| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/06289/И |
| Дугаар | 184/ШШ2024/06159 |
| Огноо | 2024-12-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 184/ШШ2024/06159
| 2024 оны дөр | 12 сар 03 р 184/ШШ2024/06159 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Шинжлэх ухаан, техникийн, дээд боловсролын улсын хороонд микропроцессорын техникийн олон улсын лабораторид техникчээр ажилласан. 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөн газрын Эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал бичигдсэн боловч гарсан тушаал бичигдээгүй. Шинжлэх ухаан, техникийн, дээд боловсролын улсын хооронд ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Иймд ***1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч *** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.
***нь Сонгинохайрхан дүүрэг, 3***тоотод оршин суудаг болох нь оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.6 дахь хэсгүүдэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэх, хүний ажиллаж байсан байдал нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болохоор заажээ.
Хүсэлт гаргагч ***нь 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Шинжлэх ухаан, техник дээд боловсролын улсын хороонд микропроцессорын техникийн олон улсын лабораторид техникчээр ажиллаж байсан нь үндэсний төв архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч ***н тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэрч Д***/ нь хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан тухай мэдүүлсэн нь хуульд заасан шаардлага ханган ирүүлснийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн ****1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Шинжлэх ухаан, техник дээд боловсролын улсын хороонд микропроцессорын техникийн олон улсын лабораторид техникчээр ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлтийн 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл одоогийн Удирдлагын академид эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан байдлаа тогтоолгох шаардлага нь баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ****1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Шинжлэх ухаан, техник дээд боловсролын улсын хороонд микропроцессорын техникийн олон улсын лабораторид техникч, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсныг тогтоож, хүсэлтээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ