Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 00007

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хард овогт Сурмаажавын Мөнхбатад холбогдох 163/2018/0009/Э индекстэй, эрүүгийн 1715002150075 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, хүүхдийн хамт Булган аймгийн Орхон суманд  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хард овогт С. М  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.М нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 3-р багийн нутаг “Улаан мод” гэх газарт иргэн Д.Отгонбатын эзэмшлийн 71-18 БУЛ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийн 7 дугуй, Пад тракторын 1 дугуйг хууль бусаар гэмтээж 505000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

1715002150075 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч Д.Отгонбатын өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн 71-18 БУЛ улсын дугаартай, пронтер маркийн тээврийн хэрэгсэл, ногоон өнгийн Пад трактортай “Хужирт” гэх газраас 07 цагт гарч яваад “Улаан мод” гэх газарт ирсэн. Батцоож, Эрдэнэбямба, Мөнхжаргал нарын хамт өвөлжөөний шургааг бэлтгээд байж байтал манай машин дээр Мах хөх мотоциклтойгоо 11 цаг 30 минутанд ирсэн. Тэгээд хараад байж байтал машины зөв талаар нь тойроод тонгойсон тэгээд буруу талаар нь тойрч бас тонгойгоод мотоциклоо унаад яваад өгсөн. Модоо бэлтгээд машин дээрээ иртэл машины 7 дугуйг, тэвш нь дээр нь байсан пад троктарын 1 дугуйг хутгаар хагалсан байсан. Тэгээд падтайгаа доошоо уруудаад явж байтал Бор, Батзориг, Дамдиндорж 3 мод хийж байсан. Тэгээд машины дугуй хагалсан талаар хэлэхэд Мсая бид хэд дээр ирчихээд явсан. Тэр “машин байхаар нь бүх дугуйг нь хагалчихаад ирлээ” гэж хэлсэн. Тэгээд тэр хэдээс машиныг нь авч явж хүмүүсээс машины дугуй авч ирж машинаа асаагаад явсан. Юугаар хагалсаныг хараагүй, гэхдээ хутгаар хагалсан гэж бодож байна. Өөрөө биедээ дандаа хутгатай явдаг. Хагалсан дугуйг харахад хутгаар хагалсан юм шиг харагдсан. 4 ширхэг нь 13-тай дугуй, 2 ширхэг нь өвлийн шинэ дугуй, 2 ширхэг нь хээ нь муудсан зуны дугуй, 17.5-тай 3 ширхэг дугуйны 2 ширхэг нь зуны шинэ дугуй, 1 ширхэг нь өвлийн шинэ дугуй, пад тракторын дугуй мөн шинэ дугуй байсан. 3 дугуй нь 2016 оны 11 сард авсан дугуйнууд байгаа, үлсдэн дугуйнууд нь 2016 оны 3 сард машин авахад хамт ирсэн дугуйнууд юм. 13-тай дугуйг нэгийг нь 135000 төгрөгөөр, 17.5-тай дугуйг нэгийг нь 100000 төгрөгөөр, пад тракторын дугуйг 80000 төгрөгөөр үнэлж, нийт 920000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-15-18 тал/,

Гэрч Ж.Борын өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг “Улаан  мод” гэх газар түлээний  мод бэлтгээд байж байтал Сурмаажавын Ммотоциклтой ирсэн. Тэгээд бид нараас “бичиг баримт байгаа юу” гээд үзээд “нутгийн хүмүүс байна” гээд байж байтал дээр хөрөө дугарсан чинь тийшээ яваад өгсөн. Удаагүй хүрч ирээд М“би машины дугуйг нь хагалчихаад ирлээ” гэхээр нь бид нар үнэмшээгүй юм. Тэгээд Мяваад өгсөн. Модоо бэлтгээд байж байтал Отгонбат ногоон падтай ирээд “машины дугуйнууд хагалчихсан байна” гэхээр нь Мыг үнэн ярьсан байна гэж бодсон. Ийм л юм болсон гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,

Гэрч Б.Батцоожийн өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг “Улаан  мод” гэх газар Отгонбат, Бямба, Баатар бид дөрөв  мод бэлтгээд байж байтал мотоциклтой хүн бидний машин дээр ирсэн. Тэгээд тойрч байгаад яваад өгсөн. Тэгээд удаагүй машин дээр очиход бүх дугуйг нь хагалчихсан байсан. Отгонбат бид хоёр дугуй олж ирэхээр падтайгаа доошоо уруудаад явж байтал мод хийж байсан хүмүүс таарсан. Отгонбат очиж уулзаад тэр хэдээс машиныг нь авч явж хүмүүсээс машины дугуй авч ирж машинаа асаагаад явсан. Дугуй хагалсан хүнийг танихгүй, тэнд байсан хүмүүс Мгэж яриад байсан гэх мэдүүлэг /хх-21-22 тал/,

Гэрч Л.Эрдэнэбямбын өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг “Улаан  мод” гэх газар Отгонбат, Бямба, Баатар бид дөрөв мод бэлтгээд байж байтал Ммотоциклтой машин дээр ирсэн. Тэгээд тойрч байгаад яваад өгсөн. Тэгээд удаагүй машин дээр очиход бүх дугуйг нь хагалчихсан байсан. Отгонбат, Батцоож хоёр дугуй авч ирэхээр явж Баатар бид хоёр машинаа хараад үлдсэн. Тухайн үед Мөнхбатаас өөр хүн ирээгүй гэх мэдүүлэг /хх-23-24 тал/,

Гэрч Д.Батзоригийн өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг “Улаан  мод” гэх газар  мод бэлтгээд байж байтал Хишигбаяр ах “Ммотоциклтой ирээд машины дугуй хагалсан гэж байна” гэж хэлсэн. Удалгүй Отгонбат ирээд машины дугуй хагалчихсан байна гэж ирсэн гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,

        Шүүгдэгч С.Мяллагдагчаар өгсөн: Манайх Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутагт нутагладаг бөгөөд би мал маллаж амьдардаг юм. 2017 оны 10-р сарын 13-ны өдөр шиг санаж байна манай багийн Отгонбат гэдэг залуу гуравдугаар багийн “Улаан мод” гэдэг газар мод бэлтгээд байхаар нь мотоциклтойгоо явж очоод машиных нь дугуйг хагалсан. Би “Булган хан” гэдэг нэртэй нөхөрлөлтэй бөгөөд манай нөхөрлөл нь гуравдугаар багийн нутагт нийт 5 уулын ам хариуцдаг. Тэр дунд “Улаан мод” гэдэг газар манай нөхөрлөлийн уулын амд багтдаг. Отгонбат нь зун 5-6 сарын үед манай нөхөрлөлийн “Улаан мод” гэдэг газраас мод огтолж өвөлжөөний хашаа барьсан. Тэгэхээр нь би “наанаа хашаа барьж болохгүй, би чамд мод өгөхгүй” гэхэд би “байгаль хамгаалагчтай уулзаад зөвшөөрөл авсан” гэхээр нь би орхисон. Тэгтэл  намар  10 дугаар сарын  13-ны  өдөр  Отгонбат нь “Улаан мод”  гэдэг газраас мод огтолж хашааны дээврийн шургааг бэлтгэсэн. Тэгэхээр нь уулзахгүй шууд очоод порентор маркийн тээврийн хэрэгслийн 6 дугуй, тэвшин дээр нь байсан тракторын нэг запас, өөрийнх нь машины нэг запас дугуй нийт 8 дугуйг нь сийлбэрийн хутгаар хатгаж хагалчихаад  яваад өгсөн. Отгонбат  нь зөвшөөрөлгүй мод бэлтгээд байхаар нь би уурандаа машиных нь дугуйг хагалсан. Нөхөрлөл хариуцсан дарга нь би бөгөөд манай гэр нөхөрлөлийн хариуцсан уулын аманд байдаг. Би  хариуцсан  газраа  бүгдийг нь харж ханддаг. Отгонбатын мод бэлтгээд байгаа газар нь тусгаарлалт хийгдээгүй газар бөгөөд тэр газраас ямар ч мод бэлтгэх зөвшөөрөл олгогдохгүй, бэлтгэж болохгүй газар байсан юм. Отгонбат нь зун хашаа барихдаа босоо хуурай, нойтон холимог мод хөрөөдөж унагасан, сая хүртэл нарийн босоо мод унагааж хашааныхаа дээвэрт тавьсан гэх мэдүүлэг /хх-28 тал/,

        Лэндс ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 288 тоот:

1. Иргэн Д.Отгонбатын эзэмшлийн “71-18 БУЛ улсын дугаартай Пронтер маркийн машины дугуй 7 ширхэг, пад тракторын дугуй 1 ширхэгийн зах зээлийн үнэ нийт 505000 төгрөг” гэх дүгнэлт /хх-29 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1-2 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-11 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41, 43 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-47-48 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Мхохиролд 505000 төгрөг төлсөн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Дээрхи нотлох баримтуудаар 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Булган хан” нөхөрлөлийн ахлагч С.Мнь өөрийн нөхөрлөлийн харъяа Булган аймгийн Орхон сумын гуравдугаар багийн нутаг “Улаан мод” гэх газарт иргэн Д.Отгонбатыг “удаа дараа мод бэлтгэлээ” гэх шалтгаанаар түүний эзэмшлийн 71-18 БУЛ улсын дугаартай, “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн долоон дугуй, Пад тракторын нэг дугуйг тус тус хутгаар зүсэж гэмтээсэн хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзвэл хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Д.Отгонбат, гэрч Ж.Бор, Б.Батцоож, Л.Эрдэнэбямба, Д.Батзориг нарын өгсөн өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, халдлагын зүйл болох дугуйны зэх зээлийн үнэлгээг гаргасан Лэндс ХХК-ийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 288 тоот дүгнэлт, хэрэг учралын газарт болон дугуйнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хэрэг бүртгэлтийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зах зээлийн үнэлгээнд нийцсэн байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

         Шүүгдэгч С.Мбусдын эд хөрөнгө болох 8 ширхэг дугуйг хутгаар зүсэж гэмтээн 505000 төгрөгийн хохирол учруулсан дээрхи үйлдэл нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний өмчлөх эрхийн эсрэг чиглэсэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байна.

Өөрөөр хэлбэл энэ гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй, хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол” буюу 300 нэгжтэй тэнцэх хэмжээний 300000 төгрөгөөс дээш 500000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч С.Мыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Мнь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 505000 төгрөгийг төлсөнөөр хохирогч Д.Отгонбат нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Шүүгдэгч С.Мөнхбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, гэм хорыг арилгасан байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч С.Мхөрөнгө орлогын байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч С.Мнь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Хард овогт С.Мыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  С.Мнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэниий бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ЦЭРЭНХАНД