Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2016/00900

 

 

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2016/00900

Х аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Х аймгийн Ц сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Х аймгийн Ц сумын Ү.Б-д холбогдох

Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 2.043.014 /хоёр сая дөчин гурван мянга арван дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 26ы өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Х аймгийн Ц сумын Засаг дарга Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ү.Б нь 2013 оны 3 дугаар сарын 18-нд Сум хөгжүүлэх сангаас Модон эдлэлийн мужаан хийхээр 6.000.000 төгрөгний зээл авсан. Төсөл хэрэгжүүлэх хугацаанд графикийн дагуу төлбөрийг төлж байсан боловч 2015 оны 11 дүгээр сарын 02-ноос эхлэн төлбөрөө төлөхгүй байна. Төлүүлэх талаар 2 удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч төлөхгүй бидний ажилд хүндрэл учруулж байна.

Иймд гэрээний дагуу Ү.Б нь төсөл хэрэгжүүлэхээр хөнгөлөлттэй зээлд хамрагдсан боловч графикт хугацаандаа төлөхгүй байгаа зээл болох үндсэн зээл 2.000.000, зээлийн хүү болох 20.000 төгрөг, торгуулийн хүү 23.014 төгрөг, нийт 2.043.014 төгрөгийг Ү.Б гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ү.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ү.Б миний бие тус сумын Засаг даргын тамгын газрын сум хөгжүүлэн сангийн зээлд хамрагдаж төсөл хэрэгжүүлэх явцад эдийн засгийн хямрал, материалын хомсдол мөн эрүүл мэндийн байдлаас хамаарч төсөл зогссон тул уналтанд орж үйлдвэрлэлийн ажлаа зогсоосон тул төлж чадалгүй хугацаа хэтрүүлсэн нь үнэн.

Иймд сумын Засаг даргын тамгын газраас хугацаа хэтэрсэн 2.043.014 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байна. Заасан хугацаанд нь зээлийг эргүүлэн төлнө гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х аймгийн Ц сумын Засаг дарга нь хариуцагч Ү.Б гээс Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 2.043.014 /хоёр сая дөчин гурван мянга арван дөрөв/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ү.Б ....2.043.014 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байна..... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбар танилцуулсан энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасан ба нэхэмжлэгч Х аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газар, төсвийн байгууллага байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болно.

Харин Сум хөгжлийн сангийн зээл 2.043.014 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 47.638 төгрөгийн 50 хувь болох 23.819 төгрөгийг хариуцагч Ү.Б гээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Х аймгийн Ц сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага Сум хөгжүүлэх сангийн зээл 2.043.014 /хоёр сая дөчин гурван мянга арван дөрөв/ төгрөгийг хариуцагч Ү.Б төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч Ү.Б гээс улсын тэмдэгтийн хураамжинд 23.819 /хорин гурван мянга найман зуун арван ес/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ