Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 27

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

       Нэхэмжлэгч:  багийн иргэн Н.Гэрэлт-Одын,  

       Хариуцагч: Дорнод аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдох, 

       Гуравдагч этгээд: Ж.Болормааг оролцуулж,

       Нэхэмжлэлийн шаардлага: “Хэрлэн сумын  орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс хамтран өмчлөгч Ж.Болормаагийн нэрийг хасуулж, 000067342 дугаар гэрчилгээг хүчингүй болгож, Н.Гэрэлт-Одод шинээр гэрчилгээ олгохыг Дорнод аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа, Д.Мядагбадам, хариуцагч Дорнод аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрыг төлөөлж, улсын бүртгэгч Ж.Ганзориг, гуравдагч этгээд Ж.Болормааг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1998 онд Хэрлэн сумын  орон сууцыг Ж.Сүхбаатар гэдэг хүнээс бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгснийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан. Гэрчилгээ гарах үед миний бие албан ёсоор гэр бүл болоогүй байсан. Тухайн үеийн гэрчилгээ нь миний нэр дээр гарсан байсан тул асуудал үүсээгүй явсан юм. Харин банкнаас зээл авах болоход Намсрай гэдэг нэрийн “Н” үсгийг улсын бүртгэгч балласан байсан тул засвартай гэрчилгээг барьцаанд авахгүй гэдэг асуудал үүссэн. Ингээд 2008 онд “Засвартай гэрчилгээг сольж өгнө үү” гэсэн  өргөдлийг  улсын  бүртгэлийн  хэлтэст  гаргаж, 000067342  тоот гэрчилгээг авсан. Гэтэл уг  гэрчилгээг  гаргахдаа  Ж.Болормаагийн нэрийг миний зөвшөөрөлгүйгээр хамтран өмчлөгчөөр нэмж бичсэн байсан. Улсын бүртгэгчийн хууль зөрчсөн асуудлыг шалгаж шийдвэрлүүлэхээр дээд шатны албан тушаалтан буюу Дорнод аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргад нь гомдол гаргасан. Гэтэл орон сууцыг Н.Гэрэлт-Од, Ж.Болормаа нарт орон сууц бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснийг бүртгэж, өмчлөх эрхийн 289/До тоот гэрчилгээг олгосон, засвартай гэрчилгээг өөрчилж өгөхийг хүссэн өргөдөл, мэдүүлгийг үндэслээд 2008 оны 000067342 тоот гэрчилгээг олгосон байна гэсэн хариуг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр надад өгсөн. Хувийн хэрэгт хадгалагдаж байгаа 1998 оны 1380 тоот мэдүүлгийг Н.Гэрэлт-Од миний бие бөглөөгүй, мэдүүлэг гаргасан “Гэрэлт-Од” гэж бичсэн нь миний гарын үсэг биш байна. Түүнчлэн Н.Гэрэлт-Од миний бие Ж.Болормааг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг хүссэн зөвшөөрөл байхгүй байхад 2 хүний хамтын өмч мэтээр бүртгэсэн нь хууль зөрчсөн байна. 2008 онд засвартай гэрчилгээг солиулах хүсэлт гаргасан байхад шинээр олгосон гэрчилгээнд Ж.Болормаагийн нэрийг миний зөвшөөрөлгүйгээр оруулсан байна. Улсын бүртгэгч нар үүрэгт ажлаа хийхдээ хайнга хандаж, хууль зөрчсөнөөс болж, иргэн миний өмчлөх эрх зөрчигдөхөд хүрээд байна. Иймд Хэрлэн сумын  орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс хамтран өмчлөгч Ж.Болормаагийн нэрийг хасаж, 000067342 дугаар гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү. Харин “Н.Гэрэлт-Одод шинээр гэрчилгээ олгохыг Дорнод аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэсэн байсан. Бидний нэхэмжлэлийн шаардлага бол гэрээний үүрэгт гаргаж байгаа, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гаргасан нэхэмжлэл биш, захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Гэрэлт-Од нь улсын бүртгэгчийн дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандаж  гомдол гаргасан. Тухайн дээд шатны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хуулийн хугацаанд нь гомдол гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна. Гэрэлт-Одын бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн авсан орон сууцны 289/До дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний “Н” үсэг буюу Гэрэлт-Одын эцгийн овгийн эхний үсэг засвартай байсан учраас солиулахаар хүсэлт гаргачихаад хөдөө явсан байдаг юм. Тэр хооронд Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гэр рүү нь залгаж, хоёр хүний хамтын өмч гэж байна хэн гэдэг хүний нэр байх ёстой юм бэ гэхэд Болормаа нь  “-Миний нэр байх ёстой” гэж хэлээд 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өргөдөл гаргаж, мөн  мэдүүлэг бөглөж хувийн хэрэгт хавсаргаж, шинэчилсэн гэрчилгээнд Болормаагийн нэр орсон байдаг юм... Мэдүүлгийг бичгээр гаргахдаа хоёр хүний өмч болоод солиулах гэж байгаа бол хоёулаа гарын үсэг зурах байсан. Гэтэл 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зөвхөн Болормаагийн мэдүүлэг, гарын үсэг байгааг хавтаст хэргээс харсан байх... Мөн Болормааг орон сууцны өмчлөгчөөр оруулсан, гэрээ хэлэлцээр, нотариатаар батлуулсан зүйл байдаггүй юм. Зөвхөн засвартай гэрчилгээг хянаж өгнө үү гэсэн Болормаагийн гарын үсэгтэй баримт байгаа нь хууль тогтоомжид нийцэхгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр “1998 оны мэдүүлэгт зурагдсан гарын үсэг нь Гэрэлт-Одын гарын үсэг биш байна.” гэсэн. Мөн тухайн үед хоёулаа хамтран өмчлөгч байсан бол нэг мэдүүлэг гаргаж өгч болох боловч хоёулаа гарын үсэг зурах ёстой. Гэтэл 1998 оны бэлэглэлийн гэрээнд зөвхөн Гэрэлт-Одод өмчлөх эрхээ бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Гэрэлт-Од нь Болормааг хамтран өмчлөгчөөр оруулах талаарх мэдүүлэг байхгүй. 1998 онд улсын бүртгэгчийн ажиллах журам гэж байсан. Үүнд иргэдийн материалыг улсын бүртгэгч хянаж үзээд хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй юм билээ. Хуулийн шаардлага хангахгүй мэдүүлгийг хүлээн авахаас, бүртгэхээс татгалзах эрхтэй байсан. Төрийн байгууллагын албан тушаалтны ажилдаа хайнга хандсаны улмаас Үндсэн хуульд заасан өмчлөх эрх нь зөрчигдсөн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.          

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мядагбадам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт хоёр гэрчилгээний асуудал байдаг юм. 1998 оны анхны гэрчилгээнд “хоёр хүний өмч” гэсэн байдаг. Үүнийг зохих журмын дагуу авсан. Хоёр дахь гэрчилгээ нь 2008 онд гарсан. Улсын бүртгэгч Намсрай гэдэг нэрийн “Н” үсгийг буруу бичиж, балласнаас болж, гэрчилгээг солиулах хүсэлт гаргасан. Гэтэл Болормаа нь тухайн үеийн он сараар хүсэлт мөн өгсөн байдаг юм. Гурван хүний өмчлөл гэсэн мөртлөө Болормаагийн гарын үсэг байхгүй, нэр байдаггүй. Нэг өдөр хоёр мэдүүлэг өгсөн байдаг.1997 оны Улсын бүртгэлийн тухай  хуулийн 14 дүгээр зүйл, 2003 оны Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд “үл хөдлөх эд хөрөнгийг гэрээ хэлцлийн үндсэн дээр” нэмэлт өөрчлөлт оруулна гэж заасан байдаг. Гэтэл Болормаагаас мэдүүлэг бичүүлж, гэрчилгээ гаргасан явдал нь улсын бүртгэгчийн буруутай үйл ажиллагаа юм. Гэрэлт-Од, Болормаа нар нь 2002 онд гэрлэлтээ батлуулсан байдаг. Тиймээс 1998 оны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр хамтран өмчлөгч нэмж, Болормаагийн нэрийг оруулахын тулд нотариат дээр очиж, нэмэлт хэлцэл, мэдүүлэг, хүсэлттэйгээ үл хөдлөх хөрөнгийн газар дээр очих байсан. Эдгээр зүйлийг улсын бүртгэгч шалгах байсан. Засвартай гэрээг сольж өгнө үү гэсэн гэрчилгээн дээр Болормаагийн нэрийг бичсэн нь энэ нэхэмжлэлийг бичих үндэслэл болж байна. Дорнод аймгийн Улсын бүртгэлийн статистикийн хэлтэс хариу тайлбар гаргахдаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасныг баримталсан нь хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзсэн. Үүнтэй санал нийлэхгүй байна. Улсын бүртгэлийн байгууллага нь хувийн эрх зүйн харилцаа байна уу, нийтийн эрх зүйн харилцаа юу гэдгийг ялгах хэрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

       Хариуцагч Дорнод аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрыг төлөөлж дарга Ч.Одгэрэл шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Y-0610441081 дугаарт бүртгэгдсэн Хэрлэн сумын  орон сууцыг 1998 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр орон сууц бэлэглэлийн гэрээгээр иргэн Намсрайн Гэрэлт-Од, Жамсрангийн Болормаа нар шилжүүлэн авсныг мөн өдөр бүртгэж, өмчлөх эрхийн 289/До тоот гэрчилгээ олгосон. Улмаар дээрх өмчлөгчид 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өмчлөх эрхийн 289/До тоот гэрчилгээ засвартай бичигдсэн тул өөрчилж өгөхийг хүссэн өргөдөл, мэдүүлэг гаргасан бөгөөд холбогдох нотлох баримтыг хянан үзэж, иргэн Н.Гэрэлт-Од, Ж.Болормаа нарт өмчлөх эрхийн 000067342 тоот гэрчилгээг олгосон байна. Дээрх орон сууцны бүртгэлийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 24, 24.3-т заасныг үндэслэн хийсэн. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар дээрх орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байх тул өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Гуравдагч этгээд Ж.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Гэрэлт-Од, Ж.Болормаа нар нь 1992 оноос эхлэн хамтран амьдарч, 1993 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүү Г.Одбаярыг төрүүлсэн. Болормаа 12 дугаар цэцэрлэгт ажилладаг байсан. Айл болсноос хойш 6 жилийн дараа дарга нь орох эрхийг олгож, өмнө нь сууж байсан Ж.Сүхбаатараас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан. Ингээд байрандаа засвар хийгээд орсон гэдэг. H.Гэрэлт-Од анх ах бид хоёрын өмч гэж шүүхэд маргаж байсан. Гэтэл 2 хүний өмч, хамтран өмчлөгч нь Болормаа гэж тогтоогдохоор Болормааг миний зөвшөөрөлгүй нэрээ оруулсан байна гэж байна. Гэрэлт-Од бичиг үсгийн чадвар муу болоод ч тэр үү, Болормаа болон хамт явсан хүмүүсээрээ аливаа баримт бичигт бичилт хийлгэдэг байсан. Гэрэлт-Од байрны хамтран өмчлөгч Болормааг биш гэдэг асуудлыг одоог хүртэл тавьж байсангүй. Гэрлэлт цуцлуулах асуудал шүүхэд яригдаж, дундын өмчлөлийн байр сууцны асуудал гарч ирэхэд ... Болормааг хамтран өмчлөгч биш гэх болжээ. 1998 оноос 2015 он хүртэл энэ байранд хамтран амьдарсан. Гэрэлт-Од байраа барьцаалан нэг биш удаа зээл авч, хамтран зээлдэгч, хамтран өмчлөгчөөр Болормаа гарын үсгээ зурж байжээ. Энэ бүхнээс үзвэл хамтран өмчлөгчөөр Болормааг оруулсан нь хууль зөрчсөн тул орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах, гэрчилгээг хүчингүй болгуулах гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт өнгөрсөн гэж үзэж байна. Нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ “Хэрлэн сумын орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс хамтран өмчлөгч Ж.Болормаагийн нэрийг хасуулж, 000067342 дугаар гэрчилгээг хүчингүй болгож, Н.Гэрэлт-Одын нэр дээр шинээр гэрчилгээ олгохыг Дорнод аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт даалгах”-ыг хүссэн. Гэвч тэрээр шүүх хуралдаан дээр “Н.Гэрэлт-Одын нэр дээр шинээр гэрчилгээ олгохыг Дорнод аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт даалгах”-ыг хүссэн шаардлагаасаа татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Гэрэлт-Одын “Түүний нэр дээр шинээр гэрчилгээ олгохыг Дорнод аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт даалгах”-ыг хүссэн шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч нь үлдсэн хоёр шаардлагаа дэмжсэн бөгөөд 1998 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1380 тоот улсын бүртгэлийн мэдүүлгийг өөрөө бичээгүй, түүнд гарын үсэг зураагүй, түүний зөвшөөрөлгүйгээр Ж.Болормааг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэсэн нь хууль зөрчсөн гэж үздэг. Хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж маргадаг.

      Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэргийн оролцогчдын тайлбар, бичмэл нотлох баримт, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэлийн “Хэрлэн сумын  орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс хамтран өмчлөгч Ж.Болормаагийн нэрийг хасуулж, улсын бүртгэлийн 000067342 дугаар гэрчилгээг хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

       Нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од нь Дорнод аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргад хандаж, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “1998 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн мэдүүлгийг би бичээгүй, өөр хүний гарын үсэгтэй байгаа нь хуурамч байж болзошгүй, 2008 оны 000067342 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд Ж.Болормааг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх хүсэлт гаргаагүй байхад нэмж бичсэн нь хууль бус тул шалгаж, хариу өгөх”-ийг хүссэн гомдол гаргажээ.[1] Энэ гомдлыг Дорнод аймгийн улсын бүртгэл, статистикийн газрын дарга хүлээн авч, “Хэрлэн сумын  орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр Н.Гэрэлт-Од, Ж.Болормаа нар шилжүүлэн авсныг бүртгэж, өмчлөх эрхийн 289/До тоот гэрчилгээг, улмаар 2008 онд 000067342 тоот гэрчилгээг шинэчлэн олгосон тухай” хариуг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 670 тоот албан бичгээр өгсөн байна.[2] Үүнээс үзвэл дээд шатны  захиргааны байгууллага, албан тушаалтан нь урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу хандсан гомдлыг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр шийдвэрлэхээс татгалзаагүй, хүлээн авсан байна. Энэхүү гомдлын хариуг Н.Гэрэлт-Одыг хүлээн авсан үеэс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцож үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

        Н.Гэрэлт-Од, Ж.Болормаа нар нь 1992 онд танилцан дотносож, 1997 оноос эхлэн хамтран амьдарч, 2001 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлжээ.[3] Тэдний хүү Гэрэлт-Одын Одбаяр нь 1993 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн.[4]  Ж.Болормаа нь гэрлэлтээ цуцлуулж, орон сууцны Г.Одбаяр, Ж.Болормаа нарт ногдох хэсгийг гаргуулахыг хүсч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасныг иргэний хэрэг үүсгэн шалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хэрэгтэй холбогдуулан түдгэлзүүлжээ.[5]

      1998 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Ж.Сүхбаатар, Н.Гэрэлт-Од нар нь орон сууц бэлэглэлийн гэрээний үндсэн дээр 7 дугаар байрны 26 тоотын 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Н.Гэрэлт-Одод шилжүүлэх гэрээг байгуулсан боловч энэ гэрээнд бэлэг хүлээн авсан этгээдийн гарын үсэг зурагдаагүй, нотариатаар баталгаажуулаагүй байна.[6] Харин тухайн өдрийн 1380 тоот Ж.Сүхбаатар, Н.Гэрэлт-Од нарын “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг”-үүд, орон сууц бэлэглэлийн гэрээг нэг хүн бичсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна.[7] Түүнчлэн 1998 оны 1380 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэгт мэдүүлэг гаргагчаар Н.Гэрэлт-Од, хамтран өмчлөгчөөр Ж.Болормаагийн нэрийг тус тус бичсэн байна.[8] Шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 156 тоот дүгнэлтээр 1998 оны 1380 тоот мэдүүлэгт  “Гэрэлт-Од” гэж бичсэн нь нэхэмжлэгч Н.Гэрэлт-Одын гарын үсэг биш гэж тогтоогдсон.[9] Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн “Гэрэлт-Од бичиг үсгийн чадвар муу болоод ч тэр үү. Болормаа болон хамт явсан хүмүүсээрээ аливаа баримт бичигт бичилт хийлгэдэг.”  гэсэн тайлбараас үзэхэд  Н.Гэрэлт-Одыг 1998 оны 1380 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг тухайн үед хамт явсан хүнээр бичүүлсэн гэж үзлээ. 1998 оны 1380 тоот мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 1998 оны 289/До тоот гэрчилгээг Н.Гэрэлт-Одын нэр дээр олгожээ. Энэ гэрчилгээнд тухайн орон сууцыг “2 хүний хамтын өмч” гэж бичсэн байх бөгөөд хамтран өмчлөгчийн нэр гэрчилгээнд бичигдээгүй байна. Нэхэмжлэгч уул орон сууцны хамтран өмчлөгч нь “миний төрсөн ах” гэх боловч үүнийг нь нотлох баримт байхгүй байна. Харин 1998 оны 1380 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэгт хамтран өмчлөгчөөр Ж.Болормаагийн нэрийг бичсэн, 1997 оноос эхлэн Ж.Болормаа, Н.Гэрэлт-Од нар нь хамтран амьдарч байсан зэргийг дүгнэж үзэхэд 289/До тоот гэрчилгээнд бичигдсэн хамтран өмчлөгчийг Ж.Болормааг гэж үзэх үндэслэлтэй байна.

       Үүнээс үзвэл 1998 оноос хойш  орон сууцны хамтран өмчлөгчөөр Ж.Болормаа нь улсын бүртгэлд бүртгэлтэй явж ирсэн, Н.Гэрэлт-Од нь хамтран өмчлөгчөөс Ж.Болормааг хасуулахаар хүсэлт гаргаж байгаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, 2006, 2008 оны барьцаат зээлийн гэрээ, хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл, засвартай гэрчилгээг солиулахыг хүссэн Н.Гэрэлт-Од, Ж.Болормаа нарын өргөдөл, мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.[10] Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 289/До тоот гэрчилгээг засвартай байсан гэж солиулахаар улсын бүртгэлийн газарт 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хандаж өргөдөл, мэдүүлэг гаргахад нь хамтран өмчлөгч Ж.Болормаа нь Н.Гэрэлт-Одын нэгэн адил өргөдөл, мэдүүлэг гаргасан байна.[11] Тэдний өргөдөл, мэдүүлгийг үндэслэн 7 дугаар байрны 26 тоот орон сууцны өмчлөгчөөр Н.Гэрэлт-Од, Ж.Болормаа нарыг бүртгэж 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 000067342 дугаар гэрчилгээг олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

       Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна.” гэж зааснаар 7 дугаар байрны 26 тоотын 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Гэрэлт-Од, Ж.Болормаа нар улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар тэдний өмчлөх эрх баталгаажсан байна. Энэ тохиолдолд Ж.Болормааг хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцлийг талууд байгуулж, мэдүүлэг гаргасан тохиолдолд л улсын бүртгэгч нь Ж.Болормааг хамтран өмчлөгчөөс хасаж, Н.Гэрэлт-Одын нэр дээр шинээр гэрчилгээ олгох боломжтой юм. Гэтэл Н.Гэрэлт-Од, Ж.Болормаа нар хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэл байгуулаагүй, Улсын бүртгэл, статистикийн газарт хандан гаргаж байгаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Дорнод аймгийн улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 800 тоот албан бичиг, хэрэгт авагдсан бусад баримтаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл Ж.Болормаа нь маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр анх 1998 онд бүртгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнийг хамтран өмчлөгчөөс хасуулах нь дан ганц Н.Гэрэлт-Одын хүсэл зоригоос шалтгаалахгүй, Ж.Болормаагийн өөрийнх нь хүсэл зориг хамааралтай байна.

        Түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-т “Эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн, түүнчлэн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн бол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна.” гэж заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтны хайнга, хариуцлагагүй байдлаас шалтгаалан 1998 оны бэлэглэлийн гэрээнд бэлэг хүлээн авагчийн гарын үсэг зурагдаагүй, 1998 оны 1380 тоот мэдүүлэгт Н.Гэрэлт-Од гарын үсэг зураагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч энэ нь гуравдагч этгээд Ж.Болормааг хамтран өмчлөгчөөс хасуулах үндэслэл болохгүй юм.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.6, 7.7 дахь хэсэгт заасныг баримтлан Дорнод аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдох, нэхэмжлэгч  Н.Гэрэлт-Одын “Хэрлэн сумын  орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс хамтран өмчлөгч Ж.Болормаагийн нэрийг хасуулж, 2008 онд шинэчлэн олгосон 000067342 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Гэрэлт-Одын “Түүний нэр дээр шинээр гэрчилгээ олгохыг Дорнод аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт даалгах”-ыг хүссэн шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Гэрэлт-Одын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ОЮУНТУНГАЛАГ

 


[1] Хавтаст хэргийн 7 дугаар хуудас.

[2] Хавтаст хэргийн 8 дугаар хуудас.

[3] Хавтаст хэргийн 4, 41 дүгээр хуудас.

[4] Хавтаст хэргийн 42 дугаар хуудас.

[5] Хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас.

[6] Хавтаст хэргийн 50 дугаар хуудас.

[7] Хавтаст хэргийн 46, 50, 51 дүгээр хуудас.

[8] Хавтаст хэргийн 51 дүгээр хуудас.

[9] Хавтаст хэргийн 81 дүгээр хуудас.

[10] Хавтаст хэргийн 1-2, 20, 22-24, 41, 50-52, 56, 58-59, 60-62, 64-73 дугаар хуудас.

[11] Хавтаст хэргийн 58-59, 61-62 дугаар хуудас.