Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/244

 

 

 

 

 

2023                03            02                                     2023/ДШМ/244                        

 

Р.Ж-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Гансувд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,

шүүгдэгч Р.Ж-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг, Э.Ганхөлөг, Б.Лхагвадорж,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/1153 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Ж-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг, Э.Ганхөлөг, Б.Лхагвадорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Р.Ж-ид холбогдох 2209000000428 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж-,

2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан;

 

Шүүгдэгч Р.Ж- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 4 дүгээр орцны үүдэнд амь хохирогч Н.Г-тай “нэмж архи авна, авахгүй” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт нь баруун гараараа цохисоны улмаас хүзүүний 6 дугаар нугалмын их бие хугарч, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Р.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Р.Ж-ийн цагдан хоригдсон 287 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Р.Ж-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Р.Ж- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хувьд талийгаачийг урьд нь огт танихгүй бөгөөд амь насанд нь хүрье гэсэн бодол, өс хонзон, сэдэл байгаагүй. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 17 цаг 30 минутын үед гэрээс гаран дэлгүүр орох гэж яваад дэлгүүрийн үүдэнд тааран мэндлээд, улмаар талийгаач надад хандан “шарталттай эвгүй явна, эвтэйхэн дулаахан газар ороод жаахан юм уучихмаар байна” гэхээр нь тус болох санаатай “манайд ороод гар” гээд цуг дэлгүүр орж, архи авч, гэртээ орж уусан. Би хувийн ажилтай байсан болохоор буцааж гаргаж өгөн “та ингээд харь, дөхүүлээд өгье” гэсэн боловч “дахиад нэг шил архи авчих ууя, арчаагүй залуу” гээд салахгүй, үгэнд орохгүй болохоор нь тэрхэн зуур бухимдаад гарын ар хэсгээр болгоомжгүй дэлсээд явсны улмаас ийм харамсалтай хэрэг болсонд гэмшиж байна. Үнэхээр болгоомжгүй үйлдлээс болж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэж 9 жилийн хорих ял авсанд эргэлзээтэй байна. Иймд давж заалдах шатны шүүх миний гэм буруугаа хүлээж, хохирогчид учирсан хохирол болох 14.122.830 төгрөгийг сайн дурын үндсэн дээр төлж барагдуулсан, хийсэн гэмт хэргээ мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа болон 73 настай эх, 8 настай хүүгийн хамт, Modern nomads ресторанд тогоочоор ажиллан ар гэрийн амьдралаа авч явдаг байсныг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Р.Ж-ийн өмгөөлөгч У.Батцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Р.Ж- нь анх удаа хүнд гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж харамсан ухаарч ойлгож байгаа болно. Иймд миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал 14.122.830 төгрөгийг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Р.Ж-ийн өмгөөлөгч Э.Ганхөлөг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагын дүгнэлт хэсэгт “....Шүүгдэгч Р.Ж-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх...нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэсэн байна. Гэтэл миний үйлчлүүлэгчийн зүгээс гэм буруугаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд хүлээсээр ирсэн. Мөн өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, болсон үйл явдалд туйлын харамсаж байгаа бөгөөд бодит хохирлыг төлж барагдуулсан. Эдгээр нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр дүгнэлтээ гаргасан байна гэж үзэж байна.

Иймд Р.Ж-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч туйлын харамсаж байгаа болон холбогдох хохирлыг төлсөн зэргийг харгалзан үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Р.Ж-ийн өмгөөлөгч Б.Лхагвадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс Р.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Энэ нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, Р.Ж- тухайн амь хохирогчийн амь насыг хохироох сэдэлт, зорилгогүй байсан бөгөөд харин түүнийг цохиж өөрөөсөө холдуулах нэг удаагийн үйлдэл хийсэн байдаг. Үүнээс үзэхэд бусдын эрүүл мэндийн халдашгүй эрхэнд халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж үйлдсэн боловч түүний үйлдлийн улмаас бусдын амь нас хохирно гэж огт тооцоолоогүй. Өөрөөр хэлбэл, бусдын амь насыг хохироохыг хүсэж үйлдээгүй, зориуд хор уршигт хүргээгүй. Үүнээс үзэхэд Р.Ж-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан болгоомжгүй гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байна. Мөн Р.Ж- нь хүний амь насыг нэг удаагийн цохилтоор хохироож чадах мэргэжлийн бэлтгэгдсэн хүн биш тул хүнийг алах гэмт хэргийг хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд Р.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би маш их гомдолтой байна. Миний эцэг цоо эрүүл хүн байсан. Шүүгдэгч нь хөгшин хүнийг хүндлэхгүй цохисон гэдэг нь түүнийг ёс зүйн доголдолтой хүн гэдгийг харуулж байна. Шүүгдэгч өмнө хоёр удаа гэмт хэрэг үйлдэж байсан. Миний эцэг 40.000.000 төгрөгийн зээлтэй, сард 3.000.000 төгрөг төлдөг байсан. Одоо би эхтэйгээ энэ мөнгийг төлөх гэж бүх ээмэг, бөгжөө ломбарданд тавьж, эгчийнхээ байрыг барьцаалсан. Хэрэв эцэг минь амьд байсан бол өрөө төлөөд явж байгаа. Мөн манайх компанитай байсан. Эцэг маань өөд болсны дараа өрөө төлөх гэж компаниа зарсан. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н-гийн өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрээ гаргасан. Хохирогч банкинд зээлтэй байсан бөгөөд ажлаа хийгээд зээлээ төлж ирсэн. Миний үйлчлүүлэгчийн тайлбарлаж байгаа нь үнэн. Хохирогчийн талаас банкны зээлийг төлүүлэх байр суурь хэвээр байгаа. Зөвхөн оршуулгын зардлыг шүүгдэгчээс авсан. ...” гэв.

 

Прокурор М.Гансувд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...энэ хэрэгт хяналтын прокурор н.Шагдар яллах дүгнэлт үйлдэж, миний бие анхан шатны шүүх хуралдаанд томилолтоор оролцсон. Хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан. Үйлдэл, үр дагавар шалтгаан холбоотой байдаг. Энэ шалтгаант холбоо эрүүгийн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэгт тодорхой харагддаг. Шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээрээ маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Р.Ж-ид холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Р.Ж- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 4 дүгээр орцны үүдэнд амь хохирогч Н.Г-тай “нэмж архи авна, авахгүй” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт нь баруун гараараа цохисон цохилтын улмаас хүзүүний 6 дугаар нугалмын их бие хугарч, амь насыг нь хохироосон буюу хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н-гийн “...орой гэртээ ирээд байж байхдаа л  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдад зодуулсны улмаас нас барсан болохыг нь сонсож мэдсэн. ...” /1хх 64/,

гэрч А.С-ийн “...2022 оны 02 дугаар сарын 23-ны орой 19 цаг 40 минутын орчимд “Хүнсний 4 дүгээр дэлгүүр”-н автобусны буудал дээр буучихаад алхаж явах үед Ж- араас ирж уулзаад “мөнгө байна уу” гэж асуухаар нь “надад мөнгө алга байна аа” гэж хэлэхэд “ядаж 2.000, 3.000 төгрөг ч байхгүй юу” гэж асуухаар нь “автобусны карт цэнэглэдэг 3.000 төгрөг байна” гэж хэлэхэд “надад наад мөнгөө өгчих” гэж аваад, “гар утсаа өгчих би утсаар ярих хэрэгтэй байна” гэж хэлээд аваад явсан. Тухайн үед архи хэрэглэсэн бололтой нилээд архи үнэртүүлсэн согтуу явж байсан. ...” /1хх 138/,

гэрч А.Н-ийн “...2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 18 цаг 10 минутын орчим байнга манай дэлгүүрт орж ирж үйлчлүүлдэг 60-70 орчим настай эрэгтэй хүн, араас нь бас байнга орж ирдэг өндөр ногоон өнгийн нүдтэй, шар туранхай эрэгтэй хүн орж ирсэн. Тэр өвөө 100 грамм шилтэй Ерөөл нэртэй архи 1 ширхэг, банана 1 ширхэг, савтай “Тесо” нэртэй зайрмаг авсан. ...Араас нь орж ирсэн өндөр эрэгтэй тэр өвөөг харж зогсож байгаад “за хоёулаа гаръя” гээд аваад гарсан. ...Өвөө бол нилээн согтуу байсан, нөгөө залуу нь бас согтуу байсан. ...Өвөө 16 цагийн орчим ганцаараа орж ирээд 100 грамм Ерөөл аваад гарсан. Харин залуу нь 17 цагийн орчим орж ирээд 100 грамм Ерөөл архи, 1 ширхэг лаазтай пиво аваад гарсан. ...” /1хх 158-159/,

гэрч Б.Э-ийн “...Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны 4 дүгээр орцны үүдний харалдаа буугаад орц руу явж байсан чинь орцны зүүн талд хар өнгийн хувцастай эрэгтэй хүн доошоо хараад хэвтэж байсан. Ажаад харсан чинь амьсгалж байгаа шинж байгаагүй. Тэгэхээр нь 103-т дуудлага өгсөн. Эмч ирээд үзлэг хийгээд нас барсан байна гэсэн. ...” /1хх 161-162/,

гэрч Б.О-ийн “...орой 18 цаг 30 минутын орчимд гэртээ ирэхэд хүн байхгүй, гэр эзэнгүй байсан бөгөөд 19 цаг 40 минутын орчимд Ж-той хамт амьдардаг Сугардорж гэх залуу гаднаас орж ирээд өрөөндөө орж байгаа харагдсан. ...” /1хх 167/,

гэрч Э.Б-ын “...тус байрны 4 дүгээр орцны ертөнцийн зүгээр зүүн хойд талын цутгасан бетоны хэсэгт цээжин хэсгээрээ доош харсан байдалтай унасан, түрийтэй хар өнгийн гутал, цэнхэр өнгийн жинсэн өмд, дээд хэсгээрээ саарал өнгийн куртик өмссөн, толгойдоо саарал өнгийн үстэй 60-65 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан. ...Тухайн үед би амь хохирогчийн цээжин хэсэгт баруун гараараа зөөлөн хүрч хиймэл амьсгаа хийх зорилгоор цээж шахалт хийхэд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй амь хохирогч хэдий нь амьсгал хураасан болох нь тодорхой байсан боловч эмч хүний зүгээс хэрвээ олон удаагийн давтамжтайгаар хиймэл амьсгаа хийх бол сэргэж юу магад гэж үзсэн учир баруун, зүүн хоёр гарын алганы хэсгээр цээжин хэсэгт нь хэд хэдэн удаагийн хүчтэй шахалтыг хийсэн боловч ямар ч хариу үйлдэл өгөөгүй тул цээж шахалтын ажиллагааг зогсоосон. ...” /1хх 171/,

шинжээч эмч Н.Туяагийн “...хүзүүний 6 дугаар нугалмын их биеийн хугарал гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүснэ. Тухайлбал, талийгаачийн нүүр хэсэг буюу толгойн урд хэсэгт арагш савагдаж цохигдох үед үүсгэгдэнэ. Унах үед бол үүсгэгдэх боломжгүй. ...Хүзүүний урд хана болон хүзүүний урд булчингийн цус хуралт төвөнх, улаан хоолойн цус хуралт, тархины аалзан хальсны цус харвалт зэрэг нь хүзүүний 6 дугаар нугалмын их биеийн хугарлын улмаас шууд үүсгэгдэнэ. Харин баруун хөмсөгт няцарсан шарх, баруун хацар, хамрын баруун хажуу хэсгийн зулгаралт, дээд уруулд шарх, зулгаралт гэмтэл нь нүүр хэсгээр урагш унах үед үүсгэгдэх боломжтой. ...” /1хх 181-182/,

Р.Ж-ийн яллагдагчаар өгсөн “...би өөр газар очих ажилтай байна шүү дээ гэж хэлээд баруун гарын сарвууны арын хэсгээр түүний толгойн урд хэсэгт нэг удаа зөөлөн дэлсээд эргэж харалгүй шууд тэндээс холдож явсан. ...” /1хх 231/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Н.Г-ын цогцост хүзүүний 6-р нугалмын их биеийн хугарал, хүзүүний урд хана болон, хүзүүний арын баруун булчингийн цус хуралт, төвөнх, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн гадна цус хуралт, тархины зүүн зулайн хэсгийн аалзан хальсны цус харвалт, цээжний баруун 3, 4, 5, 6, 7-р хавирга, зүүн талын 2, 3, 4, 5-р хавирганы шууд хугарлууд, цус хуралт, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун хацар, хамрын баруун хажуу хэсэгт зулгаралт, дээд уруулд шарх, зулгаралт, баруун хажуу хэсэгт зулгаралт, дээд уруулд шарх, зулгаралт, баруун хавирганы нуманд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ...амь хохирогч нь хүзүүний 6 дугаар нугалмын их биеийн хугарал гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 723 дугаар дүгнэлт /1хх 187-188/,

“...бичлэгийн 18 цаг 38 минут 06 секундэд гадна талын хэсгээрээ хар өнгийн куртиктэй залуу баруун гараараа амь хохирогчийн зүүн шанааны хэсэгт нэг удаа цохих үйлдэл хийж, улмаар амь хохирогч урагш хөдөлж, тэнцвэрээ алдаж байна. Үүний дараа 18 цаг 38 минут 15 секундэд уг залуу баруун гарын ар хэсгээр амь хохирогчийн духны баруун дээд хэсэгт нэг удаа дахин цохих үйлдлийг хийж байгаа дүрс бичлэгт бичигдсэн. Ингээд амь хохирогч баруун духны дээд хэсэгтээ нэг удаа цохиулсны дараа буюу бичлэгийн 18 цаг 38 минут 16 секундэд биеийн баруун талын хэсэгт хагас хазайн 18 цаг 38 минут 17 секундэд биеийн жингээр урагш биеийн урд хэсгээрээ газар унаж байгаа дүрс бичлэг бичигдсэн байв. ...” гэх “Алтан Өргөө” СӨХ-н хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 55-60/, хэргийн газарт болон цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 9, 14-23/, “Нархан” маркетын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 47-50/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Р.Ж- ямар буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Р.Ж-ийн амь хохирогч Н.Г-ын нүүрэн тус газарт баруун гараараа цохисон цохилтын улмаас хүзүүний 6 дугаар нугалмын их биеийн хугарал гэмтлийн улмаас нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Р.Ж-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг, Э.Ганхөлөг нар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн, өмгөөлөгч Б.Лхагвадорж “ Р.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд найман жилээс арван таван жил хүртэл хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Ж-ид хүнийг алах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 9 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал юм.

 

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

 

Шүүгдэгч Р.Ж-ид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх талаар гаргасан гомдлын тухайд;

 

Аливаа болгоомжгүй үйлдэл нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл учирч болох нийгэмд аюултай хор уршгийг тухайн нөхцөл байдалд урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байснаараа хайхрамжгүй хандсан гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.

Харин санаатай гэмт хэргийн тухайд, гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсэж хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа дээрх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээс ялгагддаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, амь хохирогч, шүүгдэгч нар хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн, “нэмж архи авна, авахгүй” гэх шалтгаанаар маргалдаж, Р.Ж- нь амь хохирогчийн  нүүрэн тус газар нь цохисон цохилтын улмаас хүзүүний 6 дугаар нугалмын их бие хугарснаас тухайн цаг хугацаанд амь хохирсон байх бөгөөд Р.Ж-ийг хохирогчийн амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар цохиж, хохирогч хүзүүний 6 дугаар нугалмын их биеийн хугарал гэмтлийн улмаас нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул Р.Ж-ид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзлээ.

Амь хохирогчийн оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг шүүгдэгч баримтаар нотлогдсон хэмжээнд төлсөн, тооцоолох боломжгүй хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Ж-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг, Э.Ганхөлөг, Б.Лхагвадорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Р.Ж-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 74 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/1153 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Ж-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг, Э.Ганхөлөг, Б.Лхагвадорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ж-ийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 74 /далан дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                      Ц.ОЧ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Ц.О нь хохирогчийн цээжин тус газар нь 2 удаа хутгалж, хохирогч цээжний хөндий рүү нэвтэрч өвчүүний зүүн урд хэсгээр үнхэлцэг ба зүрхний баруун ховдлын урд ханыг нэвт гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

нхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоосон үйл баримтаас дүгнэхэд, Д.М нь хохирогчийн толгойн тус газарт нь гараараа удаа дараа цохиход хохирогчийн бие махбодод үхэлд хүргэх гэмтэл учирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаварын улмаас хохирогчийн амь нас хохирсон нь хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн учир шалтгаан болно.

эсэн хэдий ч анхан шатны шүүх хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудыг харьцуулан судалж, нотлох баримтын эх сурвалж нь хууль ёсны, үнэн зөв, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоох талаар хуульд заасан нотолгооны стандартыг хангасан эсэхийг шалгаж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар шүүгдэгч М.Эын хохирогч Б.Бын нүүрэнд цохисон үйлдэл нь хохирогчийн тархинд цус харваж, улмаар зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан үр дагавартай шууд шалтгаант холбоотой гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Аливаа болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл учирч болох нийгэмд аюултай хор уршгийг тухайн нөхцөл байдалд урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байснаараа хайхрамжгүй хандсан гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжилсон хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг бөгөөд шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдэлтэй холбоотой, хүлээгдээгүй нөхцөл байдалд үүсч, түргэн зуур болдог онцлогтойгоос гадна, гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэгт байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээдийн сэтгэл зүй тодорхой цаг хугацаанд алдагдан тэсэрч, өөрийн үйлдэлд хяналт тавих чадваргүй болж сэтгэл санааны хүчтэй цочролд орсон байх нөхцөлийг шаарддаг.

Харин санаатай гэмт хэргийн тухайд, гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсч хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа дээрх гэм буруугийн хоёр хэлбэрүүдээс ялгагддаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд амь хохирогч, шүүгдэгч нар хоорондоо хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, Ч.Э  нь хохирогчийн амьсгалын замыг хүчээр, санаатай боож, үүний улмаас хохирогч механик амьсгал бүтэлтээр, тухайн цаг хугацаанд амь хохирсон байх бөгөөд Ч.Э ын үйлдлийг хохирогчийн амь насыг хохирооход шууд чиглэсэн санаатай үйлдэл гэж үзнэ.

Ч.Э ын хувьд өмнө нь болон тухайн цаг хугацаанд хохирогчид хүндээр доромжлогдсон, хууль бус, зүй бус үйлдлийн шууд нөлөөнд орсон, мөн аливаа болгоомжгүй үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.  

Өөрөөр хэлбэл амь хохирогчийн хоолойг боосон шүүгдэгчийн үйлдэл хор уршиг, үр дагаварт зориуд хүргэсэн байх тул Ч.Э ад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзлээ.

Түүнчлэн энэ хэрэгт шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шалгуулах үндэслэл бүхий нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдоогүйгээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл буюу ялын доод хэмжээнээс доогуур хөнгөрүүлж ял оногдуулах тухай зохицуулалтыг шүүх заавал хэрэглэх, үүрэг болгосон хэм хэмжээ биш, харин эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хэрэглэх эсэхийг шийдвэрлэх шүүхийн эрх хэмжээнд хамаарах зохицуулалт тул уг хэм хэмжээг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.