Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 01922

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/01922

 

 

                                           Ч.Агийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01838 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Агийн хариуцагч М.Нт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 84 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Давааням, хариуцагчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгосүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарт:  М.Нийн хүсэлтээр 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд нийт 54 удаагийн гүйлгээгээр нийт 110 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. М.Н нь 21 495 000 төгрөгийг буцаан төлсөн тул үлдэх 84 000 000 төгрөгийг гаргуулна. Өөрийн банкин дахь данснаас М.Нийн дансанд 6 удаагийн гүйлгээгээр 21 435 000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн түүний хүсэлтээр өөрийн нөхөр н.Мэндбаярын данснаас М.Нийн дансанд 20 удаагийн гүйлгээгээр 18 485 000 төгрөгийг, өөрийн данснаас н.Эрдэнэчимэгийн дансанд 7 удаагийн гүйлгээгээр 16 530 000 төгрөгийг, өөрийн нөхөр н.Мэндбаярын данснаас н.Эрдэнэчимэгийн дансанд 11 удаагийн гүйлгээгээр 35 940 000 төгрөгийг, н.Уянгын дансанд 2 удаагийн гүйлгээгээр 4 000 000 төгрөгийг, н.Түмэндэмбэрэлийн дансанд 2 удаагийн гүйлгээгээр 2 000 000 төгрөгийг, н.Шүрэнцэцэгийн дансанд 1 удаагийн гүйлгээгээр 1 000 000 төгрөг, н.Сугармаагийн дансанд 2 удаагийн гүйлгээгээр 10 500 000 төгрөг, н.Мөнхцэцэгийн дансанд 1 удаагийн гүйлгээгээр 2 000 000 төгрөгийг, н.Гантулгын дансанд 1 удаагийн гүйлгээгээр 1 000 000 төгрөг, н.Ууганбаярын дансанд 1 удаагийн гүйлгээгээр 500 000 төгрөг тус тус шилжүүлж, нийт 110 000 000 төгрөг болсон гэжээ.

            Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын ихэнх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Агийн банкин дахь данснаас өөрийн дансанд шилжүүлэн авсан 21 435 000 төгрөг, түүний нөхөр н.Мэндбаярын банкин дахь данснаас өөрийн дансанд шилжүүлэн авсан 18 485 000 төгрөг, нийт 39 920 000 төгрөгийг зээлж авсныг хүлээн зөвшөөрч байна. Харин бусад хүний дансанд шилжүүлсэн гэх мөнгийг би мэдэхгүй, хариуцахгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Агаас нийт 39 920 000 төгрөг зээлж авснаас 21 495 000 төгрөгийг нь буцаан төлсөн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч М.Нээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18 425 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 65 575 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 578 000 төгрөгийг төрийн сангийн дансанд  үлдээж, хариуцагч М.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 250 075 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Нэхэмжлэгч Ч.А нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгч хүлээн авч 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хуульд заасан журмын дагуу хариуцагчид нэхэмжлэлийг гардуулсан ба хариуцагч М.Н нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хариу тайлбарыг шүүхэд гаргасан. Эхний шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 13:30 цагт товлож, хуралдуулсан боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасан хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Хэргийг шүүх хуралдаанаар
хэлэлцүүлэх тухай захирамж гаргалгүй шүүх хуралдааныг товлон зарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн. Хариуцагч М.Н нь 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэн Д.Нямгомбод өөрт холбогдох иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн бүх эрхийг эдэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлөн эрхийг 3 жилийн хугацаатай олгосныг Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.Гэрэл гэрчилсэн. Гэвч шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямгомбод Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дахь хэсэгт заасны дагуу эрх, үүрэг танилцуулж, холбогдох баримтад гарын үсэг зуруулаагүй мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт заасны дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй, хэргийн материалтай танилцуулж, хэрэг танилцуулсан баримтад мөн гарын үсэг зуруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 

Түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэсэн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны товыг шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямгомбод 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр түүний 98110700 дугаарын утсаар мэдэгдсэн байх боловч хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх ба 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч шүүгч ирцтэй холбоотойгоор талуудаас санал асуухад зөвхөн хариуцагчийн өмгөөлөгч “Хариуцагч хөдөө явж байгаа, эзгүйд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэснийг үндэслэн шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.  Гэвч энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинээр оролцож байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямгомбод хуульд заасан журмын дагуу эрх үүрэг танилцуулах үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хэргийн материал танилцуулж, нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй, хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байхад нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан узэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хариуцагчийн өмгөөлөгч З.Ариунжаргал 2020 оны 05 дугаар сарын 08-ний өдөр Хаан банкнаас дансны хуулга гаргуулж, нэхэмжлэгчид мөнгө шилжүүлсэн гэх Я.Эрдэнэчимэгийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах тухай хүсэлт шүүхэд бичгээр гаргасан байхад өмгөөлөгч уг хүсэлтээсээ татгалзаагүй байхад шүүх хүсэлтийг хянан шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч М.Нт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 84 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан шүүгч “шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох” ажиллагаа явуулах учиртай.

 

Гэтэл анхан шатны шүүх тус иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаагүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт бүрдсэн гэж үзсэн эсэх нь тодорхой бус төдийгүй хэрэг хянаж шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж үзнэ. Нэхэмжлэгчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх нэхэмжлэгчийн бусад гомдол үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд заавал оролцуулах хүсэлт гаргаагүй учир шүүх түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй болно. /хх-167/

 

Шүүх хариуцагч М.Нт 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр, өмгөөлөгч З.Ариунжаргалд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр тус тус эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийн талаар тайлбарлаж, танилцуулсан болох нь хэргийн 23-26 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямгомбо нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, өмгөөлөгчөө оролцуулах хүсэлтийг гаргаж байжээ. Иймээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсгийг шүүх зөрчсөн гэж үзэхгүй.

 

Анхан шатны шүүх хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01838 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485 825 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                       ШҮҮГЧИД                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                       Б.НАРМАНДАХ