Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 140/ШШ2024/00461

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ............ багт оршин суух ........... овогт ............ нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч , 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ......, гэрч ..........., нарийн бичгийн дарга .......... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ......... нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1985-1988 онд Улиастай хотод .........сургуулийг төгсөж, 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл аймгийн ...........нормчноор ажиллаж байгаад 1990 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ............багт малчин хийж байна. Одоо тэтгэвэртээ гарах гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа юмаа. Би 1990 оны 01 дүгээр сарын 01-нээс 2000 он хүртэл нийгмийн даатгалын нөхөн даатгалтд хамрагдсан. Энэ талаар нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байгаа. Чухам энэ хугацаа давхцахаар болдог юм уу, болдоггүй юм уу сайн мэдэхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ......ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ........ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч ........ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн .......т нормчноор ажиллаж байсан болох нь түүний 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн ....... дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн .......1990 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн .......дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал, мөн аймгийн .........ийн 1988 оны барилгачдын цалингийн карт, аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ......... тоот лавлагаа зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч .... өгсөн мэдүүлгийн: .......... 1988 онд нэгдэл дундын барилга дээр ажиллаж байсан. ...1990 он хүртэл ажилласан. Би мөн барилга дээр нормчин хийдэг байсан. ... Бид нэг нутгийн хүмүүс. Тэгээд хамтдаа шинэ хороонд барилга дээр ажилладаг. Би болохоор бетон зуурмагт ажилладаг. Эдний бригад манайхаас бетон зуурмагаа авдаг байсан... гэх хэсэг,

гэрч ....... өгсөн мэдүүлгийн: ....... бид хоёр 1988 онд ....... нормчиноор ажиллаж байсан. ... Бригад хариуцсан даамал ......... байсан... гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч .......... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан ....................... 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ......... нормчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ..........улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ