даргын Тамгын газарт 2021 онд тээвэр шатахууныхаа зардалд 5,800,000 төгрөг батлагдаж уг мөнгөн дүнгээрээ шууд гэрээ байгуулж болох байсан ч Засаг дарга С.С нь иргэдэд, ил тод нээлттэйгээр тендер зарлана гээд Эрүүл мэндийн төвийн шатахуун худалдан авах тендертэй хамтатган зарласан байсан. Үнэлгээний хорооноос Х.Г эзэнтэй “Шарга МТ” шатахуун түгээх станцыг шалгаруулсан боловч С.С дарга гэрээ байгуулах эрхийг Тамгын газрын даргад олгохгүй байсаар байгаад 2021 оны 06 сард “Мон-Суль” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгож гэрээ байгуулагдан уг гэрээний дагуу “Мон-Суль” шатахуун түгээх станц шатахуунаа нийлүүлсэн” тухай мэдүүлэг /2 хх 60-61/,

 Гэрч М.Т-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Нөхөр Х.Г нь хуулийн дагуу тендерийн материалаа бүрдүүлж тендерт оролцсон бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Санхүүгийн албаны дарга Ггаас “хамгийн сайн” үнэлэгдэж шалгарсан тендер гэж мэдэгдэл ирүүлсэн. Ингээд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулахаар сумын Засаг дарга С.С-тай уулзахад танайхтай гэрээ байгуулахгүй гэж амаар хариу хэлсэн. Бичгээр хариу өгөхгүй гэхээр нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гар утсаараа бичлэг хийгээд уулзахад хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй гэсэн мөртлөө тендерийн хүчинтэй хугацааг зориудаар дуусгасан. Ингээд санхүүгийн жил эхэлчихсэн байхад нөхрийнх нь компанитай гэрээ байгуулахгүйгээр “Мон-Суль” ХХК-тай гэрээ байгуулах захирамж гаргасан байсан” тухай мэдүүлэг /1 хх 216-219/,

Гэрч Х.Г-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “Тендерийн үнэлгээний хорооноос надад албан ёсоор шалгарсан, шалгараагүй талаараа хариу мэдэгдэхгүй удаад байхаар нь 2021 оны 02 capын сүүлээр үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Н.Г очиж уулзаад яагаад хариу өгөхгүй байгаа юм бэ, хариугаа авъя гэтэл Г “Тендерт танайх шалгарсан. Харин Засаг дарга С.С нь гэрээ байгуулах эрх олгохгүй байна” гэсэн тайлбар өгсөн. Сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Ц-аас манай шатахуун түгээх станц шалгарсан эсэхийг тодруулахад “танайх шалгарсан боловч Засаг дарга С.С танайхтай гэрээ байгуулах эрх олгохгүй байна” гэсэн. Засаг дарга С.С-аас өөрөөс нь ямар учраас гэрээ байгуулах эрх олгохгүй байгаа талаар асуухад “Тантай гэрээ байгуулахгүй” гэж амаар хариу өгсөн. Гэрээ байгуулахгүй гэдэг шалтгаанаа бичгээр тайлбарлаж хариу өгөөч, хуульд заасан 30 хоногийн хугацаа дуусах гээд байна гэхэд бичгээр хариу өгөхгүй, амаар хариугаа өгчихөе гэсэн” тухай мэдүүлэг /1 хх 239-241/,

Гэрч Н.Г-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “2021 онд сумын Засаг даргын Тамгын газрын болон Эрүүл мэндийн төвийн шатахууныг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар  ажилласан. Тендерийг цахимаар зарлахад нэг ч оролцогч материалаа ирүүлээгүй тул уламжлалт аргаараа  тендер зарлахад Г эзэнтэй “Шарга МТ”, “Мон-Суль” ХХК-аас тендерийн материал ирүүлсэнийг хянаж үзэхэд тендерийн үндсэн шаардлагыг “Шарга МТ” хангаж байсан ба “Мон-Суль” ШТС-аас тендерийн материал ирүүлсэн боловч үнийн саналаа маягтын дагуу ирүүлээгүй байсан. Үнэлгээний хорооноос тендерийн материалаа бүрэн ирүүлсэн гэдэг утгаар нь “Шарга МТ” шатахуун түгээх станцыг шалгаруулсан. Дээрх хоёр аж ахуйн  нэгжийн ирүүлсэн материалыг хянан үзэхэд Х.Г эзэнтэй Шарга МТ шатахуун түгээх станцын тендерийн материал нь шаардлагад нийцэж байсан харин “Мон-Суль” ХХК нь тендерийн баримт бичигтээ ажлынхаа тоо хэмжээг тодорхой тусгаагүй, нэг ёсондоо шаардлага хангасан байдлаар тендерийн материалаа ирүүлээгүй байсан. Эрүүл мэндийн төвийн шатахуун нийлүүлэх төсөвт өртөг нь 11 сая тэгэхээр 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй болохоор заавал тендер зарлах ёстой байсан. 2021 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг Засаг дарга С.С өөрөө баталсан. Уг төлөвлөгөөнд Засаг даргын Тамгын газрын болон Эрүүл мэндийн төвийн шатахуун худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын төлөвлөгөө орсон байгаа. Үнэлгээний хорооноос тендерийг хууль журмын дагуу зарлан явуулж шаардлагад нийцсэн аж ахуй нэгжтэй гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг гаргаад миний бие зөвлөмжөө бариад Засаг даргаар гарын үсэг зуруулах гээд орсон чинь С.С дарга “Үнэлгээний хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна, наад компанитай чинь гэрээ байгуулахгүй” гэсэн. С.С дарга Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 124 дугаартай босго үнэ шинэчлэн гаргах тогтоол гарах хүртэл ямар нэгэн шийдвэр гараагүй юм. Тэгээд босго үнэ шинэчлэгдэж батлагдсаны дараа “Мон-Суль” ХХК-тай шатахуун нийлүүлэх гэрээ байгуулах эрх олгох захирамжийг гаргасан. Гад үнэлгээний хорооноос “Шарга МТ” шатахуун түгээх станцыг тендерт шалгарсан, шалгараагүй мэдэгдэх хуудасны аль нэгийг нь өгөх ёстой. Өгөх ёстой хариу мэдэгдэх хуудсыг л өгсөн. Үнэлгээний хорооноос гаргасан өөр шийдвэрийг Г-д өгөөгүй.” тухай мэдүүлэг /2 хх 2-6, 8-9, 11-12/,

Гэрч Н.Н-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Шарга сумын ЗДТГ болон Эрүүл мэндийн төвд 2021 онд  шатахуун нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахад уг тендерт 2 аж ахуй нэгжээс материал ирүүлсний нэг нь болох Х.Г эзэнтэй “Шарга МТ” шатахуун түгээх станцын тендерийн баримтуудын иж бүрдэл нь хангагдсан, ямар нэгэн зөрчилгүй, шаардлагыг хангаж байсан. Харин “Мон-Сул” ШТС нь цөөхөн хуудастай материал ирүүлсэн. Бичиг баримтуудын бүрдэл хангагдаагүй байсан. “Мон-Суль” шатахуун түгээх станц нь сумын төв дээр байдаг, “Шарга МТ” шатахуун түгээх станц нь сумын төвөөс арай зайдуу Төгрөг, Тонхил сум руу явах замд байдаг. Үнэлгээний хорооны дарга Л-ээс “Мон-Суль” ШТС-ыг сонгон шалгаруулбал дараа нь хууль зөрчсөн гээд асуудал болох байх. Хуулиа л дагах хэрэгтэй тийм болохоор “Шарга МТ” нь тендерээ бүрэн ирүүлсэн учраас “Шарга МТ” шатахуун түгээх станцыг шалгаруулсан нь хууль зөрчихгүй гэж хэлж байсан.  Үнэлгээний хорооноос хуулийн дагуу Х.Г эзэнтэй “Шарга МТ” шахахуун түгээх станцыг сонгон шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж буюу дүгнэлтээ сумын Засаг  дарга С.С хүргүүлсэн” тухай мэдүүлэг /2 хх 14-15/,

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “2021 оны 06 сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн төвийн даргаар түр томилогдоод удаагүй байхад нь сумын Засаг дарга С.С-ын “Мон-Суль” ШТС-тай гэрээ байгуулах захирамж ирсэний дагуу 2021 оны шатахуун, түлш нийлүүлэх гэрээг “Мон-Суль” шатахуун түгээх станцыг хариуцан ажиллуулдаг У гэдэг хүнтэй байгуулж байсан” тухай мэдүүлэг /2 хх 17-18/,

Гэрч Р.О-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийг хүлээн авч танилцахад тендерт сумын Засаг дарга С.С зөвшөөрч гарын үсэг зураагүй, өөрөөр хэлбэл гэрээ байгуулах эрх олгох захирамж гаргаж өгөөгүй болохоор “Шарга МТ”-тэй гэрээ байгуулах боломжгүй байсан юм. Манай Тамгын газар урд өмнө нь байнга Х.Г  эзэнтэй “Шарга МТ” шатахуун түгээх станцтай гэрээ байгуулдаг байсан. Уг шатахуун түгээх станцын давуу тал нь А/80, А/92, дизель түлш зардаг. Үйл ажиллагаа нь хэвийн өдөр, шөнөгүй ажилладаг. Дутагдалтай тал нь гэвэл сумын төвөөс талдаа 5 км зайтай байдаг юм. Харин “Мон-Суль” шатахуун түгээх станц нь АИ 92 зардаггүй байсан. 2021 оны 06 сараас хойш АИ 92 бензин зардаг болсон. Засаг дарга С.С 2021 оны 06 дугаар сард “Мон-Суль” ХХК-тай гэрээ байгуулах захирамж гаргасан болохоор “Мон-Суль” ХХК-тай шатахуун худалдан авах гэрээ байгуулж он дуустал шатахуунаа уг шатахуун түгээх станцаас худалдан авсан” тухай мэдүүлэг /2 хх 32-34/,

Гэрч Э.Л-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Шарга сумын Засаг дарга С.С-ын үнэлгээний хороо байгуулах захирамжаар Үнэлгээний хорооны даргаар  томилогдсон. Тендерийн баримтаа бүрэн ирүүлсэн учраас үнэлгээний хороо Х.Г эзэнтэй “Шарга МТ” шатахуун түгээх станцыг шалгаруулж байсан.” тухай мэдүүлэг /2 хх 36-38/,

Говь-Алтай аймгийн Шарга сумын Эрүүл мэндийн төвийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Мон-Суль” ХХК-тай хийсэн “Шатахуун худалдан авах гэрээ”-ний хуулбар /2 хх 74/,

Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Мон-Суль” ХХК-тай хийсэн шатахуун худалдан авах гэрээний хуулбар /3 хх 74-75/,

2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Тендерийн баримтанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /2 хх 134-135/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Тав. Нотлох баримтын талаар.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.С холбогдох хэргийг хянан хэлэлцэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгчийн хэргийн үйл баримтын талаар өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул хэргийн үйл баримтыг нотлож байна гэж үнэлэх үндэслэлтэй.

Хэргийн үйл баримтыг нотлож байгаа, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенээ нөхсөн шинжтэй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотлож байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

Зургаа. Эрх зүйн дүгнэлт хууль хэрэглээний талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг.   

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасан байна.

Хуулийн энэхүү заалтаар захиалагч болох Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг дарга С.С нь Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвд шатахуун нийлүүлэх тендер шалгаруулалтад хуульд заасан журмын дагуу оролцож үнэлгээний  хорооноос “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тендерийг ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэр гаргаж, энэ талаар оролцогч нарт бүгдэд нь мэдэгдэж, шалгараагүй оролцогчид шалгараагүй үндэслэлийг, шалгарсан оролцогчтой гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийн хамт бичгээр хүргүүлэх үүрэгтэй байна.

Захиалагч болох Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг дарга С.С нь үнэлгээний хорооноос “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тендерийг ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй байна.

Монгол Улсын Их хурлаас  2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “Хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгохоор тус тус заасан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч  С.С нь Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг дарга буюу нийтийн албан тушаал хашиж байх үедээ холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу байгуулагдсан үнэлгээний хорооноос хамгийн сайн гэж үнэлэгдсэн тендерийг ирүүлсэн тендер шалгаруулалтад оролцогчтой гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэр гаргах, тендер шалгаруулалтад оролцогч нарт мэдэгдэх, хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулах албаны үүргээ зориуд биелүүлэлгүй байсаар Засгийн газраас 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг сонгоход баримтлах босго үнэ шинэчлэн батлагдаж шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар 20 сая төгрөг болж өөрчлөгдсөний дараа урьд нь тухайн тендерт оролцсон боловч хамгийн сайн үнэлгээ аваагүй аж ахуйн нэгжтэй шууд худалдан авах гэрээ хийж албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар хэрэгжүүлж тухайн аж ахуйн нэгжид хууль бус давуу байдал бий болгосон нь хууль тогтоомжид заасан журмын дагуу тендер шалгаруулалтад оролцож бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуйн нэгжийн эрх ашиг, төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулж, тухайн үед тендэрт оролцож хамгийн сайнаар үнэлэгдээгүй аж ахуйн нэгжид хууль бус давуу байдал бий болгох боломж бүрдүүлсэн нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч С.С-ын дээрх үйлдэл нь нийтийн албан тушаалтан албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад эдийн засгийн ашигтай байдлыг бий болгосон шинжээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн объектив болон субъектив талын шинжийг бүрэн хангаж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.С нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэсэн шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна гэж үзлээ.  

 

Долоо. Давж заалдах гомдлын талаар:

Нийтийн албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг аваагүй, мөн өөрийн чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь зохих шаардлага хангаагүй, чанаргүй, цаг хугацаа алдсан нь алдаа доголдол гаргахад хүргэсэн зэрэг үйлдэл нь албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах гэмт хэргийн шинжийг илэрхийлэх боловч энэ төрлийн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгсэн байхын шаарддаг.

Гэтэл шүүгдэгч С.С-ын үнэлгээний хорооноос хамгийн сайн үнэлэгдсэн оролцогчтой гэрээ байгуулаагүй эс үйлдэл нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахыг зориуд санаатай хүссэн эс үйлдэл гэж үзнэ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд захиалагч тендэрээс татгалзах эрхтэй байх бөгөөд гэрээнээс татгалзах нөхцөл байдал бий болсон гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Мөн захиалагч нь тендер шалгаруулалттай холбоотой үнэлгээний хорооны шийдвэр, үйл ажиллагаа хууль бус, гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тохиолдолд хуульд заасан журмын дагуу холбогдох байгууллагад гомдол гаргаж шалгуулах, шийдвэрлүүлэх боломжтой, төсвийн хөрөнгийг хэмнэх нь төрийн үйл ажиллагааны нэг зарчим мөн боловч төсвийн хөрөнгийг хэмнэх энэхүү зорилго нь хууль зөрчих, бусдын  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлах үндэслэл болох учиргүй.

Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтны аливаа үйл ажиллагаа ямар зорилготой байхаас үл шалтгаалан бүх талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах нь Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцнэ.

Мөн шүүгдэгч С.С түүний өмгөөлөгч нар “Шарга сумын тендерийн хорооны шийдвэр гарсныг мэдээгүй, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Засаг дарга С.С-ын ажлын өрөөнд Х.Г нь барьж орж ирэх үед мэдсэн. Энэхүү нөхцөл байдлаас болоод хуулийн зүйл заалт зөрчигдөж, хуульд заасан хугацаанд гэрээ байгуулах боломжгүй болсон.” гэж мэтгэлцэж байгаа боловч энэ байдал нь гэрч Н.Ггийн: “Үнэлгээний хорооны зөвлөмжийг гаргаад гарын үсэг зуруулахаар ороход Засаг дарга С.С “Үнэлгээний хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Наад компанитай чинь гэрээ байгуулахгүй” гэж хэлсэн тухай мэдүүлэг, гэрч Н.Н-ийн: “Үнэлгээний хорооноос хуулийн дагуу Х.Г эзэнтэй “Шарга МТ” шатахуун түгээх станцыг сонгон шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж буюу дүгнэлтээ сумын Засаг дарга С.С хүргүүлсэн” тухай мэдүүлэг, Гэрч Р.О-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “Үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийг хүлээн авч танилцахад тендерт сумын Засаг дарга С.С зөвшөөрч гарын үсэг зураагүй, өөрөөр хэлбэл гэрээ байгуулах эрх олгох захирамж гаргаж өгөөгүй болохоор “Шарга МТ”-тэй гэрээ байгуулах боломжгүй байсан” тухай мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.

Иргэн Х.Г нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу Засаг дарга С.С-ын үйлдэл, эс үйлдлийн талаар гомдол гаргасан эсэх нь шүүгдэгчийн  үйлдэл, эс үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэх талаар дүгнэлт хийхэд ач холбогдолгүй байгааг дурьдах нь зүйтэй.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдаг, нийгмийн аюул ихтэй гэмт хэрэгт тооцогддог, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч С.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Д.А, Б.О нарын “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” тухай давж заалдах гомдол, хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. С.С холбогдох 2216000640043 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/144 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.С болон түүний өмгөөлөгч Д.А, Б.О нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.Б

               ШҮҮГЧИД                             Л.Н

                                                         Ч.Э