Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 01919

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/01919

 

 

Б.У  ААТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/01176 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.У  ААТҮГ-ын хариуцагч “А.Т” ХХК-д холбогдуулан 13 358 515 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарт: Б.У  ААТҮГ нь Багануур дүүрэгт, цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах, үйлчилгээг үзүүлдэг бөгөөд “А.Т” ХХК нь 2016 оны 09 сарын 16-ны өдөр манай байгууллагатай №01/15 тоот цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах гэрээг байгуулж, Багануур дүүргийн 3-р хороонд барьж байгуулсан, нийтийн эзэмшлийн 70 байрны 104, 71-р байрны 102 тоотод байрлах граж, фитнесс, тоглоомын талбайн обьектын цэвэр, бохир ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээг үзүүлэхээр харилцан, хамтран ажиллаж байгаа. Уг гэрээг “А.Т” ХХК нь 2018 оны 09 сарын 16-ны өдрөөс цуцлах санал гаргаагүй бөгөөд гэрээний оролцогчдын хүсэл зоригийн дагуу гэрээг дахин 2 жилээр сунгаж, манай байгууллага гэрээний дагуу тогтмол үйлчилгээ үзүүлж байна. Тус компанийн Багануур дүүргийн 3-р хороонд байрлах 71-р байрны 1 давхрын 101/1 тоотод байрлах тоглоомын талбайн 80 м.кв талбайг хэсэгчлэн иргэн Д.Ариунтуяад 2017 оны 12 сарын 26-ны өдрөөс хойш түрээслэсэн бол 71-р байрны 101 тоотод байрлах обьектыг хэсэгчлэн 105 м.кв-г иргэн Т.Эрдэнэхүүд тус тус түрээсэлсэн байна. Гэтэл дээрх компанийн эзэмшлийн талбайг гэрээний дагуу үйлчилгээ үзүүлсэн төлбөрт 2017 оны 04 сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн гүйцэд төлөгдөөгүй төлбөр 5 824 701.34 төгрөг, алданги 2 637 543.81 төгрөг, нийт 8 462 245.15 төгрөг гарсан ба үүнээс иргэн Д.Ариунаагийн түрээсэлж буй 80 м.кв талбайн үйлчилгээний төлбөрийг 2017 оны 12 сараас 2019 оны 12 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны төлбөр нийт 1 444 597 төгрөгийг хасч, төлөх төлбөр 7 017 648 төгрөг болно. Мөн тус компанийн эзэмшлийн фитнесийн талбайн гэрээний дагуу үзүүлсэн үйлчилгээний төлбөрт 2017 оны 04 сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн гүйцэд төлөгдөөгүй өр төлбөрт 2 194 334 төгрөгийн үндсэн төлбөр, алданги 870 934.67 төгрөг, нийт 3 065 269.42 төгрөгийн өр төлбөр хуримтлагдсан ба үүнээс иргэн Т.Эрдэнэхүүгийн түрээсэлж буй 105 м.кв талбайн үйлчилгээний төлбөрийг 2017 оны 12 сараас 2019 оны 12 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны төлбөр нийт 1 189 944 төгрөгийг хасч, төлөх төлбөр 1 875 325 төгрөг болно. Мөн тус компанийн эзэмшлийн гражийн үйлчилгээний төлбөрт 2017 оны 04 сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн гүйцэд төлөгдөөгүй төлбөрт 3 250 911.25 төгрөг, алданги 1 214 603.82 төгрөг, нийт 4 465 515 төгрөгийг төлөөгүй. "Багануур-Ус ААТҮГ нь нэгдсэн программ системтэй байдаг. Манайх Эрчим хүчний зохицуулах хорооны программаас харж төлбөр тооцоогоо гаргаад нягтлан бодогчоор хянуулж баталгаажуулаад шүүхэд хандсан. Тиймээс тоолуурын заалт болон төлбөр тооцоолол дээр “А.Т” ХХК-ийн зүгээс маргахгүй байх гэж бодож байна. Бид сар бүр тоолуурын зардлыг “А.Т” ХХК-д танилцуулж мэдэгдэж байсан. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр албан бичгээр “А.Т” ХХК-д мэдэгдэл явуулж байсан. Албан бичгийг гардаж авчихаад хариу ирүүлээгүй учир “А.Т” ХХК-ийн зүгээс гарсан төлбөрөө хүлээн зөвшөөрч байна гэж ойлгохоор байна. Иймд “А.Т” ХХК-аас цэвэр ус, халаалт, халуун усаар хангах, бохир ус татан зайлуулах, үйлчилгээний төлбөр болох нийт 13 358 515 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч хариу тайлбар гаргаагүй байна.

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.3 дахь заалтад зааснаар хариуцагч “А.Т” ХХК-аас нийт 12 143 884 /арван хоёр сая нэг зуун дөчин гурван мянга найман зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У  ААТҮГ-т олгож, үлдсэн 1 214 630 /нэг сая хоёр зуун арван дөрвөн мянга зургаан зуун гуч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.У  ААТҮГ-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “А.Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 209 252 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

Хариуцагчийн төлөөлөгч Я.Батцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй. 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүгчийн туслах нэхэмжлэгчийн төлөөлөгчид утсаар хуралдааны товыг мэдэгдсэн. 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүхийн дуудах бичгийг шуудангаар ирүүлээгүй, хүлээн авсан гарын үсэг нь минийх биш байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх захирамж гарсан байтал танилцуулаагүй атлаа хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар эцэслэн шийдвэрлэсэн. Мөн шүүхийг “Багануур” ААТҮГ-аас гаргасан атал шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгохдоо “нэхэмжлэлд гарын үсэг зурах эрхийг А.Кадирбек”-т олгоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваад манай байгууллагаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын  маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.У  ААТҮГ нь хариуцагч “А.Т” ХХК-д холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01/15 дугаартай Цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах гэрээний төлбөрт 13 358 515 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 1-ийн 1.1, 1.6, 2-ын 2.6, 4-ийн 4.7-д зааснаар нэхэмжлэгч нь “Багануур дүүргийн 70-р байрны 104 тоот, 71-р байрны 102 тоот үл хөдлөх хөрөнгийн цэвэр ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээг үзүүлэх”, хариуцагч нь “хэрэглэсэн цэвэр ус, татан зайлуулсан бохир усны төлбөрөө тухайн сарын 30-ны дотор төлөх” үүргийг тус тус хүлээсэн болох нь Цэвэр ус түгээх, Бохир ус татан зайлуулах гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. / хх-ийн 1-2, 11 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч байгууллага өөрийн шаардлагаа нотлож, дээрх гэрээний үүрэг болох цэвэр ус,  халуун усаар хангах, бохир ус татан зайлуулах, үйлчилгээний төлбөр нийт 13 358 515 төгрөгийг хариуцагч байгууллага нь төлөөгүй үлдэгдэл тооцоотой гэж хэргийн 6-10 дугаар талд авагдсан тооцооны баримтыг ирүүлсэн байх бөгөөд хариуцагч тухайн тооцооллын баримтыг няцаасан тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 77 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбараа өгөөгүй байх бөгөөд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг няцаагаагүйд тооцох учиртай.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж, хариуцагчаас гаргуулах гэрээний үүргийг 12 143 884 төгрөгөөр тодорхойлсон нь үндэслэл бүхий болсон бөгөөд талуудын хооронд үүссэн харилцааг нарийвчлан зохицуулсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасантай нийцсэн.

 

Хариуцагч байгуулагын төлөөлөгч нь шүүхийн удаа дараагийн дуудлагад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9 дэх хэсэгт зааснаар түүнийг шүүхэд албадан ирүүлж байжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчид  буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020 оны 03 сарын 27-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан танилцуулсан байна./хх-27/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх, мөн хуулийн 76.2.3-т зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй талаар заасан. Шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсыг хариуцагч байгуулагын хаягын дагуу баталгаат шуудангаар хүргүүлэхэд 2020 оны 05 сарын 04-ний өдөр н.Батцэцэг гэх хүний гарын үсэг зурж хүлээн авсан гэх баримт хэрэгт авагдсан. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Эдгээрээс үзэхэд хэргийн оролцогч өөрөө хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах боломжгүй, түүнийг эрх үүргээ хэрэгжүүлэхэд саад болсон, хэргийг оролцогчийн эрхийг хязгаарласан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

 Мөн нэхэмжлэгч Б.У  ААТҮГ-аас А.Кадирбекид олгосон итгэмжлэлд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгосон байна. Иймээс хариуцагчийн хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны талаарх гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/01176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212 174 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

              ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                        Б.НАРМАНДАХ