Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 01881

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/01881

 

 

Г.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/01710 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Нгийн хариуцагч Б.Л, Д.А нарт холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 50 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Оюун, хариуцагч нарын өмгөөлөгч Э.Нарангарав нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Л нь өмгөөлөгч Г.Н надтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж байхдаа “Уран ган” ХХК-ийн ажилчдын байрны доор байрлах 10, 13 тоотод байрлах тус бүр нь 15.000.000 төгрөгийн үнэтэй автомашины зогсоолын төлбөрт 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 30.000.000 төгрөгийг Б.Лгийн Хаан банк дахь 5099114199 дугаарын дансанд шилжүүлж авсан, мөн Б.Л нь Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд өөрийн хүү Л.Золбоогийн “Далай омбо” ХХК-ийн бариулж буй “Хан Түшээ” хороололд хямдхан байр зарна гэж 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөгийг нягтлан Д.Аар дамжуулан 20.000.000 төгрөгийг бэлнээр авсан.  Б.Л нь уг автомашины зогсоолыг Н.Болор-Эрдэнэд худалдаж, мөнгөө буцаан авах гэтэл элдэв арга хэрэглэн, төлөхөөс зайлсхийх болсон. Иймд Н.Аюурзанаас орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 20.000.000 төгрөг, Б.Лгээс автомашины зогсоолын төлбөрт төлсөн 30.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Оюун шүүхэд гаргасан хариу талбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Н нь Ланд ровер маркийн автомашин өгөөд нэмж 30.000.000 төлөөд Ланд груйзер 200 маркийн автомашин авах гэж байна, 30.000.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлээч гэсний дагуу Б.Л нь 2016 оны 6 дугаар сард 30.000.000 төгрөгийг Г.Нд бэлнээр зээлдүүлж, Г.Н нь 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 30.000.000 төгрөгийг буцаан төлсөн юм. Мөн Г.Нгийн хувьд хүү Л.Золбоогийн “Далай омбо” ХХК-ийн бариулж буй Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд байрлах орон сууцыг зарахаар түүнээс 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөгийг нягтлан Д.Аар дамжуулан 20.000.000 төгрөгийг бэлнээр аваагүй бөгөөд Д.Аюурзанын хувьд 20.000.000 төгрөгийг Г.Нгаас бэлнээр аваагүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Г.Нгийн нэхэмжлэлтэй, Б.Л, Д.А нарт холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 407.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Д.Ад бэлнээр өгсөн 20 сая төгрөгийн баримт, хариуцагч Б.Лд өгсөн 30 сая төгрөгийн баримтуудыг 2019 оны 8 дугаар сард Цагдаагийн байгууллагад өгсөн ч материал дотроос үрэгдэж алга болсон Гэвч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Б.Лд 30 сая төгрөг өгсөн түүний Хаан банкин дахь 5099114199 дансны орлогын баримтыг нотлох баримтын шаардлага ханган нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн ба Б.Лгийн дансыг битүүмжлэх, Д.Ад өгсөн 20 сая төгрөгийн баримтыг албадан гаргуулах талаар хүсэлт гаргаж, түүний үл хөдлөх эд хөрөнгийг маш тодорхой зааж битүүмжлэх хүсэлтийг тус шүүхэд мөн нэхэмжлэлийн хамт гаргасан ч 2020 оны 4 сарын 17-ны өдрийн захирамжаар хууль зүйн үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж, 30 сая төгрөгийн нотлох баримтыг үнэлэхгүй, гомдол гаргах эрхгүйгээр  нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан. Дээрх захирамжид 2020 оны 4 сарын 30-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар захирамжийг мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцүүлж өгөхийг шүүхээс хүссэн. Энэ хүсэлтийг шүүгчээс нэхэмжлэгчийг өөрөө татаж авахыг хүссэн тул буцааж татаж авсны дараа шүүх хуралдаанаар хариуцагч нарын эд хөрөнгийг битүүмжлэхдээ Д.Аас нотлох баримт гаргуулах хүсэлтийг мөн хангахаас татгалзсан. Гэтэл шүүгчийн захирамжийг өөрчлөх, эсхүл хүчингүй болгохгүйгээр 2020 оны 5 сарын 15-ны өдрийн захирамжаар анхын өгсөн хүсэлтийн зарим хэсгийг хангасан. Дээрх шүүхийн хууль бус захирамж, шийдвэрүүд нь хариуцагч Д.Ад хүлээлгэн өгсөн 20 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох боломжийг хаагдуулсан. Харин хариуцагч Б.Лд өгсөн түүний дансны орлогын баримтыг нэхэмжлэлийн бүрдүүлбэртэй хамт хавсаргаж өгсөөр байтал шүүх анхнаасаа үнэлээгүй, ямар үндэслэлээр нотлох баримтаар үнэлэхгүй байгаагаа дурдаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Б.Л, Д.А нарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 50 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Б.Лгээс автомашины зогсоолыг худалдан авахаар 2016 оны 6 сарын 28-ны өдөр 30 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, Хан Түшээ хороололд байр худалдан авахаар “Уран ган” ХХК-ийн нягтлан Д.Ад 20 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ “...Д.А нь Г.Нгаас орон сууцны урьдчилгаа төлбөр 20 000 000 төгрөгийг бэлнээр аваагүй, Б.Лгээс 30 000 000 төгрөгийг Г.Н зээлж, 2016 оны 6 сарын 28-ны өдөр буцаан төлсөн...” гэж тус тус тайлбарласан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор “Уран ган” ХХК-ийн кассын орлогын дэвтэр, бүртгэлийг гаргуулах хүсэлтийг удаа дараа гаргасан байх ба шүүх 2020 оны 04 сарын 17-ны өдрийн 05452, 5 сарын 15-ны өдрийн 7092 дугаар захирамжуудаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх баримт нь хэрэгт ач холбогдолтой нотлох баримт байхад шүүх үндэслэлгүйгээр уг хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг хязгаарласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах  гэрээний үүргийн зөрчил, эсхүл бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүссэн үүргийн алин болохыг тодруулах, энэ талаар талууд мэтгэлцэх шаардлагатай байжээ.

Талуудын хооронд үүссэн маргаанд хамааралтай, ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй ба анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/01710 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ

                                  ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

                                                                                     Б.НАРМАНДАХ