Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/08

 

Н.Нямсүрэнд холбогдох

 хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал,

Прокурор  Б.Төрболд

Шүүгдэгч  Н.Нямсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал

Хохирогч Ц.Ганболд

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргалын давж заалдах гомдлоор Н.Нямсүрэнд холбогдох 2223000000201 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Завхан аймгийн Цэцэн-Уул сум Сангийн далай 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Бөөрөг овогт Надимаагийн Нямсүрэн /Регистрийн дугаар: /ИТ72050212/

Шүүгдэгч Н.Нямсүрэн нь 2022 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Завхан аймгийн Цэцэн-Уул сум, Батсуурь 5 дугаар баг, Цагаан овоо хорооллын 2-4 тоот хашаанд оршин суух иргэн Ц.Ганболдын байшингийн хаалганы цоожийг эвдэн орж LG-G6 маркийн гар утас, дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 370.000 /гурван зуун далан мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

1. Шүүгдэгч Бөөрөг овогт Надимаагийн Нямсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Нямсүрэнг 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нямсүрэнд оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Нямсүрэнгийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг хорих хорих ялд оруулан тооцож эдлэх ялаас хасаж,

5. Шүүгдэгч Н.Нямсүрэнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

6. Шүүгдэгч Н.Нямсүрэнгээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж,

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Нямсүрэн, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал нарын давж заалдах гомдлын агуулга:  

Шүүгдэгч Н.Нямсүрэн нь хохирогч Ц.Ганболдтой 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдрүүдэд гэрт нь хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хамт хоноод өглөө гарахдаа эд зүйл хулгайлсан байхад намайг орон байранд нэвтэрсэн гэж зүйлчилснийг зөвшөөрөхгүй байгаа учир давж заалдах гомдол гаргаж байна. Хохирогч Ц.Ганболд нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ Н.Нямсүрэнг цоожтой гэрт орж эд зүйл хулгайлсан гэж мэдүүлдэг боловч Н.Нямсүрэнгийн ар гэрийнхэн болон түүнтэй хамт архи ууж хоноод өглөө гарахдаа хулгай хийгээд гарсан талаар тайлбарлаж зөрүүтэй байдал үүсгэдэг. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан зүйлчлэл болон ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг Н.Нямсүрэн өөрөө гаргасан. Миний хувьд анхан шатны шүүх хуралдааны өмнөхөн өмгөөлөгчөөр оролцсон. Нэгэнт хүсэлт гаргасан байсан учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн. Хохирогчийн хувьд хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх ёстой байтал мөрдөн байцаалтын шатанд цоож зүүсэн байсан, түүнийг онгойлгоод орсон байсан мэтээр мэдүүлсэн байдаг, шүүгдэгчийн ар гэрт ярихдаа нэг нутаг усны хүмүүс учраас хамт архи ууж байхад аваад гарсан мэтээр ярьсан нь аливаа зүйлийг эргэлзээтэй байдалд хүргэсэн байна гэж үзэж байна. Гэтэл өнөөдөр хөнгөн ял өгөөч гэж байгаа нь ойлгомжгүй байна. Хэргийг үнэн зөвөөр  мэдүүлэх үүрэгтэй байж мөрдөгчид өгсөн мэдүүлгээсээ өөр байдлаар хүмүүст тайлбарлаж буруу ойлголт төрүүлж давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл явж байгаа нь хохирогчтой холбоотой. Хэдийгээр Н.Нямсүрэнгийн яриад байгаа нь баримтгүй боловч хохирогчийн зүгээс Н.Нямсүрэнгийн ар гэрт энэ асуудлыг хэлж ярьсан зүйл байдаг. Мөн хохирогчийн ар гэрээс хохирогчийг худал мэдүүлэг өгсөн гэдгээр шалгуулах асуудал яригдаж байгаа. Мөн энэ хэрэгт мөрдөн байцаагчийн буруутай үйлдэл гаргасан зүйл байдаг. Энэ талаар хэрэгт авагдсан баримт хэдийгээр тогтоогдохгүй ч гэсэн энэ яриад байгаа нөхцөл байдал хохирогчийн яриад байгаа ойлгомжгүй тайлбар зэргээс дүгнэлт хийж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч  Н.Нямсүрэн давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:

Тухайн үед хохирогч Ц.Ганболдтой хамт байсан. Би сар гаруй хугацаанд адуундаа явчхаад ирсэн чинь ийм асуудал гарчихсан байсан. Би тэгээд байцаагчдаа хулгайлсан эд зүйл надад байгаа би өгье гэдгээ хэлсэн. Тэгээд хохирогчтой уулзах гэсэн чинь эзгүй байж таараад уулзаж чадаагүй гэв.

Хохирогч Ц.Ганболд давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:

Н.Нямсүрэн бид хоёр нэг үеийн найзууд, тухайн үед манай эхнэр хүүхэд гэртээ байхгүй Улаанбаатар хот явсан байсан. Н.Нямсүрэн манайхаар орж гарч хоол унд иддэг байсан. Тухайн үед Н.Нямсүрэн бид хоёр архи уугаад манайд хоноод өглөө нь гараад явсан. Манай гэрийн түлхүүр нь гээгдсэн, цохиод онгойлгочихдог цоожтой, тэр цоожоороо гэрээ цоожилчихдог байсан. Тухайн үед би өглөө гэрээсээ гарахдаа утас аягаа анзааралгүй гараад явчихсан байсан. Тэгээд орой гэртээ ирээд хоолоо идэх гээд аягаа авах гэтэл байхгүй, утас байхгүй байсан. Н.Нямсүрэн манайхаар байнга орж гардаг учраас дэргэд нь би цоожоо гараараа онгойлгочихдог байсан. Энэ хэргийн дараа цагдаагаас эд мөрийн баримт гээд манай аяга, утсыг өгсөн. Энэ хэрэгт надад хохирсон зүйл байхгүй, бас надад гомдол санал байхгүй. Би энэ шүүх хурлын өмнөх шүүх хурал дээр оролцож өөрийн үгээ хэлье гэж байтал манай хүүхдийн бие муудаад оролцож чадаагүй учраас өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож гомдол саналгүй гэдгээ хэлэхээр ирсэн. Н.Нямсүрэнд ямар ч гомдолгүй учраас ялыг нь хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Прокурор Б.Төрболд дүгнэлтдээ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргалаас гаргасан давж заалдах гомдолтой холбоотойгоор дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Н.Нямсүрэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ прокурорт гаргаж ирүүлсэн. Энэ хүсэлтэд яллагдагч нь үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байдлаар прокурорын зүгээс хүсэлтийг хангаж шийдвэрлэж мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсгийг хянасны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэргийг шүүхэд дариу шилжүүлсэн. Шүүгдэгч Н.Нямсүрэн нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 2-4 хуудас/, хохирогч Ц.Ганболдын мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25/, яллагдагч Н.Нямсүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-47 хуудас/, мөн шүүгдэгчийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэргээр гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдож Завхан аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Нямсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүн байнгын амьдрах зориулалтай орон байранд нэвтэрсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх  шийдвэр хэргийн бодит байдалтай нийцсэн, үйлдсэн гэмт  хэрэгт тохирсон, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болсон. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргалаас давж заалдах шатны гомдол гаргасан асуудал нь ямар нэгэн үндэслэлгүй, мөн түүнчлэн ямар нэгэн нотлох баримт түшиглээгүй байна гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Н.Нямсүрэнд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн Н.Нямсүрэн нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрээгүй, хохирогч Ц.Ганболдтой гэрт нь хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хамт хоноод өглөө гарахдаа эд зүйл хулгайлсан тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Хэргийн үйл баримтын талаар,

Шүүгдэгч Н.Нямсүрэн нь 2022 оны 10 дугаар сарын 07-ноос 8 нд шилжих шөнө Завхан аймгийн Цэцэн-уул сумын Бат- суурь багт оршин суух иргэн Ц.Ганболдын байшингийн хаалганы цоожийг эвдэн орж LG-G6 маркийн гар утас, дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг хулгайлсан байна.

Энэ үйл баримт нь  хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хохирогч Ц.Ганболдын  “...  2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн орчимд гэртээ байж байтал манай сумын Нямсүрэн гэх хүн орж ирсэн...Тэгээд би гэрээ түгжээд Нямсүрэнгийн хамтаар гарсан... би гэрээ түгжээд ажилдаа явчхаад орой 22 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай гэрийн цоожийг онгойлгоод хаалга онгойчихсон байсан. Би гэртээ орсон чинь гэрийн хойморт шүүгээн дээр байсан гар утас болон дунд гарын мөнгөн аяга алга болчихсон байсан...гэсэн мэдүүлэг,

Гэрч Ш.Бурмаагийн “... 2022 оны 10 дугаар сарын 08-ны ...21 цагийн үед Н.Нямсүрэн манайд орж ирээд ...өврөөсөө дунд гарын мөнгөн аяга гаргаад ...энийг худалдаад авчхаач гэсэн.Тэгэхээр нь би худалдаж авахгүй гэсэн чинь 20.000 төгрөгөөр худалдаад авчхаач гээд надаас шаардаад байсан. Би Н.Нямсүрэнд хандаж чамд ийм эдлэл байх ёсгүй чи хаанаас авсан юм, авсан газраа аваачиж өг гэж хэлсэн чинь Н.Нямсүрэн ...миний талийгаач ээжээс үлдсэн юм байгаа миний өөрийн хэрэглэж байсан аяга болохоор санаа зоволтгүй та худалдаад авчих гэсэн тэгэхээр нь би тэр үгэнд нь үнэмшээд 20.000 төгрөгөөр Н.Нямсүрэнгийн гаргаж ирсэн дунд гарын мөнгөн аягыг худалдаж авсан. Н.Нямсүрэнд 20.000 төгрөг өгсөн чинь мөнгөн аягаа манайд үлдээчхээд яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.Нямдоржийн”...2022 оны 10 дугаар сарын 09-ны өдөр ...Н.Нямсүрэн... өглөөний 09 цагийн орчимд орж ...ирээд...өврөөсөө саарал өнгийн LG-G6 маркийн гар утас гаргаж ирээд энийг худалдаад авчхаач гэсэн. Тэгэхээр нь би наадхыг чинь худалдаж авахгүй гэсэн чинь 20.000 төгрөгөөр худалдаад авчхаач гээд надаас шаардаад байсан юмаа. Наадах чинь хэний утас юм гэсэн чинь миний утас хө би чамаас дараа авчихъя ... Тэгэхээр нь би тэр үгэнд нь үнэмшээд 20.000 төгрөгөөр Нямсүрэнгийн гаргаж ирсэн саарал өнгийн гар утсыг худалдаад авчихсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Нямсүрэнгийн “...Тэгээд би хэсэг гадуур явж байгаад орой 22 цагийн орчимд Ц.Ганболдын гэрт орсон чинь гэрт нь хүн байхгүй байхаар нь би гэрийнх хойморт байх шүүгээн дээр байсан мөнгөн аяга, саарал өнгөтэй гар утсыг аваад гараад зугтчихсан...Маргааш нь дунд гарын мөнгөн аягыг ... гэх айлд очоод 20.000 төгрөгөөр зарж борлуулсан 2022 оны 10 дугаар сарын 09-ны өдөр би өөрийн найз болох Ч.Нямдоржийн гэрт нь очоод саарал өнгийн LG-G6 маркийн гар утсыг 20.000 төгрөгөөр зарж борлуулсан...” гэсэн мэдүүлэг,

Н.Нямсүрэнгээс LG-G6 маркийн гар утас хураан авсан тэмдэглэл, Ш.Бурмаагаас мөнгөн аяга хураан авсан тэмдэглэл,  Ш.Бурмаа, Н.Нямдорж нараас хураан авсан мөнгөн аяга, гар утсыг хохирогч Ц.Ганболдод хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

Шүүгдэгч Н.Нямсүрэнгийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Ганболдод нийт 370.000 төгрөгийн хохирол учирсан нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ны гаргасан” дунд гарын мөнгөн аяганы үнэлгээг 200.000, LG-G6 маркийн гар утасны 170.000 төгрөг нийт 370.000 төгрөг гэж тогтоолоо” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

2. Эрх зүйн дүгнэлт болон давж заалдах гомдлын талаар,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч  Н.Нямсүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Нямсүрэн нь  бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр  тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хуульд зааснаас хөнгөн ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Ж.БАТТОГТОХ