Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/251

 

 

 

 

 

   2023            03            07                                        2023/ДШМ/251                                                                                                         

 

Б.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Анхжаргал,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга  Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Х.Санжидмаа, шүүгч Д.Шинэхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, Б.Чинбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Ад холбогдох 2202004580337 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.А, 1996 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, хойд эцэг, 2 дүү, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 22-12 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УК96042465/,

Б.А нь Бүгд Найрамдах Турк Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетаминий агууламжтай 20,5345 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 03 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар буюу Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,

улмаар 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 18-33 тоотод 1971 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан метамфетаминий агууламжтай “мөс” гэх нэршилтэй 20,5345 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Ан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр нэвтрүүлж, худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Ад оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг урьд нь баривчилсан 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Ад урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад тус тус заасныг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан:

0.33 литрийн Вояаж цэвэр усны савыг цоолж бонго мэт болгосон хэрэглүүр 1 ширхэг, хүзүү хэсгээр нь тайрсан бохирлогдсон тарианы ус 1 ширхэг, Бонакуа усны савны таг, 15,2 грамм цагаан өнгийн мөс мэт зүйл, 0,7887 грамм цагаан өнгийн мөс мэт зүйл, 5,7 грамм мөс мэт зүйл, бохирлогдсон зиплок түгжээтэй гялгар уут зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, серийн дугаар харагдахгүй боломжгүй 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт N03677960 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, А114037754 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг Монгол Улсын Банканд шилжүүлж, Сиди 2 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Ан асрамжид байсан 4 настай У.Энхлэн, 1 нас 5 сартай А.Амирлан нарын хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн бодлогогүй үйлдлээс болж гэр бүл, үр хүүхдүүд цаашлаад нийгэмд хор уршигтай гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж, харамсаж байна. Би ам бүл 6, ээж, хойд эцэг, 2 дүү, 1 нас 6 сартай охиныхоо хамт амьдардаг бөгөөд одоо 6 сартай жирэмсэн. Хэдийгээр би гэмт хэрэг үйлдэж, ялтан болсон ч бусдын адил өрх толгойлсон ээж, эгч хүний хувьд ард үлдсэн охин, хэвлийдээ тээж буй 6 сартай хүүхэд, өндөр настай ээж, дүү нарын маань нөхцөл байдал, ирээдүйг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ан өмгөөлөгч Г.Сүхээ, Б.Чинбат нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан "мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хүуль бусаар хилээр нэвтрүүлж, худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, хадгалах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь "хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна.

Харин шийтгэх тогтоолын 20 дугаар талд "Б.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй" гэж дурьдсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзнэ" хуулийн заалтыг ноцтой зөрсөн байна.

Учир нь миний үйлчлүүлэгч шүүгдэгч Б.А нь шүүх хурлын явцад шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа "шүүхэд хэлэх эцсийн үг" гэсэн хэсэгт "...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтэй маш их гэмшиж, уучлалт гуйж байна. Нөхөр Г.Түвшинсайхан одоо Чойр дахь хорих ангид ял эдлэж байгаа, бага насны хүүхэдтэй, өөрөө 5 сар гарантай жирэмсэн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөч" гэж хувийн байдал болон ар гэрийн байдлаа тайлбарлаж байхад шүүх дээрх хувийн байдлыг нь харгалзан үзсэнгүй.

Иймд шүүгдэгч Б.Ан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтэй маш их гэмшиж, уучлалт гуйж байгаа байдал, түүний хувийн болон ар гэрийн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар үйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсгийг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

Прокурор У.Анхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ гэмт хэрэг нь нийгэм болон хүний генийн байдлыг өөрчилдөг сөрөг гэмт хэрэг. Өмгөөлөгчийн хэлж байгаачлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор хохирлоо төлсөн байхыг шаарддаг. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал болон бусад байдлыг харгалзан 5-аас 12 жилийн хорих ялтай гэмт хэрэгт 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хуульд заасан шударга ёсны зарчмыг баримталж шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч нь мөрдөн байцаалт болон прокурорын шатанд мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа ойлгосон эсэх нь тогтоогдохгүй байгаа. Энэ байдал нь шүүх хуралдааны тэмдэглэлээр харагдаж байна. Шүүгдэгч нь гэм буруугаа анхан шатны шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар хэлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гарсан тул хэвээр үлдээж өгнө үү . ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.А нь Бүгд Найрамдах Турк Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетаминий агууламжтай 20,5345 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 03 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар буюу Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,

улмаар 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 18-33 тоотод 1971 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан метамфетаминий агууламжтай “мөс” гэх нэршилтэй 20,5345 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Х.Ганзулын “...Тэгтэл Сайханаа гэртээ Үүлээ гэх найз эмэгтэйтэйгээ байсан. Тэгээд гэрт ороод юм яриад сууж байтал Сайханаа надад өөрөө “мөс сорж үзүүлээд намайг хэрэглэж үзэх үү?” гэж асуусан. Тэгээд Сайханаагийн хэрэглэж байсан мөснөөс Боролдой бид хоёр хэрэглэсэн. ...Дээрх хураагдсан мөсийг Үүлээ Турк улсаас ирэхдээ биедээ нууж авч ирсэн гэж хэлсэн. ... ” /1хх 65, 67-68/,

гэрч А.Боролдойн “...Үл таних эмэгтэй миний машинд суугаад халааснаасаа гялгар ууттай мөс гэх бодис гаргаж ирээд Ганзулд өгөөд байсан. Ганзул намайг “танилцаач хө” гэж хэлэхээр нь би нөгөө эмэгтэйтээ танилцахад өөрийгөө Үүлээ гэж танилцуулсан. Ганзул машинаас буугаад хаанаас ч юм тарианы шил, соруул авч орж ирээд нөгөө эмэгтэйн өгсөн мөсийг тарианы шилэндээ хийж байгаад доороос нь галаар шатааж байгаад Ганзул бид хоёр сорж хэрэглэсэн. ...” /1хх 73-75, 77/,

гэрч Г.Түвшинсайханы “...Үүлээ буюу Аптаншагай шөнийн цэнгээний газар бүжиглэдэг ба тус мэргэжлийн дагуу гоёлын дотуур хувцас судлахаар Турк улс руу явна гэж ярьж байсан. Тэгээд Турк улс руу явах гээд манай найз Ээгий буюу Энхтулгад энэ талаараа хэлсэн. Учир нь Энхтулга нь Турк улсад амьдарч байсан. Тэгтэл Ээгий буюу Энхтулга “Турк явж байгаа бол мөс аваад ир, би зардаг хүнийг нь танина, тэр хүнд хэлээд мөнгийг өгнө, тэр хүний өгсөн мөсийг аваад ир” гэж хэлсэн. Тэгээд Үүлээ буюу Алтаншагай 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Турк улс руу яваад 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Турк улсаас шөнийн 03 цагт ирсэн. Тэгээд тухайн өдөр манай эцэг, эх хөдөө явсан байсан учраас Энхтулга, Алтаншагай бид гурав манай гэрт ирсэн. Гэрт ирэхэд Алтаншагай нэг том гялгар ууттай ойролцоогоор 40 грамм орчим мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис авч ирсэн байсан. Үүнээс Ээгий буюу Энхтулга талыг нь аваад явсан. Үлдсэн талаас нь Алтаншагай бид хоёр хэрэглэсэн. ...” /1хх 79, 81-82/,

гэрч О.Энхтулгын “...Би Алтаншагайг бол огт танихгүй, харин Түвшинсайхантай 3 жилийн өмнө анх хоолны газарт танилцаж байсан юм. 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байх найз Түвшинсайханаас Тебантин авахаар 1 дүгээр хорооллын Эрчим төвийн хойд талын нийтийн байранд очиход түүний эхнэр гээд Үүлээ хамт байсан, тэгж л анх удаа Үүлээтэй уулзаж байсан, тухайн үед Тебантин судсаараа Түвшинсайханаар тариулаад ойр зуурын юм яриад тэгээд буцаад гараад явсан, би явахдаа Түвшинсайханд дахиад 3 ширхэг тебантин захичихсан юм. Тэгээд Түвшинсайхан над руу залгаад нөгөө 3 ширхэг “Тебантинаа аваарай” гэж хэлэхээр нь би өөрийн машинаараа Сансарт байдаг гэрт нь очоод нэг тебантинийг нь хэрэглээд үлдсэн 2-ыг нь гарахдаа мартаад явчихсан байсан. Түүнээс хойш 2022 оны 08 дугаар сарын 19-ны шөнө байх Түвшинсайхан над руу залгаад “Зайсангийн Хан Хилсийн далангийн урд нь хүрээд ир” гэж хэлэхээр заасан газарт нь очиход Түвшинсайхан нэг үл таних залуутай хамт байсан, тэгээд миний машинд орж суугаад нэлээд удсан, тэгсэн Үүлээ гаднаас орж ирээд миний машинд суусан. Тэгээд би тэр хоёрыг гэрт нь хүргэж өгсөн юм, тэгээд хамт гэр лүү нь орох гэхэд Түвшинсайхан нь "... чи гадаа түр байж байгаарай...” гэж хэлээд орсон. Тэгээд 10 минутын дараа намайг дуудахаар нь гэрт нь орж жаахан мөс хэрэглээд жаахан ууттай мөсийг авч явсан юм. Тэгээд маргааш нь цагдаагийн газарт баригдсан. ...” /1хх 85-87, 89-90/,

гэрч Б.Батгэрэлийн “...Би Энхтулга гэх хүнийг огт танихгүй, Б.Түвшинсайхан, Б.А нарыг бол танина. Надад бусадтай нийлж мөс гэх бодисыг Монгол Улсын хилээр оруулж ирсэн зүйл огт байхгүй. ...Надаас эхнэрээ Турк руу явуулж хувцас хунар, бараа авчрах гэсэн юм, тэгсэн онгоцны билетийн мөнгө байхгүй мөнгө зээлээч гэж гуйхаар нь хүнд хүүтэй мөнгө зээлдэг найз Дашкагаас гуйгаад аваад өгсөн. ...” /1хх 92-93/,

гэрч У.Должмаагийн “...2022 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө буюу 08 дугаар сарын 19-ний шөнийн 03 цагийн орчим Турк улсаас зорчигч тээврийн онгоц ирсэн, 01 цагийн орчим Солонгос улсаас бас зорчигч тээврийн онгоц ирсэн. Тухайн шөнийн гаалийн бүсийн нэвтрэх үүдний хэсэг буюу Рентген хяналтын камерын бичлэгийг үзсэн. Тухайн эмэгтэйн гар тээш болон үүргэвчтэй цүнхийг Рентген аппаратаар шалгаж үзэхэд ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй учраас түүний биед тусад нь үзлэг хийгдээгүй, хэрэв гар тээш болон бусад байдлаар ямар нэгэн сэжигтэй зүйл илэрсэн тохиолдолд тусгайлан биед болон бусад эд зүйлд нэг бүрчлэн үзлэг хийдэг юм. ...” /1хх 99/ гэсэн тухайн цаг хугацаанд болсон үйл явдлуудын талаар тодорхой мэдүүлсэн мэдүүлгүүдээр, тус мэдүүлгүүд нь:

нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-10/, Б.Ан биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 42-48/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 49-50/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 118-120, 2хх 91-92/, Хил хамгаалах Ерөнхий газрын лавлагааны хариу /2хх 31-32/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 83-84, 85-90/, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 4116 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “1" гэж дугаарласан \/оуаgе гэх бичиглэлтэй ногоон өнгийн соруултай хуванцар сав, “2” гэж дугаарласан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шил, “3” гэж дугаарласан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон bon aqna гэх бичиглэлтэй цэнхэр өнгийн савны таг, “4” гэж дугаарласан зиплок гялгар ууттай мөс мэт зүйл, “5” гэж дугаарласан зиплок гялгар ууттай мөс мэт зүйл, “6” гэж дугаарласан зиплок гялгар ууттай мөс мэт зүйл, “7” гэж дугаарласан зиплок гялгар уут, “8” гэж дугаарласан хуульсан РS4385858 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “9” гэж дугаарласан NJ3677960 серийн дугаартай хуульсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АU4037754М серийн дугаартай хуульсан 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан \/оуаgе гэх бичиглэлтэй ногоон өнгийн соруултай хуванцар сав, “2” гэж дугаарласан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шил, “3” гэж дугаарласан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон bon aqna гэх бичиглэлтэй цэнхэр өнгийн савны таг, “4” гэж дугаарласан зиплок гялгар ууттай мөс мэт зүйл, “5” гэж дугаарласан зиплок гялгар ууттай мөс мэт зүйл, “6” гэж дугаарласан зиплок гялгар ууттай мөс мэт зүйл, “7” гэж дугаарласан зиплок гялгар уут тус бүрээс метамфетамин илэрсэн. “8” гэж дугаарласан хуульсан РS4385858 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “9” гэж дугаарласан NJ3677960 серийн дугаартай хуульсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АU4037754М серийн дугаартай хуульсан 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх тухай” конвенц, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенцуудад багтсан бодис илрээгүй. Шинжилгээнд илэрсэн метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно.Шинжилгээнд ирүүлсэн “4” гэж дугаарласан мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 20,6 грамм, цэвэр жин нь 15.2 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 15,1 грамм болов. “5” гэж дугаарласан мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1,6949 грамм, цэвэр жин нь 0,7887 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,7543 грамм болов. “6” гэж дугаарласан мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 5,6784 грамм, цэвэр жин нь 4,5458 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 4,4703 грамм болов. ...” ...” /1хх 128-140/,

 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 4104 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.А УК96042465 2022.08.19” гэж хаягласан шээснээс  метамфетамин илрэв. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно. ...” /1хх 177-181/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 825 дугаартай шижээчийн “...Б.А нь одоо тебантины хэтрүүлэн хэрэглээтэй байна. Б.Агийн тебантины хэтрүүлэн хэрэглээ нь олдмол юм. Б.А нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.А нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. Б.А нь тебантины хэтрүүлэн хэрэглээтэй байна. ...” /1хх 183-186/ гэх дүгнэлтүүд болон

Б.Ан яллагдагчаар “...тогтоолтой нэг бүрчлэн уншиж танилцлаа. Дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ... Дээрх хүмүүсийг хамтран оролцсон зүйл байхгүй. Энэ хүмүүс надад зүгээр л очиж байх газар болон бараа, бүжгийн хувцас хунар авах гэж л дээрх хүмүүсээс манай нөхөр Монгол улсаас мөнгө хэрхэн шилжүүлдэг талаар асууж байгаад Пролл гэх хүнээс мөнгө зээлсэн юм. Энэ хүмүүс намайг анх ямар зорилгоор яах гэж явж байгааг бол огт мэдээгүй, Туркээс ирээд Энхтулгатай уулзаж гэртээ мөс гэх бодис хэрэглэсэн өөр хэлэх зүйл байхгүй. ...” /1хх 205, 209/ гэсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Шангуучин овогт Бат-Эрдэнийн Алтаншагайг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр нэвтрүүлж, худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Шангуучин овогт Бат-Эрдэнийн Алтаншагайн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд шүүгдэгч Б.Ан үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, шалгавал зохих зүйлийг бүрэн шалгасан, Эрүүгийн хуулийг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин Б.А нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй, бага насны буюу 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн 1 настай хүүхэдтэй /1хх 215, 220/, мөн одоо 6 сартай жирэмсэн /2хх 146, 158-168/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж үзэв.  

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах. ...” гэж заасныг харгалзан үзэж шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, Б.Чинбат нарын хамтран гаргасан “...оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ад оногдуулсан 6 жилийн хорих ялыг 3 жил 5 сар болгон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн шүүгдэгч Б.Ан 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл нийт 71 /далан нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.  

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 15 дугаар талд “...3 хэсэг уутны хамт нийт 951.9 грамм жинтэй мөс...” гэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээг алдаатай бичсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан бичгийн нотлох баримтууд болон прокурорын яллах дүгнэлтэд “20.5345 грамм” гэсэн нь зөв байх тул шийтгэх тогтоолд алдаатай бичсэнийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь  заалтад “...шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар 1 дэх дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Ад оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Ад оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ан 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл нийт 71 /далан нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.АЛДАР

 

                                  ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ