Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2017/0857

 

 

 

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2017/0857

Улаанбаатар хот

Ж.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ж.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нарыг оролцуулан Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Ж.Г-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 78 дугаар зүйлийн 78.1, 78.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/129 дугаартай “Ж.Г ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Ж.Г урьд эрхэлж байсан ажил буюу Баянхонгор аймгийн Бууцагаан сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Г ажилгүй байсан 7 /долоо/ сар 3 /гурав/ хоногийн цалин 5.140.570 /таван сая нэг зуун дөчин мянга таван зуун дал/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хуагцааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь заасан хэмжээгээр тооцож, Ж.Г нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т “... холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх гэж заасны дагуу аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар холбогдох төрийн байгууллагын удирдлагатай нь зөвшилцсөн.

Уг зөвшилцлийг Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны “МУ-ын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 12 дахь заалтад “...33.4, 36.2- заасан зөвшилцөх гэдгийг “Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” Улсын дээд шүүхийн 1996 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 216 дугаар тогтоолд заасны дагуу ойлгож хэрэглэнэ” гэж заасан бөгөөд “Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” Улсын дээд шүүхийн 1996 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 216 дугаар тогтоолын 11 дэх “Хэрэв хууль тогтоомжид тусгайлан заагаагүй бол зөвшилцлийг энэ тогтоолд заасан журмаар явуулах бөгөөд харин зөвшилцлийг биөчлэн уулзаж явуулсан бол зохих журмын дагуу тэмдэглэл хөтөлсөн байна” гэж заасны дагуу Боловсрол, соёл, урлагын газартай зөвшилцсөнийг Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр баталгаажуулсан гэж үзэж байна.

2. Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар Бууцагаан сумын сургуулийн захирлын үр дүнгийн гэрээг хэлэлцэж сургуулийн хуучин хичээлийн байрны хадаглалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллаагүй, хайхрамжгүй хандсанаас их хэмжээний хохирол улсад учруулсан талаар хэлэлцэж Захиргааны ерөнхий хуулийн 27.4.3-т заасны дагуу сонсох ажиллагааг биечлэн уулзаж явуулсан бөгөөд аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар сонсох ажиллагааны талаар мэдэгдлийг амаар өгч байсан.

3. Аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/57 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг байгуулж Бууцагаан сумын    Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хуучин байранд шалгалт хийж, шалгалтын үед илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь танилцуулж, 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлээр баталгаажуулан ажилласан байдаг.

Мөн Ж.Г нь сургуулийн хуучин хичээлийн байрны хадгалалт хамгаалалтад хяналт тавьж ажиллаагүй,  хайхрамжгүй хандсанаас их хэмжээний хохирол улсад учруулсан  нь аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн А/57 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тайлангаар тус тус нотлогдсон байдаг.

Бууцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хуучин байранд шалгалт хийх аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/57 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн илтгэх хуудас нь цаг хугацааны хувьд техникийн алдаа гарсан бөгөөд тухайн үед илэрсэн зөрчил дутагдлыг аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурал дээр танилцуулагдсан.

Иймд санхүүгийн зөрчил гаргасныг нотлогдож байна гэж үзэж банйа. Энэхүү асуудлыг Цагдаагийн байгууллагаар шалгуулахад тодорхой хэмжээний хохирол учирсан байна гэдэг нь тогтоогдсон.

Ж.Г нь сургуулийн хуучин хичээлийн байрны хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллаагүй, хайхрамжгүй хандсанаас их хэмжээний хохирол улсад учруулсан нь ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, тайлан илтгэх хуудсаар тус тус нотлогдож байгаа тул аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/129 дугаартай “Ж.Г-ийг ажлаас чөлөөлөх” тухай захирамж нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг дахин хянаж, Ж.Г нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.Г-ээс “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/129 дугаартай захирамжийг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, тухайн цалинтай холбоотой нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчаас “Бууцагаан сумын сургуулийн захирал Ж.Г нь сургуулийн хуучин хичээлийн байрны хадгалалт хамгаалалтад хяналт тавьж ажиллаагүй, хайхрамжгүй хандсанаас их хэмжээний хохирол учирсан нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлжөө.

Бууцагаан сумын сургууль нь 2014 оны 11 дүгээр сард сургуулийн шинэ байранд нүүж орж, хуучин байраа сумын Засаг даргын Тамгын газарт болон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүлээлгэн өгч, сургуулийн мэдлээс гарсан нь аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тэмдэглэл, 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн тэмдэглэлүүдээр нотлогдсон байна.

Нэхэмжлэгчийг “ ... сургуулийн хуучин хичээлийн байрны хадгалалт хамгаалалтад хяналт тавьж ажиллаагүй, хайхрамжгүй хандсанаас их хэмжээний хохирол учирсан” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”, 78 дугаар зүйлийн 78.1-д Засаг дарга нь “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах” эрхтэй байхаар зохицуулсан байна.

Сургуулийн хуучин байрыг гэрээгээр ашиглуулах буюу худалдах тухай саналыг Бууцагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1а/31 дүгээр албан бичгээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүргүүлсэн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1а/376 дугаар албан бичгээр хуучин барилгуудыг худалдах, хувьчлах талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авахаар болж, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор тус сургуулийн барилгыг дуудлага худалдаанд оруулахаар, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Бууцагаан сумын сургуулийн хуучин барилгыг худалдах доод үнийг 20 хувиар бууруулж тогтоосон зэргээс үзвэл Бууцагаан сумын сургуулийн хичээлийн шинэ байр 2014 онд ашиглалтад орсноос хойш Бууцагаан сумын сургуулийн хичээлийн хуучин байрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, түүний хадгалалт, хамгаалалт, түүнд хяналт тавих эрх, үүрэг нь Баянхонгор аймгийн болон Бууцагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарт шилжиж, дээрх байгууллагууд уг эрх, үүргээ хэрэгжүүлж байсан байхад дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв шийджээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ