| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0010/Э |
| Дугаар | 00013 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ч.Сэлэнгэ |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 00013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Хохирогч Ж.Батдорж,
Шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1715002210067 дугаартай, 163/2018/0010/Э индекстэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Хангал суманд оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Номгон овогт Ц.А
Холбогдсон хэргийн талаар:
Ц.А нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Уургачийн даваа” гэх газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэж байгаль экологид 1428240 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.А ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Хохирогч Ж.Батдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний бие Сумын засаг даргын захирамжийн дагуу энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаа. Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн иргэн А нь холбогдох зөвшөөрөл авалгүйгээр Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Уургачийн даваа” гэх газраас мод бэлтгэж өвөлжөө барьсан байсан. Байгууллагын зүгээс үнэлгээний дагуу хохирол нэхэмжилж байна. Санал гомдолгүй гэх мэдүүлэг.
1715002210067 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Гэрч П.Эрдэнэбатын өсгөн: Ц.А гэдэг хүн 2015 онд өвөлжөө барих зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичиг аваад өвөлжөөгөө барьсан. 2017 онд эрхийн бичиг аваагүй байж шинээр өвөлжөө барьсан гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч А.Ууганбаярын өгсөн: Би аавын хамт манай өвөлжөө байдаг газрын баруун урд талаас өвөлжөө барих гэж мод бэлтгэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,
Гэрч У.Мөнгөний өгсөн: Манай сумын иргэн А гэдэг хүнийг би сайн танихгүй. Манай сумын иргэдийн ярианаас А хууль бусаар мод бэлтгээд хашаа барьсан байна гэдэг мэдээлэл аваад Аын гэрт нь очиж үзэхэд А нь өвөлжөөний хашаа шинээр барьсан шинжтэй байсан. Тухайн үед намайг очиход А өөрөө гэртээ байгаагүй. Тэгээд би гоожин эрхийн бичиг байгаа талаар гэрийнхнээс нь асуухад байхгүй гэхээр нь хэсгийн төлөөлөгчдөө мэдэгдээд тухайн асуудлыг шалгуулсан юм. Аыг хаанаас мод бэлтгэсэн талаар асуухад гэрийнхээ ойролцоох уулын амнаас бэлтгэсэн гэж байсан. Гэрийнхээ дээхэн талын амандаа модтой, тэр модноос бэлтгэсэн байсан. Мод чирж бэлтгэсэн мөрнүүд байсан, би мод руу нь орж харахад гэрийнх нь дээхэн талд ойрхон модтой ам байдаг юм байна лээ. Ороод үзэхэд унаанги моднууд бэлтгэсэн шинжтэй мөрнүүд үүссэн байдалтай байсан, ямарч байсан шинээр малын өвөлжөөний хашаа барьсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/
Шүүгдэгч Ц.А ын яллагдагчаар өгсөн: Манайх Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутагт өвөлждөг юм. Манай өвөлжөө зөвхөн хонины хашаатай, бөгөөд үхэр адууны хашаа барих шаардлага гараад энэ жилийн 9 сараас хойш би манай өвөлжөөний хажуухан талын “Уургачийн даваа” гэдэг газраас унаанги шургаа моднууд бэлдээд үхэр адууны хашаа саравчтай нь барьсан. Миний бэлтгэсэн мод дан хуурай, унаанги шинэс шургааг мод байсан. Модоо бэлтгэхдээ мориор чирээд модоо бэлтгэсэн. Би хашаагаа өөрийнхөө төрсөн хүү 15 настай Ууганбаяртай хамт барьсан. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй модоо бэлтгэсэн, тухайн үед гоожингоо авах гэхэд манай багийн байгаль хамгаалагч Эрдэнэбат гэдэг залуу “тусгаарлалт хийгдээгүй байгаа, та тусгаарлалт хийхээр нь гоожингоо авчих” гэхээр нь би гоожингоо аваагүй шууд бэлдчихсэн. Дараа нь гоожингоо авчихна гэж бодсон. Нийт 50-60 ширхэг 4-5 м урттай унаанги шургааг мод бэлтгээд хашаагаа барьсан гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/
2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээний акт, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18/15 дугаартай Тольдох Оюуны өгөөж ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8 хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 12-13 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 41, 45 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.А нь 2017 оны 9 сард нь Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Уртын эх” гэх газрын Уургачийн даваанаас зөвшөөрөлгүйгээр унаанги, шургаа мод бэлтгэж үхэр, адууны хашаа саравч барьсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч Ж.Батдорж, гэрч П.Эрдэнэбат, А.Ууганбаяр, У.Мөнгөн нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Ц.Аын хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 1428420 төгрөгийн хохирол учирсан болох нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээний актаар тогтоогдсон, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргажээ.
Шүүгдэгч Ц.Аын дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан төрийн өмчид халдаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалын тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчсөн, Эрүүгийн хуульд заасан хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх ба хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Экологи эдийн засгийн үнэлгээний актаар тогтоогдсон 1428420 төгрөгийг нэхэмжилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад ойгоос бэлтгэсэн 35.8м3 модоор “Уртын эх” гэх газар байрлах өвөлжөөн дээрээ барьсан шүүгдэгч Ц.Аын үхэр, адууны хашаа саравчийг битүүмжилж, бэлтгэсэн модны үнэлгээг “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийг шинжээчээр томилон гаргуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэжээ.
Иймд шүүгдэгч Ц.А ын ойд хууль бусаар бэлтгэсэн 35.8м3 модыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож албадан гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байх боловч уг бэлтгэсэн модонд хөдөлмөрийн болон материалын нэмүү өртөг шингэж малын хашаа саравч бүхий хөрөнгө болж хувирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, ...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасны дагуу хууль бусаар бэлтгэсэн 35.8м3 модны үнэ 1360556 төгрөгийг албадан гаргуулж хохиролд тооцуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид учруулсан хохирлын хэмжээ нь 1428420 төгрөг, албадан гаргуулж хохирол тооцуулах модны зах зээлийн үнэ нь хохирлын хэмжээнээс бага буюу 1360556 төгрөг байх тул шүүгдэгч Ц.Ааас 1428420 төгрөгийг гаргуулж, Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын тамгын газарт олгож, мөрдөгчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Малын хашаа саравч” битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд байгаль хамгаалагчийн ойд тусгаарлалт хийсний дараа зөвшөөрлөө авчих гэснийг модоо бэлтгэсний дараа зөвшөөрлөө авч болно гэж нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсаны улмаас гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.6-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдал, малчдын хөдөлмөрийн нөхцөл, улирал, цаг агаарын байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Номгон овогт Ц.Аыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Аыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Аын 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 100000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 5 /тав/ сараар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Амгалабаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.А аас 1428240 /нэг сая дөрвөн зуун хорин найман мянга хоёр зуун дөч/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Хангал сумын Засаг даргын тамгын газарт олгож, мөрдөгчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Малын хашаа, саравч”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.А т үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД