Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2017/01124

 

Б.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04398 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1416 дугаар магадлалтай,

Б.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй,

            Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт холбогдох         

      Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн          

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргал, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

      Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргатай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсны үндсэн дээр 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Зураг төсөл, газар зохион байгуулалтын хэлтэст Төсөвчний албан тушаалд ажилласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан байхад ажил олгогч “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээг 1 жилийн хугацаатай буюу 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгасан ба уг хугацаа дууссан боловч миний бие ажил үүргээ гүйцэтгэсээр байсан. Гэтэл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 тоот тушаал гарч, надтай байгуулсан гэрээг дуусгавар болгосон. Миний бие ажиллах хугацаандаа аливаа зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Иймд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.            

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргалын гаргасан хариу тайлбарт: “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь Б.Алтанчимэгтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Нэхэмжлэлд дурдсан төсөвчний байнгын ажлын байр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт байгаагүй. Энэ талаар нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулах явцад сануулж байсан. Мөн нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссан боловч ажил үүргээ гүйцэтгэсээр байсан мэтээр тайлбарлаж байна. Гэрээний хугацааг сунгаж байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04398 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Алтанчимэгийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Б.Алтанчимэгт ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 7 498 429 төгрөгийг хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас гаргуулж олгох, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Алтанчимэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас улсын тэмдэгтийн хураамжид 134 925 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1416 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04398 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1416 дугаар магадлалд хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргал би ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалттай нийцээгүй байна. Тухайлбал, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын бүтцийг Нийслэлийн Засаг Дарга баталдаг бөгөөд түүнд нэхэмжлэлд дурдсан төсөвчний ажлын байр байхгүй ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар төсөвчний ажлын байр байхгүй нь давхар нотлогдоно. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй ямар төрлийн гэрээ байгуулсанд бус хөдөлмөрийн гэрээний эрх зүйн харилцаанд оролцсон эсэх, НХОГ-т төсөвчний ажлын байр бий эсэхийг тодорхойлох нь тухайн хэрэг маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт төсөвчний байнгын ажлын байр байхгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхийн буруу шийдвэрийн үр дүнд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар алдагдал хүлээх эрсдэлд орж буй юм.  Мөн нэхэмжлэгч нь байнгын ажлын байранд ажил үүрэг гүйцэтгэж байсан гэхээ нотлоогүй ба түүнийг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад шүүгч нь өөрийн үзэмжээр хэт нэг талыг барьж хариуцагчийг байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ зөрчсөн гэх зэргээр буруутгасан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан шүүхийн шийдвэр, магадлал нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь заалттай нийцээгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.       

ХЯНАВАЛ:

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Б.Алтанчимэг нь хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт холбогдуулан тус газрын Зураг төсөл, газар зохион байгуулалтын хэлтэст төсөвчний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Б.Алтанчимэгтэй хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгээгүй, харин тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгүүлж, ажлын хөлсийг тухай бүрд нь олгож байсан буюу ажил гүйцэтгэх гэрээтэй байсан тул гэрээ дуусгавар болсон гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Алтанчимэг нь 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай ажил гүйцэтгэх гэрээг 1 сарын хугацаатай байгуулж гэрээний хугацааг 1 жилийн хугацаагаар сунган ажиллаж байгаад Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 тоот тушаалаар ажлаас халагдсан байна.

Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь Б.Алтанчимэгтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа гэрээний нийтлэг заалтын 1.4-т “...зураг төсөвт хяналт хийх, ...зураг төсвийг засварлуулж, хариуцсан инженерүүдээр гэрээ хийлгэх, ...эдийн засгийн харьцуулсан тооцоо судалгаа хийх, материал, машин механизмын үнэ тарифын судалгаа хийх, холбогдох мэдээ тайланг гаргаж өгөх, танилцуулга бэлтгэх, удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх...” зэрэг ажил үүргийг гүйцэтгэж байсан, захиалагчийн буюу өөрийн материалаар ямар нэг ажлын үр дүнг шилжүүлэх талаар тохиролцоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасныг зөрчөөгүй байна.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох хийж гүйцэтгэх ажил, олгох цалин хөлсний талаар талууд тохиролцсон бөгөөд мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт цалин, хөлсийг хийсэн ажлын үр дүнд тохируулан ямар ч хэлбэрээр олгохоор гэрээгээр тохиролцож болох бөгөөд хариуцагч байгууллагын үндсэн бүтцийн хэлтэс доторх ажлын хуваарийг батлахдаа Б.Алтанчимэгт тухайлсан ажил үүргийг байнга хэрэгжүүлж байхаар хариуцуулсан /х.х-ийн 52, 53, 56/ зэргээс үзэхэд зохигчдын хооронд 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

           Нэхэмжлэгч Б.Алтанчимэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай гомдол гаргах, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрх үүссэн талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч нэхэмжлэгчийг ямар ажлын байранд эгүүлэн тогтоож байгааг шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүй байх тул шийдвэр, магадлалд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1416 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04398 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ... Б.Алтанчимэгийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосугай.” гэснийг “ ... Б.Алтанчимэгийг Зураг төсөл, газар зохион байгуулалтын хэлтсийн Төсөвчний ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135.000 /нэг зуун гучин таван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                          ШҮҮГЧ                                                      Д.ЦОЛМОН