Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/228

 

 

 

 

 

 

  2023             02            28                                      2023/ДШМ/228

 

 

         Б.Б-т холбогдох

                                                  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.У,

шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Д.М,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.М нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-т холбогдох ........................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Ц” дүгээр байрны .... тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 0.0106 грамм, мөн “шавар” гэх нэршилтэй цэвэр жин нь 0.0881 грамм хэмжээтэй хориглосон мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон №1 гэж дугаарласан зиплок ууттай шар өнгийн асаагуур дээр наасан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.0881 грамм, №2 гэж дугаарласан “зиплок ууттай ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, №3 гэж дугаарласан улаан өнгийн савтай ургамал мэт зүйлийн үртэсний цэвэр жин нь 0.0106 грамм хэмжээтэй эд зүйл зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Маш ихээр харамсаж байна. Цаашид дахиж хэзээ ч энэ гаргасан алдаагаа давтахгүй гэдгээ амлаж байна. Миний ажил амьдрал маань бага, өсвөр, залуу үеийнхэнтэй салшгүй холбоотой. Тэднийг ийм хэрэгт оролцохгүй талаас нь ойлгуулж, үргэлж өөрийн чадах чинээгээр анхааруулж ажиллана гэж өөрийн эрхгүй бодогдож байна. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Д.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараагаар шүүгдэгч Б.Б-т өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж эхэлсэн. 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн №133 дугаар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээс үзэхэд эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч З.О 09:05 минутад бичгээр гомдол гаргасан гэжээ. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 19, 20, 23 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагад нийцүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан эсэх нь тодорхойгүй. Тэмдэглэл гарын үсэггүй, бичгээр гаргасан гомдол нь хэргийн материалд авагдаагүй. 1971 оны Нэгдсэн Үндэстний байгууллагын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон бодис шүүгдэгч Б.Б-ын биеэс илэрсэн бөгөөд энэ талаар өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хаанаас, хэзээ, хэрхэн, ямар зорилгоор олж авч хэрэглэсэн талаараа мөрдөн шалгах ажиллагаанд эхнээсээ үнэн зөв мэдүүлэг өгч, идэвхтэй туслалцаа үзүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн /хх 86/. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь талд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт хийжээ. Гэвч гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шударга ёсыг тогтоох эрх гагцхүү шүүхэд хадгалагддаг. Олон нийтийн өмнө, нэвтрүүлэг, ярилцлага өгөхдөө залуустаа үлгэр дуурайлал үзүүлэн, соёлтой, хүндэтгэлтэй, бүдүүлэг үг хэллэг хэрэглэдэггүй болох нь зарим нэг нэрд гарсан залуу уран бүтээлчээс эрс ялгаатай, соёл хүмүүжлийн доголдолгүй болохыг нь харуулж байна. Эмээ, өвөө нь Улаан-Үд хотдоо байгаа бөгөөд Монгол Улсад ирэх боломжгүй тул Б.Б-ыг харж хандах, эргэж тойрох хүн ховор болно. Шүүх сэтгэц эмгэг судлалын 828 дугаар дүгнэлтээр түүнийг “сэтгэцэд нөлөөт эм, бодисын хамааралтай, донтой гэх шинж тэмдэг илрээгүй” гэж дүгнэсэн байна. Донтох эмгэг зүйн шинжгүй. Иймд анхан шатны шүүхээс Б.Б-т оногдуулсан 1 жил 6 сарын хугацааны хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.У тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдагдснаар анх Цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл бүртгэсэн албан хаагч З.О гэх хүний гарын үсэг зурагдаагүй гэдэг асуудлын хувьд, Цагдаагийн албан хаагч З.О-аас мэдээлэл хийгдсэн. Мэдээллийн дагуу холбогдох мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой мэдээлэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, биед нь хийсэн үзлэг, тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон. Тухайн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд мэдээлэл гаргасан хүн өөрөө гарын үсэг зураагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил биш гэж прокурорын зүгээс үзэж байна. Учир нь, тухайн мэдээлэл нь үнэн зөв, бодитой мэдээлэл байна гэж дүгнэж байна. Нөгөөтэйгүүр, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудад анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.Б-ыг сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн гэртээ хадгалсан үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Ял шийтгэл оногдуулах асуудлын хувьд хавтаст хэрэгт авагдсан хэрэг материалтай танилцахад өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулаагүй байгаа 1 жилийн зорчих эрх хязгаарлах ялын асуудалд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан гэдгийг анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаан болохоос өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол байсан. Энэ асуудлыг анхан шатны шүүх тухайн шийтгэх тогтоолдоо дурдалгүйгээр орхигдуулсан гэж үзэж байна. Учир нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэл биелээгүй байхад дахин гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ялыг нэмж нэгтгэх асуудал, эсхүл тухайн хоёр төрлийн ялыг тус тусад нь эдлүүлэх шийдвэрийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо тусгаж өгөх байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Ц” дүгээр байрны ..... тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 0.0106 грамм, мөн “шавар” гэх нэршилтэй цэвэр жин нь 0.0881 грамм хэмжээтэй хориглосон мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилжээ.

Харин шүүгдэгч Б.Б өмнө нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/649 дугаартай шийтгэх тогтоол /хх 53-58/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн байх бөгөөд энэ хугацаанд дахин хориглосон мансууруулах бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүх өмнөх зорчих эрхийг хязгаарлах ялд хамаарах асуудлыг хэрхэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмт нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. ...” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Б-ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дууссан эсэх, мөн хугацааг бодитойгоор тогтоосон баримт мэдээллийг цуглуулах ажиллагааг шалгасаны эцэст шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмыг хэрэглэх үндэслэл байгаа эсэхэд эрх зүйн дүгнэлт өгч хэргийн талаар хууль ёсны шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ.

Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаарай эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх 140/ нь Б.Б-ыг гэмт хэрэг үйлдсэнээс буюу 2022 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс хойш гарсан байгааг дурдах нь зүйтэй. 

Магадлалд дурдсан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд шууд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-ын гаргасан “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...”, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.М-ийн гаргасан “...Б.Б-т оногдуулсан 1 жил 6 сарын хугацааны хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулгатай гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Шүүгдэгч Б.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ