Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/245

 

 

 

 

 

2023              3            02                                          2023/ДШМ/245                        

 

Н.У-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Онон,

хохирогч Д.Э-, түүний өмгөөлөгч Ж.Должинсүрэн,

шүүгдэгч Н.У-ын өмгөөлөгч Д.Батсүх,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Э-, шүүгдэгч Н.У-ын өмгөөлөгч Д.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.У-ад холбогдох 2205011981977 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

У-а,

Шүүгдэгч Н.У-а нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ж-” лоунжид үл ойлголцол, хэрүүл маргааны улмаас Д.Э-тай маргалдаж, толгой хэсэгт нь цохих, үсдэх, дарж унах зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Э-гийн нэхэмжилсэн нийт 2.564.488 /хоёр сая таван зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун наян найман мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 945.018 /есөн зуун дөчин таван мянга арван найм/ төгрөгийн эмчилгээний зардлыг шүүгдэгч Н.У-аас гаргуулан хохирогч Д.Э-д олгож, 1.619.470 /нэг сая зургаан зуун арван есөн мянга дөрвөн зуун дал/-н төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Э- нь гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Н.У-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шийдвэрлэсэн хэсгийг болон Н.У-ад оногдуулсан ял хариуцлагыг тохироогүй гэж үзэн дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нямаагийн У-а нь хохирогч Д.Э-гийн биед хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан буюу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Харин хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үндэслэл бүхий тогтоон шийдвэрлэж чадаагүйд, түүний зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирлыг нөхөн төлүүлж чадаагүйд гомдолтой байна. Үүнд: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр мөрдөгчид эрүүл мэндэд учирсан хохирол, зардал, хор уршгийг нэхэмжлэн хүсэлт гаргаж, холбогдох нотлох баримтуудыг хэрэгт хавсарган өгсөн. Тухайн үед миний үйлчлүүлэгч дүрс оношилгооны зардалд 130.000 төгрөг, эм тариа, нэмэлт бэлдмэлийн зардалд 577.459 төгрөг, бензиний зардал 121.000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 5.042.000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 1.500.000 төгрөг, эрүүл мэндээрээ хохирч ажлаа хийж чадахгүй болсноос орон сууцны болон автомашины зээлд сар бүр төлдөг 1.285.000 төгрөгөө төлж чадахгүй болсон тул хүүхдийн хадгаламж барьцаалан 3.000.000 төгрөг, иргэн О-аас 1.000.000 төгрөг гээд 4.000.000 төгрөг зээлэн дээрх сар бүрийн зээлээ төлсөн учир нийтдээ Н.У-аас 11.370.000 төгрөг нэхэмжилсэн. Харин шүүхийн хэлэлцүүлэгт тус нэхэмжилсэн мөнгөө багасган 9.281.000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл шүүх хохирол төлбөрийг 2.564.488 төгрөг нэхэмжилснээс эмчилгээний зардалд 945.018 төгрөгийг ханган, өмгөөлөгчийн хөлс, шатахууны зардал 1.619.470 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, бусад зардлыг хэлэлцэхгүй орхин шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч 9.281.000 төгрөг нэхэмжлээд холбогдох баримтуудаа гарган өгөөд байхад яагаад 2.564.488 төгрөг нэхэмжилсэн гэж үзээд байгааг огт ойлгохгүй байна. Мөн хохирогчийн нэхэмжилж байгаа 9.281.000 төгрөгөөс ямар үндэслэлээр 6.716.500 төгрөгийг хэлэлцэхгүй орхин шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй. Тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд зөвхөн 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл хугацааны эм тарианы зардал болон бусад зардлуудыг гарган өгсөн. Үүнээс хойш 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл буюу шүүхийн шийтгэх тогтоол гарах өдрийг хүртэл 7 сарын хугацаанд гарсан зардлаа огт тооцоогүй, нэмж нэхэмжлээгүй харин багасгасан байхад шүүх гаргаж өгсөн баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад хэлэлцэхгүй орхиод байгаа нь чирэгдүүлж хохироож байна. Н.У-а хохирогчид халдан эрүүл мэндэд хохирол учруулаагүй бол хохирогчид өмгөөлөгч авч зардал төлөх ямар ч шаардлага байгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хохирогчийн өмгөөлөгчид төлөх зардал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахаар заасан бөгөөд тус хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэм буруутай болохыг шүүх тогтоовол зардлыг түүнээс гаргуулахаар заасаар байхад өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөгийг ямар ч үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Мөн миний үйлчлүүлэгч “Суурь хана” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба сарын үндсэн цалин 1.100.000 төгрөг, нэмэлт урамшуулал авдаг байсан. Энэ нь хавтаст хэргийн 60-62 дугаар талд байгаа компанийн тодорхойлолт, захирлын тушаал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдож байгаа. Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсанд эмчлүүлсэн хугацааг 42 хоногоор тооцон, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн тооцоогоор 288.750 төгрөгийн тэтгэмж авсан талаарх баримтыг шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн. Амбулаториор эмчлүүлэгчдийн картад 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 4436 дугаар шийдвэрээр актыг 28 хоногоор буюу 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл сунгасан байдаг. Өөрөөр хэлбэл, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 2 сар 13 хоног буюу 73 хоног албан ёсны эмнэлгийн магадлагаатай байсан. Мөн шинжээчийн 4501 дугаар дүгнэлтээр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж үзсэн. Тус “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т “ ...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан...” тохиолдолд хүндэвтэр зэрэгт хамаарахаар заасан байгаа нь миний үйлчлүүлэгчийн биед учруулсан гэмтэл нэг сарын хугацаанд эдгэрэх ямар ч боломжгүйг давхар нотолж байна. Иймд Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин, хөлс орлогыг хохирогчид төлөх үүрэгтэй тул хөдөлмөрийн чадвараа алдсан 2 сар 13 хоногийн хугацааны цалин 2.700.000 төгрөг цалин байснаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 346.500 төгрөг авч, дутуу авсан цалин болох 2.353.000 төгрөгийг гаргуулах бүрэн үндэслэлтэй байхад хэлэлцэхгүй орхиж хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээж чадаагүйд гомдолтой байна. Мөн гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш боловч Н.У-а миний үйлчлүүлэгчид гэмтэл учруулан хохироогоогүй бол түүнд банкнаас болон бусдаас зээл авах ямар ч шаардлага байгаагүй. Учир нь, миний үйлчлүүлэгч орон сууцны болон автомашины зээлд сар бүр 1.285.000 төгрөгийг цалин орлогоосоо төлдөг байсан. Н.У-ад зодуулан хөлдөө гэмтэл авч хагалгаанд орж ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй болсноор зээлээ төлж чадахгүй болж, аргагүй эрхэнд хүүхдийн хадгаламж барьцаалан 4 сая төгрөг, иргэн О-аас 1 сая төгрөг нийтдээ 4.000.000 төгрөг зээлсэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг. Өөрөөр хэлбэл, Н.У-а миний үйлчлүүлэгчийн биед халдан зодож гэмтэл учруулж хохироогоогүй бол банкнаас болон бусдаас зээл авах ямар ч шаардлага байгаагүй. Эрүүл мэндээрээ хохирсон дээрээ эдийн засгийн хувьд өр зээлтэй дээрээ давхар өр зээл төлөн өнөөдрийг хүртэл үргэлжлэн дуусаагүй байна. Шүүгдэгч Н.У-а нь анхнаасаа гэм буруугаа хүлээгээгүй, хохирол төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй, шүүхээс тогтоосон хохирлыг төлнө гэж хугацаа авчихаад мөн юу ч төлөөгүй байхад буюу хохирсон хохирогчийн эрх сэргээгдээгүй байхад хөнгөн ял оногдуулсанд гомдолтой байна. Мөн хэргийн 94 дүгээр талд Н.У-а нь сарын 500.000 төгрөгийн цалин орлоготой талаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт байхад түүнд торгуулийн ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг зөрчиж байна. Сарын 500.000 төгрөгийн орлоготой хүн 3 сарын хугацаанд 3 сая төгрөгийн торгуулийг төлөх ямар ч боломжгүй. Нөгөө талаар эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх зорилготой байдаг. Гэтэл түүнд оногдуулсан торгуулийн ял шийтгэл нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй хэт хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд хавтас хэрэгт цугларсан хохирлын талаарх нотлох баримтуудын хүрээнд хохирлыг үнэн бодитоор тооцоолон хуульд зааснаар гэм буруутай этгээдээс гаргуулбал зохих өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс болох 2.353.000 төгрөг, бусдаас зээлсэн 4.000.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн эрхийг хамгаалан сэргээж өгнө үү.

Би уул уурхайн компанид ажилладаг. Компанийн зогсолтын үед 3-4 сарын хугацаанд 420.000 төгрөгөөр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Хуульд сүүлийн 3 сараар тооцно гэж заасан учир 420.000 төгрөгөөр бодогдсон. Үндсэн цалингийнхаа тодорхойлолтыг өгсөн байгаа. ...” гэв.

Хохирогч Д.Э-гийн өмгөөлөгч Ж.Должинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Д.Э-гийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Гэм буруутай этгээдээс гаргуулбал зохих өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс болох 2.353.000 төгрөг, бусдаас зээлсэн 4.000.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн эрхийг хамгаалж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.У-ын өмгөөлөгч Д.Батсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....анхан шатны шүүх Н.У-ад холбогдох хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бодитоор дүгнэж чадаагүй, прокурорын зүгээс түүнийг буруутгасан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан “...нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох..., “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд ... хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөв байдлыг эргэлзээгүй тогтоох...” зэрэг зарчимд нийцээгүй байхад тэдгээрийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэг, 16.15 дугаар зүйлд нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдалтай холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд тус зүйлийн 1.1 дэх заалтад “...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/...”-ийг нотолсон байхыг шаардсан. Энэ хэргийн тухайд хэрэг “хаана”, “яаж” үйлдэгдсэн байдлыг тогтоож чадаагүй. Тодруулбал, хохирогч Д.Э- шүүгдэгч Н.У-атай барьцалдаж, давхралдан унах үед хугарсан гэж мэдүүлдэг ба тэд барьцалдан давхралдан унасан гэх үйл явдал хаана болсныг тогтоох нь хохирогчид учирсан гэмтэл ийнхүү давхралдан унах үед үүссэн үү?, эсхүл Н.У-а болон Т.Т- нарын мэдүүлснээр гэрч Б.О- нар давхралдан унах үед үүссэн үү гэх үйл баримтыг тогтооход чухал ач холбогдолтой юм. Хэрэгт авагдаад байгаа хохирогч гэх Д.Э-, түүний танил гэрч Б.О-, шүүгдэгч Н.У-а, түүний нөхөр гэрч Т.Т- нарын мэдүүлгээс өөр “хохирогчийн хөл хаана хугарсан” байж болохыг нотлох баримт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээр дурдсан хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг нь нотлох баримтын хувьд адил хүчин чадал бүхий нотлох баримтууд юм. Шүүгдэгч Н.У-а, гэрч Т.Т- нарын мэдүүлгээр “...Д.Э-, Н.У-а нар Ж- лоунжийн дотор барьцалдаж, давхралдан унасан” гээд нэг байршлыг тодорхойлон заадаг бол хохирогч Д.Э-, гэрч Б.О- нар “...Д.Э-, Н.У-а нар Ж- лоунжийн гадна талд барьцалдаж, давхралдан унасан” гээд өөр өөр байршлыг заадаг. “Д.Э-, Н.У-а нар хаана барьцалдаж, давхралдан унасан”-ыг тогтоосноор шүүгдэгч Н.У-а, гэрч Т.Т- болон хохирогч Д.Э-, гэрч Б.О- нарын хэнийх нь мэдүүлэг бодит байдалд нийцсэн үнэн зөв мэдүүлэг болохыг тогтоох учиртай байсан. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Золзаяа гэх хүнээр ахлуулсан бүрэлдэхүүн Гэмтлийн эмнэлэг болон хэрэг гарсан гэх Ж- лоунжид очсон байдаг. Энэ хэрэгт хэргийн газрын үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийгээгүй, дуудлагаар очсон цагдаагийн ажилтнууд гар утсаараа зураг авсан гэдэг боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу үзлэг хийгээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Өмгөөлөх талаас хохирогч болон гэрч Б.О- нар мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үздэг бөгөөд энэхүү үндэслэлээр нотлох баримтыг шүүхэд гарган өгч, шинжлэн судлуулсан боловч шүүх энэхүү нотлох баримт болон өмгөөлөх талын үндэслэлийг үгүйсгэсэн, няцаасан үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй. Өмгөөлөгч миний зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмчийг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээч эмч сургалтад хамрагдаж байгаа гэх шалтгаанаар түүнийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар тус хуулийн 35.14-т заасныг зөрчсөн нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болдог. Анхан шатны шүүх шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн атлаа түүнийг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “...Талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн гэрчийг дуудан ирүүлж, шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэдүүлэг авна” ...гэснийг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус хуулийн 35.14 дүгээр зүйл нь шинжээчид нэгэн адил хамаарна. Дээр дурдсан тайлбар үндэслэлүүд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Н.У-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Онон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн өмгөөлөгч гэмт хэрэг хаана гарсныг тогтоогоогүй гэж байна. Хэрэг тухайн лоунж дотор болсон. Террас гэдгийг лоунж дотор гэж ойлгож байна. Хэрэг хаана үйлдэгдсэн нь тодорхой. Мөн хохирогчийн хөл хэрхэн хугарсан талаар тогтоогоогүй гэж тайлбарлаж байна. Хэрэг гарсан цаг хугацаанд гэмтэл учирсан болох нь мэдүүлгээр тогтоогдож байгаа. Мөн шинжээчийн дүгнэлт тодорхой бөгөөд хуульд нийцэж гарсан тул шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Н.У-ын үйлдлийн талаар болон түүнийг гаргаж байгаа үйлдлээ ухамсарлаж байсан талаар тодорхой дүгнэлт хийсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин болон зээлийн асуудлыг хэрэгсэхгүй болгоогүй, Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Эрүүгийн хуульд гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар заасан байдаг тул хохирол, хор уршигтай холбоотой асуудлыг Иргэнийн хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Н.У-ад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Прокуророос Н.У-ыг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ж-” лоунжид үл ойлголцол, хэрүүл маргааны улмаас Д.Э-тай маргалдаж, толгой хэсэгт нь цохих, үсдэх, дарж унах зэргээр эрүүл мэндэд нь баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, шилбэ, тавхайд цус хуралт, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Н.У-ыг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ж-” лоунжид “Т-тай хэрүүл хийлээ, хүүхэд доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдан баруун хөлөн дээр нь дарж унаган, эрүүл мэндэд нь баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, шилбэ, тавхайд цус хуралт, тархи доргилт бүхий гэмтэл учруулсан тул 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Д.Э- цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлийн дагуу 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дараах нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлжээ.

Үүнд, хохирогч Д.Э- “...миний өмссөн өсгийтэй гутал модон шалны завсраар ороод гацчихсан зогсож байгаад У-а руу харахад У-а намайг өмсөж байсан курткээр хоолой заамдсан. Тэгэхээр нь салгах гээд өөрийнхөө хувцаснаас зуурахад хөл гацсан байсан тул хөдлөхгүй миний дээрээс унасан. Тэгээд баруун хөлийн шилбэ хэсгээр маш хүчтэй өвдсөн. У-а миний гацсан баруун хөл дээр гишгэсэн байх гэж бодож байна. ...” /1хх 14-16/, гэрч Б.О-ын “...У-а эгч Э-гийн дээр хувцасны хоолой хэсгээс нь зүүн гараараа заамдаад баруун гараараа зүүн чихний ар хэсгийн толгойны үснээс татаад дээр нь унаж байсан. ...Т- намайг тэврээд явуулахгүй байсан. ...У-а эгч орилоод заамдаж дээрээс нь дарж унасан, тэгээд баруун хөл нь шилбээрээ хугарсан. ...” /1хх 19-21/, гэрч Т.Т-ын “...гараараа хувцаснаас нь татахад Э- газар унахад эхнэр дээрээс нь давхралдаж унасан. ...” /1хх 29-31/, Н.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...гал тогооны хаалганы гадна талд би Э-гийн энгэрээс зуурсан чигээрээ унасан, тухайн үед Э- өсгийтэй гуталтай байсан учир хальт гишгэсэн байх, би энгэрээс нь заамдсан байдалтай унасан.  ...” гэсэн мэдүүлгүүд, “...Д.Э-гийн биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, шилбэ, тавхайд цус хуралт, тархи доргилт гэмтэл, баруун шаант ясны хугарлыг засах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4501 дүгээр дүгнэлт /1хх 34-35/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Н.У-а, Д.Э- нар нь хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан Д.Э-гийн гутлын өсгий шалны завсар гацсан байх үед Д.У-а заамдаж зууралдах явцдаа давхралдан унаж Д.Э-гийн эрүүл мэндэд баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, шилбэ, тавхайд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцсоныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв.

Тодруулбал, хохирогч Д.Э-гийн гутлын өсгий шалны завсар гацсан байхад Д.У-а заамдаж давхралдан унах үедээ болгоомжгүйгээр Д.Э-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж тодорхойлсон бөгөөд аливаа гэмт хэргийн шинж, ойлголтын хүрээ нь тусгай ангид заасан хэр хэмжээнээс хэтрэхгүй, хэтрүүлсэн тохиолдолд төсөөтэй хэрэглэсэн алдаанд тооцогддог болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгасан уг гэмт хэргийн объектив талын шинжийг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, гэрээ буюу хэлцлийн дагуу үүрэг хүлээсэн этгээд хүлээсэн үүргээ биелүүлээгүй” үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд болгоомжгүй үйлдэл хийсний улмаас бусдад хүндэвтэр хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр хуульчлаагүй байна.

Өөрөөр хэлбэл, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, гэрээ буюу хэлцлийн дагуу үүрэг хүлээсэн этгээд хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бусад тохиолдолд хүний биед хүндэвтэр хохирол учруулсан нь гэмт хэрэгт тооцогдохгүй бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх”-ийг хориглосон хууль ёсны зарчмыг зөрчихөд хүргэнэ.

Энэ хэргийн хувьд шүүгдэгч, хохирогч нарын хувийн таарамжгүй харилцааны явцад үүссэн маргааны улмаас нэгнийгээ заамдалцан давхралдан унах үед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, шилбэ, тавхайд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан болохоос тэдгээрийн хооронд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, гэрээ буюу хэлцлийн дагуу үүрэг хүлээсэн этгээд хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Н.У-ын хохирогч Д.Э-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос шүүгдэгч Н.У-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Давж заалдах шатны шүүхээс Н.У-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан эрүүл мэндийн хувьд хохирол хүлээсэн Д.Э-гийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон бөгөөд хохирогч нь гэм хорын хохиролтой холбоотой асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.У-ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.У-ыг цагаатгасугай.

2. Н.У-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Э- нь гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                      Ц.ОЧ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН